sonin.mn

АМСТЕРДАМ, 2025 оны нэгдүгээр сарын 3 /BBC/. Германчууд Нидерландыг булаан эзлэх үед нацистуудтай хамтран ажилласан хэмээн сэжиглэгдэж ирсэн 425 мянга орчим хүний ​​нэрс анх удаа цахим орчинд нийтлэгджээ.

Эдгээр хүмүүс бол Дэлхийн II дайны сүүлчээр байгуулагдсан хуулийн тусгай системээр шалгагдсан хүмүүс бөгөөд тэднээс 150 мянга гаруй нь ямар нэгэн шийтгэл хүлээсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны материалыг өмнө нь зөвхөн Хааг хот дахь Нидерландын үндэсний архивт очиж үзэх боломжтой байжээ.




Архивыг цахим хэлбэрт оруулахад тусалсан Хюйгенсийн нэрэмжит хүрээлэнгийн мэдээлснээр, энэ мэдээлэлтэй танилцах үйл явц нь 1940-1945 он хүртэл нацистууд Нидерландыг эзлэн түрэмгийлж байсан үеийг судлах хүсэлтэй хүмүүст томоохон саад тотгор учруулж байсан ажээ.




“Энэхүү архив нь одоогийн болон ирээдүй хойч үеийнхний хувьд чухал түүхүүдийг агуулдаг. Эцэг нь дайны үеэр чухам юу хийж байсныг мэдэхийг хүссэн хүүхдүүдээс эхлээд түүхийн хар бараан үеийг судалж буй түүхчдэд чухал юм” гэж хүрээлэнгийн мэдэгдэлд дурджээ.

Дайны гэмт хэрэгтнүүд, Германы зэвсэгт хүчинд алба хааж байсан 20 мянга орчим нидерланд иргэн, Нидерландын Нацист нам гэгддэг Үндэсний социалист хөдөлгөөний гишүүдтэй холбоотой баримтууд тус архивт хадгалагдаж байна. Гэхдээ мөн гэм буруугүй нь тогтоогдсон хүмүүсийн нэрс ч байгаа юм. Учир нь, тус архивт 1944 оноос хойш сэжигтэй хүмүүсийг мөрдөн шалгаж байсан Тусгай шүүхийн файлууд хадгалагддаг ажээ.




Цахим мэдээллийн санд зөвхөн сэжигтнүүдийн нэрс, төрсөн он сар өдөр, төрсөн газар зэрэг мэдээллийг хадгалдаг бөгөөд тодорхой хувийн мэдээллүүдийг ашиглах боломжтой. Харин тухайн хүн гэм буруутай нь тогтоогдсон эсэх, ямар хэлбэрээр нацистуудтай хамтран ажилласан гэж сэжиглэж буйг дурдаагүй байна.

Соёлын сайд Эппо Брюинс 12 дугаар сарын 19-нд парламентад илгээсэн захидалдаа “Архивыг нээлттэй болгох нь Нидерландын хүнд хэцүү өнгөрсөн үеийг судлахад маш чухал юм” гэж бичжээ. Хувийн мэдээллийг нууцлах үүднээс цахимаар авах мэдээлэл нь хязгаарлагдмал байх бөгөөд архивт очсон хүмүүст хуулбарлахыг зөвшөөрөхгүй гэдгийг сайд хэлсэн байна. Мөн илүү их мэдээллийг олон нийтэд ил болгохын тулд хуулийг өөрчлөх хүсэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлжээ. Цахим мэдээллийн сангийн цахим хуудсанд бичсэнээр, өдгөө амьд сэрүүн байх магадлалтай хүмүүсийн нэрсийг жагсаалтад оруулаагүй байна.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг