Нэгдүгээр сарын 4 бол брайл үсгийн дэлхийн өдөр, түүнийг зохиогч Луи Брайлын мэндэлсэн өдөр юм.
Золгүй тохиолдлын улмаас гуравхан настайдаа бүрэн хараагүй болсон боловч хувь заяаны хүнд сорилт бэрхшээлийг сөрөн зогсож, өөртэйгээ адил хараагүй болсон дэлхий даяарх олон сая хүнийг өөдрөг амьдрал өөд урамшуулан зоригжуулж байсан энэ хүний туулсан амьдралын түүх хэн бүхний бахархлыг төрүүлнэ. Түүний зохиосон брайл үсэг, соён гэгээрүүлэгч бүтээлүүд нь хараагүй хүмүүсийн амьдралын хэв маягийг эрс өөрчилсөн билээ.
Хараа алдахаас урьдчилан сэргийлэх Олон улсын агентлагийн мэдээллээр, дэлхий даяар харааны бэрхшээлтэй 285 сая орчим хүн амьдарч байгаагийн 39 сая нь огт хараагүй байна. Гэхдээ өнөөдөр амьдарч буй харааны бэрхшээлтэй хүмүүс хэдэн зууны өмнөхтэй харьцуулахад сурч боловсрох, амьдралынхаа чанарыг сайжруулах тал дээр илүү их боломжтой байгаа нь чухамдаа Л.Брайлын ач гавьяа мөн. Өнөөдөр брайл үсэг нь харааны бэрхшээлтэй иргэдийн харилцаа холбооны хэрэглэгдэхүүн болж, нийгмийн амьдралд оролцоход нь чухал үүрэг гүйцэтгэж байна.
Бага насны золгүй тохиол
Луи Брайл 1809 оны нэгдүгээр сарын 4-нд Францын Кувре гэдэг жижигхэн хотод мэндэлжээ. Тэрбээр төрөлхийн бие султай хүүхэд байсан бөгөөд хоёр эгч ба ах нь түүнээс олон насны зөрүүтэй байв. Түүний эцэг Симон-Рене Брайл нутаг орондоо нэр хүндтэй, арьсан эдлэл хийдэг гарын уртай хүн байсан бөгөөд арьсан эдлэлийн цех ажиллуулж, бүтээгдэхүүнээ хажуугийн мухлагтаа зарж борлуулдаг байжээ.
Төрөлхийн бие султай ч гэсэн Луи маш сониуч хүү байв. Ах эгч нартайгаа гэхээс илүүтэй эцгийнхээ урлан, мухлагт өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг тэрбээр аливаа зүйлийг заавал нүдээр үзэж, гараараа барьж шохоорхдог нэгэн байв. Эцэг нь хүүгийнхээ эцэс төгсгөлгүй олон асуултад уйгагүй тэвчээртэй хариулна.
Нэгэн удаа эцэг нь худалдан авагчтай түр ярилцаж байх хооронд 3-хан настай томоогүй Луи саваагүй зангаараа шөвөг олж аваад эцгийгээ дууриан арьс цоолох гэж оролдов. Хэд хэдэн удаагийн оролдлого нь бүтэлгүйтэж, бие султай бяцхан хүү хамаг тэнхээгээ бараад байсан яг тэр мөчид шөвөг нь гэнэт ойж үсрээд хүүгийн нэг нүдийг сохолжээ. Жижигхэн хотод эмч, эмнэлэг гэж байхгүй тул ойролцоох нэгэн тосгоноос эм баригчийг залж авчрав. Тэр эмэгтэй хүүд туслах гэж бүхий л чадлаараа оролдсон боловч халдвар нөгөө нүдэнд нь тархсанаар Луи бүрмөсөн хараагүй болжээ.
Өнөөдөр ч гэсэн хараагүй хүмүүсийн амьдрал амаргүй байгаа бол 200 гаруй жилийн өмнөх тэдний амьдралыг төсөөлөхөд ч бэрх. Тэдний ихэнх нь хүмүүсийн өглөгт найдан туйлын ядуу зүдүү амьдарч байлаа. Харин Луигийн гэр бүл, ах дүүс нь бүгд ачлал энэрэлтэй сайн хүмүүс байсан нь туйлын ховор аз завшаан. Тэд бяцхан хүүд урьдын адилаар хандаж, гуниг гутралыг мэдрүүлдэггүй байв. Явж буй замаа мэдрэхэд нь хүүдээ туслахын тулд эцэг нь тусгай саваа хийж өгсөн бөгөөд аялж зугаалахдаа үргэлж хүүгээ дагуулан явж, хорвоо ертөнцийн талаар сонирхолтой зүйлсийг ярьж өгдөг байв. Мөн янз бүрийн аргаар цагаан толгой зааж, захидал бичиж сургажээ.
Луи энэ бүхнийг амархан сурсан тул 6 настай байхад нь нутгийн нэгэн лам түүнд багшилж, түүх, хөгжим, шинжлэх ухааны анхдагч ойлголтуудыг өгчээ. Харин тэрбээр ердийн сургуульд сурахыг хүсэж байлаа. Найз нөхөд нь түүнийг өглөө бүр гэрээс нь сургууль руу авч явдаг болов. Луи багш нарынхаа заасныг маш анхааралтай сонсож, бүгдийг нь цээжилдэг хамгийн их идэвх зүтгэлтэй сурагч байлаа. Харамсалтай нь, тэрбээр аливаа бичвэрийг бие даан уншиж чаддаггүй байв.
Хараагүй сурагч
Ням - 01 сарын 25,
2026
