sonin.mn

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэ хүрээнд анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан 430 депутаттай Ардын Их Хуралд сонгогдон ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг барилцсан эрхмүүдийн талаарх “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номд нийтэлсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.


Т.Ядамсүрэн:Үндсэн хуулийг ойлголцол зохицол, эвлэрлээр баталсан


Ардын Их Хурлыг сонгох асуудлыг 1990 оны эхээр тухайн үед улс төрийн нам, эвслүүд зөвшилцлийн үндсэн дээр тохиролцож, Үндсэн хууль болон сонгуулийн хуульд нэмэлт оруулж, УИХ-ын сонгуулийг ардчилсан сонголтоор явуулах шийдвэр гаргаж билээ. Энэ шийдвэр Монголын ард түмний улс төрийн идэвхийг сэргээж, Их Хурлын депутатад нэр дэвшүүлэх асуудлыг нээлттэй, чөлөөтэй болгож, депутатад нэр дэвшигчид нь, ард иргэдтэй уулзаж, үзэл бодол, байр сууриа илэрхийлж, нийгмийн шинэчлэлийг ямар байр суурь барьж хийх, ямар хувь нэмэр оруулах хүн бэ гэдгээ харуулах боломжийг бидэнд олгосон.


МАХН, МоАН, МСДН, МҮДН-аас гадна Монголын ардчилсан холбоо, Шинэ дэвшилт холбоо, МХЗЭ, МҮЭ, Эмэгтэйчүүд, хоршооллын зэрэг байгууллагууд аливаа сонирхол, эрх ашигт автагдалгүй, ард иргэдийн дотор нэр нөлөөтэй, шударга зарчимч байр суурьтай, ажил хэрэгч хүмүүсийг шилж, АИХ-ын депутатад сонгох уур амьсгал давамгайлж байлаа.


Намайг АИХ-ын депутатад нэр дэвшүүлэх санал намын болон Ардчилсан холбоо, Шинэ дэвшил зэрэг эвслийн дотор гарч, надтай санал бодол сонсож нэрийг чинь дэвшүүлье, та энэ хэрэгт оролцох хүн мөн гэх яриа дөрөв, тавдугаар сард олонтаа гарч байв. МАХН-ын жирийн гишүүд ч надад хэлж, зарим нь нэрийг чинь дэвшүүлнэ гэж тулгадагч аймгийн Намын Хороо дэмжихгүй талдаа байв. Олны итгэл хүлээх найдвар тэр үед надад байсан. Нэгдэлчдийн Шивэртийн рашаан амралт сувилал, Хоршооллыг байгуулах, Цэнхэрийн усалгаатай тариаланг цоо шинээр үүсгэн байгуулж улсын үзүүлэх сургуульд үзүүлэх, Отрын экспедиц зохион байгуулан нэгдлүүдийн дотоодын хэрэгцээний малыг таргалуулах, Байгууллага дундын нэгдсэн аж ахуйг хөгжүүлж гахай, тахиа, эрлийз үнээ өсгөх зэрэг аймагт тулгамдсан шинэлэг томоохон ажлыг аймгаас тогтоол захирамжаар хавсран хариуцуулсныг нь гардан зохион байгуулж, ажил хэрэг болгож чадсанаараа хэний ч өмнө хэлэх үгтэй, ажил хэрэгч гэдэг шалгуураа өгсөн нэгэнд тооцогдог байв.


Албан тушаал эрх мэдлээрээ далимдуулан нэгдэл, нийгмийн хөрөнгөөр бусдад тал засаж, хувийнхаа явцуу эрх ашигт үйлчлүүлэхийг хүсэгч Аймгийн намын хороо, захиргааны зарим дарга нарын шударга биш байдлыг хурц шүүмжилж, учруулсан хохирлыг буруутнаар нь төлүүлэхээр тогтоолын төсөл бичиж, аймгийн намын хорооны товчоогоор хэлэлцүүлж, ийм байдлыг засах зүрх зориг гаргаж чадахгүй аймгийн удирдлагын дутагдлыг намын дүрэмд заасан гишүүнийхээ эрхийн дагуу МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо, Намын хянан шалгах хороонд мэдээлэн шалгуулж аймгийн зарим удирдах хүнд Улс төрийн товчооны тогтоолоор хатуу арга хэмжээ авахуулсан болон бурхан тахил,бүрхээр хураах архи асгах, нэгжлэг хийх мэт дарга нарын хууль бус бусармаг явдлыг буруушаан шүүмжилж эсэргүүцсэн шударга үйлс маань ард олны сэтгэл санаанд нийцэж тэднээс итгэл хүлээлгэхэд нөлөөлсөн юм.


Дээшээ зусаргүй, хажуудаа халгүй ажил хэрэгч шулуун шударга зан төрхийг минь ойлгодгоос надад итгэл хүлээлгэх гэсэн эрмэлзлэл нийтийн дунд байсныг би мэдэрч байлаа. Аймгийн Ардчилсан холбооны ерөнхий зохицуулагч С.Төмөрхүү надтай гурав дахь удаагаа уулзаж манай холбооноос Ардын Их Хуралд нэрээ дэвшүүлэх зөвшөөрлөө өгөөч, манай холбоо чухал үед АИХ-д нэр дэвшүүлэхгүй байх нь олон түмний итгэлийг огоорсон харамсалтай явдал болно гэдгээ учирлаж, танд найдвар тавьж байна гэж хэлсэн. Депутатад нэр дэвшихэд татгалзаад байх шалтгаангүй харин ч миний амьдралд тохиох ховор боломж гэдгийг ойлгож нэрээ дэвшүүлэх зөвшөөрөл өгснөөр Аймгийн банкны дэргэдэх Ардчилсан холбооны салбар зөвлөлөөс Ардын Их Хурлын 71-р тойрогт нэр дэвшүүлж билээ. Энэ тойрогт надтай хамт орон нутаг болон Улаанбаатар хотоос 24 хүн нэр дэвшиж өрсөлдсөнөөс хоёр дахь санал хураалтад “Үнэн” сонины сурвалжлагч Ж.Галданцогт бид хоёр тунаж, эцсийн санал хураалтаар надад сонгогчдын 57 хувь нь саналаа өгч, төрийн эрх барилцах алтан боломж түүхэн тэр үед надад тохиосон юм. Түүнээс хойш болсон бүх сонгуулиар ийм боломж хэнд ч олдохгүй хаагдсан түүхтэй.


Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон нь надад Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлах, эрхмээс эрхэм хүндэт даалгавар, том ачаа үүрүүлсэн. Иргэний өндөр ухамсар, шулуун шударга зарчимч байр суурь барьж, аль нэг нам, эвслийн эрх ашгаас ард түмэн, эх орны эрх ашгийг эрхэмлэж, ирээдүйг харж, бусадтайгаа ойлголцож ажиллан сонгогчдынхоо даалгаварыг биелүүлэх шаардлага тулгарав.


Биднийг юм мэддэггүй, жалга довны, хуучин үзэл бодолд автагдсан хэмээн тавлаж, Үндсэн хууль баталж чадахгүй гэх явуулга багагүй гарч байсан нь харин ч олон депутатын хор шарыг хөдөлгөж зоригийг нь хурцалж чамбай хууль батлах ёстой гэсэн зорилгод нэгтгэхэд тус дэм болсон гэж боддог. Бүтэн хоёр сар хэлэлцэж, ёстой долоо хэмжиж, нэг огтолж байж Үндсэн хуулийг баталсан юм. МАХН, МоАН, МСДН, МҮДН болон Ардчилсан эвсэл, Хоршоологчдын, Чөлөөт депутатуудын, эмэгтэйчүүдийн зэрэг бие даасан бүлгүүд байгуулагдаж, эдгээр бүлгүүдэд депутатууд нам, улс төрийн үзэл бодлын ялгаварлал, гадуурхалгүй нэгдэж өөрийн үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлж, үзэл бодлоо Үндсэн хуульд шингээх боломжийг бүрэн нээж байлаа. Би МАХН-ын, Хоршоологчдын, Ардчилсан эвслийн гурван бүлэгт бүртгэгдэн Үндсэн хуулийн ямар заалт, зүйлийг хэрхэн дэмжиж хуульд тусгуулахыг чармайн ажилласан. МАХН-ын гишүүн олон арван депутатууд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, дэмжүүлэхийн тулд янз бүрийн бүлэгт чөлөөтэй нэгдэж намаас ямар нэг зэмлэл, тулгалт гадуурхал хүлээж байгаагүй, ард түмнээс мандат авсан төлөөлөгч ингэж ажиллавал жинхэнэ ард түмний элч байж чадна гэдгийг тэр үед тод томруун харуулсан юм.


Ард түмний сонгосон төрийн элчийг чухал үед аль ч нам, янз бүрийн шахалт, шаардлагаар хавчин хайрцаглахгүй чөлөөтэй байлгах нь бусадтайгаа хэл амаа ололцох, зөв буруугаа тунгаахад үнэнхүү хэрэгтэй гэдгийг санаж явалтай. Нам, эвсэл бүлгийн үзэл бодлын өрсөлдөөн чөлөөтэй өрнөсөн Ардын Их Хурлын хуралдааны танхимыг хөндлөнгөөс харсан хэн боловч ийм хүмүүс яавч Үндсэн хуулийг баталж чадахгүй гэж хэлдэг бичдэг байж билээ. Тэгэвч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, шинэ санаа томъёолол гаргаж түүнийгээ хамгаалж, тайлбарлахын хамт эрдэмтэн мэргэд, мэргэжлийн хүмүүсийн санаа бодлыг сонсож, хуульд орох үг, өгүүлбэр, утга санааны талаар дахин дахин нягтлан тунгааж санал хурааж, чухам аль нь голч болохыг харилцан зөвшилцөж, баталдаг байв. Үндсэн хуулиа заавал батлах ёстой гэсэн хатуу зарчмыг депутат бүхэн барьж, тэсвэртэй хүлээцтэй, ухамсартай буурь суурьтай хандаж Үндсэн хуулийг баталж чадсан нь депутат бидний түүхэнд тэмдэглэх бахархал мөнөөс мөн. Миний хувьд үзэл бодлоо удаа дараа илэрхийлэн хэлж, депутат О.Дашбаябар, С.Батмөнх бид нар бодол саналаа илэрхийлж хэвлэлийн бага хурал хийлгэж байв. Хуульд үзэл баримтлалаа тусгах явдал депутат бүрийн эрхэм зорилго байсан. Үндсэн хуулийн үг, утга санаа бүрийн төлөө нам, эвсэл бүлгүүдийн хурц тэмцэл өрсөлдөөний явцад ганц депутатын санаа бодол хуульд орох нь чухам л лөөлөө болж, ганц мод гал болдоггүй гэдэг үг хэн хүний тархинд хадагдсан. Иймээс нээлттэй байж, хэн хаана ямар санаа гаргав, түүний эерэг, сөрөг тал юу байв, үзэл бодлоо хэнтэй нэгдэж, яаж ажиллавал хуульд тусгаж болох вэ гэсэн давалгаа депутат бидний дотор долгилж байсан гэж хэлж болно.


Улсын Бага Хурлаас «Монгол Улсын Их цааз» нэртэй анхны төслийг бидэнд гардуулсан ч хавтсан дээр бичсэн нэрнээсээ болж депутатууд төдийгүй монголын олон нийтийн дургуйцлийг хүргэж, ихээхэн хэл ам татлан их засаг гэхчлэн олон нэр зүүж, эцэстээ зөвшилцлөөр Үндсэн хууль нэрээр баталж билээ.


Төсөлд “Сүм хийд төрөөс, шашны боловсрол, иргэний боловсролоос тусгай байна” гэхчилэн өмнөх Үндсэн хуулийн хуучин агуулгыг хэвээр хадгалсан шинжтэй заалтаас гадна улсын эдийн засгийн үндэс мал аж ахуйн талаар үг үсэг ч үгүй, харин ч сүлдэнд нь заларч явсан морийг танан, таван сум атгасан, шонхор шувуу байлгахаар бичсэн нь миний болон бусад олон депутатын дургүйцлийг хүргэж, ард нийтийн анхаарлыг татаж ёстой чихийг нь дэлдийлгэж нүдийг нь бүлтийлгэв. Үндсэн хуульд үзэл бодлоо тусгахаар хэрхэн чармайж явсан тухай зах цухаас нь цөөн дурсамжийг хүүрнэе. Бидний 430 депутатын дотор Гандан хийдийн лам Д.Чойжамцаас өөр лам сонгогдоогүй. Их Хурлын анхны чуулганы үед Д.Чойжамц ламтай зэрэгцэн сууж сайхан танилцаж, ардын эмнэлэгт хэрэглэгддэг эм тангийн материалын талаар асууж түүнийг хаанаас, яаж олж болох тухай санал солилцдог байв. Чойжамц лам даруу төлөв, аядуу ааш араншинтай сайхан хүн тул их цааз хуульд шашны талаарх заалтын тухайд саналыг нь асуухад төсөлд өмнөхөө давтсан шинэчлэгдэж чадаагүйг тэр хэлж байлаа. Энэ талаар бусад нөхөдтөй ярилцахад тэдний цөөн хэсэг нь огт сонирхохгүй, нэлээд хэсэг нь чухам юу гэж оруулах учраа мэдэхгүй, оновчтой, зөв томьёолол гаргаж ирвэл дэмжих байдал ил тод ажиглагдсан. О.Дашбалбар болон Үндэсний дэвшлийн нөхөд надтай адил санал бодолтой байлаа.


Ямар томьёолол хуульд оруулбал зүйтэй болох, боломжтой томьёоллын санааг гаргаж туслахыг Д.Чойжамц ламаас итгэмжлэн хүсэж билээ. Хоёр, гурав хоногийн дараа Д.Чойжамц маань “БНМАУ-д бурханы шашин төрийн шашин мөн. Төр нь шашинаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэнэ”гэсэн гүнзгий утга агуулгатай, товч боловч гол санааг тун ч аятайхан тод томруун томьёолсон томьёолол өгсөн юм.


Энэ томьёолол нь үнэнхүү таалагдаж билээ. Бид өөрсдийн санаа бодлыг дэмжих санаа бодол нэгтэй депутатуудад энэхүү томьёоллоо тараасан. Томьёололыг итгэлтэй дэмжих О.Дашбалбар, Ш.Гүрбазар, С.Батмөнх нарын зэрэг нөхөдтэй санал солилцож, энэ томьёоллыг хоёрдахь хэлэлцүүллэгийн эхэнд Д.Чойжамцаар анхны саналыг гаргуулж уг саналыг зургаан микрофон дээр дэмжиж, үг хэлцгээн чуулганы танхим бүхэлдээ эерэг байдал ноёлох тэр мөчид дээрх томьёоллоор санал хураалгах болоход Ардчилсан холбоо, Ардчилсан намын Ц.Элбэгдорж, Сайран тэргүүтэй хэсэг депутат цөөнх болж бидний эсрэг санал бодлоо илэрхийлж үг хэлцгээж, депутатуудын дунд хоёрдмол санаа төрүүлж байдлыг хүндрүүлсэн юм. Дээрх томьёололоор санал хураалгахад 50 гаруйхан хувийн санал авч огт амжилт олоогүй юм.


Бид томьёоллоо хуульд оруулж чадаагүй ч санаа бүрэн мохоогүй, өөрсдийн үзэл бодол, байр сууриа тайлбарласаар, Гандангийн лам нар, настан буурлууд, учир мэдэх хүмүүстэй холбоо барьж, тэднээс дэмжлэг авахыг чармайдаг байв. 1992 оны 1 дүгээр сарын 5-нд Их хурлын дарга Ж.Уртнасан америкийн хэсэг бизнесмен, хувийн эздээс удаа дараа тавьсан хүсэлтийн дагуу хэсэг депутатуудыг тэдэнтэй уулзуулах тухай хэлэлцүүлж, уулзалтад оролцуулах депутатуудын нэрсийг батлуулсан юм. Тэдгээр 30 гаруй депутатын тоонд азаар миний нэр багтаж, орой нь Улаанбаатар зочид буудалд тэдэнтэй уулзаж ярилцаж билээ. Америк олон үндэстэн ястантай, олон үзэл бодол чөлөөтэй орон. Гэвч нутагтаа аян дайнгүй, төр нь тогтвортой, Үндсэн хууль нь 200 шахам жил онцын засваргүй мөрдөгдөж байгаагийн чухам учир нь юунд байна вэ? гэсэн анхны асуултыг би тавьж ярилцлагын салхийг хагалж байж билээ. Үүнд сенатын гишүүн дараах утгатай хариулт өгсөн юм.


Олон үндэстэн, олон үзэл бодлыг нэтгэн эв найртай байх, төрийг тогтвортой байлгах гол үндэс нь шашин байдаг. Шашинтай төр тогтвортой, ард түмэн нь эв найртай амгалан амьдардаг гэсэн хариулт өгч билээ.


Шашны тухай асуудал бол чухлаас чухал асуудал гэдгийг депутатууд эндээс баттай ойлголт авсан төдийгүй, Үндсэн хуульд энэ тухай заалт байх ёстой гэдгийг ноцтой ухаарсан. Америкийн сенатчийн дээрх санааг бид депутатын дотор түгээж, үүндээ тулгуурлан дараачийн хэлэлцүүлгээр «Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэнэ» гэсэн заалтыг 9-р зүйлд 94.0 хувийн саналаар оруулсан юм. Гэвч «Бурханы шашин бол монголын төрийн шашин мөн» гэсэн гол заалтаа оруулж чадаагүй, төрийн шашин гэхгүй, зонхилох шашин мөн гэж зүтгүүлээд ч бараагүй. Чөлөөт нийгэмд ямар шашнаа шүтэх нь хүний эрх, бөөгөө шүтнэ үү, ламаа шүтнэ үү, христосоо шүтнэ үү дурын хэрэг гэсэн үзлийг ардчилсан үзэлтэн гэж хөөрөгчдийн явуулга л ийм болгосон. Энэ бол алсдаа монголын ард түмний тусгаар тогтнол, эв нэгдэл, төрийн тогтвортой байдалд нөлөөлж болох чухлаас чухал асуудал байсан гэж бодогддог. “Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт ихээхэн шүүмжлэл, хэл яриа болж, чамгүй бэрхшээлийг туулж, батлагдаж орсон билээ. Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Улаанбаатар” нэгдлийн дарга Б.Дашзэвгэ (328 дугаар тойрог), 261 дүгээр тойргийн Д.Пүрэв нарын депутатууд Монголын эдийн засгийн үндэс, үндэсний баялаг малын тухай асуудал Үндсэн хуулийн гадна үлдэх ёсгүй гэж хатуухан хэлж учирлаж байсныг Хоршоологчдын бүлгийнхэн туйлбартай дэмжиж, энэ байр суурийг хүчтэй хамгаалж ажилласан юм. Р.Гончигдорж надад “Та мал, сүргийг төрийн хамгаалалтад оруулна гэж зүтгээд байх юм. Хэрэв тэгвэл иргэд хувийнхаа малыг алж идэхийн тулд баг, сумын даргаасаа зөвшөөрөл, авахад хүрнэ шүү” гэж хэлж байсанд би дараах тайлбарыг өгч байлаа. Мал, сүргийг төрийн хамгаалалтад байлгана гэдгийг иймэрхүү явцуу утгаар биш алсыг харсан бодлогын том асуудал гэж ойлгох нь чухал шүү.


Тухайлбал, ган зудын аюулд нэрвэгдэх, янз бүрийн халдварт өвчин гэхчилэн гэнэтийн аюулаас хамгаалах, гадаадад амьд мал гаргах, мал сүргийхээ генефондыг хамгаалах мэт том асуудлыг төр анхааралдаа авах ёстой хэмээн хэлж билээ. Үндсэн хуульд үүнчлэн олон чухал санал, бодлогыг оруулахад амьдралд хатуужиж хэрсүүжсэн туршлагатай нөхдөөс бүрдсэн Хоршоологчдын бүлэг ихээхэн хүч гаргасныг тэмдэглэх ёстой.


Мах, сүү, цөцгийн тос, төмс хүнсний ногоо, үр тариагаар хүн ардаа хооллож, арьс шир, ноос ноолуур, тариа будаагаар улсыхаа үйлдвэрийг хангаж, хөдөөд соёл, боловсрол, эрүүлийг хамгаалахыг хөгжүүлэн бэхжүүлж, ажилгүйдлийг арилгаж чадаж, хал үзэж халуун чулуу долоож явсан, амьдрал тэмцлийн арвин их туршлагатай нэгдэл, сангийн аж ахуйн дарга, мэргэжилтэн 140 гаруй депутатаар бүрдсэн Хоршоологчдын бүлэг, аль ч нам, эвсэл холбоодтой нээлттэй идэвхтэй хамтран ажиллаж том хувь нэмэр оруулсныг бахархан тэмдэглэж байна. Эдийн засгийн үндэс, үндэсний ширгэшгүй нөхөн төлждөг баялаг, мал, сүргээ төрийн бодлогоор хамгаалуулах, морио сүлдэндээ хүндлэн байршуулахаа Үндсэн хуульдаа тунхагласан явдал нь монгол хүний санаа сэтгэлд бүрнээ нийцсэн чухал үйл явдал байсныг дурсах ёстой. Төрийн сүлднээс нь морийг хассан, мал сүргийнхээ тухай асуудлыг Үндсэн хуульд орхигдуулсан нь yгтaa Улсын Бага Хурлын алдаатай бодлого байсан нь төрийн бэлэг тэмдгийн тухай хэлэлцэхэд улам ч тодорсон. Тэр үед депутатууд энэ асуудалд хэрхэн хандаж, юу гэж хэлж байсан тэмдэглэл миний хөх дэвтэрт бичигдэн үлджээ. С.Рэнцэнбал (58) Эвэр хошуутай махчин шувуугаар сүлдээ хийдгийн учирт малчин ардууд гайхаж байна.


Б.Энхтуяа (388) Морьтон монгол сүлднээсээ морио буулгаж таарахгүй, Ш.Цэнджаргал (268) Монголчууд шувууны сүүдэр тооноор тусах, гэрт өд нь унахад цээрлэдэг заншилтай шүү, Ш.Сүрэнжав (44) Морь, соёмбо хоёроо орхивол монголын заяа орхигдоно гэхчлэн ард иргэдийнхээ санаа бодлыг яруу тод илэрхийлж хамгаалж байлаа.


Үндсэн хуулийн эцсийн хэлэлцүүлэг дуусаж, ёсчлон батлахаар ярилцах үест хуулийн төгсгөл нь нэг л цулгай болсон мэт байсныг анзаарч хуанлигаас бэлгэтэй сайн өдөр цагийг үзэж, дагаж мөрдөх хугацааг шинэ, хуучин тооллоор тогтоохын хамт “Мэдэгтүн, сахигтун” гэж төгсгөвөл зүйтэй болов уу гэсэн санааг гаргахад олон депутатууд бүрэн дүүрэн дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 он 2 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагт буюу арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн есний идрийн барилдлагаат өлзийт сайн шар морин өдрийн, морин цагаас эхлэн улс даяар мөрдөнө. Мэдэгтүн, сахитун хэмээн баталж байж билээ. Үндсэн хуульд Монголын бүх аймаг, хотын ард иргэд, депутатууд хувь нэмрээ оруулсан ч түүнд Архангайнхан өөрийн гэхээр бодитой хувь нэмэр оруулсанд бахархан дурсаж явах учиртай. Төрийн сүлдийг Хашаат сумын иргэн Д.Ойдовын төслөөр, төрийн есөн хөлт цагаан тугийг Тариат сумын харьяат АИХ-ын депутат Г.Нороврагчаагийн төслөөр баталж, төрийн сүлд, тугийг бүтээсэн гавъяатайн дээр тэр үеийн Ардын Их Хурлын 430 депутатаас 39 нь, Улсын Бага Хурлын 50 гишүүнээс долоо нь Архангайн иргэд байсан.


Мөн АИХ-ын орлогч даргаар Ц.Адьяасүрэн (Хангай), Н.Батбаяр (Цахир), Л.Дашням (Төвшрүүлэх), Монгол Улсын анхны Дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын даргаар Р.Гончигдорж (Цахир), Бага Хурлын Байнгын хорооны даргаар Р.Хатанбаатар (Эрдэнэмандал) нар ажиллаж шинэ Үндсэн хуулийн эхийг боловсруулах, батлахад том хувь нэмэр оруулж байсан нь түүхэнд үлдээсэн гавьяатай үйлс мөнийг хойч үеийнхэн бахархаж явах учиртай.


Олон ургальч үзэл дэлгэрч, Их Хурлын чуулганы халуун тогоонд өнөөгийнх шиг 76 биш хэдэн зуун депутатын янз бүрийн үзэл санаа буцалж, даргилсан хүнд үед АИХ-ын үйл ажиллагааг нуруутай залсан Их Хурлын дарга Ж.Уртнасангийн аядуу зөөлөн зан харьцаа, тэвчээртэй хүлээцтэй байдал, асуудлыг олон талаас нь харж, эв зүйг нь олж, хамтын хүч нэгдмэл ойлголтоор асуудлыг шийдвэрлэхэд чармайн ажиллаж байсныг мартах ёсгүй. Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимэдийн мэргэжлийн ур чадвар гаргасан санал санааг хуульд хаана нь, хэрхэн яаж оновчтой тусгахыг чармайсан их мэдлэг, хүч, цуцашгүй зүтгэлийг нь, Их Хурал, Улсын Бага Хурлын ажлын холбоог уялдуулахаар Бага Хурлын дарга Р.Гончигдоржоос гаргаж байсан хичээл зүтгэлийг, Их Хурал, Бага Хурлын байнгын үйл ажиллагааг хэвийн явуулахын төлөө зүтгэж явсан Их, Бага Хурлын аппаратын ажилтнуудын бүтээл зүтгэл нь Үндсэн хуулийг бүтээлцэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж дурсаж байх ёстой. Их Хурал, Улсын Бага Хурлыг зонхилон бүрдүүлж төрийн эрх барьж байсан МАХН-ын дарга Д.Даш- Ёндонгийн хүлээцтэй чанар, бусдыг сонсох тэвчээр, өргөн мэдлэг, аядуу зөөлөн харилцаа нь үе үе хүнд байдал, гацаанаас гаргахад улс төрийн нам эвсэл холбоодтой ойлголцон зөв гарц олоход, их самбаа гаргаж чадсан явдал нь түүхэнд тэмдэглэгдэх явдал мөнөөс мөн. Ардын Их Хурал ойлголцол, эвлэрэл, зохицол, эв санааны нэгддийн цогц болж байсан учир Үндсэн хуулиа бид ойлгоцол, зохицол эвлэрлээр батласан гэж санан дурсаж явдаг аа би.


Л.Пүрэвгял: Хотын залуучууд “Энэ депутатууд чинь яасан ядуу улс вэ” гэж ярилцаж байхыг манай нөхөд сонссон байж билээ


БНМАУ-ын АИХ-ыг сонгох 1990 оны сонгууль аль ч үед байгаагүй жинхэнэ ардчилсан чөлөөт сонгууль болсон. Энэ үед миний бие Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум-нэгдлийн даргын алба хашиж байгаад сум, нэгдлийн удирдлага салж Сумын гүйцэтгэх захиргааны даргын албаа өгч “Батзам” нэгдлийн даргаар үлдсэн үе. Ардын Их Хурлын сонгуульд МАХН-аас саальчин Ц.Жавзангийн нэрийг дэвшүүлсэн. Миний бие Эрдэнэцогтод хөдөөгийн 5 баг (бригад) сумын төв нийт 6 хэсэгт нэр дэвшүүлэх хурал удирдах боллоо. Хурал эхлэхийн өмнө бригадын зоотехникч эмэгтэйд Ц.Жавзангийн нэрийг дэвшүүлэх бодлогоо хэлж, санал оруулахыг зөвлөөд намтрыг нь өглөө. Хурал эхэллээ. Өнөө эмэгтэй босдоггүй. Цагаанчулуун (малчин) босоод миний нэрийг дэвшүүллээ. Би аргаа бараад өөрөө босч Ц.Жавзангийн нэрийг дэвшүүлсэн боловч ер нь авч хэлэлцэх шинжгүй. Тэгэхээр нь дахин босч “Би МАХН-ын гишүүн хүн Ц.Жавзанг дэмжиж байна. Та нөхөд намайг байгаа болохоор ийм хандлага гаргалаа. Намайг хүнд байдалд орууллаа. Нэр дэвшүүлсэнд баярлалаа” гэдгээ хэллээ.


Санал хураахад 100 хувь надад санал өгчээ. Хурал тараад өнөө эмэгтэйг дуудаад “Яагаад боссонгүй вэ, чадахгүй бол хэлэх нь яасан юм бэ” гэж зэмлэнгүй асуухад “Манайхан аль хэдийнэ ярьж тохирсон болохоор айгаад чадсангүй” гэж байна.


Гаднаас харахад өөрөө очоод өөрийнхөө нэрийг дэвшүүлээд ирсэн мэт санагдаад сэтгэл зовж байтал бүх багуудаас миний нэрийг дэвшүүлснийг мэдэж дотор онгойж билээ. 1991 оны 6 дугаар сард аймгийн орлогч даргаар ажиллах болсон. Баянхонгор аймгаас сонгогдсон депутатуудын бүлгийн ахлагчийн хувьд аль нэг асуудлаар хамтарч зөвшилцөх бодол саналаа нэгтгэх, зохиогдож буй ажилд зохион байгуулалттай оролцох, ирцээ бүрдүүлэх зэргээр хуралдаантай зэрэгцсэн янз бүрийн ажлууд үе үе давтагдана. Үндсэн хуульд улсын нэр, газар өмчлүүлэх, Засгийн газрыг огцруулах эсэх зэрэг эгзэгтэй асуудлууд дээр саналаа үнэхээр нэгтгэж чадаж байсан. Газар өмчлүүлэх асуудлыг дэмжиж намайг үг хэлж байхад Дархан, Сэлэнгэ чиглэлийн зарим депутатууд араас хашгирч дургүйцлээ илэрхийлэхэд манай аймгийн Гурванбулаг сумаас сонгогдсон О.Нямдаваа асан тэдэнтэй маргалдаж, өндөр дуугаар “Монголын үржил шимтэй газар нь суучихаад, та нар юу юм бэ өмчлүүлж л таараа” гэж байж билээ. Олонхын саналаар үнэхээр ч өмчлүүлэхээр шийдэгдсэн дээ.


Их Хуралд депутатуудын олон бүлгүүд байсан. Аймгийн депутатуудын бүлгээс гадна Өвөрхангай аймгийн дарга асан Төмөрбаатараар ахлуулсан аймгуудын депутатуудын ахлагчдын бүлэг чухал үүрэгтэй, их нөлөөтэй байсан.


Аймгийн дарга Г.Цэдэндагватайгаа утсаар байнга холбогдож бензин шатахууны хангалт, машин тэрэг хуваарилах, Улаанбаатарын төвлөрсөн хэрэгцээнд мах нийлүүлэх, говь, тал хээрийн бүсийг хамарсан цасан шуурганы үр дагаврыг арилгах, мал өвөлжилтийн асуудлуудаар аймгийн орлогч даргын хувьд Ерөнхий сайд Д.Бямбасүрэн болон онцгой комиссын дарга шадар сайд асан Пүрэвдорж нар дээр хэд хэдэн удаа орж мэдээлэл өгч, асуудал тавьж шийдүүлж байсан. Хилийн гарц нээхийн тулд Александр генерал, Батжаргал сайд нартай Баянхонгор аймгийн депутатууд уулзалт зохион байгуулж энэ уулзалтаар Ма Зун Шингийн хилийн боомт нээх асуудлыг эхлэн хүчтэй тавьж энэ нь нэг жилийн дараа шийдэгдсэн дээ. Харамсалтай нь Их говийн дархан газрыг дайрсан замтай учраас хожим хаагдсан.




1990-ээд оны эхэн үе гэхэд нийт хүмүүсийн амьдралын түвшин ойролцоо өмчөөрөө ялгарсан ялгаа газар аваагүй байсан үе. Хотын залуучууд “Энэ депутатууд чинь яасан ядуу улс вэ” гэж ярилцаж байхыг манай нөхөд сонссон байж билээ. Амралт, завсарлага, хоол унданд бөөнөөрөө явна. Ихэвчлэн гял, цал юмгүй даавуун пальтотой, туулай юм уу бужгар хурган малгайтай бөөдийсөн нөхөд л харагдаа биз. Мэдээж зонхилох нь хөдөөнийх юм чинь. Үндсэн хууль батлахад ер нь намчирхсан хандлага байгаагүй. Урт настай сайн хууль болгохыг хүн бүр зорьж байсныг хэлэх нь зүй.


Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид