sonin.mn

1979 оны 11-р сарын 27-ны оройн 19 цагт Зөвлөлтийн Тусгай албаны цэргүүд /Спецназ/ Кабулын нисэх онгоцны буудалд гэнэт десант буулгаж Афганистаны төрийн ордныг бүслэн, Ерөнхийлөгчийнх нь харуулын албаны цэргүүдийг БТР дээр суурилуулсан “ЗСУ Шилка” пулемётаар буудан хөнөөн, төрийн эргэлт хийжээ. Афганы ард түмэн “Зөвлөлт нөхдүүд”-ийнхээ энэхүү гэнэтийн цэргийн ажиллагааг огт ойлгосонгүй. Харин хожим нь мэдэж Зөвлөлтийн түрэмгийллийг үзэн яддаг болсон аж. Афганы ард түмэн Зөвлөлтийн цэрэгт 1 сая 500 000 иргэнээ хөнөөлгөж /тэдний дунд олон мянган хүүхэд, бүсгүйчүүд, ахмадууд амь үрэгдсэн / тэднийг үзэн яддаг болсон юм.

Энэхүү нийтлэлийн өмнө Афганистаны тухай бяцхан түүх өгүүлье. Афганистаныг харийн түрэмгийлэгчид хэд хэдэн удаа эзлэхийг оролдож байсан. Британи Улс Афгантай гурван удаа дайн хийж байсан. 19 дүгээр зуунд Британий цэргүүд Кабул хүртэл довтолж байсан боловч энэ орныг орхиж явахаас өөр аргагүй болдог байжээ.1919 онд Их Британи Афганистантай энхийн гэрээ байгуулжээ. Тэр үеийн Афганы эмир Аманулла хаан тусгаар тогтнолоо улам бэхжүүлж гадаад хэргийн асуудлыг бие даан шийддэг болов.


Аманулла хаан 1919 онд Оросын большевикуудтай харилцаж Зөвлөлт Орос улстай дипломат харилцаа тогтоосон аж. 1921 онд Зөвлөлт, Афганистаны хооронд гэрээ байгуулав. Афганы ард түмний татвар их өндөр болсон тул ард түмэн дургүйцэж бослого гаргажээ. 1929 онд Аманулл хаан улаан Оросын цэргүүдийн тусламжтайгаар хаан ширээгээ хамгаалж үлдэхийг хүссэн боловч болсонгүй ялагдав. Аманулла хаан Энэтхэг рүү зугтаж бүр цаашаа Итали руу дүрвэжээ.1929 оны 10-р сарын 13-ны өдөр цэргийн сайд Мухаммед Надир пуштун омгийнхныг толгойлж бослого гаргаж улмаар нийслэл Кабул хотыг эзэлж хаанчлалаа тогтоов.Шинэ удирдагч Надир шах Их Британийг баримжаалсан бодлого явуулж, Зөвлөлт улстай харилцаагаа хэвийн түвшинд явуулж байлаа.1933 онд үндэсний баярын өдөр Надир шахыг 19 настай оюутан Абдул буудан амь насыг нь хороожээ. Дараа нь хаан ширээнд Мухаммед Зарих шах залрав. Зарих хаан улс орноо 40 жил удирдаж 93 наслахдаа улс орноо шинэчилж гадаадын зөвлөхүүдийг урьж их сургууль байгуулж, эмэгтэйчүүд боловсрол олох эрхтэй, срнгуульд оролцох эрхтэй болж улс орон парламенттай болж аж үйлдвэр хөгжүүлж улс орноо тайван тогтвортой болгож чаджээ.


1964 онд Афганистан Улс Үндсэн хуульт хаант засаглалтай орон болсон байв. 1973 онд Эзэн хааны үеэл дүү Мохаммад Дауд төрийн эргэлт хийж Захир шах Итали руу дүрвэжээ.   Дауд хаан исламын радикалуудын 3 удаагийн төрийн эргэлт хийх гэсэн бослогыг дарж чадав. Гэвч 1978 оны 4-р сарын 27 -ны өдөр Афганистанд цэргийн эргэлт боллоо. Шоронд хоригдож байсан Ардын ардчилсан намын удирдагч Таракиг суллаж, Хувьсгалт Зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхйи сайдын албан тушаалд томилогдлоо. Төрийн эргэлтийн үеэр төрийн ордноо хамгаалах тулалдаанд Дауд хаан болон түүний 5 хүүхэд, 20 ах дүү нар нь амь үрэгджээ. “Дөрвөн сарын хувьсгал” гэгчийн үед өмнөх удирдагчийн эхнэр, хүүхэд, эмэгтэйчүүд амь үрэгдсэн нь улс даяар алан хядах үйл ажиллагаа явуулж эхэлсний дохио байлаа. 


Афганистанд иргэний дайн эхлэв. Иргэний дайн засгийн эрхийн төлөө тэмцсэн коммунист чиглэлтэй хоёр нам /Халык, Парчам/ болон бослого гаргасан Исламын дайчдын хооронд болж байв. Засгийн эрхийн авсан Ардын ардчилсан нам улс даяар газар тариалангийн шинэ бодлого гэгчийг явуулж, чинээлэг газрын эздийн газрыг хураан авч ядуу тариачдад өгч хувийн өмчид халдсан нь хүн амын зэвүүцлийг хүргэжээ. Бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах нэрийн дор эмэгтэйчүүдийг албадан сургасан нь хүмүүсийн зэвүүцлийг хүргэв. Ард түмэн бослого гаргав. Энэ бослогыг эрх баригч нам цэргийн нисэх онгоц, их буу хэрэглэн харгис хатуугаар даржээ.1978 онд “Парчам” намын дарга Бабрак Кармалийг Засгийн эрхээс холдуулж, Чехословакт Элчин сайдаар томилж явуулав. Бослого дарагдсаны дараа Афганистанаас 750 000 дүрвэгч хил даван Пакистан руу зугтав. 


1979 онд Афганистанд Зөвлөлтийн 4000 зөвлөх ирлээ. Афганистан Улс Зөвлөлтийн цэргийн техникийн туслалцаа авч армиа бэхжүүлэв. 1979 оны гуравдугаар сард Афганистанаас Зөвлөлтийн засгийн газарт тавьсан хүсэлтийн талаар Зөвлөлтийн удирдагчид зөвлөлгөөн хийв. Афганистаны удирдагч Тараки Зөвлөлтийн засгийн газраас тус улсын Герат мужид бослого гарсан тул зөвлөлтийн цэрэг оруулж бослогыг дарахыг хүсчээ. Дараа нь ерөнхйилөгч Амин ч гэсэн зөвлөлтийн цэргийг Афганистанд орохыг хүсч байв. Тэр үеийн Афганистаны хувьсгалч удирдагчид зөвлөлтийн цэргийг эх орондоо оруулснаар ард түмэндээ ямар аюул тарихыг хэн нь ч мэдэхгүй байв. 


Зөвлөлтийн Гадаад явдлын сайд А.Громыко анхандаа зөвлөлтийн цэргийг Афганистанд оруулах асуудлыг эсэргүүцэв. Сайд нарын Зөвлөлийн дарга А.Косыгин ч гэсэн зөвлөлтийн цэрэг оруулах асуудлыг эсэргүүцэж байв. Гэвч 1979 оны 5-р сарын 24- ны ЗХУКН –ын Улс Төрийн Товчооны хурлаар “Зөвлөлт Холбоот улс Афганистанд 53 тэрбум рублийн буцалтгүй тусламж үзүүлнэ. Үүнд 140 миномет, 90 хуягт машин, 48 000 буу, 1000 гранат, 680 агаарын бөмбөг, 50 000 рублийн эм эмнэлгийн хэрэгслэл өгнө” гэсэн шийдвэр гаргажээ. 

Зөвлөлт Холбоот улсын Батлан Хамгаалахын сайд Устинов болон КГБ-ын дарга Андропов нар Афганистанд зөвлөлтийн цэрэг оруулах дайчилгааг явуулж эхлэв. Брежнев 9-р сард Таракитай уулзаж түүний Аминтай хийж буй тэмцлийг дэмжиж байгаагаа мэдэгджээ. Удалгүй Афганистанд засгийн төлөө тэмцэл улам хурцдав. Таракийн бие хамгаалагчид Аминыг буудаж хөнөөхийг завдав. Хоёр удирдагчийн бие хамгаалагчид хоорондоо буудалцжээ. Удалгүй Афганистаны армийн Жанжин штабын дарга Якуба Кабул хотын гол обьектуудыг хяналтандаа авч Таракийг баривчилсан байна. 1978 оны 10-р сард Таракийг Амины бие хамгаалагчид багалзуурдан амь насыг нь хөнөөв. Л. Брежнев Таракийг амь үрэгдсэнийг дуулаад өмнөх шийдвэрээ эрс өөрчилж, Аминаас өшөө авах санаа төрж, зөвлөлтийн цэргийг Афганистанд оруулах талаар хатуу бодлого баримтлах болжээ. Андропов, Устинов хоёр ч гэсэн АНУ Афганистанд зөвлөлтийн эсрэг пуужин байрлуулах болвол маш аюултай болно, учир иймд зөвлөлтийн цэргийг Афганистанд оруулах хэрэгтэй” гэсэн байр суурьтай байлаа. 


Михаил Суслов, Борис Понамарев нар Афганистаныг “Хоёр дахь Монгол ” болгох нь зүйтэй хэмээн Брежневийг ятгав. Тэд Монгол Улс азийн хамгийн хоцрогдсон харанхуй бүдүүлэг феодалын улс байсныг Зөвлөлт улс тусалж капитализмыг алгасуулж, феодализмаас социализмд шилжсэн улс болгож чадсан. Бид Афганистаныг Монголын жишгээр Зөвлөлтийн холбоотон улс болгох нь зүйтэй. Афганистаны Хувьсгалт Зөвлөлийг Монголчууд шиг дуулгавартай, Зөвлөлтийн Коммунист Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны өгсөн үүрэг даалгаварыг яг таг биелүүлдэг удирдах хүмүүсээр дүүргэх хэрэгтэй” хэмээн ятгав. Суслов бүр тодруулан : “Афганы баян чинээлэг газрын эздийн газрыг хураан авч улсын мэдэлд авах, ард түмнийг нь шашны үзлээс салгах хэрэгтэй. Үүний тулд суртал ухуулгын ажлыг сайтар зохион байгуулах хэрэгтэй” гэж байлаа. Үнэхээр Зөвлөлтийн коммунистууд Афганистаны хотуудын гудамж, талбай, байшингийн ханан дээр яг л Монголд гучаад онд ухуулж байсан баян тарган ламын аманд бүх мал сүргээ туугаад оруулж байгаа ядуу ардуудын зураг шиг яг тийм зураг, харин Монгол ламын оронд Исламын моллагийн зургийг шогчлон зурсан плакат зураг энд тэнгүй өлгөж тавьж байв. Үүнийг Кабулд харсан Монголын нэгэн дипломатч ихэд гайхаж байсан гэдэг. Гэвч Зөвлөлтийн удирдагчид Афганистаныг албадан зөвлөлт маягийн шашингүй, нийгэм журамт нийгэмд оруулахыг оролдвол харин эсрэгээрээ исламизм улам хүчтэй болж зөвлөлтийг эсэргүүцэгчид улам олон болох болно гэдгийг мэдээгүй юм.


Зөвлөлтийн удирдагчид Монголын ард түмнийг Чингис хаан, Бурхан багшийг нь мартуулж, Зөвлөлтийн коммунист намыг дагагсад болгож чадсан, афганчууд ч гэсэн Исламын шашнаа орхиж шашингүйн үзэлтэн болно, Зөвлөлтийн коммунист намын үүрэг даалгаврыг биелүүлэгчид болно хэмээн буруу бодож байлаа. 

Ингээд зөвлөлтийн удирдагч Л.Брежнев одооны Афганистаны ерөнхийлөгч Аминыг хөнөөж, зөвлөлтийн цэргийг Афганистанд оруулах КГБ-ийн төлөвлөгөөг сайшааж зөвшөөрөв. Брежневийн хувьд энэ нь маш буруу шийдвэр болсон юм. Афганистаны хоёр удирдагч хоорондоо муудалдаж нэгнээ хөнөөсөн нь Зөвлөлт улсад ямар ч хамаагүй зөвхөн Афганы дотоодын асуудал байв. Афганистаны шинэ ерөнхийлөгч Амин Москватай жирийн сайн харилцаатай байсан ба тэрээр зөвлөлтийн цэргийг Афганистанд оруулахыг удаа дараа хүсэж байсан юм. Тэр үед Афганистаны Засгийн газрын армийн эсрэг 40 000 можахедүүд 12 мужид тулалдаж байлаа. 


Зөвлөлтийн цэргийг Афганистанд оруулах энэхүү яаралтай буруу шийдвэрийг Зөвлөлтийн армийн Жанжин штабын дарга Н.Огарков, генерал Ахромеев, Варенников нар “Зөвлөлтийн цэргийг Афганистанд оруулж болохгүй. Энэ асуудлыг өөр аргаар шийдэж болно. Хэрэв Зөвлөлтийн цэрэг Афганистанд орвол дорно дахины бүх Ислам ертөнц бидний эсрэг босох болно ” хэмээн эсэргүүцэж байв. Гэвч Андропов тэдний хэлснийг эрс няцааж “Цэргийн генералууд та нар цэргийн асуудлаа л хариуц. Улс төрийг бид хариуцах болно” гэжээ. Ийнхүү Зөвлөлтийн удирдагчид зөвлөлтийн армийн Жанжин штабын санал, цэргийн шинжээчдийн зөвлөмж, дорно дохины судлаачдын дүгнэлтийг үл зөвшөөрч,  Афганистанд зөвлөлтийн цэргийг оруулахаар болжээ. Зөвлөлтийн удирдагчид зөвхөн цэрэг оруулаад зогсохгүй, одооны Афганистаны Хувьсгалт Зөвлөлийн дарга, улсын Ерөнхийлөгч Амины амь насыг хөнөөж, Зөвлөлтийн цэргийн хүчээр төрийн эргэлт хийхээр тогтсон байна. Ийнхүү Зөвлөлтийн Коммунист Намын Улс Төрийн Товчоо зөвлөлтийн Үндсэн хууль, ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тогтоол зарлигийг зөрчиж намын шийдвэр гаргаж цэргээ харийн оронд оруулахаар шийджээ.


Эхлээд Зөвлөлтийн КГБ 1979 оны 11-р сард Афганистаны ерөнхийлөгч Аминд зоогонд нь хор хийж хөнөөхөөр төлөвлөв. Гэвч Аминд өгсөн хор ямар ч нөлөө үзүүлж чадсангүй. Зөвлөлтийн КГБ-ын мэргэн буудагчаар Аминыг буудуулж хөнөөнө гэж төлөвлөсөн боловч бас л бүтсэнгүй. Ерөнхийлөгч Амин Кабул хот дахь Тадж Бек ордондоо шилжин очиж хамгаалалтанд орж түүнийг хорлоход улам хэцүү болов. Эцсийн төлөвлөгөө нь зөвлөлтийн тусгай хүч болох “Зенит”, “Гром” багууд болон Зөвлөлтийн дундад азийн “ Мусульман батальон”-ыг ашиглаж Аминыг буудан хөнөөхөөр төлөвлөжээ. 


1979 оны 11-р сарын 25 -ны өдөр Зөвлөлтийн цэргүүд хил давж Афганистан руу дайран орлоо. Үд дундад Узбекистаны Термезээс Афганистаны Кабул, Дундузийн чиглэлд зөвлөлтийн 2 дивиз цэрэг, нөгөө чиглэл болох Герат, Шинданд, Кандагарын чиглэлд зөвлөлтийн нэг дивиз цэрэг давшив. 11-р сарын 25 ны өдөр Афганистаны нийслэлээс хойш 50 км –т байрлах Баграмын нисэх онгоцны буудал дээр зөвлөлтийн 108 дугаар агаарын десантын бүхэл бүтэн дивиз цэрэг буусан байдаг. Зөвлөлтийн тал Афганы талд тэрхүү агаарын хүчнийг зөвхөн афганы армийн цэргийн техник засварлах анги хэмээн худал мэдээлэл өгч тэднийг төөрөгдүүлжээ. 11-р сарын 25, 26- ны өдрүүдэд Баграмын буудал дээр Зөвлөлтийн цэргийн ачааны олон онгоцоор105-р дивиз буув. 11-р сарын 27- ны өдөр зөвлөлтийн 103 дугаар агаарын десантын цэрэг Кабул хотын нисэх онгоцны буудлыг хяналтдаа авч Афганы бүх агаарын эсэргүүцэн хамгаалах нэгжүүд болон афганы агаарын цэргийн онгоцнуудыг хяналтандаа авав. Зөвлөлтийн КГБ –ын ажилтнууд 11-р сарын 27-ны өдөр ерөнхийлөлөгч Аминыг үдийн зоог дээр нь хоолонд нь хор хийж хордуулахыг оролдсон боловч эмч нар нь яаралтай арга хэмжээ авч амь насыг нь аварчээ.     


11-р сарын 27-ны өдрийн оройн 19 цагт зөвлөлтийн КГБ-ын “Гром”, “Зенит” групп болон 154-р тагнуулын анги, 345 –р агаарын десантын цэргүүд Афганистаны Тадж Бек ордоныг бүсэлж БТР дээрээс “Шилка” пулемётаар төрийн ордоны хамгаалалтын албаны ажилтнуудын эсрэг гал нээж довтлов. Афганистаны төрийн ордны хамгаалалтын хэдхэн цэргүүд “Зөвлөлт нөхдүүд” ингэж гэнэт дайрч буудсанд ихэд гайхаж төрийн ордноо хамгаалах тулаан хийжээ. Хүч тэнцвэргүй тулаан нэг цаг орчим үргэлжлээд Зөвлөлтийн КГБ-ын олон цэргүүд төрийн ордоныг эзлэв. Зөвлөлтийн КГБ-ын цэргүүд Афганистаны ерөнхийлөгч Хафизулла Аминыг хоёр бяцхан хүүхдийнх нь хамт буудан хөнөөжээ. Яг л Оросын большевикууд 1918 онд Эзэн хаан Николайг гэр бүл, бяцхан хүүхдүүдийнх нь буудан хөнөөсөн шиг. Мөн Афганистаны армийн Жанжин штабын дарга, генерал Мохаммед Якубийг КГБ-ын ажилтнууд буудан хөнөөсөн байна. Афганы армийн олон зуун цэрэг, офицерууд алагдаж, амьд үлдсэн нь хөдөө нутгийн уул руу зугатааж Засгийн газрыг эсэргүүцэгч босогчдын талд орцгоов. Зөвлөлтйин цэргүүд афганы армийн жанжин штабыг эзэлж, аюулгүй байдлын байгууллагын барилгууд болон афганы радио, телевизийг эзлэн авлаа. Зөвлөлтийн арми 11-р сарын 28 ны өдөр Герат Шиндандыг мөн эзлэв. 11-р сарын 28- ны 20 цагт Кабул хотын радиогоор Зөвлөлтийн довтолгоо эхлэхээс сарын өмнө магнитофонд бичиж бэлтгэсэн ард түмэндээ хандсан Бабрак Кармалийн мэдэгдлийг цацав. Ийнхүү Афганистанд төрийн эргэлт хийх Зөвлөлтийн нам, засгийн даалгавар “амжилттай” биелжээ. 


1980 оны нэгдүгээр сарын 14-ны өдөр болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблийн онцгой чуулганаар социалист чиг хандлагатай 18 орноос бусад дэлхийн бүх 104 улс Зөвлөлтийн энэхүү зэвсэгт түрэмгийллийг эрс хатуу шүүмжилж Афганистанаас цэргээ нэн даруй гаргахыг шаардлаа. 1980 оны Москвад болох зуны 22 дугаар олимпиадад оролцохоос дэлхийн 60 орон татгалзав. АНУ тэргүүтэй орнууд Зөвлөлтийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авлаа. Зөвлөлт Улс 17 сая тонн үр тариагаа гадаадад экспортолж чадахгүй болж, тус улсын хүн ам гурил болон гурилан бүтээгдэхүүнээр хомсдож эхлэв.   Зөвлөлтийн бүх экспортыг хориглож, олон улсын банкууд Зөвлөлт улсад зээл өгөхөө, бүх өрнөдийн орнууд Зөвлөлтөд айлчлах явдлаа зогсоов. Дэлхийн Исламын бүх орнууд Афганистаныг түрэмгийлсэн Зөвлөлт улсыг шүүмжлэв. Дэлхий даяараа Зөвлөлт улсыг үзэн ядаж байлаа гэхэд болно. Академич Андрей Сахаров Афганистанд Зөвлөлтийн цэрэг оруулсныг эсэргүүцээд Горький хотод цөллөгөнд хөөгдөж хамаг одон медалиа хураалгажээ. Зөвлөлтийн цэргүүд 1980 оны 11-р сард Афганистанд дайнаа улам өргөжүүлж, 16 000 цэргийн довтолгоог 600 танк, 33 их буу, 120 нисэх онгоц, нисдэг тэргийн хамт хийж, 1500 гаруй можахедуудыг алж шархдуулсан байна. 1982 оны 5-р сард зөвлөлтийн 12 000 цэрэг Панжарийн чиглэлд довтолж 120 км гүн нэвтрэв. Гэвч зөвлөлтийн цэргүүдтэй афганы можахедүүд улам ширүүн тулалдаж, партизаны дайныг хийж байжээ. 300 км-ийн өргөнтэй, 1000 км –ийн урттай фронтыг Зөвлөлтийн арми бүрэн хянахад бэрх байв.   


Афганы можахедүүд Зөвлөлтийн армитай тулалдаж нилээд туршлагатай болж, тэдний нисэх хүчнээс айхаа больж бүр сүүлдээ нисдэг тэрэгнүүдийг бүү хэл, Зөвлөлтийн байлдааны сөнөөгч “МиГ-21”онгоц, хүнд ачааны “Ил-76” нисэх онгоцнуудыг хүртэл устгаж чаддаг болов. Можахедүүдэд Америкийн “Стингер” хэмээх авсаархан пуужин харвах төхөөрөмж их хэрэг болж байсан байдаг.

Афганы дайнд афганы ард түмэн өртөж олон зуун мянган ард иргэд амь үрэгдэв, Зөвлөлтийн олон мянган цэргүүд ч амь үрэгдсэн. Зөвлөлтийн тал Афганы дайныг зогсоох талаар 1986 оноос л ярьж эхэлсэн юм. Зөвлөлтийн шинэ удирдагч М.Горбачёв 1985 оны 12-р сард “Бид Афганд 6 жил байлдаж байна. Бид зөв шийдвэр гаргахгүй бол дахин 30 жил ч байлдах байх. Иймд Зөвлөлтийн цэргийг Афганистанаас гаргах асуудлыг ярих хэрэгтэй” гэв. Улмаар М.Горбачёв АНУ болон Пакистантай яриа хэлэлцээ хийж Зөвлөлтийн цэргийг Афганистанаас гаргах шийдвэр гаргалаа. Улс Төрийн Товчоо ч дэмжив. Харин хамгийн ахмад улс төрч Андрей Громыко “Бид Афганистаныг алдаж болохгүй. 60 жил бид Афганистантай хамт оршиж байна. Хэрэв Афганистаныг бид алдвал Афганистан биднээс улам холдож манай гадаад бодлого хохирно” гэж байсан байдаг.  Зөвлөлтийн цэргийг Афганистанаас гаргах ажиллагаа 1988 оны 5-р сараас эхлэв.ЗХУ-ын Улс Төрийн Товчоо дээр зөвлөлтийн цэргийг Афганистанаас бүрмөсөн бүгдийг нь гаргах уу, зөвхөн хэсгийг нь гаргах уу гэсэн асуудлаар хэлэлцүүлэг хийжээ. М.Горбачёв болон Э.Шеварнадзе нар зөвлөлтийн цэргийг бүрэн гаргах шийдвэрийг гаргав.

Ингээд 1989 оны 2-р сарын 15 -ны өдөр зөвлөлтийн сүүлчийн цэргийн анги буюу 40-р армийн удирдагч Борис Громовын цэргүүд Афганистаны хилийг даван Зөвлөлтөд буцан ирцгээв. ЗХУ-ын ардын депутатуудын 2-р их хурал дээр Зөвлөлт Холбоот улс Афганистанд цэргээ оруулсан нь том алдаа болсон гэсэн дүгнэлт хийсэн байна.  


33 сая хүн амтай, 647 500 квадрат км газар нутагтай дорно дахины Исламын эртний соёлтой Афганистан улс ийнхүү Зөвлөлтийн түрэмгийллээс чөлөөлөгдөв.Зөвлөлтийн армийн Афганистанд учруулсан хохирол хэдэн зуун тэрбум доллар болжээ.  

Яг үнэндээ Зөвлөлтийн цэрэг Афганистанд орсон нь алдаа гэхээсээ илүүтэй аллага болсон юм. 1979-1989 онуудад Зөвлөлтийн цэргийн үйлдсэн дайны гэмт хэргийн тухай уншиж байхад Зөвлөлтийн арми ямар их аллага, ямар их нүгэл үйлдэж вэ гэдэг нь харагддаг. Зөвлөлтийн армийн зарим нэг цуваа можахедуудын отолтод орсны дараа зөвлөлтийн арми тэр нутгийн орчим амьдарч байсан бүх тосгон, хотын энгийн иргэдийг бүгдийг нь хүүхэд, хөгшид гэлтгүй бөмбөгдөж пуужиндаж устгадаг байжээ. Зөвлөлтийн арми алан хядлагаа жилээс жилд өргөжүүлж байв. Зөвлөлтийн цэрэг Афганд орсон эхний нэг жилийн алан хядлагаас хэдхэн жишээ дурдая.

1980 оны 2-р сард зөвлөлтийн цэргүүд Кундуз мужид 750 афган иргэдийг, Дашти Арчи мужид 250 афган иргэнийг, 4-р сард Лагман мужид 2000 афган иргэнийг хөнөөжээ. 1980 оны 4-р сард Кабул хотын оюутнууд Афганы Засгийн газарт шаардлага хүргүүлж зөвлөлтийн цэргийг нутгаасаа гаргах жагсаал хийсэн байна. 400 оюутан алагдаж, 2000 оюутан баривчлагджээ. Зөвлөлтийн армийн агаарын нисэх хүчин Вардак мужийг бөмбөгдөж, 500 гаруй афган иргэдийг , 8-р сард афганы хоёр дахь том хот Гератыг их буугаар буудаж 3000 гаруй энгийн иргэдийг хөнөөсөн байна. 


Зөвлөлтийн цэргийн нэгтгэл анги Желалбад хотын ойролцоох нэгэн тосгонд орж дээрэм хийжээ. Нэгэн байшинд зөвлөлтийн 12 цэрэг дайран орж тэнд амьдарч байсан 3 афган залуу бүсгүй, 2 ахмад өндөр настай хүн, 7 жижигхэн хүүхдүүдийг бүгдийг нь хөнөөсөн аж. Тэд эхлээд 3 бүсгүйг эх эцгийнх нь нүдэн дээр хүчиндэж, дараа нь бүсгүйчүүд болон ахмадууд, жижигхэн хүүхдүүүдийг бүгдийг нь буудан алж цогцос дээр нь бензин цацаж шатаан устгажээ. Энэ зэрлэг балмад гэмт хэрэг зөвхөн Афганистан төдийгүй бүх Исламын ертөнцийг доргиосон юм.  

1980 оны 10-р сард зөвлөлтийн арми дахин Лагман мужийг эзэлж босогчдыг олзолж амьдаар нь шатааж ойролцоох тосгоны 1200 иргэнийг буудан хөнөөв. Эдгээр нь зөвхөн 1980 онд болсон зарим аллагын жишээ юм. Дараагийн жилүүдэд болсон аллагыг ярьвал маш урт түүх болно. Зөвлөлтийн арми хамгийн сүүлд Афганыг орхиж явдаг жил буюу 1989 оны 1-р сард “Тайфун” хэмээн ажиллагаа явуулж Салангийн бүс нутагт ойр орчмын тосгодын 1500 энгийн иргэнийг хөнөөжээ. Тэдний дотор өчнөөн олон хүүхэд, хөгшид, бүсгүйчүүд амь насаа алдсан байдаг.Одоо үед ийм аймшигт аллага Украинд давтагдаж байна.  


Афганы дайнд зөвлөлтийн талаас 150 000 цэрэг, Афганистаны Засгийн газрын 130 000 цэрэг, нөгөө талаас 120 000 можахедүүд оролцон, Зөвлөлтийн 15 000 гаруй цэрэг амь үрэгджээ. Зарим мэдээнд зөвлөлтийн 50 000 цэрэг алагдаж, 180 000 цэрэг шархадсан гэсэн байдаг. Афганистаны 1.5 сая гаруй иргэд амь үрэгдсэн ба 20.7 мянган 10 хүртлэх насны бяцхан афган хүүхдүүд алагджээ. Афганы 5.0 сая гаруй иргэн Пакистан, Иран улс руу дүрвэсэн. Зөвлөлт Холбоот улс 147 танк, 1314 их буу, 1314 хуягт машин, 510 машин, 11 369 ачааны машин, 422 их буу, 118 байлдааны нисэх онгоц, 333 нисдэг тэргээ алджээ. 

Зөвлөлт Холбоот Улс улсын төсвөөс жил бүр 800.0 сая ам доллар энэ дайнд зарцуулж байв. Тодруулбал 40-р армийг Афганистанд байршуулж байхдаа жил бүр 8.2 тэрбум ам долллар зарцуулж байсан аж. Дайн хийх тутам зарцуулах хөрөнгө мөнгө нь улам ихсэж Зөвлөлтийн ард түмний аж амьдрал улам дордож байв.  


Олон улсын судлаач шинжээчид “Хэрэв Зөвлөлтийн удирдагч Л.Брежнев Афганистаны ерөнхийлөгч Аминаас өшөө авах гэж дайн хийгээгүй бол олон зуун мянган хүн амь үрэгдэх ёсгүй байсан. Зөвлөлтийн түрэмгийллийг эсэргүүцсэн “Аль Кайда”, “Талибан” хэмээх алан хядах байгууллага байгуулагдахгүй байх байсан. Афганистан улс олон улсын алан хядах ажиллагааны гол төв болох ёсгүй байсан. Эцсийн эцэст Зөвлөлт Холбоот улс дотроо ийм түргэн задарч тарахгүй байх байсан” хэмээн үздэг юм билээ.



                           Доржийн СҮХБААТАР