sonin.mn

БЭЭЖИН, 2025 оны нэгдүгээр сарын 5 /Forbes/. Хятадын тэрбумтан Жэк Магийн үүсгэн байгуулсан “Alibaba Group” хувьцаагаа тус улсын сүлжээ их дэлгүүрийг эзэмшигч компанид ихээхэн хямдруулсан үнээр худалдахыг зөвшөөрчээ. Тодруулбал, “Sun Art Retail Group”-д хувьцааныхаа 78.7 хувийг 1.6 тэрбум ам.доллароор худалдахаар шийдвэрлэсэн байна. Багц хувьцааны өртгийг тооцвоос 1.8 тэрбум ам.долларын алдагдал хүлээхээр байна гэж Нью-Йорк болон Хонконгийн биржид бүртгэлтэй “Alibaba” компани мэдэгджээ. 


“Alibaba”-гийн хувьцааны багцыг “KKR Greater China” компанийн гүйцэтгэх захирал асан Дэвид Люгийн удирддаг, Хятадын хувийн хөрөнгө оруулалтын “DST Capital” компани худалдан авах ажээ. Тус компани Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд Хятадад “RT-Mart”, “M-Club” сүлжээ их дэлгүүрүүдийг ажиллуулдаг.


Өмнө нь 2024 оны 12 дугаар сарын дундуур “Alibaba” групп “Intime” их дэлгүүрийг “Youngor Fashion” тэргүүтэй хөрөнгө оруулагчдын группэд 1.02 тэрбум ам.доллароор зарахаар тохиролцжээ. Энэ гэрээг байгуулснаар “Alibaba” групп 1 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. “Alibaba” 2017 онд “Intime” компанийн хувьцааны 99 хувийг 2.6 тэрбум ам.доллароор, 2020 онд “Sun Art” компанийн хувьцааны хяналтын багцыг 3.6 тэрбум ам.доллароор худалдаж авсан байна. Харин одоо тус компани үндсэн үйл ажиллагаатай холбоогүй хувьцааг зарж байна гэж Хонконгийн хөрөнгө оруулалтын “Jefferies” банкны шинжээч Томас Чон тайлбарлалаа.


“Alibaba хувьцаагаа зарж байгаа нь үндсэн бизнестээ анхаарлаа төвлөрүүлж, хувьцаа эзэмшигчдэд үнэ цэнийг нь эргүүлж өгөх бодлоготой нь холбоотой" гэж тэрбээр хэлжээ. 


2023 оны хавар “Alibaba” бизнесээ зургаан хэсэгт хувааж, тэдгээр нь бие даан хөрөнгө босгож, хөрөнгийн биржид хувьцаагаа гаргахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн юм. Тодруулбал тус корпорац үүлэн технологийн “Cloud Intelligence Group”, цахим худалдааны “Taobao-Tmall”, ухаалаг ложистикийн “Cainiao”, орон нутгийн үйлчилгээний групп, глобал бизнесийн үйл ажиллагааны “Global Digital Business Group” болон дижитал медиа, энтертайнмент үйл ажиллагааны салбар гэсэн зургаан бие даасан бүтэц байгуулж бизнесээ өөрчлөн зохион байгуулсан юм. Пүрэв гаргийн арилжаа хаагдах үед тус группийн хувьцааны ханш Хонконгийн бирж дээр 1.33 хувиар, Нью-Йоркийн бирж дээр 1.07 хувиар буурчээ. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг