sonin.mn

СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 3 /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг онц байдал тогтоосонтой нь холбогдуулан саатуулах тушаалыг гүйцэтгэхээр ерөнхийлөгчийн ордонд ирсэн мөрдөгчдийг ордныг хамгаалж буй цэргүүд нэвтрүүлэхгүй байна гэж цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлжээ. Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөн шалгах газраас /CIO/ хэвлэлийнхэнд мэдэгдэхдээ, тушаалыг гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн боловч Нийслэлийн батлан хамгаалахын командлалын харьяа цэргийн ангийн алба хаагчид мөрдөгчдийг ордонд оруулахгүй байгаа ажээ.


Юн Сог Ёлийг 12 дугаар сарын 3-нд богино хугацаанд онц байдал тогтоосонтой холбогдуулан бослого гаргасан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр саатуулах тушаалыг гүйцэтгэхэд даваа гараг хүртэл хугацаа бий.


Харин Юн Сог Ёлийг дэмжигчид ерөнхийлөгчийн ордны гадаа жагсаал зохион байгуулж байгаа нь CIO-ын ажиллагаанд хүндрэл учруулж байгаагаас гадна Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхантай мөргөлдөөн үүсгэж болзошгүй байна. Юн Сог Ёльд импичмент зарласныг эсэргүүцэж, түүнийг саатуулахад саад учруулахаар сүүлийн өдрүүдэд тус ордны ойролцоо олон мянган дэмжигчид цугларсаар байна. Тэдний заримыг нь цагдаа нар хүчээр тараажээ. Ажиглагчдын үзэж буйгаар, бямба, ням гарагт тушаалыг гүйцэтгэхэд илүү олон хүний эсэргүүцэлтэй тулгарч, даваа гараг гэхэд эцсийн хугацаа дуусахад хэт ойртсон байх болно.


СIO-гийнхэн Юн Сог Ёлийн шийдвэрийг хамтран шалгахаар цагдаагийн газар болон Батлан ​​хамгаалах яамны мөрдөн байцаах албатай хамтарсан баг байгуулжээ. Тушаалыг гүйцэтгэх баг нь СIO-ын 30 хүн, цагдаагийн 120 албан хаагчаас бүрдсэн бөгөөд тэдний 70 нь ордны гадаа хүлээж байна.


Юн Сог Ёль байцаалт авах гурван зарлан дуудах хуудсыг үл тоомсорлосны дараа CIO түүнийг саатуулах зөвшөөрөл хүсжээ. Мөн тус агентлаг ерөнхийлөгчийн өргөөнд нэгжлэг хийх зөвшөөрөл авсан байна. Харин Юн Сог Ёлийн өмгөөлөгчид тэдгээр зөвшөөрлийг “хууль бус, хүчингүй” гэж нэрлээд, тушаалыг гүйцэтгэхэд хориг тавихыг шүүхээс хүсжээ.Баасан гарагт Ерөнхийлөгчийн өмгөөлөгчдийн нэг Юн Гап Гюн Yonhap агентлагт мэдээлэл өгөх үеэрээ, CIO-гийн оролдлогын эсрэг “хууль ёсны арга хэмжээ” авах болно гэсэн байна.


Хэрэв Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба, Юн Сог Ёлийг дэмжигчид CIO-гийн баривчлах ажиллагааг зогсоохыг оролдвол цагдаа нар тэднийг албан үүргээ биелүүлэхэд нь саад учруулсан хэргээр баривчлах болно гэдгээ мэдэгджээ. 


Юн Сог Ёль баривчлагдвал мөрдөгчид түүнийг Уйван хот дахь Сөүлийн урьддчилан хорих төвд саатуулах бөгөөд үүний өмнө Сөүлээс өмнө зүгт орших Гвачон хот дахь CIO-гийн төв байранд аваачиж байцаахаар төлөвлөж байна. Ерөнхийлөгчийг саатуулсны дараа CIO түүнийг албан ёсоор баривчлах эсвэл суллахад 48 цагийн хугацаа бий.

 


Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг