sonin.mn

БЕРЛИН, 2025 оны нэгдүгээр сарын 3 /DW/. Германы Гадаад хэргийн яам виз мэдүүлгийн шинэ дижитал платформыг нээснийг тус улсын Гадаад хэргийн сайд Анналена Бербок “төрийн захиргааны үйл ажиллагаанд гарсан жинхэнэ хувьсгал” хэмээн үнэлжээ.  

Энэхүү цахим портал нь Германд ажиллах, суралцах, гэр бүлтэйгээ эргэн нэгдэхийг хүсэж буй хүмүүсийн хувьд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх үйл явцыг хөнгөвчлөх зорилготой бөгөөд хүсэлт гаргагчид 28 ангиллаас сонгон цахимаар виз мэдүүлэх боломжтой. 




Шинэ порталыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дэлхийн өнцөг булан бүрд байгаа Германы 167 виз мэдүүлгийн төвд ашиглана. Гадаад хэргийн сайд А.Бербок шинэ тогтолцоог өндрөөр үнэлж, шинэчлэлийг аль эрт хийх ёстой байсныг онцолсон байна.  

Түүний хэлснээр, Германд жилд 400 мянган мэргэшсэн ажилтан дутагдаж байгаа энэ цаг үед ихээхэн ач холбогдолтой алхам болжээ. Цагаачдыг хүлээн авдаг орны хувьд Герман улсад “виз мэдүүлэх үйл явцыг орчин үеийн, цахим, аюулгүй байлгах” шаардлага тулгарч байгааг тэрбээр нэмж хэлсэн байна.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг