Байгаль-цаг уурын аажим атлаа хүнд бэрх өөрчлөлтийн улмаас л амьд байгаль гайхалтайгаар хувьсчээ. Том, жижиг бүх амьтад өөр өөртөө тохирсон аргаар өөрчлөгдөж, орчны өөрчлөлтөнд зохицож, ер бусын гэхээр шинжүүдийг олсоор иржээ. Байгаль, цаг уур гэнэт огцом өөрчлөгдөх аваас амьтдын ихэнх, ялангуяа том биетэй амьтад (динозавр мэтийн) богино хугацаанд бүрмөсөн устаж байв. Сүйрлийн шинжтэй ийм мөхөл олон удаа тохиолдож байсны ул мөр ч үлджээ.
Тэрбумаар хэмжигдэх асар урт хугацаанд болоод өнгөрсөн бүхнийг хүмүүс бид нэгбүрчлэн сэргээн таних, тодруулах боломжгүй юм. Гэхдээ сүүлийн хэдэн зуун сая жилийн дотор болоод өнгөрсөн зарим үзэгдэл, үйл явцын түүхийг (байгалийн хувьслын түүхийг) аажим ч гэлээ, ойролцоогоор ч гэлээ судлаачид тодруулсаар л байгаа болно.
Өөрөө их өөрчлөгдөж, өөрчлөгдөх хэрээрээ амьтан, ургамлыг ер бусын өөрчлөлтөнд шахамдуулан оруулсан газар нутаг гэж байна. Мөн асар удаан хугацаанд бараг л нэгэн янзаараа үлдсээр ирсэн газар нутаг гэж бас байна. Тийм нутгийн амьтад бараг өөрчлөгддөггүй. Цаг уурын нэг л янз байдал олон сая жилийн туршид хадгалагдсаар ирсэн газар нутагт амьтан, ургамал нь бараг л нэгэн янзаараа үлдсээр, оршсоор байжээ. Харин цаг уурын өөрчлөлтөнд олон сая жилийн туршид тасралтгүй нэрвэгдсээр байсан газар нутагт амьтад нь, ургамал нь итгэхэд ч хэцүү хачин сонин шинжийг олж, амьдрал оршлоо үргэлжлүүлсээр байв. Байгаль, цаг уурын хувьсал бол нэгэн төрлийн лабораторийн туршилт юм. Гэхдээ эзэнгүй (субъектгүй) туршилт гэсэн үг.
Хэдэн зуун сая жилийн туршид явагдсаар ер бусын гэхээр үр дүнг буй болгосон (жишээ нь оюун ухаант хүнийг) мөнхүү хувьсал, туршилтын гайхамшигт нь ер итгээгүй, ойлгоогүйн улмаас л хүмүүс “ертөнцийн эзэн, бурхад” гэх бүтээгчдийг санаанаасаа зохиомжлон гаргаж ирээд шүтэх, дээдлэх болсон ажээ.
Өөрөөр хэлбэл байгалийн хувьсалд оногдох ёстой байсан гавъяаг хүмүүс бурхдад өгчихжээ. Энэ бол яг үнэндээ ижилгүй том төөрөгдөл, хэзээ ч үл давтагдах том алдаа юм. Энэ алдаа цааш цаашдаа танин мэдэхүйн ч үндэстэй, бас улстөр, үзэл суртлын ч шалтгаантай болж бэхжиж авчээ. Энэ төөрөгдөл, алдаа мөнхөд амьдрахуйн “ид шидийг” шашны тусламжтайгаар олж, хүн төрөлхтний оюун санааны ертөнцийг эзэмдсээр байна. Бидний төсөөлөхийн аргагүй урт хугацаанд (хэдэн зуун сая жил) байгалийн хувьслаар хүмүүний ойлгох, танихад хүнд нарийн нандиныг байгаль өөрөө бүтээжээ. Энэ гайхамшиг л хүмүүсээс бурхдыг буй болгоход хүргэсэн байна. “Хүмүүс бид ч учрыг нь ухаж, тодруулахад хэцүү зүйлүүдийг амьгүй байгаль бүтээнэ гэж юу байдаг юм бэ? Хүмүүс биднээс ч ухаантай, биднээс ч хүчтэй, ер бусын чадвартай бурхад, ертөнцийн эзэн л энэ бүх нарийн нандиныг бүтээсэн нь тодорхой” хэмээн эрт цагийн ухаантнууд, санваартнууд, гэгээнтнүүд хэлж, ухуулж, хүлээн зөвшөөрүүлж, шүтүүлж, бишрүүлж эхэлжээ. Ингэж л бурхад (тэднийг дагалдаад чөтгөр, шулмууд), ертөнцийн эзэн, Христос, Аллах, Дорнын бурхад төржээ.
“Байгалийн хувьслын хийж чадаагүйг бурхад хийж чадахгүй. Харин бурхдын хийж чадаагүйг байгалийн хувьсал хийж чадна” гэсэн шахуу утгатай зүйр цэцэн үг зарим ардын аман зохиолд байсан гэгддэг юм. Ойлгохын ч аргагүй, өөлөхийн ч аргагүй гайхамшиг, суу билэг гэж бас байнаа...
Байгаль дээр байгаа бодис бүхэн, бас амьтан бүхэн сулдаа, аяндаа орчны элдэв нөлөөнд автаж, туршилтанд орж байдаг. Эцэс төгсгөлгүй ийм харилцан нөлөөллийн явцад байгаа бүхэн (ялангуяа амьд биетүүд) элдвээр хувьсдаг. Оготно хувьсан хувьссаар заан болж ч мэднэ, заан хувьсан хувьссаар аварга том загас, хоёр нутагтан, бүр динозавр төстнийг буй болгож ч мэднэ. Хувьслын явц, хувьсах зүг, чиг дээшээ ч байж болно, бас доошоо ч зүглэж болно. Дэгжих, дээшлэх хувьсал гэж байхад уруудах, мөхөх хувьсал гэж бас байна. Дүрсэлж хэлэх аваас амьд байгалийн хувьсалд зорилго, чиглэл, эцсийн цэг, нас, хугацаа гэж үгүй юм. Байгалийн хувьслыг лабораторийн туршилт мэтээр төсөөлөх, үзүүлэх аваас энэ туршилт өнөөдөр ч гэсэн тив болгон дээр явагдсаар, есөн шидийн үр дүнг бүтээсээр, хүмүүсийг гайхшруулсаар байна. Ковид-19 гэхэд л бидэн дээр туршилтаа хийчихлээ. Байгалийн хувьсал нь амьтан бүхэнд нөлөөлдөг, амьтан бүхэн мөнхүү өөрчлөлтөнд өөр өөртөө тохирсон хариу үйлдлийг үзүүлдэг, тэр явцдаа өөрсдөө элдвээр өөрчлөгдөж, сонин хачин шинжүүдийг олсоор байдаг. Хаанахын байгаль, цаг уур тасралтгүй өөрчлөгдөж байна чухамхүү тэнд л есөн шидийн ааш авиртай, элдэв аргаар амь, амьдралаа хамгаалж чаддаг, халуунд ч, хүйтэнд ч, ган гачигт ч, цас зуданд ч амиа тээгээд гардаг, зарим нь нүүдэллэдэг, зарим нь ичдэг, зарим нь хүнс нөөцөлдөг, зарим нь хөлдөөд гэсэж амь ордог, зарим нь удаан хугацааны өл даадаг, өөх нөөцөлдөг, зарим нь хэдэн хоногоор ч усгүй байж чаддаг, зарим нь идэж болох бүхнээр хооллодог, зарим нь газар доор амьдардаг, зарим нь усны гүнд амьдардаг, зарим нь хоёр нутагтан гэх мэтийн олон янз амьтад оршин байдаг.
Тийм газар нутгийн хамгийн тод төлөөлөгч бол Төв Ази юм. Байнгын шахам тааламжтай байсан, ой мод, ус чийг, жимс ногоо элбэгтэй, дулаан уур амьсгалтай нутаг газарт наад зах нь л амьтад ичих, нүүдэллэх, хоол нөөцлөх шаардлагагүй. Бэрхшээлгүй шахам орчинд амьтад бараг л нэгэн янзаар хичнээн ч сая жил амьдарч чаддаг.
Тэнд байгалийн хүнд бэрх шалгарал явагддаггүй. Тийм орчин, нөхцөлд амьтдын хөгжил, амьдрах чадавх нэг янз байдалд автаж, царцдаг. Өөрөөр хэлбэл тэнд мич хувьссаар, чадавхжсаар хүн болж хувирахгүй. Энэ өнцгөөс харах аваас Африкт хүн үүссэн нь худлаа. Тэнд хүн үүссэн байж болзошгүй гэж үздэг цаг үед нь байгаль, цаг уурын ноцтой өөрчлөлтөнд ороогүй юм. Сэрүүсэлт, хахиршилт, эрс тэс уур амьсгал, ой мод, үр жимсний ховордолт, хуурайшилт, газрын гадаргуй дээшээ өргөгдөж уулс үүсэх мэтийн үзэгдэл түүхэн тэр цаг үед Африкт явагдаагүй ажээ. Тэгэхлээр юуны учир мичүүд хүн болтлоо хувьсах билээ? Шалтгаангүй үр дагавар гэж байдаггүй шүү дээ! Аргагүйн эрхээр, байгаль-цаг уурын өөрчлөлт, хахиршлын шахаа, түлхээсээр өвөл нь хөлдөөд хавар нь гэсэж амь ордог, газар доор амьдардаг, олон сараар ичдэг, хүнс нөөцөлдөг, дулаан нүх, ноохой, урц оромж бэлддэг амьтад Төв Азид л олноороо байдаг нь ихийг өгүүлж байна. Төв Азид цаг уур сэрүүсэж, уулс үүсэж, Номхон далай болон Энэтхэгийн далайгаас ирдэг үүл манан өндөр уулсад хаагдаж, дулаан орны уур амьсгал алга болж, ой хөвч устаж, нуурууд ширгэж, үр жимс ховордож, жилийн улирлууд буй болж, эх газрын эрс тэс уур амьсгал ноёрхох болсноор олон амьтан, ургамал устаж (үлдэгдэл нь одоогийн нүүрс, нефть, занар, шатдаг хий), амьтдын зарим нь өвөлдөө ичдэг, газар доор амьдардаг (сохор номин), хүнс тэжээл нөөцөлдөг (хөеө), дулаан үүр, ноохой, урц овоохой (минж) барьдаг болжээ. Тэдний дундаас харьцангуй өндөр хөгжилтэй болчихсон байсан мичүүд модноос газарт бууж, хоёр хөлөөрөө явж, урд мөч нь гар болж, уураг тархи нь томорсоор, хөгжсөөр хүн дүрстэй бичүүд болж хувирчээ. Тэд цаашид улам их хурдацтай хөгжсөөр, багаж зэвсэг ашигладаг, хөдөлмөрлөдөг, оюун ухаантай хүмүүс болжээ.
Хүйтний улирлыг ичиж, унтаж өнгөрөөдөг, газрын гүнд амьдардаг, өвөл нь хөлдөж хавар гэсэж амь ордог, дулаан урц овоохой, хөеө, ноохой бэлддэг, дулаан арьс нөмөрдөг, гал гаргаж дулаацдаг, уулын агуйд цугларч хоноглодог – ийм арга, технологи Төв Азид л их түгээмэл байжээ. Амьтад нь ийм арга, технологид суралцаагүй тивүүд байгаа шүү дээ.
Нэг л хэвийн гэхээр дулаан байсан нутаг оронд дээр тоочсон үзэгдлүүд гарч ирэхгүй нь тодорхой юм. Төв Ази нүүрс, нефть, шатдаг хий мэтээр баялаг байгаа, тэдгээр нь газрын хөрсөн доор, гүнд байгаа нь Төв Ази эрт дээр үед ой модоор, гол горхи, нуурууд, мөлхөгчид, загасаар асар их баялаг байсны нотолгоо юм. Тэр бүхэн уулс үүсэх, газар хөдлөх их өөрчлөлтөөр хөрс шороонд булагдаад өнөөдрийн нүүрс, нефть, шатдаг хий болж хувирчээ. Органик бодисын ийм хувьсал амьтны ходоод, бүдүүн гэдсэнд ч явагддаг. Жишээ нь үхэр өвс ургамал идээд, боловсруулаад баас гаргадаг, мөн шатдаг хий ч гаргадаг. Баас нь хатаж аргал болоод нүүрс мэт шатдаг. Үхрийн ходоодны (бүдүүн гэдэсний) хийг хурааж аваад шатдаг хий мэтээр ашиглаж ч болох ажээ. Амьтны биенд биотехнологийн дагуу явагддаг процесс газрын гүнд, хөрсний доор ус ба дулааны тусламжтайгаар мөн л явагдаж байдаг. Хүний бие ч гэсэн шатдаг өтгөн ба шатдаг хий ялгаруулдаг. Хүний өтгөнийг хатаагаад нүүрс мэт түлж болох нь тодорхой юм.
Кайнозойн эриний антропоген галбын үед хүн үүссэн гэж үзэх нь зөв, үнэн болох аваас (энэ бол эцсийн үнэн биш байж ч болно) чухамхүү тэр үед Төв Азид бүрэлдсэн шиг нөхцөл, байдал Африкт байгаагүй ажээ.
Ингэхлээр Африкт хүн үүссэн болох тухай онол, таамаглал худал юм. Хүн Төв Азид үүсээд бусад тиврүү тархсан, тархаж хүрсэн газар нутгийн байгаль-уур амьсгалын онцлогоос хамаарч хар, цагаан арьстай, өндөр нам, царай зүс өөр өөр болсон гэх нь харин үнэн бололтой. Энэ онол, таамаглалд хүргэж буй олон олон жишээ, баримтыг миний бие сүүлийн 20 жилд өгүүлсээр, бичсээр ирлээ. Дэмждэг судлаачид ч буй, эргэлздэг судлаачид ч буй, урьд өмнөх онол, дүгнэлтэнд зуун хувь автаад намайг эсэргүүцдэг судлаачид ч олон буй. Өгүүлэх, учирлах нь миний үүрэг. Ойлгох, эс ойлгох нь бусдын хэрэг юм даа. Хүн анх Африкт үүссэн гэх онол, таамаглалыг яалт ч үгүй дахин нягтлах шаардлагатай. Олон олон худал, дэгс зүйл, буруу тайлбар, хувь судлаачийн амбиц тэнд нуугдаж буй нь үнэн юм шүү. Орчин үеийн өндөрлөгөөс эргээд олон өнцгөөс шалгах аваас энэ үнэн нотлогдох бизээ. Хүн дүрстэй мичүүдийг хүнд бэрх нөхцөлд оруулж, хатуу хүндээр шалгаруулж, амьд үлдэхийн төлөө тэд үхэн хатан тэмцэж байхад мөнхүү мичүүдтэй зэрэгцэн амьдарч байсан бусад амьтад ч мөн л тэрхүү бэрх хүндийг туулж, бас л элдвээр өөрчлөгдсөн, чадварлаг болсон, бүр нэлээд “ухаажсан” ч байх ёстой. Ийм үзэгдэл Африкт ажиглагдсан уу? Энэнд холбогдох тод жишээ, баримт Африкт бараг алга байна. Харин өмнө үзүүлснээр Төв Азид олон буй юм. Хэр чинээндээ л арга, эвээ олж амьд үлдэж, дасан зохицож чадсан амьтад олон буй.
Хасах жаран хэмээс нэмэх жаран хэмийн хооронд зохицон амьдрах чадавх, хэдэн сараар ус, хоол хэрэглэхгүй ичиж, унтаж чаддаг “ид шид”, хэдэн сар хэрэглэх өөхийг биедээ хуримтлуулдаг амьтад, хэдэн сар хэрэглэх хүнсний зүйлийг хөеө болгон нөөцөлдөг амьтад хүн анх үүссэн газар нутаг, тивд л олон тааралдаж байна.
Мич хүн болохтой зэрэгцэн “ид шидийг” олсон амьтдыг судлах аваас хүмүүс бид мөн ч олон шинэ, сониныг нээх, мэдэх бизээ. Мичүүд хүн болтлоо төгөлдөржиж байх явцад бид ч бас ихэд төгөлдөржсөн юм шүү хэмээн тэд бардам “хэлэх” байх. “Хэлэх ч эрхтэй.” Хүмүүс бид тэр бүхнийг нь танин мэдэх, авч хэрэглэх, ашиглах үүрэгтэй. “Хөлдөж үхээд, гэсээд амь орно” гэдэг бол шашин сурталд ч хэрэг болох л чадавх юм. Хүний үүслийг шашинжуулж тайлбарладгийн адилаар тарваганы ичдэг, унтдаг чадварыг ч шашинжуулж, сонихноор тайлбарлаж болох байх. Хүн үүсэхдээ зэрэгцэн буй болсон хачин, сонин үзэгдлүүдийг бусад амьтны хувьд таних, судлах нь илүүц зүйл ер биш болно. Амьд биетийн үүсэл, хувьсал, ирээдүй хойчийн (мөхлийн) асуудал бол чухал судлагдахуун. Энэ талаарх бидний мэдлэг тун ч нимгэхэн, нэг мөр болоогүй зүйл ч их.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл2
Тэнд сая жилийн өмнө том дэлбэрэлт болоод тэр нь манайд маргааш ирнэ ингэсэн үү
Чулуунжав абугайн “””хүн төв азид үүссэн””” гэх санаа бас үндэслэл нь үнэний ортой байх шүү,,,,хахир хүнд нөхцөлд нэг бол мөхнө эсвэл тэсэж тэмцсээр амьд үлдэхнээ,,,,сайхан нийтлэл байнаа,,,,баярлалаа,,,,