sonin.mn
АН-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.
 
АН-ын зүгээс "Нээлттэй микрофон" ажиллуулаад хэд хоночихлоо. Үр дүн ямар байна вэ?
 
"Нээлттэй микроофон"-ыг өмнө нь ч ажиллуулж байсан. Энэ удаа 2021 оныг дуустал ажиллуулахаар болсон. Өнөөдөр Монгол улсад үзэл бодлоо илэрхийлдэг чөлөөт индэр үнэхээр үгүйлэгдэж байна. Сүхбаатарын талбай дээр очоод үзэл бодлоо илэрхийлэх гэхээр янз бүрийн байдлаар дарамталдаг, тэр ч бүү хэл барьж  хорьдог, зөрчлийн хуулиар торгууль ноогдуулдаг болсон. С.Зоригийн хөшөөний дэргэд нээлттэй микрофон ажиллуулж байгаа нь иргэд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг орон зайг улс орон даяар бий болгоё, эрх чөлөөний дуу хоолойг С.Зоригийнхоо хөшөөн дээрээс эхлүүлье гэж байгаа юм. Цаашдаа 21 аймагт, шаардлагатай бол холбогдох яам, байгууллагын үүдэнд ч, ямар ч цаг үед зохион байгуулах болно. Хамгийн гол нь иргэний оролцоотойгоор бодит байдлыг сонсож, шийдвэр гаргуулдаг байх ажлыг зохион байгуулж, эхлүүлж байна. Энэ бол ардчилал хөгжсөн орнуудад байдаг сонгодог жишээ.
 
Эрх баригч нам 1921 оны үйл явдлаар 1911 оны тусгаар тогтнолын хөдөлгөөнийг бүдгэрүүлж байна гэж та хэлсэн. Үүнийгээ тодруулахгүй юу?
 
Үүнийг эрх баригчид 100 жилийн турш хийж ирсэн шүү дээ. Тухайн үеийн коминтерн, ЗСБНХУ-ын болшевикуудын явуулж байсан гол бодлого нь 1911 оны хувьсгал бол феодлуудын, язгууртнуудын хувьсгал байсан, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоос хол асуудал байсан. Өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөхөөр босч ирсэн гэдэг. 1911 оны хувьсгалыг буруутгаж, гуйвуулсан, харлуулах гэсэн, хүмүүст буруугаар ойлгуулах гэж оролдсон үйл явдлууд эрчимтэй явж ирсэн. Гэтэл бодит байдал дээр 1911 онд Монголчууд гадны ямар ч улсын оролцоогүйгээр, бие дааж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөөх тэмцлээ эхлүүлсэн хувьсгал байдаг. Наймдугаар Богд Жавзандамба хутагт өөрөө удирдан зохион байгуулж, жирийн иргэдээс эхлээд, тухайн үеийн нийгмийн төлөөлөл болсон сэхээтнүүд оролцож энэ хувьсгалыг хийсэн байдаг юм. Энэ хувьсгалаас маш олон баатрууд төрсөн. Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсүрэн гэх мэт олон эх оронч баатрууд тодорч байсан.
Харамсалтай нь өнөөдөр тэр хүмүүсийн бодит түүхийг үлдээж, алдаршуулах ажил маш муу байна.
 
 
12 сарын 29-нд болох Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдрийг маш чухалд авч үзэн, баярлаж хөөрөхөөсөө илүү Монголын түүхэнд энэ өдрийн ач холбогдлыг өндрөөр үнэлж, үнэнээр нь үлдээх ёстой. Хойч үедээ бодит үнэнээр нь ойлгуулах ёстой.Аль нам байх нь хамаагүй, түүхийг үнэнээр нь үлдээх ёстой.
 
 
 
Та Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагууд хүндхэн байдалд байна гэж хэлсэн. Яагаад ингэж дүгнэх болов?
 
Мэдээллийн сайтууд магадгүй хагас эрх чөлөөтэй байгаа байх. Өргөн дэлгэцийн хууль гараад гайгүй гэсэн телевизүүд төсвийн санхүүжилт рүү орчихлоо шүү дээ. Гэтэл төсөв гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллагууд, ард иргэдийн төлсөн татвараас бүрддэг. Үүнийг эрх баригчид өөрсдөөсөө өгч байгаа юм шиг, бүх зүйл дээр нь хяналт тавьж, ямар нэгэн сөрөг мэдээ явуулбал дарамталж, магадгүй төсвийн санхүүжилтийг нь хасах ч гэдэг юм уу? тиймэрхүү байдлаар оролддог болж. Яг ямар дарамт байгааг нь мэдэхгүй байна. Хоёрдугаарт хамтын ажиллагааны гэрээ гэдэг гоё нэртэй хаалтын гэрээг ихэнх телевиз, сонин, сайтуудтай маш их мөнгөөр хийчихсэн явдал харагдаж байна. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан хэдэн хүн өнөөдрийн Засгийн газарт ажиллаж байна вэ? гэдэг судалгааг АН хийж байна. Төрд ажиллаж болно л доо. Гэхдээ гэнэт яагаад бөөнөөрөө яваад орчихов? Яагаад бөөнөөр нь томилчихов? Энэ асуудал биш юм уу? Үүнийг бодитоор нь гаргаж тавина. Хэвлэл мэдээллийн салбар чөлөөтэй, дарамтгүй байж, энэ нийгмийн тусгал байж улс оронд ардчилал, тусгаар тогтнол бодитоор оршино шүү дээ. Хэвлэл мэдээлэл нь амаа боолгочихсон байхад бид мянга ардчилал гэж орилоод яах юм бэ? АН-ын Үндэсний анхдугаар чуулганыг төлбөр төлж байж 2, 3 телевиз нэвтрүүлсэн. Гэтэл МАН-ын 30-р хурлыг хичнээн их хэвлэл мэдээллийн хэрэгслүүд очиж, хэмжээ хязгааргүй сурталчиллаа? Хэвлэл мэдээлэл чөлөөтэй байгаа нь энэ үү? АН-ыг биш МАН-ыг сонгоод чөлөөтэй явуулж байгаа юм уу? Үгүй шүү дээ. Энэ бол цаанаасаа зохион байгуулалттай хийж байгаа ажил. Адилхан Үндэсний хэмжээний хоёр том нам. Адилхан 1000 гаруй төлөөлөгч оролцсон. Адилхан гурав хоног үргэлжилсэн. Яагаад аль алийг нь сурвалжилж, нэвтрүүлж болдоггүй юм бэ?
 
Улсын Дээд шүүх О.Цогтгэрэл тэргүүтэй хүмүүсийн материалыг бүртгэж авсангүй. Үүнтэй зэрэгцээд таныг М.Тулгатын нэрийг татаад, өөрийнхөө нэрийг бүртгүүлэх гээд өгчихлөө гэдэг яриа гарлаа. Үүнд та тайлбар өгөхгүй юу?
 
Өнөөдөр С.Эрдэнэ гэж хүн бүртгүүлэх гэж Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргах ямар ч шаардлага байхгүй. Улсын Дээд шүүх дээр 2017 оны 03 сарын 15-ны өдрийн 01 тоот тогтоол, шийдвэр угаасаа байж байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр АН-ын дарга Содномзундуйн Эрдэнэ гээд хэвээрээ байгаа. Гэтэл С.Эрдэнэ бүртгүүлэх гэж материал өгчээ гэдэг нь ямар ч утгагүй. Угаасаа бүртгэлтэй хүн яах гэж дахиж бүртгүүлэх гэж материал өгөх юм. М.Тулгатын хувьд дүрмийн дагуу дотоод сонгуулиар АН-ын даргаар сонгогдоод гараад ирсэн учраас бүртгүүлэх гэж өгсөн. УДШ-ийн Иргэний танхимийн тэргүүн шүүгч Х.Сонинбаяр гэж хүнтэй холбоотой, 2020 оны 11-р сард УДШ-ийн цахим мэдээллийн санд байсан АН-ын дарга С.Эрдэнэ гэдэг бичилтийг хасаад, эрх мэдэл албан тушаалаа ашиглан АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан гэдэг бичилт хууль бусаар оруулсан. Гэтэл холбогдох хуулиудаар цахим мэдээллийн сайтад гарч байгаа мэдээлэл нь цаасан эх хувьтайгаа нэг байх ёстой. Гэтэл УДШ-ийн тогтоол, шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээн дээр АН-ын дарга С.Эрдэнэ гэж байсаар байтал цахим мэдээллийн сайтад АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан гэж оруулсан нь хууль бус гэдгийг гурван шатны шүүх тогтоогоод, гэм буруутайг нь тогтоосон шүүхийн эцсийн шийдвэр гарчихсан. Гэм буруутай нь тогтоогдчихоод байхад гэм буруугийн үр дагаврыг арилгах ёстой биз дээ? Үүнийгээ арилгаач ээ. Хууль ёсоор байгаа С.Эрдэнэ гэдэг даргын нэрийг сэргээгээч гэж л хандсан. Үүнд өгч байгаа хариулт нь танайдотоод маргаан, өмнөх УДШ-ийн тогтоолд заасан зөрчил арилаагүй байна гэдэг.
 
Зөрчлийг хянадаг байгууллага Улсын Дээд шүүх биш. Захиргаа, иргэн, эрүүгийн хэргүүд дээрээ хяналтаа тавих ёстой. Улсын Дээд шүүх нь улстөрийн намын бүртгэл, улстөрийн намын даргын бүртгэл дээр зөвхөн бүртгэлийн байгууллагын үүрэг гүйцэтгэнэ. Бүрдүүлбэр хангах материал нь бүрэн бол нэмэлт материал шаардахыг хориглодог. Бүрдүүлбэр хангаад, хуульд нийцэж байвал үг дуугүй бүртгэх үүрэгтэй. Гэтэл УДШ-ийн тогтоол нь хүчин төгөлдөр, улсын бүртгэлийн гэрчилгээн дээр албан ёсоор бичилттэй байгаа хүний нэрийг яагаад сэргээхгүй байгаа юм? маргаантай гэж юу яриад байгаа юм бэ? Аливаа улстөрийн намын дүрэм, журмаар зохицуулагддаг, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан хэлэлцэхгүй гээд хуультай. Үүнийг хуульчлаад өгчихсөн. Дотоод маргаангүй улстөрийн нам гэж байхгүй. Тэр маргаанаас болж улстөрийн намын даргыг нь бүртгэхгүй байх нөхцөл үүсэх вий гэж сэргийлж ийм заалт оруулсан юм. Гэтэл хуулинд заачихсан заалт байхад хууль бус тайлбар өгөөд, М.Тулгатыг бүртгүүлэх гэж өгсөн хүсэлтийг удаа дараа буцаасан. Үндсэн дүрмэнд өөрчлөлт оруулах гэж өгсөн хүсэлтийг мөн буцаасан. АН-ын дарга С.Эрдэнэ гэж цахим мэдээллийн сайтад байсан нэрийг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан гэж оруулсан нь хууль бус, тухайн шүүгч гэм буруутай нь тогтоогдчихоод байхад гэм буруугийн үр дагаварыг арилгаач гэж өгсөн хүсэлтэд мөн л адил тайлбар өгсөн. Ийм зүйл болсныг мушгин, намайг өөрийгөө бүртгүүлэх хүсэлт өглөө гэж зорилготойгоор гуйвуулж байна.
 
М.Тулгат АН-ын дүрмийг зөрчсөн гэж та хэллээ?
 
Зөрчсөн байх магадлалтай гэж би хэлсэн. Яагаад гэвэл АН-ын Үндсэн дүрмийн хорооны тогтоол, шийдвэр гараагүй байгаа. Шаардлагатай гэж үзвэл энэ асуудлыг АН-ын Үндсэн дүрмийн хороо авч хэлэлцэнэ. Хэрэв Үндсэн дүрэм зөрчсөн байвал хариуцлага тооцно. Үндсэн дүрэм зөрчөөгүй гэж үзвэл М.Тулгатыг намын даргаар бүртгүүлэх асуудлыг дахин, УДШ-д өргөн барина.
 
О.Цогтгэрэл, М.Тулгат хоёр бидний аль нэгийг  Улсын Дээд шүүх бүртгэсэн тохиолдолд нөгөө тал нь хүлээн зөвшөөрнө гэсэн бичиг илгээсэн нь  АН-ын дүрэм зөрчсөн гэж үзэж байна уу?
 
Ийм шийдвэр гаргах эрх М.Тулгатад байхгүй. АН-ыг төлөөлөх албан ёсны эрхээ аваагүй байгаа. Хууль ёсны эрх нь үүсээгүй байгаа шүү дээ. Зөвхөн сонгогдчихоод л байж байгаа. Би тийм зүйл хэлэлцсэн бол хамаагүй. Хуулиар АН-ыг төлөөлөх эрх нь надад байна. Төлөөлөх эрхээ өөр дээрээ аваагүй байж АН-ын хувь заяатай холбоотой асуудал дээр ингэж хандаж болохгүй. О.Цогтгэрэл гэж хүн хэн билээ? М.Тулгат гэж хүн хэн билээ? Энэ хоёр хүн хоорондоо яриад АН-ын даргын асуудлыг шийдчихдэг юм уу? Энэ тэгээд шударга, зүй ёсны асуудал юм уу? Энэ хоёр хүн хоорондоо наймаа ярьчихсан байвал яах юм бэ? Үгүйсгэх арга байхгүй шүү дээ. Үүнийг ноцтой асуудал гэж үзсэн учраас шалгах шаардлагатай гэж үзэж байгаа. Намын холбогдох дотоод хяналтын байгууллага  шалгаж үзээд, гэм буруутай эсэхийг нь тогтоох ёстой. Тийм учраас одоохондоо гэм буруутай эсэх асуудал дээр дүгнэлт хэлэх боломжгүй байна.
 
М.Тулгат манай сайтад өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас илүү С.Эрдэнэ АН-ын хуваагдалд нөлөөлсөн гэж хэлсэн...
 
М.Тулгат би уг нь ийм санаагаар хэлээгүй. Sonin.mn сайтынхан миний хэлээгүй санаагаар ярилцлагынхаа гарчигийг тавьсан байна лээ гэж надад тайлбарласан. Би ардчилалд 30 гаруй жил явахдаа, АН-д удирдлагын болон янз бүрийн түвшинд ажиллаж ирсэн. 2000 онд нэгдэж, дахин шинэчлэгдэх үеийн нэг намынх нь дарга нь би байсан. МоАХ-ын дарга байсан. Өнөөдөр АН-ын даргын ажил хийгээд явж байна. Энэ олон өндөр хариуцлагатай ажлыг хийгээд явж байхдаа тухайн  байгууллагаа хагалан бутаргах ч юм уу, үйл ажиллагааг нь унагаах ямар ч ажил хийж байгаагүй. Аль болох хүчтэй, эв нэгдэлтэй, зохион байгуулалттай, тухайн байгууллагын үйл ажиллагаа сайн, сайхан байгаасай гэдэг зорилгын төлөө чин сэтгэлээрээ зүтгэж ажиллаж байсан. Түүнээс тухайн байгууллагаа унагаая, хагалан бутаргая гэсэн ямар ч санаа зорилго байгаагүй. Манай гишүүд мэднэ.
 
 
 
Зорилготойгоор намайг унагаах гэж, харлуулах гэж, улстөрийн тавцангаас зайлуулах гэсэн бүлэг, хүчнүүдийн хийж байгаа ажлууд бол бий. Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон түүний гар хөл болсон хүмүүс намайг сүүлийн 4, 5 жил Монголд байхгүй хамгийн муу хүн болгох гэж сошиалаар хар пи ар маш хүчтэй явуулсан. Их ч хөрөнгө мөнгө зарсан. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургана гэдэг үг шиг үнэний талд явж байгаа учраас миний үнэн зөв гарна байх гэж бодож байна.
 
 
Бид ч гарчиг зохиогоогүй л дээ. М.Тулгат ярихдаа таны буруу менежментээс болж Н.Алтанхуяг өөрийн фракцаа, Х.Баттулга фракцаа аваад гарсан гэж дүгнэсэн байсан?
 
Н.Алтанхуягт ямар ч фракц байхгүй шүү дээ. Ямар фракц аваад гарсан юм бэ? Өөрөө л бие даасан шүү дээ. АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн. АН-ын буянг хангалттай эдэлсэн. 4, 5 удаа сайд хийсэн. АН-тай холбоотой хариуцлагын асуудлаас овжин бултдаг. Гавьяаг нь өөр дээрээ овжин наачихдаг хүн л дээ. Н.Алтанхуягийн үед АН олон ялсан гэдэг пи ар их явуулдаг юм. Н.Алтанхуягийн үед АН нэг ч удаа ялаагүй шүү дээ. Яг үнэндээ 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үед би Нийслэлийн сонгуулийг удирдаж байсан. Тэгэхэд Нийслэлд бид 55,000 саналаар ялж, Н.Алтанхуягийн удирдаж байсан баг дээр, хөдөө орон нутагт 13,000 саналаар ялагдаж орж ирж байсан. Зөрүү нь болох 42,000 саналаар Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болж байсан. Тэр гавьяаг өөр дээрээ наах гэж байгаа бол үгүй шүү. Энэ бол нийт намын гишүүдийн, тэр дотроо Нийслэлийн АН-ын гишүүдийн тухайн үед хийсэн маш том гавьяа, үр дүн байсан. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль мөн адилхан. Нийслэлд ялж, хөдөө орон нутагт ялагдсан. Зөрүүг нь нийслэл дээр нөхөж Ц.Элбэгдорж дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
 
2012 онд Н.Алтанхуягийн үед АН дангаараа засаглах боломж байсан. Харамсалтай нь 2008 оны 07 сарын 01-ний улстөрийн үйл явдлаас болж 5 сайхан залуу амь насаа алдсан. Маш олон залуучууд эрэмдэг болж, хилс хэргээр хоригдож, шийтгүүлсэн. АН түүнийг хамгаалахын оронд Н.Алтанхуяг өөрөө Шадар сайд болж, С.Баяртай хуйвалдаад Эвслийн Засгийн газар байгуулж ороод, 5 сайдын суудал авсан. Буудуулсан 5 залуугийн төлбөр юм байлгүй дээ. Тэгээд тухайн үеийн эрх баригч намын заль мэхэнд орж, Оюутолгойн гэрээг байгуулсан. Би 6 жилийн ял сонсоод, 3 сар гаруй Ганц худагт хоригдоод байж байхад тухайн үеийн АН-ын дарга Н.Алтанхуяг ганц ч удаа өмгөөлөөгүй. Нэг ч удаа уулзаагүй. Нэг ч удаа яриагүй. Харин ч Увсынхаа, нутгийнхаа Н.Баяртсайханыг УИХ-ын гишүүн болгох гээд Увсынхантайгаа хуйвалдаад явж байсан гэдгийг би сонссон.
 
Нэгдүгээрт Н.Алтанхуяг гэдэг хүн сүүлдээ гишгэх газаргүй болоод, МАН-тай хуйвалдаж байгаад Орхон аймгаас бие даагчаар гарч ирсэн. Яагаад намаасаа дэвшиж болоогүй юм бэ? Хоёрдугаарт Х.Баттулга гэдэг хүн АН-аас нэр дэвшиж, Монгол Улсын Ерөнхийлөгч болсон. Х.Баттулга фракцаа аваад гарах ямар нэгэн нөхцөл байдал үүсээгүй. 2020 онд Х.Баттулгын санал болгосон хүмүүсийн дийлэнхийг АН УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн. Аль болох хүлээцтэй, Ерөнхийлөгчтэй эв эеээ эвдчихгүй байж байгаад УИХ-ын сонгуульд орох бодол санаатай байсан. Харамсалтай нь Х.Баттулга яг сонгуулийн үеэр манай лидерүүдийг барьж, шоронд хийсэн. Өөрөө энэ үйл ажиллагааг явуулсан шүү дээ. 2018 онд тухайн үеийн эрх баригч намын Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг УИХ-д оруулаад санал хураалт болж байхад гурван урвагчийг Х.Баттулга эсрэг санал өгүүлсэн шүү дээ. Тэгж эсрэг санал өгүүлээд, тухайн үеийн Засгийн газар хоёрхон саналаар үлдэж байсан. Тэр цагаас хойш намайг хорвоогийн хамгийн муу хүн болгох гэж Х.Баттулга гэдэг хүн эрх баригч намтай нийлж есөн шидийн хар пи араар булсан. Тэр үед байсан, одоо байгаа хүмүүс бүгд үүнийг мэдэж байгаа. Би худлаа яриагүй. Бодит түүх л энэ. Тэгэхээр ямар нэгэн тактикийн алдаа байгаагүй. Энд цэвэр луйвар явсан. Тухайн үеийн эрх баригч намын Засгийн газрыг огцруулах гэсний төлөө улстөрийн тавцангаас арчих хөдөлгөөн өрнүүлсэн. 
 
УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнг би хүлээн зөвшөөрдөггүй. Асар том луйвар явсан. Энэ асуудал хэзээ нэгэн цагт шалгагдах ёстой.Хэвлэл мэдээллийнхэн ч, иргэд ч аливаа зүйлийг нотлох баримтан дээр тулгуурласан бодит байдлаар нь ойлгож байх ёстой л доо.
 
М.Тулгат гэж хүн О.Цогтгэрэлтэй яриа гэх үү, хэлэлцээ гэх үү зүйл хийхээсээ өмнө таньтай зөвлөлдөж болоогүй юм болов уу? Одоо та хоёрын харилцаа ямар байгаа вэ?
 
Харин тийм. Яагаад зөвлөж болоогүй юм бэ? Намын хамтын шийдвэр гаргадаг удирдлагын баг байгаа шүү дээ. Энэ асуудлаа яагаад танилцуулаагүй юм бэ? Гэтэл М.Тулгат хэнтэй ч яриагүй. Нэг ч удаа удирдлагын багт танилцуулаагүй, зөвлөлдөөгүй. Гэнэт л ийм шийдвэр гараад явсан. Гэтэл АН-ыг төлөөлж ийм шийдвэр гаргах эрх М.Тулгатад байгаагүй. Хувь хүний хувьд бид хоёрт ямар нэгэн сөргөлдөөн байхгүй. Хэн хэндээ хүндэтгэлтэй ханддаг. АН-ын асуудал дээр би зарчмын байр суурин дээр зогсож байгаа. М.Тулгатаас өө хайх гэдэг ч юм уу, тийм хандлага надад байхгүй.
 
2020 оны УИХ-ын сонгуулийн дараа та АН-ын дүрмийн дагуу хариуцлагаа хүлээж үүрэгт ажлаа хүлээлгэж өгсөн. Асуудал бүр буруугаар эргэвэл?
 
М.Тулгат бол АН-ын Үндсэн дүрмийн дагуу сунгаагаар сонгогдож гарч ирсэн. Тухайн үед хариуцлагаа хүлээгээд, тухайн үеийн АН-ын дэд дарга, одоогийн УИХ-ын гишүүн Ц.Туваанд Үндсэн дүрмийн дагуу чиг үүрэг өгөөд, 8 сарын 23-нд АН-ын 10-р Их хурлыг хуралдуулаарай. Түүнээс өмнө Үндсэн дүрмийн хороотой хамтарч АН-ын даргын сунгааг зохион байгуулж, хамгийн их санал авсан хүнд АН-ын 10-р Их хурал дээр ёсчлон батламжлаад, тамга тэмдгээ гардуулж өгөөрэй гээд АН-ын тамгийг хариуцуулаад, 2020 оны 7 сард ажлаа өгөөд явсан. 2020 оны 11 сар хүртэл бараг 5 сарын хугацаанд АН-ын ямар ч үйл ажиллагаанд би оролцоогүй. Орон нутгийн сонгуулийн үед Архангай аймаг, Баянгол дүүргийн сонгуульд гишүүний хувиар дэмжиж оролцсон. Түүнээс АН-ын удирдлагын түвшинд ямар нэгэн үйл ажиллагаанд огт оролцоогүй. 11 сар хүртэл Ц.Туваан АН-ын даргаас өгсөн чиг үүргийг биелүүлээгүй. Маш олон дүрмийн бус үйлдэл хийсэн. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн заавраар АН-ын даргын сунгааг зогсоосон. Хоёрдугаарт, 8 сарын 23-нд хуралдах байсан АН-ын Их хурлыг хойшлуулсан. Бас л Ерөнхийлөгчийн заавраар. Тэр бүү хэл өөрийгөө АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэж зарласан. Тийм эрх байхгүй. Ингэж явсаар 11 сард бүр АН-ын Үндсэн дүрмэнд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан. Тийм эрх мөн байхгүй. Тэгээд 12 сард АН-ын Их хурал гэж зарласан. Тэгээд би Ц.Туваанд одоо болно, би чамайг 5 сар харлаа. Тамга тэмдгийг минь буцаагаад өгчих. Би өөрөө АН-ын дараагийн удирдлагыг сонгох ажлаа хиймээр байна гэж хэлсэн. Чи чадахгүй юм байна гэсэн. Ц.Туваан тамга тэмдэг өгөөгүй. Ингээд холбогдох газарт нь АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх надад байна, тамга тэмдгээ авья гээд гомдол гаргасан. УБЕГ-аас сонсох ажиллагаа буюу хяналтын ажиллагаа явуулсан. Ц.Туваан УИХ-ын гишүүн гэдэг эрхээ ашиглаад ирээгүй. Ингээд сонсох ажиллагаа явж дуусаад, С.Эрдэнийн гомдол зөв байна гэдэг шийдвэр гарч, Ц.Туваан дээр байсан тамгыг хүчингүй болгож, С.Эрдэнэд тамга, тэмдэг шинээр хийлгэх эрх олгосон. Түүний дагуу хүчин төгөлдөр тамга хийлгээд явж байгаа. Ц.Туваан гэдэг хүн УБЕГ-ын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Өнөөдөр харин цахим мэдээллийн сайтад Ц.Тувааныг бүртгэсэн үйлдэл нь хууль бус нь нотлогдоод, бүх зүйл нөгөө тийшээ эргэчихсэн явж байна.
 
Ц.Туваан АН-ыг төлөөлөх эрхгүй учраас түүний явуулсан сунгаа, О.Цогтгэрэлийг гаргаж ирсэн асуудлууд бүгд дүрмийн бус. Хууль бус гэсэн үг. Дээд шүүх дээр ч АН-ыг төлөөлөх эрхгүй этгээд О.Цогтгэрэлийг өргөн мэдүүлсэн байна, О.Цогтгэрэл нь АН-ын дүрмийн дагуу сонгогдсон дарга биш байна, тийм учраас бүртгэх боломжгүй гэдэг байдлаар татгалзсан. Өнөөдрийг хүртэл би АН-ын Үнсэн дүрэм журмын хүрээнд, шударга ёс, зарчмыг хамгаалах гэж л явж байгаа. АН бол Үндэсний хэмжээний, ардчиллын сүлд, туг нь болж яваа нам. АН-ын нэрийг, эрхийг, тамгыг, үнэт зүйлийг өмчилж авах гэсэн, түүнийг ашиглаж эрх мэдэл, албан тушаалд хүрэх шат, гишгүүр болгох гэсэн улстөрийн бүлэглэл, хүчин, хүмүүсийн үйл ажиллагаа маш хүчтэй явж ирсэн. Би түүний эсрэг жил гаруй зогслоо. Өнөөдөр үр дүнд хүрсэндээ сэтгэл хангалуун байна. Дараагийн удирдлагын баг, дараагийн лидерээ маш зөв хүнийг тодорхойлж гаргаж ирэх хэрэгтэй. Ийм торгон мөч дээр М.Тулгатын асуудал яригдаж байна. О.Цогтгэрэлийн асуудал орж ирээд, хууль шүүхийн дагуу шийдэгдээд буцлаа.
 
М.Тулгат АН-ын дүрмийг зөрчсөн нь тогтоогдвол дараагийн даргыг хэрхэн сонгох вэ?
 
АН-ын Үндсэн дүрмийн дагуу намын даргын сунгаа зарлагдана. Өөрийгөө АН-ын дарга болж чадна, намын төлөө ажиллаж чадна, зүтгэнэ гэж бодсон хүмүүс нь нэр дэвшээд, өрсөлдөөд, гишүүдээс хамгийн олон санал авсан нь АН-ын дарга болно. Цахим санал хураалт хууль бус гэж яриад байдаг. Гэтэл УИХ хүртэл журмандаа өөрчлөлт оруулаад, өнөөдөр ч цахимаар хуралдаад явж байгаа шүү дээ. Үүнтэй адил АН-ын ҮБХ хуралдаад, хуульд заасны дагуу цахим хуралдааны, цахим санал хураалтын дэгээ баталсан. Дүрмийн бус ямар ч үйл ажиллагаа явагдаагүй.
 
Та АН-ын даргын сунгаанд оролцох уу?
 
Би оролцохгүй. Гэхдээ би АН-аас гарна гэж байхгүй шүү дээ. Энэ намын үүсгэн байгуулагчдын нэг. Анхнаас нь эхлээд 30 гаруй жил явчихлаа. Надад амьдралын идэвхитэй хэр хугацаа байна, тэр хугацаандаа намынхаа төлөө л явна. Бүх үйл ажиллагаанд нь оролцоно. Миний чаддаг, мэддэг юм байвал тус нэмэр болно. Түүгээрээ дамжуулж улс орны амьдрал, нийгмийн амьдралд идэвхтэй оролцоод явна. Нам итгээд хариуцлагатай үүрэг даалгавар өгвөл биелүүлээд явна.
 
 
Танд баярлалаа.
 
 
Ярилцсан Ч.Явуухүү