![sonin.mn](/storage/news_images/173960723217062361601.jpg)
Яг 10 жилийн өмнө би “Гурван томын төлөө” (ОТ, ТТ, Гачуурт) өгүүлэл бичиж байв. Одоо байдал эрс өөрчлөгджээ. Сүүлийн үед манай улс төр нэг л үхээнц, тодорхойгүй мэт атлаа удахгүй эхлэх хатуу тулалдааныг зөгнөх болов. Ийм байдлыг улс төр судлалд “хивсэн дорх нохдын тулаан” гэж нэрлэдэг. Хивс гүвэлзэн, оволзон хөдөлнө, аймшигт тулааны архирах, хүрхрэх дуу сонсогдоно. Хааяа нэг хивсний захаар хөл, сүүл, хоншоор үзэгдэнэ. Ард түмэн чухам юу болж, хэн нь ялж, хэн нь ялагдаж байгааг мэдэх боломжгүй зүгээр л таамаглана, цуурна, дүгнэнэ. Иймээс хивсэн дорх нохдын тулааныг товч тайлбарлая…
2023 оны байдлаар манай уул уурхайн олборлох салбар Монголын ДНБ-ний 28,7%, экспортын 92,1%, төсвийн орлогын 31,6%-ийг бүрдүүлж байна. Энэ салбарт одоогийн байдлаар 73.180 хүн ажилладаг ба энэ нь нийт ажиллагсдын 5,7% болно. Түүнчлэн гар аргаар ашигт малтмал олборлоход 60.000 орчим хүн ажиллаж байна. Олон хүн “нинжа-гийн үе” дууссан гэж ойлгодог боловч нинжа нар хэвээрээ байна.
Сүүлийн үед “бодит эдийн засаг” гэх ойлголтыг ихэд хэрэглэх болов. Энэ нь нийт эдийн засгаас (ДНБ-ээс) банк, мөнгө, санхүүгийн салбаруудыг хасаад жинхнээсээ үйлдвэрлэн бүтээж баялаг бүтээдэг салбаруудыг ойлгох болжээ. Энэ утгаар нь аваад үзвэл Монголд бодит эдийн засаг нийт эдийн засагт тун өчүүхэн хувь эзэлнэ.
Монголын эдийн засаг үнэн хэрэг дээрээ уул уурхайн салбар дээр тогтож байна. Энгийнээр өгүүлбэл монголчууд байгалийн баялгаа зарж амьдарч байна.
Энийг чинь хүн бүхэн мэднэ гэж шүүмжлэх нь гарцаагүй. Үгүй л дээ…
Монгол орон байгалийн асар их баялагтай хэдий ч гол гол төрлийг нь ялган үзэх шаардлага үүсдэг юм. Тухайлбал, манайд олборлодог ашигт малтмалуудаас жонш, тугалга, хайлуур жонш зэрэг “жижиг сажиг” эрдсийг хасвал хамгийн гол баялаг үлдэнэ.
Манай байгалийн гол баялаг бол алт, зэс, нүүрс бөгөөд сүүлийн үед уран, газрын ховор метал нэмэгдэж байна. Энэ тавыг “Монголын таван эрдэнэ” гэж нэрлэж ч болно. Цаашид “монголын 5 эрдэнэ” дээр улс төр-эдийн засгийн анализ дүгнэлт хийвэл бараг алдаа гарахгүй. Учир нь монголын улс төрийн бүх байлдаан энэ 5-ыг тойрон явагдаж байна.
Таатай нөхцлийн таагүй үр дүн
Лав л сүүлийн 2 жилд манай эдийн засгийн гадаад байдал тун таатай байгаа. Манай экспортод гаргадаг бүх төрлийн ашигт малтмал экспортод гаргах хэмжээ болон үнэ ихээхэн нэмэгдэж байна.
Энд олон тоо баримт дурдах нь илүүц. Манай дарга нарын хэлж ярьж байгаа “ололт амжилтын” тоо баримт бүгдээрээ үнэн. Манай дарга нарын ярьдаггүй ганц үзүүлэлт нь “ард түмний аж амьдралын дээшлэлт, орлогын өсөлт” юм.
Баялгийн экспортоос орох орлого асар их нэмэгдэж, эдийн засгийн ерөнхий байдал сайжирсаар байгаа атал ард түмний аж байдал дээрдэхгүй, орлого өсөхгүй байгаа нь өөрөө парадокс юм. Байгалийн баялгийн экспортоос орж ирсэн асар их мөнгө хаачсан бэ ? Лав л ард түмний гар дээр очоогүй.
Зөвхөн цахилгааны үнийг 30% нэмсэн шийдвэр гэхэд л бусад бүх юмны үнийн өсөлтийг өдөөж, дарга нарын ярьж буй “ололт амжилтын” үнэ цэнийг оргүй болгож байна. Улсад их мөнгө орж ирэхэд ард түмний орлого буурдаг гаж зүй тогтол дэлхийд байхгүй…
Дэлхийн аль ч улсын Сангийн Яам харамч нэр зүүдэг зүй тогтолтой атал Монголын Сангийн Яам мөнгөө ард түмнээс бусад бүх зүйлд тун өгөөмөр зарцуулж байна. Баялгийн мөнгийг төсөвт суулгаж байна, 2025 оны төсвийг рекорд хэмжээнд нэмэгдүүлэв. Баялгийн мөнгийг мега төслүүдэд суулгаж байна, ЗГ 14, УБ хот 23, нийлээд 37 мега төсөлтэй болж авав. Ийм олон мега төсөлтэй улс дэлхийд Монголоос өөр байхгүй. Мөн баялгийн мөнгийг хянах, дүгнэх боломж тун муутай санд төвлөрүүлж байна.
Төсөв, төсөл (одоо мега болсон), сангууд бол Монголын баялгийг цөлмөж ирсэн улиг болсон хуучин бүдүүвч юм. Өөрөөр хэлбэл баялгаас орох орлогын хэмжээ нэмэгдэхийг дагалдан манай ард түмнийг шулан мөлжих цар хэмжээ, түвшин дагалдан нэмэгдэж байна.
Энэ бүхний учрыг олъё гэвэл баялгийн өрсөлдөөн, түүний хувьслыг жижиг сажиг хэрүүлийн түвшинд биш, харин системийн том түвшинд авч үзэх ёстой.
Баялгийн өрсөлдөөний хувирал
Эхлээд баялгийн төлөө өрсөлдөөн 30 гаруй жилд яаж өөрчлөгдсөнийг товч сануулъя:
Нийгмийн баялаг руу дайрч өмч хувьчлал явуулав. Дараа нь байгалийн баялаг алт руу дайрч Эх орноо хордуулав. Дараа нь алтан дээр нүүрс, зэс болон бусад баялаг нэмэгдэв. Үүний үндсэн хэлбэр нь лицензийн наймаа болов. Яам, агентлагаас эхлээд аймаг, сум хүртэл лиценз зардаг ажилтай болов. Хятадын Эрээн болон зарим хотод “Монголын газрын лиценз авна” гэсэн зар бүхий лангуунууд бий болтол Эх Орноо зарав.
Эцэст нь 2024 оны “Ашигт малтмалын тухай” шинэ хуулиар Монголын газар нутгийн 74%-д ашигт малтмалын хайгуул, ашиглалт хийхийг хориглосон юм. Зөв үү, зөв, баярламаар уу, баярламаар…
Ингээд л гүйцээ юу ? ҮГҮЙ…Яагаад ?
Лиценз хураахын зэрэгцээгээр бас нэг том луйвар болж байгааг монголчууд огт анзаарсангүй. 2006 оны Ашигт малтмалын тухай шинэ хууль гарснаас хойш 18 жилийн дотор түүнд 16 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэ бол гиннесийн номонд орох үзүүлэлтээс гадна Монголын ашигт малтмалыг чөлөөтэй тонон дээрэмдэх болсны тод жишээ юм. Хуулийн нэмэлт өөрчлөлт болгон нь Монголын баялгийг цөлмөн дээрэмдэх бөлгөө. Харамсалтай нь Монголын ард түмэн үүнийг огт анзаардаггүй, тоодоггүй. Үнэн тэнэг ард түмэн ш дээ…
Одоо бяцхан тоо бодъё:
МУ 1.564.116 км квадрат нутаг дэвсгэртэй. Түүний 74%-д ашигт малтмалын хайгуул, ашиглалт хийж болохгүй. Энэ нь үндсэндээ: дархан цаазат, байгалийн цогцолборт, байгалийн нөөц газар, дурсгалт газрууд болно. Үлдсэн 26%-д хайгуул хийж, ашиглаж болно.
Энэ 26% их даруухан сонсогдож буй боловч бодит байдлаар 406.670 км квадрат газар нутаг юм. Хэрэв ийм газар нутагтай улс байна гэж үзвэл энэ улс дэлхийд газар нутгаараа 63 дугаар байранд орох ба ардаа жижиг газар нутагтай 221 улсыг орхино.
Одоо бол Монголын газар нутгийн 26% буюу 406.670 км квадрат талбайд лиценз олгох эсэх асуудал дан ганц Засгийн Газрын мэдлийн асуудал болон хувирав.
Үүнийг ойлгомжтой өгүүлбэл ашигт малтмал байхгүй буюу ядмаг газруудын лицензийг хураасан нь газар нутгийн 74% болох ба харин ашигт малтмалын нөөц ихтэй, илэрц сайтай, ирээдүй бүхий 26%-ийг төр засаг лиценз нэрээр зарж үрэх эрхтэй болжээ. Товчоор өгүүлбэл Монголын баялгийг газар нутагтай нь хамт сорчлон зарах өргөн боломж болон бодит байдал бий болов.
МУ 2023 оны 4-р сарын байдлаар нийт 6.178.816 га газар ашигт малтмалын лицензийн зөвшөөрөл олгосон байна. Үүнээс 4.334.991 га нь 885 хайгуул, 1.843.825 га нь 1,713 ашиглалтын лиценз аж. Нийт 2598 лицензээс, 41 лиценз идэвхгүй, 2557 лиценз нь идэвхтэй байна гэж Н.Учрал сайд мэдээлжээ.
Дараагийн албан мэдээ: МУ-ын ЗГ 2023 онд 8,6 сая га, 2024 онд 8,4 сая га, нийт 17 сая га газарт хайгуулын лиценз олгосон. 2024.12.16-ны байдлаар 2726 лиценз хүчинтэй байгаа ба үүнээс 981 нь хайгуулын, 1632 нь ашиглалтын лиценз бөгөөд энэ нь МУ-ны газар нутгийн 4,38% болно.
Хэрэв анхааралтай ажвал Н.Учралын 2023 оны 4-р сард хэлсэн тоо, 2024.12.26-ны ЗГ-ын тоо хоёрын зөрүүг гаргавал Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын нэг жилд нэмэн олгосон лицензийн тоо болон газрын хэмжээг гаргаж болно. Ер нь бол 2018-2024 онд Монголын ЗГ 533 хайгуулын лиценз олгожээ.
Тайлбар: Газрын нийт талбайг км кв-аар, лицензийн талбайг га-аар ярьдаг нь будлиан хутгадаг. 1 км кв нь 100 га-тай тэнцэнэ- Х.Д.Г.
Монголын тухай Монголд байхгүй гадаад мэдээ…
Сүүлийн 20 шахам жил монголын баялгийн мэдээ зөвхөн гадаадад гардаг болов. Агуулга нь бүгдээрээ ижилхэн: Монголын тийм тийм газраас тийм тийм хэмжээний эрдэс баялаг оллоо, их баялаг учраас хайгуулаа өртгөтгөж байна, манай компани IPO-гоо гаргаж байна гэх мэт.
Өөрөөр хэлбэл гадаадын компаниуд дэлхийн зах зээл дээр монголын ашигт малтмалыг үнэ хүргэн зарж байна. Ганц л улс дув дуугай байгаа нь Монгол…
Үүнийг нотлохын тулд би зөвхөн 2024 оны сүүлийн 3 сард гадаадын нэр бүхий ХМХ, сайтуудад гарсан мэдээг жагсаая. Гэхдээ эдгээр нь зөвхөн миний олж үзсэн мэдээ бөгөөд бүрэн жагсаалтыг тоймлох ч аргагүй…
2024.10 сар. “Рио Тинто” газар дорх том цар хүрээтэй өргөтгөлөө хийж дуусаад байгаа ба үүний үр дүнд зэс олборлох хүчин чадлаа жилд 500.000 тн хүргэхээр төлөвлөж байна. Ингэснээр ОТ дэлхийд 4-рт орох том орд болно
2024.10 сар. Говь-алтай аймгийн Ямбат нэрт газарт хайгуул эхэлсэн “Asian Battery Metals” компани анхны өрөмдлөгөөрөө алт, зэсийн том нөөц олжээ. Одоо хайгуулаа өргөтгөж, нэмж хайна. Ямбат төсөл ихээхэн найдвар төрүүлж байна гэж мэргэжилтнүүд дүгнэжээ…
2024.10 сар. Монголд BHP Xplor программ ашиглан 4 жил системтэй геологи хайгуул хийсний эцэст “AZ9” компани Говь-Алтай аймгийн “Зууван” нэрт газар зэс-никелийн ирээдүй бүхий орд олж түүнийгээ “гарамгай амжилт” гэж нэрлэв. Энэ ордод зэс, никель, кобальт, платиноидын өндөр агуулга бүхий сульфидууд байгаа аж. Хэрэв платиноид гэдгийг цагаан алт гэж үзвэл Монголд цагаан алт анх удаа илэрч байна. Одоо өндөр агуулгатай бүсийг өргөтгөж, түүний хэмжээ, баримжааг илрүүлэх өрөмдлөгө хийх аж.
2024.11 сар. “Trafigura” компани оросын дизель түлшийг Сингапураас авсан нисэхийн шатахуунтай хольж, маш хүйтэн Монголд зориулсан өвлийн дизель түлш үйлдвэрлэх талаар мэргэшсэн”, “Trafigura” олон төрлийн импортын шатахуун хольж зарахаас гадна бэлэн мөнгө дутагдсан орон нутгийн (монголын) нүүрсний болон шатахууны компаниудад мөнгө зээлдүүлж маш их ашигтай ажилладаг.
2024.11 сар. Өмнөговь аймгийн “Гурвантэс XXXY” ордын 3 цооногоос TMK Energy компани хий олборлож эхлэв. Гурвантэс XXXY орд нь 1,2 триллион куб. фут (Tcf) хийтэй гэж тооцож байна. Цаашдаа энэ ордыг 8400 км.квадрат талбайд 5,3 триллион куб.фут нөөцтэй бөгөөд Монголын хийн аварга том орд гэж үзэж байгаа аж. Мөн хийгээ Хятад руу гаргах нь дөхөмтэй гэж уг мэдээнд дурджээ.
2024.12 сар. Xanadu Mines компани Завхан аймгийн Сант Толгой газраас зэсийн асар том орд олжээ. Сант Толгойд магмийн зэс, никель, платиноид элбэг байна…
2024.12 сар. 2023 оны байдлаар МУ хоногт 13.395 баррель нефть олборлодог. Үүний 96%-ийг “РetroChina” авч хятадын нефть боловсруулах үйлдвэрүүд рүү зөөдөг.
Энэ мэт “гадаад мэдээ” нь Монголын төр засаг олгосон лицензээ хянах чадвараа алдаж, ашигт малтмал хайх, ашиглах эрх мэдэл гадаадад шилжсэнийг харуулна. Өмнөх ЗГ-ууд лиценз олгосон данс баримтаа устгаснаас одоогийн ЗГ нийт хэчнээн лиценз гадаадад олгосноо мэдэхээ байсан гэж би дүгнэж байна.
Яваандаа гадаадад олгосон энэ олон хайгуулын болон ашиглалтын лицензүүд уул уурхайн том төсөл болон хувирч Монголын эрх баригчдын дунд “Хэн нь Монголоо илүү их зарах вэ?” гэсэн өрсөлдөөн болон хувирах нь ямар ч эргэлзээгүй…
Хивсэн дорх нохдын тулаан
Монголын баялгийн төлөө өрсөлдөөн 30 гаруй жилийн дотор маш их хувьсан өөрчлөгдөж, эдүгээ монголын байгалийн баялагт урт хугацаагаар эзэн суух эрх мэдлийн төлөө өрсөлдөөн болон хувирчээ. Саяхан болтол ганц нэг уурхай ордын төлөө өрсөлддөг байсан бол одоо стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын сав газрын (бассейн) төлөө өрсөлдөх болж, цар хэмжээ, түвшин нь ихээхэн нэмэгдэв. Мөн жижиг болон дунд гарын тоглогчид, горилогчид тоглоомоос хасагдаж, Монголын байгалийн баялгийн хуваарилалт эрх мэдэл, эд хөрөнгө бүхий хэдхэн хүний хэрэг болов.
Энэ хэдхэн хүнийг дотор нь: эхний лиценз хуваарилалтаар тодорхой баялагт эзэн суусан “хуучин” баячууд, шинэ лицензийн хуваарилалтаар баялагт хүрч буй “шинэ” баячууд гэж хувааж болно. Энэхүү шинэ, хуучин хоёр бүлэглэлийн тэмцэл Монголын улс төрийг гацааж байна. Гадаадын аль ч улс оронд баялгийн төлөө өрсөлдөөн байдаг ч ажил гацааж нураадаггүй. Харин монголын эрх мэдэлтнүүд бие биенийхээ ажлыг заавал, чингэхдээ олон жилээр гацааж нураадаг учраас МУ хөгждөггүй.
Нөхцөл байдал асар их өөрчлөгдсөн ч “хуучны” алт, зэс нүүрс гурав, “шинэ” уран, ГХМ хоёр, нийлээд “Монголын 5 эрдэнийн төлөө” өрсөлдөөн тэмцэл Монголын улс төрийг бүрэн тодорхойлж байна. Товчлон өгүүлбэл одоохондоо “хивсэн дорх нохдын тулаан” болж байна.
Энэ нэр томъёог би гаргасан биш, улс төрийн далд битүү ажиллагааг ийн нэрлэдэг бөгөөд улс төр судлалын дурын сурах бичигт бий.
Монголчуудын сэтгэлгээ, үйлдлийн нэг том алдаа байдаг. Энэ нь монголчууд зөвхөн нэг асуудлыг ярьж, маргалддаг хэрэлдэг явдал юм. ОТ- г яривал ТТ-г “мартана”, ТТ-г яривал ОТ-г “мартана”, Төмөр зам яривал ОТ, ТТ “огт хамаагүй” г.м. Шууд хэлэхэд энэ бол тэнэглэл юм. Уг нь системийн болон стратегийн түвшинд шинжилдэг ёстой. Энийг мэдэх байтугай гадарлах хүн Монголд цөөхөн.
Одоо болж байгаа улс төрийн тэмцэл бол Монголын өмнөд хэсэгт илэрсэн зэс, нүүрс, өнгөт металл, ГХМ-ын аварга том хэд хэдэн бассейны баялгийг Хятад руу зөөх эрх мэдлийг хэн авч хянах авах вэ? гэсэн иж бүрдэл (комплекс) өрсөлдөөнөөс өөр зүйл биш. Яваандаа энэ бол Монголын баруун, зүүн, хойт хэсгийн баялгийг эзэмших өрсөлдөөний гарааны тавцан (трамплин) болох нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл МУ геополитикийн хайчинд орж, Монголын баялгийг цөлмөх процесс явагдаж эхлэв. Энд тусгаар тогтнолын асуудал шууд хөндөгдөж байна. Ийм үйл явцыг “оргүй болгох замаар хуримтлал үүсгэх” гэж шинжлэх ухаанд нэрлэдэг.
АНУ-ын нэрт эрдэмтэн Дэвид Харви: “Том гүрнүүдийн неолиберал капиталист бодлого нь улсын болон хувийн өмчийн субъектуудыг баялаг болон газаргүй болгох замаар баялаг болон эрх мэдлийг цөөнхийн гарт оруулдаг” гэж дүгнээд үүнийг “оргүй болгох замаар хуримлал үүсгэх үйл явц” гэж нэрлэсэн. Энэ нь даяар капиталист мөлжлөгийн шинэ хэлбэр бөгөөд энэ талаар МУИС-ийн профессор, доктор Л.Мөнх-Эрдэнээс өөр сайн мэдэх хүн үгүй. Хэрэв асуувал тэр хэлээд л өгнө…
Яг одоо болж буй ЗГ болон MMC- ийн тэмцэл бол дээр дурдсан том асуудлын зөвхөн нэг хэсэг, үзэгдэх байдал юм. Хэрүүл тэмцлийн түвшинд би үүнийг “гээндээ ч бий, гоондоо ч бий” гэж дүгнэнэ. Энэ нь монголоор “хоёулаа адилхан буруутай” гэсэн утга.
Харин системийн болон стратегийн том түвшинд дараах 2 зарчим буй:
Нэг. Төрөөсөө том компани гэж байдаггүй. Хоёр. Хувийн том хэвшлээ бүрэн устгадаг төр гэж байдаггүй”
Асуудлын шийдэл энэ хоёр зарчмын хаа нэгтэй, “гол дунд” нь байгаа…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: https://gankhuyag.com/
Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу
Сэтгэгдэл8
Юү ч ойлгосонгүй
Өрөмдөөд бай, хүүхдүүд минь, өрөмдөөд бай
ухаж ид, дриллдээд бай
Газар нутаг баялагаа хэдэн авилгачид сүйрүүлж
Авилгатай орон дайнаас долоон дор гэж сүүлд нь бичмээр юм
Hereb ee,Mongol ulasiin telee bol?...ene gazar nytag deer bolj baigaa nept bolon bysad erdenesiin saltgaan ni zeb baih,hereb ene neptiig Hyatad ryy hediinees hen ehlej teleblen gargah bolson bytelgyi bysad erdes erdenesiin saltgaaniig saitar olj il bolgon ard niited egyyleh saardlagatai baina.......
Төгсгөл бөөрөнxий эзэнгүй болчихож энэнээс болж монгол сүйрээд байгаа гэж боддог. Xэн xууль бус зүйл xийсэн юм xууль бус олсон орлогыг нь xурааж 25-30 жил xориx ял өгч байж нийгмийн эрүүлжүүлэлтийн эx тавигдана гэж эрүүл уxаантай xүн сэтгэнэ дээ. Төгсгөлөөс эвтэйxэн xуваагаад ид гэсэн зүйл л ойлгогдож байна. Баримтуудыг дурдсан нь таашаалтай.
Ард түмнийг олон арван жилээр xоxироочиxоод байxад ганцxан компанийг xөрөнгийг нь xураагаад эрxийг нь байxгүй болгоxод юу боддог байнаа, бүгд ил тод байxад.