sonin.mn

Түүхийн ухааны доктор Х.Мөнхбаяртай ярилцлаа.


-Сайн байна уу. Та сүүлийн үед ямар судалгааны ажил дээр ажиллаж байна вэ?


-Судлаач хүн болгон өөр өөрийн судалгааны чиглэлээр ажилладаг. Миний хувьд хэлмэгдүүлэлтийн чиглэлээр судалгаа хийдэг, баяр наадмын талаар эрдмийн зэрэг хамгаалсан учир энийгээ бас судлаад явж байдаг. Бас монгол хүнийхээ хувьд нутаг орон уг гарал ямар билээ, Монгол орны засаг захиргаа яаж өөрчлөгдсөн вэ гэдэг сонирхолоос үүдээд засаг захиргааны түүх буюу засаг захиргааны зохион байгуулалтын өөрчлөлт зэрэг асуудлыг судалдаг.


Сүүлийн үед нэмэгдээд нийслэл хотын түүхийг илүү сонирхож судалж байна. Тэр үүднээсээ 2021-2022 онд жил хүрэхгүй хугацаанд энэ судалгааны хүрээнд Нийслэлийн Архивтай хамтарч ажилласан. Тэрнээс үүдэлтэйгээр нийслэлийн түүхийг ингээд судлаад ирэх үед нөгөө бидний ойлгож байдаг түүхүүд, мэдээжийн гэж боддог юмнууд маань арай өөр болох нь анзаарагдаж эхэлсэн.


Саяхан хэдэн сарын өмнө хотын захиргаа болон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулиас хамтран зохион байгуулсан нийслэлийн түүх соёлын тухай хурал боллоо. Тэр хурал дээр миний бие “Нийслэл Улаанбаатар хотын түүхийн үечлэл ба Монголын нийслэл хотын өдөр” гэдэг сэдвээр үндсэн илтгэл тавьсан. Энэ дээр би ямар санаа хөндсөн бэ гэхээр одоо манай нийслэл Улаанбаатар хотын түүх бол Өндөр гэгээнийг таван настай байхад нь гэгээнээр өргөмжлөгдсөн тэр цагаас хойш тоолоод гурван зуу гаруй жилийн түүхтэй гэж байгаа нь учир дутагдалтай байна. Энэ чинь монголын нийслэлийн тухай бид ярьж байгаа.


Монголын нийслэлийн түүх бол Монголын төрийн түүхтэй холбоотойгоор гарч ирэх ёстой. Тэгвэл бид нарт адаглаад Хүннү, Сүннүгийн үед нийслэлтэй байсан тухай мэдээ занги байж байна. Сүүлд бол Т.Идэрхангай доктор энийг судлаад Луут хотын тухай археологийн томоохон нээлт хийж зөндөө юм болсон.


Адаглаад тэндээсээ бид нар авч үзэх ёстой. Бүр Хүннү, Сүннүгээ больё гэхэд Их Монгол улсынхаа үеэс буюу Хархорум хот байгуулагдсан үеэс ярих ёстой. Нарийндаа Хархорум хот чинь байж байгаад Хархорумын суурин дээр Эрдэнэзуу байгуулагдсан. Тэнд байсан Абтай сайн хааны өргөө гэр буюу Баруун өргөө чинь Өндөр гэгээнийг дагаж явсаар Нийслэл Хүрээ болж хөгжсөн. Энийг чинь яагаад үгүй гэж хэлэх юм. Баруун өргөө гээд бүр хүндтэй өргөө байж байгаа. Жил болгоны цагаан сарын шинийн нэгэнд богдууд орж мөргөж хүндэтгэл үзүүлдэг энэ баруун өргөө чинь болохоор Автай сайн хааны өргөө байсан. Автай сайн хааны тэр өргөөн дотор Монгол төрийн шүтээн сүр сүлд байж байгаа. Ингээд бодохоор ингэж авч үзэх ёстой.


Нэгд. Хоёрдугаарт энэ хотын түүхийг үечлэхдээ зөвхөн 1639 оноос авч үзэх биш өргөн хүрээнд эртний улсуудын үе, эзэнт гүрний үе, дараа нь өндөр гэгээний үе, үүний дараа 1911 оны тусгаар тогтносноос хойш гэсэн ийм 4 үеэр авч үзье гэсэн санал дэвшүүлсэн. Дараа нь нийслэл хотын өдрөөр бид нар 10-р сарын 29-ний өдрийг хотын өдөр гэж тэмдэглэдэг. Ихэнх нь анзаарахгүй өнгөрчихдөг байж магадгүй. Бүр хуулиндаа тусгачихсан ийм өдөр байгаа. Энэ өдөр маань өөрөө буруу байна, үндэслэлгүйгээр тогтоосон өдөр байна, түүхэн үнэнд нийцэхгүй байна гэдгийг баримт нотолгоотойгоор танилцуулаад илтгэл тавьсан. Илтгэл маань удахгүй хэвлэгдэх байх. Хэвлэлд шилжүүлчихсэн байгаа. Ингээд ирвэл нийслэл хотын түүхийг лавтайяа өргөн хүрээнд харах, дээрээс нь хотын өдрийг бас зөв зүйтэй түүхэнд нийцүүлж, шинэчлэх ийм асуудал яригдах байх гэж бодож байна. Бас хуулинд өөрчлөлт орох байх. Иймэрхүү л маягтай явж байна.


-Сүүлийн үед зарим улс орнууд Монголын эртний түүхийг үгүйсгэж тэр ч бүү хэл өөрийн улсад хамаатуулж ярих явдал хэрээс хэтэрлээ. Хамгийн энгийн жишээ бол Казахстан улс Монголын түүхийг гуйвуулж Чингис хааныг казах хүн байсан мэтээр ярьж бичиж, бүүр түүхэн баримтуудыг илтэд гуйвуулах боллоо. Энэ талаарх таны байр суурийг сонсоё.


-Яахав би тэр улсын түүхийг тэгж илтэд гуйвуулсан баримтыг үзэж хараагүй. Гэхдээ надад энэ талаар тэр улсын зүгээс ийм хандлага гаргаад байгаа юм байна гэдэг ойлголт бол байгаа. Гэхдээ тэр нь яг мэргэжлийн түүхчдийн хүрээнд явж байна уу эсвэл сонирхогчдын хүрээнд явж байна уу гэдгийг олж харах ёстой. Мэргэжлийн түүхчдийн хүрээнд эсвэл сайн дурын сонирхогчдын хүрээнд гэдэг бол хоорондоо ялгаатай зүйл. Тэглээ гээд тэрнийг бас анхаарахгүй орхиж болохгүй. Яахав би бол энийг хоёр талтай харж байгаа.


Нэгдүгээрт казахууд бол Монголын эзэнт гүрний түүхийг гэдэг юмуу, Чингис хааны түүхийг өөртөө хамаатуулах сонирхол байгаа нь нэг талдаа зөв гэж бодож байна. Яагаад гэхээр казах гэдэг бол оргүй хоосноос гэдэг юмуу эсвэл хэдэн мянган жилийн өмнө үүсээд бий болчихсон үндэстэн биш.


Түрэг, Монгол гэж хэлийлдээ, энэ хоёр үндэстэн угсаатны дундаас үүсч бий болсон хүмүүс. Казахын эцэг нь Монгол, эх нь Түрэг хүмүүс. Энэ бол шинэ үндэстэн. Бидний бүтээсэн үндэстэн. Яахав эрин цагийн эрхшээлээр энэ шинэ үндэстэн болж үүссэн казах болон бусад түрэгүүд исламын шашинд орж, харин манай Монголчууд буддын шашинд орж ингээд жоохон ондоошсон. Ахуй соёл бол адилхан бүгд нүүдэлч малчин хүмүүс. Одоо эд нарын хэрэглэж байгаа хээ угалз чинь манай Монголын уугуул эвэр хээ угалз. Одоо ингээд бүргэдийн ан хийж байна. Энэ соёлыг ингээд хөөгөөд үзвэл бүр Киданы үе рүү ордог. Кидан гээд монгол угсааны том эзэнт гүрэн энэ зүүн талд байсан. Тэгээд энэ гүрэн зүрчидүүдэд буюу Алтан улс болон Сүн улсын нэгдсэн хүчинд цохигдоод мөхөхөд нэг хэсэг нь баруун тийшээ нүүгээд Хар Кидан гэдэг улсыг байгуулсан. Дараа нь Хар Киданийг Чингис хаан очиж мөхөөсөн. Тэгэхдээ тэр Хар Киданууд Хятаны соёлыг авч явж тэнд очоод шувуулахуйн соёлыг түгээсэн гэж түүхчид үздэг.


Ерөнхийдөө нийтлэг агуулгаараа эртний улсууд бүгд л ан хийдэг байсан. Алинд нь ч байсан байж магадгүй. Зүгээр илэрхий мэдэгдэж байгаагаар бол Киданууд тэнд очоод энэ соёлыг тэнд түгээсэн байх гэж түүх судлаачид үздэг. Тэгэх юм бол казахын соёл гээд байгаа энэ юм чинь уг суурь нь Монгол соёл гэж хэлж болно.


Зүгээр энэ хүмүүс исламын шашинд ороод ондоошсон. Дээрээс нь бас өөр олон үндэстэн холилдоод энэ шинэ үндэстэнг бий болгосон. Нөгөө талаас Чингис хаан бол хэзээ ч казах хүн байгаагүй. Тэр утгаараа казах гэдэг үндэстэн сүүлд үүссэн үндэстэн учраас тэр үед казах хүн гэж байгаагүй нь ойлгомжтой. Яахав Чингис хааны том хүү Зүчийн угсааныхан казахуудыг захирч байсан, мөн казахуудын одоо байгаа нутагт Цагаадайнхан байсан ч гэдэг юмуу ингээд үзэхээр ноёлох овог нь яах аргагүй монгол үндэстэн байсан. Тэр утгаараа ямар ч байсан тэр үед казах үндэстэн гэж байгаагүй харин Монгол үндстэн бол байсан. Монгол үндэстнийг Чингис хаан бүтээсэн. Тэр үүднээсээ дараа дараагийн Монголчуудын үе хойч бол казах үндстэнг бүтээхэд оролцсон байна. Нөгөө талаар энд бас нэг харах ёстой зүйл бол ингэж Монголын болон дэлхийн түүхэнд нөлөөтэй ийм чухал онцгой түүхийг өөртөө хамаатуулна гэдэг бол түүх ямар чухал вэ гэдгийг харуулж байна. Үүгээр нь бид харин ч өөртөө нааж ойлгох ёстой. Гэтэл эсрэгээрээ бид нар яадаг гэхээр түүх хэрэггүй, түүхийн хичээл муухай энэ бол дагавар хичээл, үндсэн хичээл биш гэдэг. Жишээлбэл манай ШУТИС-ийн зарим салбарууд түүхийн хичээл үзүүлэхгүй гээд тэмцдэг. Энэ бол байж боломгүй мунхрал. Нэг ийм үг байдаг.


Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэж. Тэгээд тэр үгийн язгуурыг хөөхөөр сармагчин бол ерөнхийдөө ойд ихэвчлэн амьдардаг амьтан. Тэгвэл сармагчин хэзээ ч ойд төөрөхгүй. Ямар сармагчин ойд төөрөх вэ гэвэл үнэхээр л тэнэг мангуу ч юмуу эсвэл мунхарсан өвчин туссан эргүү оюун санаагаа алдсан сармагчин ойд төөрнө.


Тэгвэл энэ зүйрлэл бол яг тэрэнтэй зүйрлэж байгаа зүйрлэл. Тэр утгаараа тийм эргүүтсэн хүн л түүхийг үйл ойшооно. Тэгвэл бид тийм болох юмуу, эсвэл тэгж өөрийгөө тооцох юмуу гэдгээ бодох ёстой. Яахав казах гэдэг улсын тухайд ярих юм бол энэ үндэстэнг бүтээхэд Монголчууд оролцсон. Тэгээд энэ бол тусдаа бие даасан улс бараг байхгүй шахуу явж байгаад социалист систем задран унахад Назарбаевийн буянаар Оросыг дахин хуваахад маш том газар нутгыг өвлөж авч Казахстан гэдэг улс байгуулагдсан. Тэгэхээр энэ Казахстан гэдэг улс бол улс гэдэг утгаараа бол шинэ залуухан 30-дхан жилийн түүхтэй улс. Мэдээж улс гэдэг ойлголтод маш олон юм байх ёстой. Тэрний нэг юм нь түүх. Тэр улсад түүх байх ёстой. Түүх нь урт бас бахархалтай байх ёстой. Тэр үүднээсээ казахууд энд л эрэл хайгуул хийж, Чингис хааныг өөртэй хамаатуулах ородлого хийж байгаа. Гэхдээ шинжлэх ухаан нь арай ингэж хэлдэггүй байх гэж бодож байна. Зүгээр сайн дурын уран сайханчид болон зохиолчид нь ийм юм яриад явж байгааг үгүйсгэхгүй. Дээрээс нь ерөөсөө Казах гэдэг улсын зүүн хагас нь Монголын нутаг. Энэ бол манай Зүүнгарын хаант улсын нутаг байсан. Тэрнийг бол казахууд ч мэдэж байгаа, Монголчууд ч мэдэж байгаа. Тэр утгаараа Казах, Монгол хоёр бол яах аргагүй гүн холбоотой үндэстэн мөн. Тэр үүднээсээ бид бол энэ казах үндэстний ах нь ч юмуу эсвэл аав нь гэж ойлгож болно.  


-Та Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дэргэдэх Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвд судлаачаар ажиллаж байсан. Та уг байгууллагад ажиллаж байх үедээ ямар томоохон ажлуудыг гардан хийж гүйцэтгэсэн бэ?


-Энэ байгууллага 1991 онд байгуулагдсан байдаг. Уг байгууллагын гол зорилго нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн түүхэн үнэнийг сэргээн тогтоох, улс төрийн хэлмэгдэгсэдийн нэр төрийг сэргээх, дурсгалыг нь мөнхжүүлэх дахин улс төрийн хэлмэгдүүлэлт гарахаас сэргийлэх үүрэгтэй байгуулагдсан. Би энэ байгууллагад 2004 оны 10-р сарын 1-нд ажилд орж саяны энэ зорилгын төлөө ажиллаж эхэлсэн. Тэгээд энэ хүрээнд хэлмэгдсэн хүмүүсийн намтар түүхийг судлах, хэлмэгдүүлэлтийн түүхэн үнэнийг гаргаж нээж илрүүлэх, тэрнийг хүмүүст таниулах, дахиад хэлмэгдүүлэлт гарахаас сэргийлж сурталчилгааны ажил хийх гэх мэт олон маш олон ажлуудыг хийсэн. Энэ хүрээнд манай судалгааны төвөөс улс төрийн хэлмэгдэгсэдийн намтрын товчоо гэсэн 20 боть цуврал ном гаргасан. Тэрний нэлээд хэсгийг миний бие ахлах ажилтны үүргийн хувиар хариуцаж хэвлүүлсэн. Тэгээд энэ байгууллага маань 2014 онд татан буугдаж, хамгийн сүүлчийн буурийг нь би 2017 онд сахиад энэ байгууллагаас гарсан. Гэхдээ энэ байгууллага байхгүй болсноор Монголын ард түмний эрх ашиг хохирсон.


Энэ байгууллагыг хэсэг бүлэг тодорхой хүмүүс зүгээр хувийн явцуу ашиг сонирхлын үүднээс устгасан. Би тэдгээр хүмүүсийн нэрийг хэлээд яахав. Тэр үеийн УИХ-ын дэд дарга, жижиг намын төлөөллийн хүмүүс хувийнхаа болон жижиг улс төрийн явцуу эрх ашгийн үүднээс энэ байгууллагыг өөртөө үйлчлүүлэхээр оролдсон. Тэрнийг нь бид хүлээн зөвшөөрөөгүй.


Сүүлдээ дийлэхээ байгаад ирэнгүүт бүтцийн өөрчлөлт хийгээд энэ байгууллагыг байхгүй болгосон. Бид үүнийг сэргээхийн төлөө шүүхээр 3 жил явсан боловч дийлээгүй. Гэхдээ тэр үед шүүх бодит үнэнийг тогтооход учир дутагдалтай ажилласан. Тэглээ гээд би судлаачийн хувьд энэ чиглэлийг орхиогүй. Одоо энд ажиллаж байсан хүмүүсээс ганцаараа хамгийн сүүлд буурийг нь сахиад үлдсэн байна. Тэгээд тэр ч утгаараа яг энэ асуудлаа давхар хөндөөд үзээд явж байна. Өнгөрсөн жил л гэхэд Бодоо тэргүүтэй 15 хүнийг буудсан газрыг олж тогтоосон. Энэ талаар телевизийн нэвтрүүлгийг Шар хаданд очиж хийсэн. 1778 онд Их хүрээ энд суурьшсан. Тэрнээс хойш Шар хаданд Манжийн хуулиар шийтгэгдсэн хүмүүс болон дараа нь 1911 онд Богдын төрийн хуулиар шийтгэгдсэн хүмүүсийг аваачиж цаазалдаг байсан. Тэгээд энэ талаар Цагаатгалын улсын комисс болон нийслэлийн зүгээс анхаарал тавьж дурсгалын самбар байрлуулах байх гэж бодож байна. Би ч гэсэн энэ талаар судалгааны өгүүлэл нийтлэл бичнэ гэж бодож байгаа.


Энэ Улс төрийн талаар хэлмэгдэгсэдийн судалгааны төв болон Цагаатгалын комиссыг бүтээн босгосон, үнэт зүйл, оюун санааг нь тодорхойлж явсан хүн бол яахын аргагүй түүхийн ухааны доктор Мөнхдалайн Ринчин юм. Энэ хүнийг 2009 онд нас барснаас хойш Цагаатгалын комиссын хараат бус байдал алдагдаж, энэ байгууллага системийн хямралд өртөж, эцэс сүүлдээ Судалгааны төв тэр чигтээ устахад хүрсэн.


Тэр хүн энэ байгууллага 1991 оноос эхлэн 2014 он хүртэл буюу бараг 25 жил оршин тогтноход түүний хорь шахам жилд нь хүчин зүтгэсэн. Тэгээд энэ хүний бүтээсэн тэр үнэт өв, материаллаг бааз, боловсон хүчин, оюуны хуримтлал эргээд хэзээ ч сэргэхгүй болсон. Одоо ингээд энэ өвийг сэргээх талаар жил болгон ярьдаг боловч ямар ч үр дүн гардаггүй. Тэгээд ийм муухай зүйлүүдийг зарим хүмүүс төрийн нэрийн өмнөөс хийгээд явж байгаа нь туйлын харамсалтай юм. Энэ хүн бол яг эхэнд үедээ улс төрийн зүтгэлтний байр сууринаас гарч ирээгүй юм билээ. Харин оюун санааны манлайлагч, онолчийн байр сууринаас 1911 оноос хойш байгуулагдсан Монгол төрийн эрх зүйн болон улс төрийн онол сэтгэлгээний эцэг нь байсан хүн гэж хэлж болно. Одоо жишээлэхэд саяхан би нэг судалгааны ажил хийсэн. Монгол улсад хүний үндсэн эрхийн маргааныг хянах эрх зүйн асуудал гэдэг сэдвээр эрх зүйн судалгааны ажил хийсэн. Тэгээд харж байхад энэ хүн ерөнхий сайд Намнансүрэнгийн даалгавраар дэлхийн улсуудын үндсэн хуулиудыг харьцуулаад харьцуулсан эрх зүйн эмхэтгэл хийсэн байдаг. Мөн зарим улсуудын үндсэн хуулиудыг орчуулсан. Тэгээд энэ хүн өөрөө “Улсын эрх” гэдэг бүр эрх зүйн онолын том бүтээл бичсэн. Мөн 1921 оноос хойш үндсэн хуулийн өөрийн төслийг бас бичсэн. Тэр үүднээсээ энэ үеийг монголчууд хүний үндсэн эрх гэдэг ойлголтыг хүлээн авсан үе гэж үзэж болно. Гэтэл гэнэтхэн гаднын шахалтаар бидний сайн мэдэх 1924 оны анхдугаар Үндсэн хууль орж ирж батлагдсан. Энэ бол ЗХУ, Коминтерны шахалтаар хийсэн үндсэн хууль байсан. Тэгээд наана нь хийгдэж байсан монголчуудыг өөрсдийнх нь санаачилсан төслүүд бүгд байхгүй болсон. Дундуур нь ингэж орж ирээд л энэ хуулийг хүчээр батлуулсан. Тэгээд энэ үндсэн хуулийн дараа байгуулагдсан төр засагт Ж.Цэвээн гуай гол оюун санааны эцэг байдлаар ажиллаж байсан. Гэхдээ энд би тэр гайхамшигтай хүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийн талаар яриагүй төр эрх зүйн салбарт оруулсан хувь нэмрийг ярьж байна.


Шинжлэх ухааны салбарт бол энэ хүн үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан. Тэгээд 1924-1928 онд төр барьж байсан Дамбадорж, Жадамба гэх мэт хүмүүсийн бодлогыг тодорхой чиглүүлж байсан хүн бол Ж.Цэвээн гуай байсан.


Ингээд дараа нь 1928 оны сүүлчээр хуралдсан Намын 7-р их хурлаар энэ хүмүүсийг Баруунтан гэж шийтгэсэн. Яагаад гэвэл эдгээр хүмүүсийг хувийн өмчийг зөвшөөрсөн хөрөнгөтний талын хандлагатай бодлого явуулж гэж буруутгаж ажил, албан тушаалаас нь зайлуулж хойно цөлөөд ингээд хэлмэгдүүлээд дуусгасан. Тэгээд Ж.Цэвээн гуай ч мөн адил ийм байдлаар хойшоо Орос руу явж эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байгаад л хэлмэгдээд дууссан. Тэгээд бид нарын дурдаад байдаггүй, дурдахыг хүсдэггүй, бас нөгөө хэсэг хүмүүс нь дурдуулахаас айдаг юм бол Монголын тусгаар тогтнолын түүхэн дэх буриадуудын оролцоо байгаа юм. 1911 онд тусгаар тогтноход язгууртнуудыг төлөөлж Чин ван Ханддорж, лам нарыг төлөөлж Да лам Цэрэнчимэд, түшмэдийг төлөөлж Өвөр Монголын гүн Хайсан ороод ирсэн. Ийм гурван төлөөлөл орж ирсэн. Тэгээд дараа нь энэ биелэл болсны дараа Монгол улс тусгаар тогтноход дахиад өчнөөн олон хүн, боловсон хүчний бодлого хэрэгтэй байсан. Тэгээд үүнийг биелүүлж ажил хэрэг болгоход саяны Ж.Цэвээн гуайгаас эхлээд маш олон буриадууд хүчин зүтгэж оролцсон. Дараа нь 1921 оны хувьсгалд ч чухал үүрэг гүйцэтгэсэн. 1921 оны хувьсгалын дараах энэ улс орны хөгжилд энэ улс орны төлөө хамаг юмаа зориулсан гол юмыг босгож ирсэн хүмүүсийн ихэнх нь буриадууд л байсан. Бас нэг хэсэг нь өвөр монголчууд байсан. Дараа нь бүгдийг нь цавчсан. Энийг бид ойлгох ёстой. Тэгээд энэнээс ч болдог юм уу манай зарим буриадууд буриад гэдгээ, бас ингэж оролцсон гэдгээ хэлэхээс эмээдэг тал харагддаг. Би үүнийг түүхч хүний хувьд анзаарч мэдэрдэг.


-Сүүлийн үед зарим хүмүүсийн зүгээс 1930-д оны үед явагдсан их хэлмэгдүүлэлтийг зөв зүйтэй зүйл байсан мэтээр ярьж бичих боллоо. Тодруулбал зарим нэг ухвар мөчид хүмүүс лам нарыг хэлмэгдүүлэх нь зөв байсан мэтээр ярьж байна. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?


-Миний хувьд ийм юм ярьж байгаа хүмүүсийг их өрөвддөг. Ийм хүмүүсийг би зомби эсвэл манкурт боол болчихсон хүмүүс гэж боддог. Хамгийн гол нь хүн чинь маш хурдан өөрчлөгддөг юм байна. Бид нар 1990 онд ардчилсан хувьсгал хийгээд түүнээс хойш ардчиллын замаар замнаад хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулна гээд Үндсэн хуулиндаа тунхаглаад явж байгаа. Тэгээд өнөөдөр 30 гаруй жил боллоо. Гэтэл сүүлийн тав зургаан жил яагаад ч юм магадгүй цахим эрин хөгжөөд мэдээлэл хавтгай болоод ирж байгаатай холбоотой зарим хүмүүсийн зүгээс ийм хандлагуудыг гаргаж ирж байна. Ийм зүйл хүчтэй ажиглагдаж байгаа. Энэ юутай холбоотой гэхээр хоёр зүйлтэй холбоотой.


Нэгдүгээрт ингэж ярьж байгаа хүмүүсийн ихэнх нь социализмын үед сурч боловсорсон, тэр үед сонссон бүх юмыг үнэн гэж хардаг. Өөрөөр хэлбэл тэр үед сонссон юм нь тархинд нь бат бөх кодлогдсон учраас тэр ойлголтоосоо салж чадахгүй байгаатай холбоотой. Бид 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш нэлээд юманд өөрчлөлт шинэчлэлт хийсэн. Гэхдээ нэг хүрээнд огт өөрчлөлт хийж чадаагүй. Тэр нь нь оюун санааны өөрчлөлт. Тэр нь бас тэгж амархан өөрчлөгддөг зүйл биш юм байна. Тэгээд тэр хүмүүс тэрүүгээрээ дуусчхаж ч магадгүй. Би тэгж бодож байгаа. Яагаад гэхээр хүн бол 20 хүртэл насандаа гол төлөвшдөг. Түүнээс хойш тэр хүртэл олж авсан мэдлэг ойлголт, үнэлэмжийнхээ хүсээсэнд орчихдог юм билээ. Харин, сурч боловсроод хөгжөөд явбал өөр л дөө. Тэгээд 20 хүртэл насандаа зөвхөн сонссон юм эсвэл зөвхөн дараа сонссон цуу яриа, эсвэл архины ширээний ард яригдсан худал аман яриаг л үнэн гэж бодоод байдаг. Өөрөөр хэлбэл тэр хүмүүсийн үнэний хэмжүүр тэрүүхэн хэмжээнд л эргэлддэг. Гэтэл үнэний хэмжүүр тийм жижигхэн хүрээнд байдаггүй. Бүр өргөн хүрээтэй байдаг. Гэхдээ тэр хүмүүсийг бас буруутгах аргагүй. Яагаад гэвэл тэр бүх хүнд тэр баримтыг ухаад харьцуулж судлаад үнэнийг олж нээх боломж байхгүй. Тийм цаг зав ч байхгүй. Мэргэшил боловсрол дутна. Олон янзын шалтгаан байна. Тэгээд тэр хүмүүс чинь тэр юмандаа хайрцаглачхаад байж байгаа хэрэг л дээ. Нэг талдаа.


Хоёрдугаарт энэ сүүлийн хэдэн жилд яагаад ч юм хуучны социализмын үеийг санагалзсан, тэр үеийг чухал гэж үзсэн ч гэх юм уу ардчиллаас ухрах чиг хандлага маш хүчтэй анзаарагдаж байна. Тэр ч бүү хэл энэ нь шинжлэх ухааны хүрээнд хүртэл мэдэгдэж байна. Жишээлбэл 1921 оны хувьсгалыг хуучин социализмын үед бол оросууд бидэнд Ардын хувьсгал гэж тайлбарлаж өгсөн. Оросууд танай энэ 1921 оны хувьсгал чинь Ардын хувьсгал шүү гээд зааж тулгаад, тэгээд бид бүгдээрээ Ардын хувьсгалын ойн баяр гээд тэмдэглэдэг болсон. Тэгээд Ардчилсан хувьсгал гарснаас хойш түүхчид эргээд энийг судалж нягтлаад 90-ээд оны дунд үед энэ хувьсгалын мөн чанар үнэ цэнийг олж тогтоосон. Тэр нь 1921 оны энэ хувьсгал бол Ардын хувьсгал биш, харин Үндэсний ардчилсан хувьсгал юм байна гэж үзсэн. Яагаад тэгж байна гэхээр нэгдүгээрт энэ үндэсний хэмжээний хувьсгал байсан байна гэдгийг ойлгосон. Жишээлбэл нөгөө Богдын тамгатай бичгийг ташуурандаа хийж гарлаа гэдгийг бүгд мэднэ. Өөрөөр хэлбэл Богд хаан хүртэл энэ хувьсгалыг дэмжиж байсан. Тэгэхээр үндэсний хэмжээний хувьсгал гэж үзэх хэрэгтэй. Өөр зөндөө жишээ ярьж болно. Энэ хувьсгалын нөлөөгөөр нийгмийн харилцааг ардчилсан. Түүнээс өмнө хүмүүс тайж, ван, гүн, том мяндагтан лам гээд нийгмийн өөр өөр зиндаанд байсан. Тэгээд тэр хэсэг нь нийгмийн баялгаас илүүтэй хүртдэг. Харин хамжлага болоод энгийн ардууд нийгмийн баялгаас бага хүртэх мөртлөө илүү их ачаа үүрдэг ийм ялгавартай нийгмийн зохион байгуулалттай нийгмийн зохион байгуулалт оршин байлаа. Гэхдээ тэр нь тухайн үедээ л зүй ёсны нийгмийн хэлбэр байсан гэдгийг бид ойлгох ёстой. Харин 1921 оны хувьсгалаар энэ байдлыг халаад хүн бүрд эрх тэгш байдал олгосон. Мөн засаглалаа сонгуулиар буюу сонгуулийн төлөөллөөр байгуулж болдог боломжийг бий болгох эхлэлийг тавьсан. Тийм учраас энэ хувьсгалыг ардчилсан хувьсгал гэж нэрлэх нь зүйтэй гэж тогтоод аль 90-ээд оны дунд үеэс шинжлэх ухааны бүтээл, сурах бичигт тусгаад явж байгаа. Тэгсэн хэрнээ одоо хүртэл ард түмэн нь Ардын хувьсгал гэдэг үгэндээ итгээстэй явж байна.


Ардын хувьсгал гэж юу юм бэ? Зарим нь болохоор ард түмний хувьсгал гэсэн үг гэдэг. Тэгвэл энэ тийм биш юм. Ардын хувьсгал гэдэг нь ядуусын хувьсгал гэсэн үг. Оросын Пролетарийн хувьсгал гэдгийн монгол орчуулга нь Ардын хувьсгал. Ард гэдэг нь яг тэр үедээ ядуу гэдэг утгаар ойлгогдож байсан. Одоо бол ард түмэн гэдгийг нийт гэдэг утгаар ярих гээд байна.


Аливаа юмыг ойлгохын тулд орон зай, цаг хугацаанд нэвтэрч байж ойлгох ёстой. Тэгтэл оросууд танай хувьсгал бол ядуусын хувьсгал гэж хэлсэн. Тийм учраас 1924 оны Үндсэн хуулинд жинхэнэ ардад эрх чөлөөг олгов гэж заасан. Өөрөөр хэлбэл ядууст эрх чөлөөг нь олгоод нөгөө язгууртнууд лам нарт эрх чөлөөг нь олгохгүй, харин устгана гэж заасан. 1924 оны Үндсэн хуулийг уншаад үзэхэд эхнээсээ ингээд л хөвөрнө. Нийгмийн гишүүдээ, бүх иргэд хүмүүсийг хоёр хуваагаад нэг хэсгийг нь удахгүй устгана гээд заачихсан байсан. Ийм л байдалтай байсан. Тэгээд шинжлэх ухааны хүрээнд ингээд засаад байхад ямар нэгэн байдлаар төр засаг нь энийг засдаггүй. Өөрөөр хэлбэл түүхэн үнэнийг, шинжлэх ухааны мэдлэгийг үл хэрэгсдэг. Түүний нэг илрэл нь улсын баяр наадам буюу Үндэсний их баяр наадмаа ардын хувьсгалын ойн баяр гэж тэмдэглэдэг. Ардын хувьсгал Монголд болоогүй, энэ бол оросуудын бидэнд зохиож өгсөн, тулгаж өгсөн үлгэр. Хаан шалдан байна гэж нэг үг байдаг. Тэрэнтэй адил манай төр шалдан байгаа. Гол баяраа худлаа тэмдэглэж байгаа. Энэ баярыг тэмдэглэмээр байвал Үндэсний ардчилсан хувьсгал гэдэг юм уу, эсвэл 20-иод үеийн монголчуудын нэрлэж байсантай адил Монголын хувьсгал гэж нэрлэх нь зүйтэй. Тэгээд мэдсээр байж яагаад энэ худлаа түүхийг байлгаад байгаа юм. Мэдэхгүй биш мэдэж байгаа. Энэ бол зарим нэг намын улс төрийн явцуу эрх ашиг сонирхолтой л холбоотой асуудал. Энэ хэрээрээ хүмүүсийн оюун санааг социалист, коммунист сэтгэлгээнд нь барьчхаад тавьж өгөхгүй байна гэсэн үг. Ингээд бид сэтгэлгээгээрээ хоцрогдоод байна. Тэгээд шинжлэх ухааны хүрээнд ингээд байж байтал сүүлийн дөрөв таван жилд нөгөө Ардын хувьсгал гэдэг юмыг чинь шинжлэх ухаанчид буюу зарим түүхчид, зарим байгууллага буцаагаад хэрэглээд эхэлж ч байх шиг. Тэнд бас улс төрд үйлчлээд байгаа хандлага харагдаад байна. Тэгэхээр ийм хүрээнд байгаа хүмүүс чинь түүхийг ингэж худлаа ойлгож тайлбарлах нь аргагүй. Бид тэгж болохгүй. Ингээд ирвэл энэ улс сөнөнө. Тэгээд энэ хэлмэгдүүлэлт зөв, тэр хэлмэгдсэн хүмүүс устгагдах ёстой байсан гэдэг асуудал дээр яривал хэзээ ч тийм юм байхгүй. Тэгвэл уучлаарай таныг барьж аваад буудъя. Тэгж бодож байгаа хүнийг буудъя. Зөв үү. Та буудуулах уу сайн дураараа. Голомтоор чинь сөнөөе. Зөвшөөрөх үү. Магадгүй та лам байж болно. Хэн ч байж болно. Хүний эрхийн талаас нь харъя.


Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн үнэт зүйл гэж байдаг. Түүн дээр байгаа хамгийн анхны заалт дээр жам ёсны эрх буюу салшгүй эрх гэж байгаа. Хүний төрөхөөс заяагдсан эрх буюу хүний амьд явах эрх гээд байж байгаа.


Тэгээд тэр хүмүүсийн амьд явах, халдашгүй байх, өмчтэй байх эрхэнд нь халдсаныг зөв зүйтэй гэж бодоод өөрийгөө ардчилсан орны иргэн буюу хүний эрхийг дээдлэгч гэж тодорхойлж болох уу. Хэрвээ тэгж бодож байгаа бол та тэр социалист нийгэм буюу дарангуй нийгэмдээ очиж болно. Бид бол өөр зорилготой, та бол ингэж бодож байгаа бол энэ нийгэмд огт хэрэггүй. Өөрөөр хэлбэл хүний амьд явах эрхийг үгүйсгэж байгаа хандлагыг дэмжиж байгаа бол та өөрөө магадгүй тэр хэлмэгдүүлэгчийн нэг, эсвэл тэр алан хядагчийн нэг мөн гэсэн үг. Одоо үед ч тэрнийг үргэлжлүүлж байгаа хүн гэж ойлгож болно. Ерөнхийдөө түүхийн хувьд авч үзвэл тэр хэлмэгдүүлэлтийг явуулсан нь зөв гэж үзэж байгаа бол тийм яриа ерөөсөө байхгүй. Түүхэнд хэрвээ гэж ерөөсөө байдаггүй. Тийм учраас бид тэр үйл явцыг дүгнэх ёстой. Дүгнээд энэ бол хүний эрх зөрчсөн, улс орны хөгжлийн зүй ёсны замыг гажуудуулсан, үндэстнийг устгасан, үндэстний үнэт зүйл соёлыг устгасан харгис зүйл байсан гэж ойлгох ёстой. Энэ бол одоо ч сэргээж чадахгүй байгаа тийм зүйл. Гэтэл тэр нь зайлшгүй зөв байсан юм байна гэж яагаад дүгнээд байгаа юм. Өнөөдөр Монгол Улс олигтой хурдацтай хөгжиж чадахгүй байгаа, үндэстний эв нэгдэл байхгүй байгаа, оюун санааны дархлаагүй байгаа нь ерөөсөө энэтэй холбоотой. Бид одоо хүртэл үүний үр дагаврыг нь амсаж байна.


Ярилцсан Ж.Батдорж