![sonin.mn](/storage/news_images/173951479067aec4c4ce6d1.png)
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар 14 /Reuters/. “TikTok” нийгмийн сүлжээний аппликейшн пүрэв гарагт АНУ дахь “Apple”-ийн “App Store”, “Google”-ийн “Play Store” дэлгүүрүүдэд дахин байршжээ.
Ерөнхийлөгч Д.Трамп уг платформыг хориглох шийдвэр хэрэгжиж эхлэх хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүртэл хойшлуулснаас хойш хэдэн долоо хоногийн дараа ийнхүү байршлаа.
Өмнөх Ж.Байдены засаг захиргаа “TikTok”-ын Хятадын толгой компани болох “ByteDance”-д хандаж, Америк дахь үйл ажиллагааг нь хариуцсан компанийг олох шаардлага тавьсан бөгөөд эс бөгөөс нэгдүгээр сарын 19-нээс уг платформыг хориглохоор шийдвэрлэсэн юм. Харин Д.Трамп нэгдүгээр сард тангараг өргөсөн даруйдаа уг хоригийг дөрөвдүгээр сар хүртэл 75 хоногоор хойшлуулах тухай зарлигт гарын үсэг зурсан билээ. Ийнхүү хойшлуулснаар аппликейшний худалдаа эрхэлдэг компаниуд “TikTok”-ыг татаж авах боломжтой хэвээр байлгасныхаа төлөө торгууль хүлээхгүй юм.
Пүрэв гарагт сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Д.Трамп хоригийг цаашид дахин хойшлуулж магадгүй гэж хэлсэн байна. “Надад 90 хоног байгаа, үүнийг сунгаж болно гэдэгт итгэлтэй байна, гэхдээ юу болохыг харцгаая” хэмээн тэрбээр хэлжээ.
Гэхдээ хоригийг 75 хоногоор хойшлуулаад байгаа атал “90 хоног” гэж хэлсэн нь ямар учиртай болох нь тодорхойгүй байна. “Sensor Tower” фирмийн мэдээлснээр, өнгөрсөн онд Америкийн хэрэглэгчид “TikTok”-ийг 52 сая гаруй удаа татаж авснаар хамгийн олон удаа татагдсан аппликейшнүүдийн хоёрдугаарт жагсжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0