sonin.mn

Хүн төрөлхтөн нэг хэсэгдээ “дээрээ эзэн байхгүй, дэргэдээ албат байхгүй” аж төрж байв. Гэвч төдхөн л энэ байдал тун ч олон янзаар алдагджээ. Хүн хүнээ боолчилдог, мөлждөг, мөн нэг улс өөр улсыг боолчилдог, мөлждөг, тэрчлэн нэг хүчирхэг улс орон дэлхийд ганцаар жанжилдаг, зоргоор загнадаг, бусад нь ганцхүү тэр улсын дохио, зангаагаар хөдөлдөг, зогсдог “далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гардаг” шахуу ч болчихжээ. Ийм байхыг хүсдэг, ийм хүслээ хүчээр хэрэгжүүлдэг, энэ зорилгоор “харыг цагаан, цагааныг хар” хэмээн сурталчилдаг, түүнд нь эс итгэвээс залхаан цээрлүүлэх цэрэг-дайны ажиллагааг ч явуулдаг, аль нэгэн улс орныг нөгөөгийн нь эсрэг турхиран босгож алалцуулдаг ч болжээ. 


Жанжилж буй улс орон өөрийгөө хамгийн хүчирхэг, хамгийн баян, хамгийн хөгжилтэй гэж зарлаад бусдыгаа мөлжиж, дарангуйлж, ялангуяа элит давхраа нь тансаглалд умбаж, жаргалдаа ташуурч байх болов. “Хүн төрөлхтний төв нь бид, жанжин нь бид, бидний хүссэн, бидэнд тааламжтай дүрмээр л бусад хэн боловч амьдрах ёстой. Бидний дүрмийг зөрчсөн хэн боловч залхаан цээрлүүлэгдэх учиртай. Бидэнтэй зиндаархахыг хүсэх, оролдох нь гэмт хэрэг мөн” хэмээх байр, сууринаас тэд ханддаг болчихжээ. Иймэрдүү ааш авиртай, иймэрхүү ёс суртахуунтай жанжлагчид хүн төрөлхтний эртний түүхнээ ч энд тэнд гарч ирдэг л байжээ. Гэвч тэдний ааш авирыг тухайн цаг үетэй нь, нийгмүүдийн нь хөгжлийн түвшинтэй холбон ойлгож, уучилж иржээ. Харин XXI зууны өндөрлөгөөс бол ганцаар эзэрхийлэх, жанжлах, нэг л улс орон бүхний дээр, бүгдийн дээр гарч командлахыг, бүр мөнхөд даргалахыг ойлгох ч, уучлах ч, хүлээн зөвшөөрөх ч боломжгүй юм. Тэр тусмаа ганцаар жанжлахын тулд бусдыгаа хавчдаг, хорлодог бол түүнийг бүх нийтээр эсэргүүцэх нь ч зүйн дагуух үзэгдэл болно. 


“Хүйтэн дайны үеийн сөргөлдөөн, түгшүүр арилж дэлхий нийтээрээ энх тайван аж төрөх цаг үе ирлээ” хэмээн таван тивээрээ тайширцгаасан хэдий ч энэ нь эндүүрэл байжээ. Хүн төрөлхтөн хоёр системд хуваагдаж, олон улсын харилцаа хоёр төвд зангидагдаж байхад олон улсын байдал харин ч харьцангуй тогтвортой байсан нь үнэн юм. ЗСБНХУ задарснаар урд өмнө хазаарлагдаж, тогтоон баригдаж байсан зөрчлүүдийн зарим нь идэвхийжиж, зарим нь ганцхүү АНУ-ын ашиг, сонирхолд захирагдан шийдвэрлэгдэж эхэлжээ. Тэг тэгсээр дэлхий ганц төвтэй, мөнхүү төв нь аливаад жанжлах байдалтай болжээ. Доллар ч алт, мөнгөн зоос мэт болсон байна. 

Улстөрийн дарангуйлал, цэрэг-зэвсгийн сүрдүүлэг, эдийн засгийн мөлжлөг, хориг, хэвлэл-мэдээллийн төөрөгдүүлэлт, баталгаагүй цаасан мөнгөний зүй бус ноёрхол зэргийг ашиглан АНУ-ын элит давхраа “Ардчиллыг хамгаалах” нэр, далбааны дор жанжлах бодлогоо хэрэгжүүлж, таван тив, дөрвөн далайд хэмжээгүй эрхтэй хаан мэт зоргоороо загнах болсон нь үнэн юм.


“АНУ-ын эрх баригч хоёр намын бодлогыг далдаас удирддаг, чиглүүлдэг, өөрөөр хэлбэл АНУ-ын төр засгийн гүнийн удирдлага, цаад эзэд нь хэдэн олигархи гэр бүл, банк-санхүүгийн эзэд байдаг, тэдний гар хөл, төлөөний этгээд л болж АНУ-ын ерөнхийлөгч, сенатын танхимын спикер, төлөөлөгчдийн танхимын спикер нар ажилладаг. Гар хөл, төлөөний этгээд болж чадахгүйг нь тэгсхийгээд зайлуулчихдаг” гэх дүгнэлт АНУ-ын төрийн түүхээс төрөн гарчээ.


Ингэхлээр энэ улс оронд ардчилал жинхэнэ утга ба нүүр царайгаараа байж чадах уу? Энэ бол одоо цагт танин мэдэгдсэн үнэн болчихлоо. Энэ шалтгаанаар л олон улс орон АНУ-аас хөндийрөхийг эрмэлзэх, нөлөөнд нь бүрэн орчихгүйг хичээх болжээ. 


Америкчуудын дээд удам бол Европоос усаар нүүдэллэж очсон цагаачид, эрээвэр хураавар хүмүүс. Тэд нутгийн уугуул хүн ардыг хүчирхийлж, хөнөөж газарт нь эзэн суужээ. “Бид цагаан арьстан, бид соёл, боловсролтой хүмүүс, бид галт зэвсэгтэй дайчид, индейчүүд та нар бидэнд захирагдаж, биднээс суралцаж амьдрах ёстой. Манай галт зэвсэгтэй морин цэрэг дийлдэшгүй хүчтэй” гэх дээрэнгүй, ихэрхэх байр сууринаас тэд булаан эзлэх зорилгоо хэрэгжүүлжээ. тэд газрын эзэд болж, төдхөн мөн боолын эзэд ч болж тодорчээ. Шударгаар, үнэнийг хэлэх аваас тэд индейчүүдийн цус, нулимс ба негрүүдийн хөлс, хүчээр л баяжсан хүмүүс юм. Харин одоо, XXI зуунд америкчууд “бид цөмийн зэвсэгтэй, тив алгасан нисэх пуужинтай, эсрэг этгээддээ газраас, агаараас, далай, тэнгисээс, бүр сансраас ч цохилт өгөх чадавхтай. Ази, Европынхон бидэнд захирагдаж, бидний дур, хүслийн дагуу л байх, үйлдэх ёстой” хэмээн эргээд анх үүссэн, гарсан нутаг орон, хүн ардаа дарангуйлах, мөлжихийг санаархах боллоо. Тэд жанжлах үзэл, санаархлаар өвчилжээ. Ийм шинжтэй сэтгэлгээний өвчин улстөрийн солиоролд хүргэдэг ганцхан зам, төгсгөлтэй.


Жанжлах, ганцаар эзэрхэх, зоргоороо загнах, бүгдийг мөлжих хүсэл, сэтгэлд нь саад болж болзошгүй бүхнийг тэд замаасаа ямар ч арга, ямар ч үнээр хамаагүй зайлуулахыг зөвд тооцох болчихжээ. Энэ санаа, шийдэл нь АНУ-ыг ганцаардуулж, нэр төрийг гутааж, бүр сүйрэл, мөхөлд ч хүргэж болох юм. Бусад улс орон, ард түмэн өөрийгөө хамгаалах эрхтэй, үүрэгтэй, цэрэг зэвсэгтэй, бүр цөмийн зэвсэгтэй шүү дээ! Индейчүүд, негрүүд, аборигенүүдийг хүчирхийлж, мөлжиж, алж хядаж байсан цаг үе, нөхцөл байдал “спиралийн загвар”-аар давтагдах боломжгүй. Давтах гэж оролдвол бүгд хамтдаа сөнөж, мөхөж ч болно. Цацраг идэвхид хүчтэй хордох, хоёр их далайн цунамид живэх, арчигдах магадлал Хойд Америкийн хувьд илүү өндөр шүү дээ! Энэ бол хоосон сүрдүүлэг биш, харин сайн санааны үүднээс хэлж буй сэрэмжлүүлэг юм шүү. Номхон далай, Атлантын далай хоёр ямраар ч аашилж, бас ямраар ч ашиглагдаж болох агуу их хүч, эрчим билээ...


Барууныхны давилуун, дээрэнгүй, амласнаа биелүүлдэггүй хуурамч занг таньж ойлгосон монголчууд бүр XIII зуунд гэхэд л Киевийн Оросыг биш Москвагийн Оросыг дэмжиж, тэдэнд итгэж, тэднээр дамжуулан Оросын бусад хэсэгтэй харьцаж байв. Энэ баримт бол НЭГДҮГЭЭРТ, монголчуудын улстөрийн хурц мэдрэмжийг илтгэж буй, ХОЁРДУГААРТ, барууныхны түүхэн найдваргүй ааш авирын үнэлгээ юм. Барууныхны энэхүү бусармаг шинж, байдал XIII зуунаас хойш өдийг хүртэл улам газар авч, тод болсоор иржээ. Барууныхан Америк тив, Австрали тивийг булаан эзэлж, боолын наймаа хийж, боолчуудын хөдөлмөрийг мөлжиж баяжсанаар, том том колониудтай болсноор тэдний мөнхүү дарангуй, бурангуй шинж, чанар бүүр ч хүчтэй болсон ажээ. 


Ардчиллыг хамгаалах нэрийн дор өрсөлдөгчдөө намнах бодлого хэнд ч ойлгомжтой, явуургүй санаархал юм. Европын үнэт зүйлсийг хамгаалах, Америкийн үнэт зүйлсийг хамгаалах нэрийн дор бусад улс орныг түйвээх, устгахыг оролдох нь үнэндээ бол гэмт хэрэг.


Бусад улс орон өөр өөрийн үнэт зүйлсийг хамгаалж байна гээд АНУ-д халдан довтлохтой энэ нь адилхан биз дээ? Зөрчил, тэмцэлтэй цэг бүхэнд дайн үүсгэж, моралийн элэгдэлд орсон зэвсгээ борлуулж, олсон мөнгөөр нь шинэ хүчтэй зэвсэг үйлдвэрлэж хожих, завших нь хүн араатны л ил хийх үйлдэл юм.

Украин дахь дайнаас Орос, Европ хоёр хоёулаа л хохирно, сульдна. Холын Америк л хожно. Дэлхийн II дайн мөн л тийм үр дүнг үлдээсэн. Хятад ба Тайваний дайн самууны үр дагавар мөн Америкт л ашигтай. Ойрхи Дорнод дахь дайны талбараас ч Америк л ашиг олох байх. Харин Оросыг сульдаах гэж оролдож байх жилүүдэд Хятад амжаад томорч болох байх. Оросын тэмцэх, эсэргүүцэх хүч, боломж Хятадын томрохын нөхцөл, ар тал болж ашиглагдах нь олон туйлтай бүтцэнд тустай. Орос, Хятад, Энтэхэг, Бразиль, Индонез, Өмнөт Африкийн Бүгд найрамдах улс, Иран, Египет мэтийн орнуудын хамтын ажиллагаа бол дэлхий дахиныг ганц туйлт бүтцээс ангижруулах гол арга зам мөн болно. Хятад, Орос хоёр зэрэгцэн томорч чадвал энэ амжилтаас бусад олон орон ашиг хүртэх нь тодорхой. 

Америкийн элит давхраа, гүнийн далд удирдлага өөрийн хүн ардыг худал мэдээ, сурталчилгаагаар төөрөгдүүлж чадаад араас нь залгуулан хар хэргээ хийдэг, дайныг санхүүжүүлдэг архагшсан заль мэх ч гэсэн явуургүй болсоор байна. 


Америкийн элитүүдийн гаршсан арга, уламжлалт заль мэх бол хүн ардаа болж л өгвөл гэнэхэн, тэнэгхэн, доргио, амархан хууртдаг хар масс болгож, тэр хэвээр нь байлгаж, дуртай үедээ тэднийг хүссэнээрээ ашиглах технологи юм. Америкийн жирийн иргэд, ажилчид олон улсын харилцаа, түүх, улстөрийн мэдлэг, боловсролоор сулхан талдаа байдаг, тийм байлгахыг төр, засаг нь зөв, ашигтай гэж үздэг. Америкийн иргэд их дайны гамшгийг яг арьс, махан дээрээ үзсэн, туулсан нь бага, дайны голомт, талбараас ямагт шахам хол, хөндий, дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд байрладаг нь тэднийг хүний цус, нулимсанд баахан тоомжиргүй хандахад хүргэсэн нь ч бас үнэн. 


Украин, Оросын дайн, мөн Ойрхи Дорнод дахь дайн нь Хятад, Тайваний зөрчил хурцдахаас зайлхийлгэж байгаа нь Хятадын хувьд цаашид хэрхэхээ төлөвлөх, хатуу ойлгоход нь эерэгээр нөлөөлөх болно. Энэ талаарх Хятадын хатуу байр суурийг сайтар мэдрэх нь Америкийн хувьд ч ашигтай юм. 


Оросын холбооны улсын элит давхрааны зарим хүмүүс энэ зууны Барууныг дутуу таньж, буруу ойлгож, дэмий найдаж, алдаа хийж “өөрсдийгөө олзлуулсаар” байна. Их Британий эзэнт гүрний, Америкийн боолын эздийн, XVI, XVII зууны конкистадоруудын үзэл суртлын үлдэгдэл, инерцийг дутуу үнэлж байна. Дуусаагүй дууссан Дэлхийн II дайны хонзогнол, фашист, нацист үзэл санааны элдэв илрэл, энд, тэндэх үлдэгдлийн нь хоруу нөлөөг үл тоомсорлох нь ч том алдаа. XXI зууны Баруун Европ, Ойрхи Дорнод, Дундад Ази улстөр-үзэл суртлын хувьд хэний нөлөөнд, юуны дарамтанд, ямар далд санаа, бодолд хөтлөгдөж, хөглөгдөж байгааг судлах, ойлгох, үнэлгээ өгөх нь чухал байна. Буруу бүхэн, сөрөг бүхэн, хортой, хорлонтой бүхэн, бурангуй, бусармаг бүхэн толгой өндийлгөх, шинэ амьсгал авах, сүлэлдэн нэгдэхээс сэргийлэх нь жилээс жилд л чухалчлагдах болчихлоо. 

Барууныхан гэх цогцолбор нэр, хаяганд багтах улс орнуудын төр, засаг, элит давхраа чухам хэн бэ? гэдгээ үг хэлээрээ ч, бас үйлдлээрээ нотолчихоод байна шүү дээ. Ардчиллын төлөө гэх далбаан дор, Ардчиллыг хамгаалах уриан дор ямар үзэл санаа нуугдаж, ямар далд зорилго оршиж, хэний гараар хэн, юу хийлгээд байна вэ? Ардчилал ямар ямар нүүрээрээ, хаана, хаана ямар нийгмийг буй болгочихоод байна вэ? Энэ бүхэнд шинжлэх ухаанчаар, бодитой, тодорхой, учир ялгаатайгаар хандах хэрэгтэй байна. XXI зууны 30-аад онууд хүн төрөлхтөнд тун ч амар бишийг авч ирэх төлөвтэй болчихлоо. Дэлхий нийтээрээ ч энэнийг ойлгож эхлээд, нийлэх нэгдэх хөдөлгөөн, хөндийрөх зай барих болгоомжлол ч үүсээд байна. Энэ адармаатай нөхцөл, байдлын үед хэн нь хэн болохоо ч илчилж, таниулж эхэллээ. 


х      х      х


Хүн төрөлхтний өнө мөнхийн нэгэн хүсэл, эрмэлзэл нь “Дээрээ эзэн үгүй, дэргэдээ албат, боол үгүй” эрх тэгш, энх амгалан аж төрөхөд байсан юм. Хүмүүс одоо ч мөн тэгж ч хүсэж, үүний төлөө л тэмцэж байна. Түмэн олны түгээмэл хүслийн нь эсрэг үзэл бодол, байр суурь хэрхэн, яаж зөвтгөгдөх, хэн хэнээр дэмжигдэх юм бэ? Энэ бол боломжгүй зүйл, явуургүй санаархал, улстөрийн бодлогын том алдаа. Энэ алдаа залруулагдаж дэлхий дахин олон төвтэй болох нь гарцаагүй. Энэ бол хүн төрөлхтний дэвшин орох ойрын ирээдүй, шинэхэн түүхийн нь нэгэн шинэ үе шат юм. Энэ үе шатыг цааш нь түлхэх, энэ ирээдүйг хойшлуулах, ухраахын төлөө АНУ ил, далд тэмцсээр байна. Энэ зорилгодоо Украины гэнэхэн, тэнэгхэн, авилгач удирдлагыг гар хөлөө болгон ашиглаж үр дүнд нь Украины ард түмнийг сэтгэл шимшрэхээр томоор хохироолоо. Энэнийхээ төлөө англо-саксууд багаахан ч болов гэмшихгүй байгаа нь тэдний араатанлаг ёс суртахууныг хүн төрөлхтөнд илчлэн үзүүллээ. 


Хөгшин Европ бүүр өнө эртнээс л өөрсдийгөө өөрсдөө дөвийлгөж, бусдын дээр тавьж, буруу суртлуудад хөтлөгдөж, будилж, буруушаагдсаар ирсэн түүхтэй. Хар, шар, цагаан арьсны цагаан нь эрхэм дээд нь гэж нэг хэсэг сагсайцгаасан. Бас англо-саксууд, арийчууд бол бурхдаас шилэн сонгогдсон дээд заяатнууд, энэ дэлхийн жинхэнэ эзэд гэж ч цуурхаж үзсэн.


Чухамхүү Европ талын угшилтай гэгдэх арав гаруй улс дэлхийг хуваан авч колончилж ч байсан. Элдэв янзын шалтаг, шалтгаантай том, томоохон дайн, самууны дийлэнх олонхийг мөн европчууд өдөөж, дэгдээж ирсэн. Энэ зууны эхнээс тэдний заримын нь амнаас “доод төрөлтөн, дорой буурай улс үндэстнүүд хэтэрхий их өсөж, олширч байна. Энэнийг алж хядаад ч болов таслан зогсоох хэрэгтэй” гэх үг ч гардаг боллоо. 

2022 оны байдлаар Азийн хүн ам 4,7 тэрбум, Африкийнх 1,4 тэрбум, Латин Америкийнх 671 сая, харин Европынх Ази болон Африкийнхаас цөөн байгаа ажээ. Энэ тоо, баримт барууныханд огт таалагдахгүй байгаа бололтой. Хүн төрөлхтөн тоо, хэмжээгээ ухамсартай, тооцоотой, төлөвлөгөөтэйгөөр зохицуулж чадна. Энэнд зөв арга, хандлага л хэрэгтэй. Буруу, бусармаг ойлголт, тайлбар, бүр дайсагнасан, үзэн ядсан байр, суурь байж таарахгүй шүү дээ.

Европын хүн ам 748 сая орчим байгаа юм байна. газар нутаг нь ч хэзээнээсээ л их том биш. Гэхдээ европчууд дэлхийгээр л нэг тархсаар л байгаа. Тэдний тархалтыг хэн ч хориогүй, буруушаагаагүй. Тэд хөрөнгө, чинээ ихтэй болохоороо хаашаа л бол хаашаа аялаж, хаана л бол хаана бизнес эрхэлж, хаанаас л бол хаанаас ашиг олсоор л байгаа. Энэ байдлаа тэд ойлгодог, тооцдог, бусдадаа талархдаг баймаар даа! Түүхэн буй болсон нөхцөл, байдал, нутаг дэвсгэр мэтэд өнөөдрийн хүмүүс буруутай биш шүү дээ. Нэгэнт буй болчихсон бодит байдлыг зөвөөр ойлгож, энх тайвнаар зэрэгцэн оршиж, ирээдүйгээ зөв арга, замаар бүтээх, авч ирэх ёстой биз дээ?


Байгаа бүхэнд эзэн суух, дэлхийн цор ганц эзэн байх, бусад улс, үндэстэнг аль нэгэн үзүүлэлт, шалгуураар ялгаварлан гадуурхах, үзэн ядах, бүр устгахыг эрмэлзэх нь Баруун Европын олон орны элит давхраанд нь өнө эртнээс шүглэсэн үзэл, хандлага юм. Энэ бол орчин үеийн нэр, томъёогоор геноцид (үзэл, хандлага, үйлдэл) гэсэн үг, утга. Хойд Америк, Өмнөд Америк, Австрали, Африкийн зарим оронд тэдний энэ үзэл, хандлага, үйлдэл хэрэгжсэн, тэд цааш цаашдаа мөнхүү үзэл, хандлага, үйлдэлдээ бүр эрэмшин, өөрсөддөө зөв өгөн, хаана ч болов хэрэглэх болсон. Тэдний сэтгэлзүй, ухамсар, ёс суртахуун мөнхүү үйлдлээсээ зовних, эмзэглэх, харамсах биш бүр ханал авах, ташуурах гажиг, согог болж хувирсан. XX, XXI зуунд хүртэл тэд бараг 10 шахам оронд иймэрхүү байдлаар зоргоороо загналаа. Өнөөдөр хүн төрөлхтний ихэнх хагас нь энэ байдлыг таньж мэдээд байна. Зарим хэд нь энэ үзэгдлийн эсрэг тэмцэж эхэлж байна, бүр хамтарч нэгдэж ч байна. Өөрсдөөсөө бусдыг элдвээр шалтаглан хавчин гадуурхах, бүр хоморголон устгахыг эрмэлзэх, зөвтгөх, гол хэрэглүүр болгож хандах нь хүн төрөлхтний хувьд юугаар ч үл зөвтгөгдөх үйлдэл мөн болно. 


АНУ-ын элит давхраа, эрх баригч намуудын нь удирдлага, “цаад, далд, гүнийн эзэд, чиглүүлэгчид нь бол бүгд л Баруун Европоос гарвал, угшилтай хүмүүс билээ. Хуучин нэр, хэллэгээр “Хуучин ба Шинэ ертөнцийн” элитүүд геноцидын (үзэл, хандлага, үйлдлийн) халдвар, халууралд зэрэг өртөнө гэж хэн санах билээ. Руссофобия, Исламофобия нь геноцидруу л хөтөлж байна шүү дээ! Энэ бол хэрэг дээрээ жинхэнэ гутамшиг юм. 


Булаан эзлэх дээрмийн дайн хийж, боолын наймаа эрхэлж, бусад улс орныг колончилж, дайн дэгдээж, зэвсэг худалдаж, нэг улс орныг нөгөөгийн нь эсрэг турхиран тулалдуулж, “хагал, бутарга, тэгээд ноёрх” гэх зарчмаар ажиллаж, завшиж ирсэн хүмүүс бол барууныхан. Тэд улаан арьстангуудаас Америк тивийг бүхлээр нь, уугуул хүн амаас нь Австрали тивийг бүхлээр нь булаан авсан хүмүүс. Одоо тэд Евроазийг болбол бүхлээр нь эрхэндээ оруулчих санаатайгаар Украиныг гар хөлөө болгон Оросын эсрэг тулалдуулж байна. Энэ байдлыг нь ойлгосон, “хал үзэж халуун чулуу долоосон” дэлхий нийт Оросын талд ил, далд нэгдэцгээж эхэллээ. 

Украин бол Оросын хувьд “чонотой нийлсэн нохой” юм. Ах дүү энэ хоёр улс хоорондоо өшөөтөн болцгоож, бүр дайтна гэж хэн бодох билээ? Хэний төлөө, юуны улмаас, яаж эргүүтэхээрээ Украины төр, засаг Оросыг бүх талаар үзэн яддаг байнаа? Украинчуудад хэн таалагдаж байгаа гээч!, англо-саксууд, бөмбөрцгийн нөгөө талд байгаа АНУ-ын элит давхрааны нууц удирдлага болсон санхүү-зэвсгийн үйлдвэрлэлийн олигархиуд! Тэд Украины гэнэхэн, тэнэгхэн удирдлагыг ашиглаж дуусаад л хаяна шүү дээ...

Буруу сэхэх, бусдад уруу татагдах, болчимгүй хүмүүсийг толгой дээрээ гаргахын хор, хохирлыг мөн ч олон улс орон амсаж байна даа. Энэ аюулыг тойрох, зайлуулахын төлөө бодох, сэргийлэх хэрэгцээ, шаардлага монголчууд бидэнд ч учирч болох юм. 


х      х      х


АНУ-д төр, засгийн бүх эрх мэдэл өөрсдийн нь нэрлэдгээр элитүүдийн гарт байдаг. эрх баригч хоёр намын удирдах бүлэг, нөлөө бүхий хүмүүс ч мөн л элит давхрааны нь төлөөлөгчид юм. “Ардчилал, хүний эрх, тэгш байдал” гэх үгс, уриа, лоозон нь хадны цуурай, говийн зэрэглээ, сайхан зүүд, мөрөөдөл төдий. Эдгээр үгс нь яг хэрэг дээрээ зөвхөн шуугиан дэгдээж, психоз үүсгэж, анархизмд хүргэж, сайндаа л дүр эсгэсэн ардчиллыг буй болгодог. Элит давхрааныхнаас нь доогуурх улстөрийн хөдөлгөөн нь зөвхөн л хаос байдал, доргисон масс, гудамжны улстөрийг л үүддэг, элитүүд тэр бүхнийг овжин ашиглаж, зальжинаар жолоодож, тухай бүрд нь хяналтаа тогтоож, эрхшээлдээ оруулсаар байдаг. Ардчилал, хүний эрх, тэгш байдлын төлөө тэмцэл нь нийгмийг доргиож, халууруулж байгаад эрхшээлдээ байнгад үлдээх, мөнхөд атгандаа байлгах зэвсэг болон ашиглагдах болсон нь ч үнэн юм.


Элитүүд нь аман дээрээ бол “Ардчилал, хүний эрх, чөлөөт байдал” гэх үгсийг байнгад давтаж, ардчиллыг хамгаална гэж андгайлж, АНУ бол ардчиллын өлгий нутаг, билэг тэмдэг гэх мэтээр дөвийлгөн нэрлэдэг ч энэ улсын эдийн засгийн нөөц, баялаг, улстөр, цэрэг зэвсгийн эрх мэдэл нь ганцхүү олигархиудын нь гарт байдаг.


АНУ-д хамгийн сайн ерөнхийлөгч, хамгийн сайн улстөрч бол дээд баячуудынхаа лоббид сайн автагддаг хүн л байдаг, тийм этгээд л улиран сонгогддог. Тиймийн учир АНУ-ын төр, засгийн эрх мэдэл, эцсийн шийдвэр гаргах эрх нь “гүнийн төр, засаг” хэмээн нэрлэгдэх болсон банк-санхүү, үйлдвэр-худалдаа, цэрэг-зэвсгийн үйлдвэрийн эздийн эрхшээлд оршдог. Тэд л АНУ хэмээх энэхүү бизнес-мафийн төр, улсыг залж, жолоодож, дайн-түрэмгийлэлд түлхэж, тэмцэл, сөргөлдөөнийг өдөөж, хаана л зэвсэгт мөргөлдөөн гарна тэнд “гал дээр тос нэмж”, дайныг бизнес болгон хувиргаж, цус нэвчсэн алт, мөнгөөр халаасаа дүүргэж байдаг. 

Америкийн элитүүд бүр анхнаасаа л бусдын газар нутгийг түрэмгийлэн эзлэх, баялгийг нь цөлмөх, боолчуудын хөлс, хүчийг сорон мөлжих, бусад улс орныг колончлох, дээрэмдэх зэрэг аргаар л хөлжсөн, баяжсан олон нүүртэй алуурчид, их замын дээрэмчид юм. Энэ шинж, чанар нь одоо ч мөн илэрсээр, тэд хаана л бол хаана хар хэргээ хийсээр, цусан мөр үлдээсээр байна. Тэдний гар, хөлний цустай мөр Ази, Европ, Африк, Латин Америкийн 20 шахам оронд энэ зуунд, бидний нүдэн дээр гарлаа, үлдлээ. Гэрчүүд нь, хохирогчид нь амьд сэрүүн байцгааж байна. 


“5 тив, 4 далай дахь улс орон, ард түмэнд туслах зорилготой” гэх сайхан нэртэй фондуудыг байгуулж ихээхэн хэмжээний хөрөнгө хуримтлуулаад, тэр хөрөнгөө бусад улс орныг эрхшээлдээ оруулах, мөлжихийн тулд маш овжиноор ашиглаж дадсан, энэ талаар тун ч их туршлагатай болсон хар, хорон санаатай хүмүүс бол АНУ-ын тэргүүн баячууд-удам залгамжилсан элитүүд юм. Тэдний далд, бурангуй санаа, зорилгыг олон олон оронд хэрэгжүүлэхэд ашиглагддаг том, жижиг олон сан буй. Олон жилийн туршид олон улс орон, олон ард түмнийг хуурч, урхидаж, мөлжиж, колончилж ирсэн архаг том сангуудын тоонд Э.Карнегийн сан, Дж.Рокфеллерийн сан, Э.Фордын сан ордог ажээ. АНУ-ын төр, засгийг элитүүд нь ийнхүү алсаас, далдаас удирдан чиглүүлж, өршөөлгүй хатуу гараар өөрсөддөө үйлчлүүлж байдаг. 

АНУ бол Америкийн нэгдсэн Бүгд найрамдах Улс юм. Энэ бол жинхэнэ утгаараа (иргэний ардчилсан улс гэх) ардчилсан улс биш, үндэсний хөрөнгөтний төртэй, дүр эсгэсэн ардчилалтай, холбооны бүгд найрамдах улс юм. “Ардчилал, хүний эрх, тэгш байдал”-ын төлөө гэх уриа, лоозонгийн ард нуугдаж, баг өмсөж, өөрийн иргэдээ болон өрөөл бусдыг хууран мэхэлж байдаг төр засагтай улс орон олон буй. Тэдгээрийн нэг нь л АНУ юм. Төр засгийн эрхийг нь ээлжлэн барьдаг хоёр том намын ард нь, дээр нь үндэсний хөрөнгөтний мафи бүлэглэлүүд л нуугдаж, хүссэн бүхнээ захиалан, лоббидон гүйцэтгүүлж байдаг. 


Үндсэн хуульт хаант засагтай улс, Бүгд Найрамдах улс, Ардчилсан төр засагтай улс (парламентын засаглалтай, ерөнхийлөгчийн засаглалтай, холимог засаглалтай) гэгдэгч аль ч оронд үндэстний хөрөнгөтөн, язгууртан, ихэс дээдэс, нэр нөлөө бүхий хүмүүс зэргээс бүрддэг элит давхраа гэж буй. Энэ давхрааныхан тухайн улс оронд түүхэн бүрэлдсэн, уламжлагдан үлдсэн элдэв холбоо, харилцааны тусламжтайгаар төр, засагдаа байнгад шахам нөлөөлсөөр иржээ. Энэнийг орчин үед цаад, далд, гүнийн төр засаг хэмээн нэрлэх болсон юм. Энэ гүнийн төр засаг нь “ямар шинжтэй, юу хүсдэг, далд нууц зорилго нь юу болох, ямар үзэл санааг ил, далд мөрдлөг болгодог” гэдгийг судалж таних, нээж илрүүлэх, тооцож байх нь нэн чухал юм. Төрийн хар хайрцагны бодлого-оос энэ нь ялгаатай байж ч болох талтай…


Сионы мэргэдийн протоколуудын үзэл санаа, зорилгыг далдуур баримталж ирсэн, баримтлахыг оролдсон, хэтийн нууц зорилгоо болгосон гүнийн төр засаг байхад ч гайхах зүйлгүй юм. Улстөрийн бодлого, зорилго бол байнгад л элдэв шинжийн субъектив эхлэл, гарвалтай байдаг. Орчин үеийн улстөр судлаачид энэ өнцгөөс харах, шинжлэх шаардлагатай болчихлоо. 4-5 жилээр сонгогдоод тардаг төр засаг яах вэ, цаадах, гүнийн төр засаг нь л чухал болчихоод байна даа!


Шинжлэх ухаан-техникийн хөгжил, дэвшил, соёл-иргэншлийн хөгжил, дэвшил, олон улсын харилцааны хөгжил, дэвшил, даяаршлын эрин үеийн их урь хүн төрөлхтөнд урд өмнө нь байгаагүй олон сайн, сайхныг авч ирлээ. Энх тайвнаар зэрэгцэн оршиж, уралдан хөгжиж, хэн хэндээ хүмүүнлэг, энэрэнгүйгээр хандаж аж төрөх таатай цаг үе ирлээ. Гэтэл энэ сайхан боломжийг зөв ашиглах, ядаж л XXI зуундаа дайн дажингүй амьдаръя гэх ухаан, хичээл зүтгэл гариг дахины маань томчуудад ч алга, бас дундчуудад нь ч алга. ХХ зуунд алагдсан, шархадсан, тахир дутуу болсон 100 гаруй сая хүний эмгэнэлт хувь тавиланг энэ зуунд ч олон арван сая хүн эдлэж болзошгүй болчихоод байна. Дэлхийн өмнөх дайнаа мартаад дараачийн их хөнөөлт дайныг хүсэмжлэх, өдөөх хүмүүс ч гарч ирлээ. Бүр иргэний дайны шинжтэй дайн ч дэгдлээ. Украины төр, засгийн эхлүүлсэн (2014 онд) дайн бол үнэн чанартаа ах дүү ард түмний, нэгэн угсаатны, нэгэн том гүрний иргэд байгсдын хоорондын аллага хядлага юм. Хятад, Тайваний хооронд дайн дэгдлээ гэхэд л тэр бол бас л иргэний дайн шүү дээ…


АНУ-ын төр засгийн хорон санаа, далд зорилгын золиос болж хохирохоос Украины төр, засаг сэргийлж, зайлсхийж чадсангүй. Харин тайваньчууд яах бол оо?


АНУ-ын түлхээс, зоригжуулалтаар Израиль бараг л бүс нутгийнхаа бүх улс оронтой эвлэршгүй зөрчил, эдгэшгүй өш хонзонтой боллоо. ХХ зуунд зовлон, гамшгийн далайд живсэн еврейчүүд XXI зуунд палестинчүүдийг зовлонд живүүллээ. Тэд уул нь зовлонд өртсөн хэрээрээ өр нимгэн болсон баймаар даа. Тэгдэггүй л юм байна. 

Дайны гал дээр тос нэмэх, милитарист ааш авирт хөтлөгдөх нь юунд хүргэдгийг Японы удирдлага ч мартчихсан бололтой. Уул нь ХХ зуунд тун ч том сануулга, зэмлэл хүртсэн юм шүү дээ. Европын ихэнх улс орон дэлхийн I ба II дайны явцад мөн ч ихийг үзсэн, туулсан билээ. Үхсэн, шархадсан, тахир дутуу болсон, олзлогдож, өлсөж зовсон, ойр дотны хүмүүсээ алдсан, орон байраа нураалгасан, шатаалгасан тэр бүх аюул, сүйрэл, гамшгийг тэд ч бас мартсан бололтой. 


Түүхээсээ сургамж үл авсны тахал бол жинхэнэ цар тахлуудаасаа ч үлэмж их гай гамшгийг тарьдаг нь үнэн юм. Өнөөдөр гэхэд л Украин цэрэг эрсийн энэ зууны хамгийн том оршуулгын газар, Газын зурвас хүүхэд, эмэгтэйчүүдийн энэ зууны хамгийн том оршуулгын газар болчихоод байна. Цар тахлын үеүдэд л ийм том том оршуулгын газар буй болж байжээ. Оюун ухаант хүмүүс, очиж очиж XXI зуунд ийм ч жигшүүртэй аллага, хядлага үйлдэх гэж дээ. Энэ адлага, хядлага гарахад хүргэсэн, өөгшүүлсэн санхүүжүүлсэн, зэвсэг нийлүүлсэн улс орнууд харамсах ч үгүй байгаа нь гайхал төрүүлэх юм. Хүмүүс бид чинь хэн, ямар амьтан болчихоод байна вэ?

Дайн, мөргөлдөөнүүд нь томрох, өргөжих тусмаа л АНУ-ын хувьд ер бусын ашигтай бизнес болчихоод байна. Тийм болохоор л АНУ дайны гал дээр байнгад л тос нэмэх болжээ. Ингэ ингэсээр өөр дээрээ цохилт авч гамшигт өртөх нь ч тодорхой юм. 



Судлаач, профессор Д.Чулуунжав