sonin.mn

Үндэсний үзэл гэдэг асар том ойлголт ажээ. Хэдий нэг тив. дэлхийн угшилтай хүмүүний хорвоод бид 8 тэрбумуулаа амьдарч буй ч тэр дунд үндэстэн болгоны өөрийн гэсэн бие даасан ондооших үзэгдэл, үзэл санаа цухуйж байдаг нь өнөөх үндэсний үзэл гээч нь юм. Жишээ нь, “Би монгол хүн” гэдэг жирийн нэг үг мэт боловч ардаа нутаг ус, хэл соёл, өв уламжлал гэх мэт олон онцлогийг агуулдаг Улс болгон л өөрийн гэсэн үндэсний үзэлтэй. Тухайлбал, Төв Азийн өндөрлөгт анхны төрт улс байгуулагдсан цагаас л бидний бодол оюунд өөрсдийн өвөрмөц үзэл санаа төлөвшсөөр ирсэн. Олон мянган жил улирах тусам энэ үзэл бидний цусанд шингэж, сэтгэлд хоногшин үлджээ.


Хэдий өнөөдөр АНУ-ын нэг хэсэгт багтдаг ч Хавай арлын уугуул оршин суугчид болох канака маоли нарын үндэсний үзэл маш хүчтэй, хоорондоо туйлын эв түнжинтэй, хамтач хүмүүс байдаг талаар National Geographic суваг онцолсон удаатай.


Дэлхийн II дайны үеийн Нацист үзэл баримтлал бол үндэсний үзлийн л нэг жишээ боловч арга зам, зан төлөв нь хэт гажсан. Үүнээсээ улбаалж өөрсдөөсөө өөр үндэстнийг үзэн ядах сэтгэлгээ урган гарчээ. Эндээс харахад улс орон болгоны үндэсний үзэл өөр өөрийн хэв маягийг агуулж байдаг. Харин монголчуудын үндэсний үзэл бусдаасаа илүү өвөрмөц гэдгийг энд дурдах хэрэгтэй. Өвөг дээдсээсээ өвлөн авсан энэ үзэл санаанд хэн нэгнийг үзэн ядах сэтгэлгээ огтоос байхгүй. Бүр Их Монгол Улсын үеэс Pax Mongolica буюу Монголын их амар амгаланг Европын орнуудын соёлт нийгэмд тогтоосон үндэстэн бол бид. Өөрөөр хэлбэл монголчуудын үндэсний үзлийн хамгийн гол утга санаа нь ёс суртахуунтай байх зарчим бөгөөд гагцхүү монгол хүний оюун санаа, газар нутаг, бусад үнэт зүйлсийг хамгаалж дархлаажуулахад ямар нэгэн хүчирхийллийн хэлбэрээр бус хүндэтгэн дээдлэх, өв уламжлалаа үр хойчдоо үлдээх үзэл санааг дэмждэг байсантай холбоотой. Ингэж бодохоор үндэсний үзлээ хамгаалж байгаа нэртэй бүлгэмүүд (Хамаг Монгол, Даяр Монгол, Хөх Монгол гэх мэт) хэт өмчирхөх үзэл гаргаж гаднын иргэдийг дээрэлхэх, доромжлох, шантаажлах үзэгдэл нь бидний яриад байгаа үндэсний үзэлтэй огт холбоогүй болж таарна. Тэдгээр бүлгэмүүдийг сайн анзаарвал Неонацист үзэл санаатай гэж өөрсдийгөө тодорхойлдог ч өнөөх л дэлхийн II дайны үеийн үзэл санаа цухуйж л байгаа. Зарим нэг нь бүр улс төрчдийн гар хөл болоод явж байгаа нь тодорхой харагддаг. Үүнийг хэт туйлшрал гэж тодорхойлж болно. Тиймээс бид өөрийн уламжлал, түүхээ илүү соёлч байдлаар хадгалан хамгаалах, дэлхий дахинд сурталчлан таниулах нь хамгийн зөв зам. Тэр тусмаа XXI зуунд энэ талаар төр, засгаас тусдаа бодлого гаргаж, нийтийн дадал хэвшил болгох нь өнөө цагийн тулгамдсан асуудлын нэг болоод байна.


Жишээ нь, хэдэн жилийн өмнөөс Өмнөд Солонгост хэт баруунжих үзэл дэлгэрсний гайгаар солонгос хэлэнд англи үг хэллэг түгээмэл хэрэглэгдэх болсон. Эх хэл гэдэг тухайн үндэстнийг гаднын соёлын нөлөөнөөс тусгаарлах хамгийн том дархлаа байдаг. Тиймээс тус улсын Засгийн газраас түүхийн сэдэвтэй кино, уран бүтээлийг бодлогоор дэмжиж эхэлсэн.


Мэдээж түүхэн сэдвийн бүтээл тул үг хэллэг нь ч ямар нэгэн гаднын хэв шинжийг ашиглахгүй. Дайнд ялагдсан япончууд залуу үеэ Баруун Европын орнууд руу сургуульд явуулж улсынхаа боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн ч үүнээс үүдэж мөн л хэл, соёлын хувьд хэт баруунжих үзэгдэл бий болсон тул дунд сургуулийн боловсролын системд үндэсний дуу, бүжгийн хичээлийг бодлогоор багтаасан байдаг. Тиймээс одоо л бид монголын ард түмний, тэр тусмаа залуу үеийн үндэсний үзлийг сэргээх, өв уламжлалаа хадгалан авч үлдэх дорвитой ажлуудыг хийх шаардлагатай юм. “Соёмбо" сонины 2025 оны 3 дахь дугаарт манай сурвалжлагч О.Дашням нэгэн номын клубт очсон талаараа бичсэн. Тус клубт очсон залуучууд монгол зохиогчтой номоо уншдаггүй мөртлөө гадаадын ном, зохиолыг илүү ойлгодог болсон гэж ярьсан талаар тэрээр өөрийн үзэл бодлоо хуваалцаад амжсан. Энэ бол үзэл санааны хувьд гаднын соёлд уусаж байгаагийн бодит жишээ юм. Өнөөдөр залуучуудад зориулсан телевизийн нэвтрүүлэг, цахим подкаст ихээр цацагдаж байна. Тэдгээрээс анзаарагдсан нэг зүйл нь, нэвтрүүлэгт оролцогчид гадаад үг хэллэгийг эх хэлтэйгээ холин ашиглаж буй нь түгээмэл. Магадгүй тухайн хүн гадаад хэлний өргөн мэдлэгтэй байж болох ч энэ нь хэл, соёл, өв уламжлалаа уландаа гишгэж байгаатай агаар нэг.


Гаднын соёлыг хэт их шүтэх нь асар том сөрөг нөлөөтэй, тэр тусмаа бидний цөөхөн монголчуудад. Хэрэв энэ хандлага даамжирвал манай улсын үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөх нь цаг хугацааны асуудал болно.


Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт дайн дажин, зэвсэгт мөргөлдөөн болсоор байна. Геополитикийн чухал бүсэд оршдог манай улсад ч болзошгүй цаг үе тулаад ирэхийг үгүйсгэхгүй. Харин яг тэр мөчид гаднын соёлд хэт ууссан, гадаад руу гарч ажиллаж, амьдрах мөрөөдөлтэй залуу үе маань зэвсэг бариад эх орноо хамгаалах уу гэдэг эргэлзээтэй. Үүнтэй холбоотой хамгийн ойрын кэйс байгаа нь Орос-Украины дайн эхэлж ОХУ даяар дайчилгаа зарлахад хэдэн мянгаар тоологдох орос иргэн манай улс руу орж ирснийг бид бүхэн санаж байгаа. Одоо ч тэдгээр оросууд байсаар л байна. Бүр муугаар бодъё. Монголчууд өнөөдөр Америкийн ногоон карт, Шенгений эсвэл Солонгосын виз гаргуулах гэж улайрч байна. Үүнийг нь далимдуулаад томоохон гүрнүүд монголын иргэдэд “Бид иргэншил олгоё, оронд нь нутгаасаа гар” гэвэл эх орондоо үлдэх хүн байх болов уу гэдэг мөн л бодууштай зүйл. Тиймээс гаднын соёлд хэт их уусахаасаа өмнө үндэсний үзлийг дэлгэрүүлэх ажлуудыг хийж, залуу үеэ энэ талаар сурган боловсруулах нь нэн шаардлагатай ажил болоод байна. Батлан хамгаалах салбар 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил" болгон зарлаж олон ажил, үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж, эхнээсээ хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. Гэвч энэ бол зөвхөн нэг салбарын хэмжээнд бус улсаараа нэгдэж, энэ талын ажил, үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлэх нь чухал болоод байна.



Эх сурвалж: "Соёмбо" сонин