sonin.mn

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2011 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар “УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Ц.Шинэбаяр нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Тавантолгойн нүүрсний ордын Ухаахудагийн хэсгийг Энержи ресурс ХХК-д олгосон болон Тавантолгойн ордыг ашиглахтай холбогдсон зарим асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонссон тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.


Түрүүч нь 


Даш.Зоригт: Засгийн газрын ажлын хэсэг дөрвөн сар хэлэлцээд Тавантолгойгоос салангид орд болох Ухаахудагийг “Энержи ресурс”-т үлдээхээр шийдвэрлэсэн


УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл:


-Тавантолгой бол ард иргэдийн өмнө, манай улсын өмнө томоохон асуудал болж байгаа эд л дээ. Яах вэ, УИХ-ын тогтоолоор, сая Даш.Зоригт сайдын хэлдгээр ард иргэд 10.0 хувь, аж ахуйн нэгжид 10.0, гадаадын хөрөнгө оруулалтад 30.0 хувь гэж байгаа юм. Тэгэхээр нийт Тавантолгой бол өнөөдөр 5-6 лиценз болчхоод байна шүү дээ.


Жижиг Тавантолгой, Дайцүки, Ухаахудаг, за тэгээд одоо Цанхийн баруун, зүүн гэх мэт. Тэгэхээр энэ нийт лицензийн хувьд ард иргэдэд 10.0 хувийг олгох ёстой юм биш үү. Яагаад гэвэл улсын хөрөнгөөр энэ Тавантолгойг чинь нөөцийг нь тогтоож хайгуул хийлээ шүү дээ.


Одоо бол зүгээр ганц тэр “Энержи ресурс” буюу Ухаахудаг энэ хуулийн дагуу 50.0-иас дээш хувийг нь авчихсан, тэрийг нь өгчихсөн гэж яриад байгаа юм л даа. Хэрэв тэгж бүтнээр бид энийг чинь тэгж байх юм бол ахиад тэр лиценз хуваарилж байх ямар хэрэгтэй юм бэ. Тэр жижиг Тавантолгой, Цанхи. Тэгмээргүй байхгүй юу. Бүхэл бүтэн том зургаан триллион энэ ашигт малтмалын нүүрсний ордыг чинь тэр бүгдээс нь ард иргэддээ 10.0 хувь аж ахуйн нэгж гэж, УИХ тэгж л бодож олгож байгаа гэж үзээд байгаа шүү дээ.


Нэгэнт Зүүн Цанхиас гэж Засгийн газар тогтоол гаргаж байгаа бол энийгээ хэзээ нийт бүх лицензүүдээс нь 10, 10 хувь болгох юм бэ. Эсвэл одоо ингээд ганцхан энэ Зүүн Цанхиар ард иргэдийг хуураад хийх гээд байгаа юм уу. Энэ болохгүй л асуудал гэж миний хувьд үзэж байна.


Яагаад гэвэл энэ газрын доорх хэвлийн ашигт малтмал ард түмний өмч гэж байгаа. Тэгэхээр энэ Ухаахудаг ч бай, баруун зүүн Цанхи ч бай, энэ бүгдээс нь 10.0 хувь нөгөө УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ёстой юм биш үү. Ийм маягаар бид УИХ-ын зарим гишүүд, энэ дээр ер нь Ерөнхий сайдтай, УИХ-ын даргатай ярьсан шүү дээ. Энэ нь зүйтэй юм аа гэж. Энэ дээр юу гэж бодож байгаа юм бэ. Энийг нэг хариулж өгөөч?


ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт:


-Ер нь бол энэ Тавантолгойн орд газрын лицензийг сая ингээд хуваачихсан юм биш. Ц.Цэнгэл гишүүн энийг маш сайн мэдэж байгаа. Хэлэлцээрийн үед энэ асуудал яригдаж л байсан. Энэ “Энержи ресурс” гэдэг компани бол өөрөө тухайн үедээ 14-15 Монголын компаниудын хувь оруулсан ийм компани байсан. Тэр үед энэ компани ялгаа байхгүй одоо энэ төрийн мэдэлд шилжсэн байгаа зургаан лицензийг эзэмшдэг байсан.


Түүний тавыг нь төр өөрийнхөө мэдэлд авсан. Тэр үед энэ жижиг Тавантолгой тусдаа байсан. Жижиг гэдэг нь орон нутгийн эзэмшлийн “Тавантолгой” ХХК. Тухайн үедээ Засгийн газраас шийдвэр гарахдаа Ашигт малтмалын тухай хууль дээр “Орд ашиглах гэрээгээр ордын ашиглалтын нөхцөлийг тодорхойлно” гэж заасан байдаг.


Энэ орд ашиглах гэрээнийхээ дагуу таван лицензийг нь төр аваад зургаа дахь лицензийг нь үлдээгээд, харин өнөөдрийг хүртэл авч явсан, зарчихаагүй, үрэгдүүлээгүй, нэг тонн нүүрс гаргачихаагүй үндэсний энэ 14, 15 компанидаа талархлаа илэрхийлээд, тэгээд харин УИХ-ын тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” компанийнхаа хувьцааг 10.0 хувийг нь ард иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлээ гэсэн шийдвэр гарсан. “Эрдэнэс Тавантолгой” компанийн лиценз нь юу байх вэ гэхээр “Эрдэнэс МГЛ” компаниасаа лицензийг нь шилжүүл гэсэн байгаа. Тогтоол дээр маш тодорхой заагаад өгчихсөн.


“Эрдэнэс МГЛ” компаниас лицензийг нь шилжүүлээ, “Эрдэнэс Тавантолгой” компанийнхаа 10.0 хувийг ард иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлээ гэсэн байгаа. Тийм учраас энэ дээр хуурч байгаа юм уу, ямар нэгэн байдлаар төөрөгдүүлж байгаа юм байхгүй.


Яг УИХ-ын 39 дүгээр тогтоолын заалтын дагуу хийсэн. Зүгээр бусад орд газруудын хувьд, бусад энэ лицензүүдийн хувьд УИХ-аас шийдвэр гарах ёстой юу гэвэл бид нар урьд УИХ-ын гишүүдээс нэг бус удаа асуулга тавьж шаардлага тавьсны дагуу “Энержи ресурс”-тай энэ асуудлыг УИХ дээр оруулж ирэх асуудлыг бэлтгэж байна. Бэлэн болохоор нь яамдуудын санал аваад гараад ирэхээр Сангийн яамтай, юутай ийтэй хамтраад УИХ дээрээ хэлэлцүүлнэ.


УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл:


-“Энержи ресурс”-т мэдээж Тавантолгойн лицензийг хадгалж байсанд хүн болгон баярлаж байна. Тэрийг хүн болгон мэдэж байгаа. Тэгэхээр зургаан лиценз байсан гээд байгаа шүү дээ. Тэгэхээр зургаан лицензийн нэгийг нь 51.0-ээс дээш төр эзэмшинэ гэдгээрээ өгч байгаа юм уу. Лиценз болгон дээрээ 10.0 хувь байх юм уу. Энийг юу гэж ойлгоод байгаа юм бэ. УИХ-аас ийм л тогтоол гаргуулъя гэж бид яриад байгаа шүү дээ. Яагаад гэвэл ард иргэдийн лиценз, одоо энэ хувьцааг, 536 ширхэг хувьцаа бүх лицензээс оногдох юм бол илүү их хувь оногдох гээд байна. Ингэж байж ард түмний амьдрал сайжирна. Ингэж байж баталгаатай хөрөнгөтэй болно гэсэн ийм санаа байгаа юм л даа. “Эрдэнэс МГЛ”-ын хувьд бол ганцхан баруун Цанхи, зүүн Цанхиас л одоо энэ 10, 10 хувийг ингэж олгоод байгаа?


ЭБЭХ-ний сайд Даш.Зоригт:


-Би бас хэлээд байгаа юм. УИХ-ын тогтоол дээр маш тодорхой бичсэн байгаа. Зүүн Цанхи биш, баруун Цанхи биш, “Эрдэнэс МГЛ”-д байгаа Тавантолгойн лицензүүдийг “Эрдэнэс Тавантолгой”-д шилжүүлээ. “Эрдэнэс МГЛ”-д бол одоо яг таван лиценз байгаа шүү дээ. Компанийнхаа 10.0 хувийг, лицензийн 10.0 хувь биш шүү дээ. Энэ компанийнхаа 10.0 хувийг иргэддээ хувьцааг нь үнэ төлбөргүй эзэмшүүлээ гэсэн. Энийг яг Засгийн газар УИХ-ын тогтоолын дагуу хийж байгаа гэдгийг хэлэх гэсэн юм. Энэ үндэсний 14-15 компани маань тухайн үед Засгийн газартай хэлэлцээр хийхдээ “Бид нар энэ зургаан лицензийнхээ тавыг нь шилжүүллээ шүү. Энэ нь ашигт малтмалынхаа хуулийнхаа дагуу, орд ашиглах гэрээний дагуу шилжүүлж байгаа юм шүү. Харин үүгээр төрөөс хуулийн дагуу авах арга хэмжээнүүд дуусч байгаа юм шүү” гэдгээ энэ гэрээнд заасан л байгаа. Энийг компаниуд маань санаж л байгаа шүү дээ. Тухайн үедээ хэлэлцээр хийж байсан юм чинь.


УИХ-ын гишүүн Н.Ганбямба:


-Тавантолгой гэдэг ойлголтыг ард түмэн бүхэлд нь ойлгодог л доо. Тавантолгой гээд том талбайтай, тэр дээр байгаа бүх орд газар 6.4 тэрбум тоннын таамагласан нөөц гэж ярьдаг байх аа. Тэгэхээр энэ бол их том орд газар. Гэтэл ингээд яг яригдаад ирэхээр дотроос нь Ухаахудаг буюу нэг хэсэг нь орон нутгийн өмчтэй, орон нутгийн өмч 51.0 хувьтай байгаа. Орон нутгийн өмч гэдэг чинь төрийн өмчийн маань нэг хэлбэрийг хуульчилсан байгаа шүү дээ. Тэрний 51.0 хувьтай жижиг Тавантолгой гээд, Ухаахудаг гээд бид хар яриагаар ярьдаг..


Энэ хоёрыг оруулахгүйгээр бас Тавантолгой гарч ирчихээд байгаа. Одоо том Тавантолгойгоо энэ Ухаахудаг, орон нутгийн Тавантолгой хоёрыг чинь хасч яриад байгаа шүү дээ. Уг нь бүхэлд нь Тавантолгой бол нэг том ойлголт.


Хоёрдугаарт нь, улсын хөрөнгөөр геологи хайгуул хийгдсэн ийм газар байдаг. Тэр утгаараа энэ Ухаахудаг буюу яг өрөм нь гэж ярьдаг даа. Ер нь манай монголчуудын ярьдгаар бол хамгийн сор болсон. Тэгээд ч ер нь бараг хүрвэл дээд талаасаа гараад ирэхээр, ашиглалтын зардал ч их багатай, тэр хэсэг бол яах аргагүй Ухаахудаг юм шиг байгаа юм. Тэгэхээр олны анхаарал хандахаас өөр арга байхгүй. Энэ Ухаахудаг чинь яахаараа том Тавантолгойгоос гадна яригдаад байдаг юм бэ. Тавантолгой гэдэг ойлголт дотор чинь Ухаахудаг чинь орчихсон явж байдаг. Нөгөө хуулийн өмнө иргэн бүхэн тэнцүү байх хэрэгтэй гэдэг нэг том зарчим, ардчиллын нэг гол зарчим болгоод яриад байдаг. Гэтэл яахаараа энэ чинь ингээд зарим улсууд нь, нэг хэсэг нь ингээд байдаг юм бэ.


Жижиг Тавантолгой гэсэнд хорин хэдэн хувьтай хүн бол ашиг сонирхлын зөрчилтэй гэхээр байна. Аймгийн Засаг даргын зөвлөх гэдгээр 51.0 хувьтай ТУЗ-ийнх нь дарга хүртэл болчихсон. Тэр жижиг Тавантолгой, Ухаахудаг хоёр бол хоёулаа анхаарал татаж байгаа юм. Энэ бол Тавантолгой дотроо орж тооцох ёстой юм.


Тэгээд Монгол Улс төртэй бол, засагтай бол, төр шиг төртэй, засаг шиг засагтай байж энэ орд газруудыг ижил тэнцүү эрхтэй ашиглах, хүртэх энэ боломжийг нь олгох үүднээс том Тавантолгой гэдэг нэрээрээ явбал яасан юм бэ. Ийм санал хаа сайгүй гарч ирдэг. Тийм учраас өнөөдөр энэ асуудал зориуд хөндөгдөж яригдаж байгаа юм болов уу гэж ойлгоод байгаа шүү дээ. За яах вэ, ингээд зарцуулсан хөрөнгө оруулалт гэвэл тооцоо гарах л байх. Гэхдээ төр засаг чинь ерөнхийдөө тодорхой хэмжээний нөхөн олговрыг олгоод авах тийм боломжууд байдаг л даа. Тэгээд ер нь нийтдээ Тавантолгойгоо нийтэд нь авч хэлэлцэж ярьж болохгүй гэдэг нэг асуудал байна. Одоо Тавантолгойн асуудал УИХ-аар орж ирнэ шүү дээ. Түүнээс гадна, ер нь энэ лиценз гэдэгтэй холбоотой нэг зүйл хэлэхэд Ашигт малтмалын хууль бол яг нарийндаа өнөөдөр ашигт малтмалын гэж хэлэхийн аргагүй хууль шүү дээ. Зөвхөн цаас. Лицензээр эрдэс баялаг маань хэдэн улсуудын хармаанд, хармаанаас хармаанд дамжаад, ихэнх нь хужаа нарын гарт орчихсон явж байна. Тэгэхээр зэрэг нэгэнт энэ асуудал хөндөж байгаа дээр ер нь энэ лицензийг нийтэд нь журамлавал яасан юм бэ. Тавантолгой, Ухаахудаг ярьж байгаа дээр нэмээд хэлэхэд нийт улсын хэмжээнд байгаа энэ лицензүүдийг журамлахгүй бол бүр хэрээсээ хэтрээд явж байна. Одоо Монголын газар нутаг дээр ерөөсөө хичнээн хятадууд орж ирээд байж байгаа тоо нь алдагдсан.


Яг ний нуугүй хэлэхэд хэдэн хужаа нарыг хөөж гаргаж байна гээд байна. Тэрнээсээ их тооных орж ирдэг юм шиг байгаа юм. Тэгээд энэ лицензүүдийг шинээр олгохыг зогсоосон хэдий боловч худалдаалахыг нь зогсоогоогүй. Тийм учраас одоо хятадуудын гарт бүр их бөөгнөрч байна.


Ний нуугүй хэлэхэд энэ бэлчээр гэдэг дээрээ бид нар бэлчээрийн хууль хэлэлцэж байгаа. Ашигт малтмалыг бэлчээрийнхээ газар нутаг дээр хориглох ёстой байгаа юм. 156 сая га Монгол Улс 115 сая бэлчээртэй болж байна. 121 саяасаа ингээд багасаад яваад байгаа шүү дээ. Уул уурхай гэсээр байгаад ухаж төнхдөг. Тийм учраас энэ лицензийнхээ асуудлыг бас давхар УИХ, Засгийн газар ярих цаг болсон. Гэтэл улсын хэмжээнд аймаг, сумуудын нутгуудаар дүүрэг лицензүүд хятадуудын гарт орчихлоо. Энийгээ цэгцэлье. Лицензүүдийг хүчингүй болго. Худалдаалахыг нь зогсоогоод, хүчингүй болгоод, энэ бүх хэдэн том эдийн засгийн эргэлтэд орж байгаа хэдийг эс тооцох юм бол орд газруудыг хаачих боломж байгаа шүү дээ. Ялангуяа алтны орд газруудыг хаачихад Монгол Улс нэг их эндээс нөлөөлөх юм байхгүй. Ирээдүйд олох орлогоо одоогоор түрүүлж авч идээд байгаа байхгүй юу. Тийм учраас бүх лицензийг цуцлаад эргүүлээд цоо шинээр ярьж Монгол Улс анх удаагаа энэ бас Ашигт малтмалын хуультай болмоор байна шүү дээ. Ашигт малтмалын хууль гэж өмчийн харилцааг хэлж байгаа юм. Гэтэл одоогийн хуулиа хар даа. Зөвхөн лицензийн хууль болчихсон. Зөвхөн лицензээр эрдэс баялаг маань гадныхны гарт, хармаанд ороод яваад байдаг. Энийг зогсоох талаар журамлах нь зүйтэй юм. Ийм саналыг бас давхар хэлмээр байна.


Үргэлжлэл бий…


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин