sonin.mn

Украин дахь Оросын цэргийн “СВО” тусгай ажиллагаа 3.8 дахь жилдээ (1307 өдөр шөнө) шилжиж байгаатай холбогдуулан Путины эхлүүлсэн дайн ба тэр дайны толгойлогч Путины талаар украины ба барууны улс төрчид, мөн оросууд өөрсдөө хэрхэн дүгнэж үнэлсэн тухай хөрвүүлж буулгая. Энд sonin.mn сайтын редакцын байр суурь огтоос тусгагдаагүй болно.


Фронтын байдал Орост ашигтай эргээгүй, стратегийн ялалтгүй, гэхдээ 700 мянган цэргээ аваачаад байлдуулж байгаа нь яалт ч үгүй нүцгэн үнэн. “Цэргийн тусгай ажиллагааны хүрээнд оросын 700 мянган цэрэг байлдааны шугам дээр байна”


–Путин бахархалтайя хэлж байна. Гэвч Покровскт бүтэн жил хагас байлдаж, санаачилга авах гээд алуулж хөнөөгдөж байгааг харвал бүтэлтэй юм ганц ч байхгүй. Украины зэвсэгт хүчин Покровск чиглэлд оросын армийн улайрсан довтолгооныг тогтоон барьж, одоо сөрөг довтолгоо хийж 7 сууринг чөлөөлж, 9 сууринг цэвэрлэжээ. Оросын 51-р армийн 5 бригад бүслэгдсэн, тогоонд орсон, тулалдаан үргэлжилж байна. Энэ 7 хоногтоо Оросын цэргийн хохирол 1 сая 100 мянгад хүрэхээр байна, учир нь хоногтоо 900-1000 цэрэг нь жагсаалаас найдвартай хасагдаж байна. 


Оросын Z-патриот Максим Калашников яс хавтайтал үнэнийг хэлжээ:


–Ингэхэд бид зөвхөн оросуудын мужуудыг чөлөөлөх гэж явж орсон, одоо тэднийг нурсан аймшигт балгас болгож хувиргасан. Тэгж тэгж бид Новороссийн орос мужуудыг л гэсгээн цээрлүүлэх шив. Ямар ч Львов бүтэхгүй, Киев ч тэр, тэр ч байтугай Одессыг ч авч чадахгүй, Приднестровыг бүслэлтээс гаргана гэж бүтэшгүй гэдгээ бид маш сайн ойлгож байна. Харамсалтай байна, Украиныг Орост нэгтгэх мөрөөдлөөсөө одоо хагацах хэрэгтэй болж дээ!


–Калашников яг л голоор нь хэлж зөвлөжээ. Сонины нийтлэл байна. Оросын Томск мужаас дайчлагдан Украинд очсон цэргүүдийн 4/1 нь алуулсан, сураггүй алга болсон.


Владимир Зеленский ABC News-д ярилцлага өгөхдөө:


–Путин он дуустал Донбассыг авч чадахгүй. Дөрвөн сарын дотор Донбассыг эзлэн авна гэж бүтэшгүй. Бараг 4 жил байлдаж байж Донецк мужийн 30%-ийг л Путин эзлэж авсан. Харин нэг сая хүнээ алдсан. Үнэ цэнэ ердөө л энэ. Украин нь энэ бүс нутгийн 3/1-ийг бүрэн хянаж байна гээд цааш нь дайны туршлагаа ингэж дүгнэжээ. “Бид одоо гадаадад сургахгүй, харин гадаадын сургагч багш, офицерууд энд ирж сургаж байна. Энэ дайн бол маш хүнд, шинэ, бас технологийн дайн юм. Иймд тэд ч бас дайны талбарт энд ирж өөрсдөө суралцаж, биднээс сонсож байна” гэжээ.

 

Sky News-д ярилцлага өгөхдөө Зеленский оросуудад хандаж хэлжээ:


–Надад оросуудад хандаж хэлэх юм алга. Учир нь тэд чихгүй толгойлдог, сонсохыг хүсдэггүй. Харин хэдэн жилийн дараа тэд уучлах гуйх болно. Тэдний үр хүүхэд, ач нар уучлал гуйна. Жил өнгөрнө, энд ирж байлдаагүй оросууд, тэдний ач нар биднээс уучлахыг хүсэх болно. Би оросуудад ямар нэгэн илгээлт явуулахгүй, тэгэхгүй. Тэд сонсох хүсэлгүй, тэд өөрсдийнхөө аквариумд амьдарч байна. Миний эцэг 77 настай боловч 18-тай орос хөвгүүд охидоос илүү залуу байна, учир нь тэд эрх чөлөөгүй. Тэд бол ертөнцийг яг Орос шигээ гэж үздэг тийм нийгэмд амьдарч байгаа учраас тэр. Энэ л хачин байна. Оросуудад хандан сануулах ганцхан зүйл бол оросууд эрт орой хэзээ боловч Путины дайны өмнөөс уучлал гуйж таарна. Ойлгож ухаарахгүй ч гэсэн уучлал гуйна. Үүнийг нь тэдний ач нар хийхэд хүрнэ гэжээ.


Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер АНУ-ын Ерөнхийлөгчтэй хамт хэвлэлд ярилцлага өгөхдөө:–Сүүлийн өдрүүдэд Путин жинхэнэ нүүр царайгаа харууллаа. Эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойшхи хамгийн том довтолгооноо өрнүүлж, дахин цус урсгаж, гэм зэмгүй хүмүүсийг хөнөөлөө. НАТО-гийн агаарын орон зайг урьд өмнө байгаагүйгээр зөрчлөө. Энэ бүхэн бол энх тайвныг хүсч буй хүний үйлдэл огтоос биш юм гэжээ.


Дональд Трамп гэнэт ухаарсан мэт хэлж байна:–Америк дэлхийн 7 мөргөлдөөнийг зохицуулж чадсан. Путин бид хоёрын харьцаанаас үүдэлтэйгээр хамгийн энгийн шийдэгдэх нь Украин-Оросын асуудал гэж би бодсон. Гэвч Путин миний итгэлийг алджээ. Үнэхээр алджээ. Путин маш олон хүний амийг хөнөөлөө.


Алснаасаа илүү их орос цэргээ алдаж байна. Өөрөөр хэлбэл оросын цэргүүд украиныхаас илүү ихээр тэнд үхэж байна. Би Орос- Украины дайныг хамгийн хурдан дуусгана гэж бодож байсан. Гэвч энэ бол миний хувьд бүтэлгүйтэл боллоо. Зеленский, Путин нар миний оролцоотойгоор уулзах боломжтой. Гэвч тэд бие биенээ үзэн ядаад амьсгалж ч чадахгүй байна. Путин яагаад үзэн ядаад байдаг юм бол доо гэхчлэн ярьж харагдав. Трамп Украин дахь дайн зогсоох цөхрөлийн үгсээ дахин давтав. Путиныг дайнаас нь гаргахыг албадаж чадах нь Хятад л байна, Хятадыг Европ сайн боож хавчаад өгвөл тэд Путинд нөлөөлөх болно. Хэрэв нефтийн үнэ унавал Путин дайныг зогсоохоос өөр аргагүй болно. НАТО-гийн бүх орнууд, Европ Оросоос газрын тос худалдаж авахаа болих үед би Оросын эсрэг ноцтой хориг арга хэмжээ авахад бэлэн байна гэхчлэн ярьж харагдав. Трампын томилсон тусгай элч бэлтгэл генерал Кит Келлогг ярьж байна, хүлээн зөвшөөрч байна:–Трамп надаас Орос ялж байна уу гэж асуусан. Би үгүй гэж хэлсэн. Би түүнд генерал Кейнээс асуу гэж хэлсэн, тэр ч бас үгүй гэсэн. Хэрэв Путин ялж байгаа бол Днепрээс баруун тийш Киевт, Одесст очиж, Засгийн газрыг нь солих байсан биз. Энэ дайнд Орос ялагдаж байна. Украин нь нисэгчгүй нисэх онгоцны технологиор АНУ-ыг гүйцэж түрүүлсэн, бид тэднээс ихээхэн хоцорч байна. Бид украинчуудад талархах ёстой. Тэд маш их амжилтад хүрсэн гэжээ.


Сэтгэл эмзэглүүлсэн нэгэн мэдэгдэл польшийн цэрэг ТВ-ээр хийж байна. “Хэрэв Украин унавал дараагийнх нь Польш болно. Польш ах эгч нар аа, дайн санаснаас чинь илүү ойрхон байна шүү. Туслаарай Украинд. Эх орноо хамгаалахад бэлэн байгаарай” гэж Украины талд тулалдаж буй 18 настай Войцех Антони ярьжээ.


 Оросын бүтэлгүйтлийг хурцаар, яг онож тодорхойлдог нэг улс төрч Скандинаваас төрсөн. Тэр нь Финландын Ерөнхийлөгч. “Oрос хаашаа явж байна вэ? Би чин сэтгэлээсээ хэлэхийг хүсч байна. Тэдний одоогийн дэглэм, Путины үед би тийм ч их өөрчлөлтийг Оросоос олж харахгүй, найдваргүй. Өнгөрсөн үетэйгээ амьдардаг, харьцах чадваргүй улс орон ирээдүйгээ олж хардаггүй, маш их хэцүү” гэжээ. Дэлхийн II дайны ялалтын 80 жилийн ой тэмдэглэж буй энэ өдрүүдэд Европыг чөлөөлөхөд түүхэн гавьяа байгуулсан америкийн танкийн цэргийн генерал Жорж Паттоны “Нацистуудын дараагийнх нь оросууд шүү!” гэсэн үгс сайтуудаар ид цууриатав. СССР бол Дэлхийн II дайнаар Европыг чөлөөлсөн юм биш. Европын 3/2-ыг АНУ, Их Британи чөлөөлсөн. Харин 3/1-ийг нь Зөвлөлт Холбоот Улс эзлэн авсан. Чөлөөлсөн биш эзлэн авсан. Чөлөөлнө гэдэг бол эрх чөлөө өгөхийг хэлнэ. Харин СССР бол эзлэн авсан орнууддаа боолчлол тогтоосон! Европт ямар ч эрх чөлөө СССР авчраагүй!


Оросын дотоодад дайны ачааг даах нь улам хэцүү болж, Дмитрий Медведев, түүний толгойлдог “Единая Россия” нам 2026 оны төсвийг цэргийн төсөв байх болно гэж зарлажээ.


Дөрвөн жилийн өмнө оросууддаа эрх баригчид нь “Украиныг 2-хон өдөрт ялна” хэмээн довтолж орсон, бүх зүйл маш хурдан, Орост ямар ч хохиролгүй, дараа нь ялалтын парад, бат цул хөгжил цэцэглэл гэж амласан. Гэтэл одоо хаана явна, бид. Ирэх оны хоёрдугаар сард дайн 5 дахь жил рүүгээ шилжинэ. Тэр үед дайны төсөв батална. 2026 онд дахин хэдэн зуун мянгаараа үхэл хорогдолтой, бас оросын пуужинд украины төчнөөн энгийн иргэд үхнэ гээд тооцчихсон. Гол нь Орос руу хар ууттай шарил цувж өгнө. Харин Путины найз нарын халаас руу триллионоор тоологдох рубль урсаж орно хэмээн оросын нэг блогер бичжээ. “Ксения Собчак vs Андрей Макаревич” гэсэн ярилцлага twitter-т явж байна. Эрүүл хэвийн хүн Цэргийн тусгай ажиллагаанд оролцох ёстой гэж үү хэмээн маргалдав. Алдарт рок-од, ОХУ-ын ардын жүжигчин хэлж байна:–Үйл олноор нь хүн алж байгаа бол эрүүл хэвийн байх учиргүй дээ! Хариуд нь хатагтай Собчак гөжүүдлэн “Нацизм ба Донбассыг бөмбөгдсөнийг юу гэх гээв?” гэв. Макаревич сөргүүлэн:–Эхлээд наад өөрсдийнхөө нацизмын учрыг олчих! Кремлийн суртал ухуулгачид л цөхрөхгүйгээр “аман ялалт”, “аман террор”-оо улиглана. Польшийн агаарын орон зайг хамгаалахад туслахаар Франц нь гурван Rafale сөнөөгч онгоц илгээсний хариуд Польшийн нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсгээр цохилт өгнө хэмээн Владимир Соловьев сүрдүүлэв. “Макрон Францын түүхэнд сүүлчийн Ерөнхийлөгчөөр бичигдэхийг хүсэж байна гэж би зөв ойлгов уу? Гэвч цөмийн дайн эхэлбэл Францын түүхийг бичих хүн үлдэх ч үгүй”–ёстой ориг заналхийлэл! 

 

Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь