sonin.mn

Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөнө гэснээр МАН доторхи далд хямрал, задрал ил гарав. Ингэснээр монголчуудын “улс төрийн анализ” хийдэг архаг өвчнийг хөдөлгөөж орхив. Улс төрийн анализ юу байхав, зүгээр л нам төрийн дээд албан тушаалд хэн хэн очихыг тааж байгаа царай нь тэр юм. Энэ дасаж сурсан, тэнэг арга нь наадмын бөх тааж байгаатай адил. Харин энэ бүх үйл явцын цаана улс төр-нийгмийн ямар үзэгдэл, хандлага бий болсон, ямар ямар эрх ашиг зөрчилдөж байгаа, төр, төрийн удирдлага, түүний үр дүн ямар байгааг шинжлэн үзвэл сая улс төрийн жинхэнэ анализ болно. Энэ талаар би олон жилийн турш байнга үглэж ирсэн боловч монголчуудын олонхийн сэтгэлгээний хэвшиж, хоцрогдсон хэв маяг үүнийг ойлгох чадваргүй, шинжлэх ухааны анализыг цаг ямагт доош татаж, бүдүүлэгжүүлдэг том зовлон бий…


Дангаар ялахын зовлон


Сүүлийн 10 гаруй жилд МАН сонгуулийн үл явцыг бүрэн хянадаг болсноор сонгуульд ялагданагэхийн зовлонгүй болов. “Ардчилсан орон” гэдгээ харуулахын тулджижиг намуудад хэдэн суудал хуваарилах цорын ганц ажилтай болов. Жижиг намууд ч гэсэн хувь заяатайгаа эвлэрч, МАН хоолны үлдэгдэл олж амсдаг болов.


МАН ингэж дангаар, хуваарьгүй ноёрхох болсноор монголын улс төрийн бүхий л тэмцээн, өрсөлдөөн зөвхөн МАН дотор явагдах болов. Учир нь ард түмний дургүйцэл тэмцлийг углуурга заагаар нь дарж зогсоосон. Мөн иргэний хөдөлгөөн, ТТБ, улс төрийн сөрөг хүчин үнэн хэрэг дээрээ устсан нөхцөл Монголд ардчилал огт байхгүй болж, МАН-ын дангаар ноёрхол тогтов. Нэг талаас сонгуульд тооцоолол ёсоор баттай ялалт авна, цөөн тооны жижиг намуудыг УИХ, ЗГ-т оруулна. Ингээд хүссэнээрээ удирдаад байхад ядах юмгүй, амархан санагдана. Гэвч тийм биш юм. МАН дангаар эрх мэдэл авснаар улс төр, эдийн засаг, нийгмийн бүх зөрчил, тэмцэл МАН-ын нуруун дээр буув. Бүх хариуцлага, бүх шийдвэрийн үр дүнг МАН дангаар хариуцна. Нийгмийн хөгжлийн жам ёсоор улс төрийн зөрчил тэмцэл болоход зөвхөн МАН доторхи бүлгүүдийн дунд болно. Энэ бол МАН-ын дангаар ялалтын эсрэг тал болно.


Урьдач ерөнхий нөхцөл


Нэг. Үндсэн Хуулийн өөрчлөлт. 2012 он хавьцаагаас Монголд бүрэлдэн тогтсон, МАН толгойлсон улс төрийн систем цаашид энэ бүтэц, бүрэлдэхүүн, механизм, арга барилаараа ажиллах бололцоогүй нь гадаадад ч, тодорхой болсон юм. Гарц нь ҮХ өөрчлөх. Барууны хямралд орсон либерал ардчиллыг аврах гэсэн АНУ-ын Стэнфордын Их сургуулийн профессор Жэймс С.Фишкин 2008 он хавьцаа “зөвлөлдөх ардчилал” гэсэн санаа бодож олжээ. Хамгийн сэжигтэй нь “зөвлөлдөх ардчиллаа” өөрсөд дээрээ туршихгүй, Монгол мэтийн усан тэнэг улсууд дээр туршсан болсон үйл явдлаас тодорхой байна. “Зөвлөлдөх ардчиллыг” Барууныхан Монгол “шахсан” нь хөдөлбөргүй үнэн. Насан туршдаа тоотой хэдхэн ном уншсан манай баагийнууд гэв гэнэт “онол ном” ярьж дөвчигнөх болов. Ингээд “зөвлөлдөх ардчиллын” дагуу ҮХ-ийг гадаадын тулгалтаар, ард түмний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн өөрчлөв. Одоо бүх ард түмэн биш, Статистикийн Газраас санамсаргүй түүврийн аргаар 2 удаа шигшиж авсан цөөн баагий Монголын ямар ч асуудлыг шийддэг болов. УИХ 126 гишүүнтэй болов. Энэ талаар би залтлаа бичсэн. Жи: “Шинэ Үндсэн Хуулийн цаад учир” зэрэг 4 өгүүлэл миний блогт одоо ч байгаа. 


https://gankhuyag.com/2019/06/24/khktwtregfgafafa/.


УИХ-ыг 126 гишүүнтэй болгож, нам доторхи болон жижиг намуудын бүлэглэл болгоны төлөөлөгчдийг оруулсны балаг одоо л гарч байна… Удаах нь МАН-ын голлох бүлэг хүнд цохилтод оров. МАН-ын хагас нууц удирдагч Сү.Батболдын бизнес бүдүүвч, гэмт үйлдэл ил болсноор МАН дотор задрал эхэлж, дахин бүлэглэлтийн үйл явц эхлэв. Миний бичсэн “Нөгөө Сү туучий чинь” өгүүлэл энэ нуралтын эхлэл болсон юм.


Тэр өгүүлэл энэ байна:


https://gankhuyag.com/2021/01/18/нөгөө-сү-туучий-чинь


Үүнээс хэдхэн хоногийн дараа нялх хүүхэдтэй эмэгтэйг шөнө дөлөөр эмнэлгээс хөөн гаргасны төлөө ЕС У.Хүрэлбүх “ёс суртахууны” хариуцлага хүлээж огцров. Энэ явдал гаднаасаа “уянгын” шинжтэй боловч үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэсэн хүчний дахин хуваарилалт байлаа. Дээр дурдсан ҮХ өөрчилсөн, МАН доторхи бүлэглэлүүд хүчний дахин хуваарилалт хийсэн нь Л.Оюун-Эрдэнэ ЕС болох нөхцлийг бүрдүүлэв.               


Урьдач тодорхой нөхцөл


Л.Оюун-Эрдэнэ бол яах аргагүй МАН-ын маш эртнээс бэлтгэсэн залуу боловсон хүчин мөн. Тэр анх МАН-ын Удирдах Зөвлөлийн хэрэг эрхлэх газрын дарга болсон 2009 оноос улс төрд хүч түрэн орж ирсэн юм. Арван хэдхэн жилийн дотор Ерөнхий сайд болтлоо дэвшинэ гэдгийг ниссэнтэй зүйрлэж болно.


Ийм амжилтад хүрэхийн тулд дараах нөхцлийг хангасан байх ёстой: 


Нэг. Хүмүүстэй, ялангуяа МАН-ын бүлэглэл хоорондын ая эвийг олох. Энэ нь тийм ч амархан ажил биш юм.

Хоёр. Шударга ёсыг номлосон үзэл санаатай байх. Нийт нийгмийн шударга ёсны төлөө биш юм гэхэд нам доторхи шударга ёсны төлөө үйлдэл хийх ёстой. Дашрамд манайхан нийгмийн шударга ёсыг намын шударга ёстой эндүүрдэг. Энэ хоёр бол өөр зүйл юм.

Гурав. Дээрээс татаас байх ёстой. Эхлээд У.Хүрэлсүхийн, дараа нь нам доторхи бүлгүүдийн их бага дэмжлэг, тэнцвэрийг хангах ёстой.

Дөрөв. Сөрөг хүчнийг түлхэхгүй, холдуулахгүй “зохистой зайнд” байлгах ёстой.

Тав. Гадаад улсуудын тодорхой дэмжлэг байх.

Зургаа. Олон нийтэд тодорхой найдлага, хүлээлт бий болгох ёстой.


Энэ 6 нөхцлийг Л.Оюун-Эрдэнэ ямар нэг хэмжээгээр хангаж чадаж байв. 2025 оноос эхлэн эдгээр нөхцлүүд алга болж, Л.Оюун-Эрдэнийн ЗГ огцров. Яагаад ? Үүнийг тусгайлан шинжлэх ёстой… 


Төрийн хулгай, дээрмийн аргын өөрчлөлт


Энэ үед буюу Л.Оюун-Эрдэнэ ЕС болох үед төрийн хулгай дээрмийн аргад асар их өөрчлөлт гарч, боломж нь хумигдаж, хэдхэн аргатай үлдэв. Дашрамд энэ чухал өөрчлөлтийг манайхан бараг анзаардаггүй нэг зовлон бий. Өмч хувьчлалын хулгай дээрэм түүх болон үлдэв. Банкны хулгай дээрэм бараг зогсож, тун хүндрэлтэй болов. Лицензийн хавтгай наймаа зогсов. Өмчөө булаалгадаг, дээрэмдүүлдэг хүн бараг байхгүй болов.


Тэгвэл юу үлдсэн бэ ? гэсэн асуулт үүснэ: 


Нэг. Төсвийн хулгай гаарав. “Идэх уух” юмаа төсөвт суулгах ба дараа нь намын сүлжээгээр дамжуулан түүнийгээ хуваарилж, өөрсдийн бизнес болон намын сүлжээгээ тэтгэх.


Хоёр. Мега төсөл. Элдэв хангайн мега төсөл зохиож, түүгээр далимдуулан асар их мөнгө идэх. Яг үнэндээ 30 гаруй мега төслөөс техник-эдийн засгийн үндэслэлийг нь монголд хийсэн төсөл ганц ч байхгүй.  


Гурав. Эх орны баялгийг хайгуулын болон ашиглалтын лиценз нэрээр гадаадад зарж, дундаас нь мөнгө завших.


Одоо бол ердөө энэ гурван арга л үлдсэн. Энэ 3 аргыг зэрэг хэрэглэж, идэх уух цорын ганц боломж нь төрийн эрх мэдэл юм. Өөрөөр хэлбэл хуучин шиг үзэгдсэн харагдсанаа дураараа идэж уудаг аргуудын боломж үлэмж хумигдаж, “шинэ аргаар” идэж уух болсон нөхцөлд хуучин зэрлэг аргаараа амьдрах боломж бараг үгүй болж байна. Харамсалтай нь дээрээ ч, дороо ч энэхүү асар их өөрчлөлтийг мэдэхгүй, мэдрэхгүй, хуучнаараа болно, болгоно, бүтнэ, бүтээнэ гэж ойлгож байгаа нь илт. Идэх уух арга цөөрсөнтэй холбоотойгоор улс төрийн бүлэглэлүүдийн өрсөлдөөн тэмцэл улам ширүүсч, туйлын хурц байдалд оров. Энэхүү нөхцөл байдлыг бүлэглэл хоорондын “түр тэнцвэр” тогтоох хуучин арга, арга барилаар шийдэх боломж бүрэн шавхагдав.


Төрийн удирдлагын нуралт


Дээр дурдснаас шалтгаалан парламент болон ЗГ-ийн “чанар” муудаж, төрийн шийдвэрийн хийдэл, давхцал үүсч, үр ашиг муудав. Үүнээс үүдэн төрийн шийдвэрүүд хачин зөрчилтэй, тайлбарлахын аргагүй марзан байдалд оров. Нэг талаас манай бүх төрлийн ашигт малтмалын экспортын хэмжээ ихсэж, манай улсын олох ашиг, орлого эрс нэмэгдэв. Үүнийг эрх мэдэлтнүүд өөрсдийгөө “сайн ажилласны” үзүүлэлт гэж сурталдав. Нэгэнт их хэмжээний орлого олсон дэлхийн ямар ч төр түүнийгээ ард түмэндээ “амсуулдаг” жамтай. Гэтэл манай төр харин ч урвуугаар элдэв төрлийн үнэ, тариф нэмж, ард түмнээ дарамтлав.


Үүнийг давуу мэдэлтнүүдийн шунал, өрсөлдөөн тэмцэл хэрээс хэтэрч, ард түмнээ нохойноос дор үзэх болсон ганцхан шалтгаанаар тайлбарлаж болно. Ард түмний эсэргүүцэл тэмцэл огт байхгүй, иргэний хөдөлгөөн байхгүй, сөрөг хүчин байхгүйтэй адилхан байхад давуу мэдэлтнүүдийн бүлгүүд дураараа дургихаас гадна дур дураараа өрсөлдөн тэмцэлдэх нь жам ёсны үйл явц юм. Аливаа хяналтгүй зүйл хувьслын явцад хэмжээнээсээ хэтэрч, өөрийгөө хөнөөх зам руу ордог зүй тогтолтой. Давуу мэдэлтнүүдийн дураараа дургих зан үйл парламент, засгийн газрын үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлж төрийн удирдлагын үр дүнг бараг үгүй болгов. Хамгийн эхлээд парламентын замбараагүйдэлт эхлэв. Парламентаар хэдхэн том эрх мэдэлтнүүд тоглодог болов. Сүүлдээ хуралдаа суудаг УИХ-ын гишүүд ч цөөрөв. УИХ тулга тойрсон чавганцын хэрүүлийн газар болов.


Энэ талаар би “Парламентаар тоглохуй” өгүүлэлдээ хэрэглэдэг аргуудыг нь тодорхой өгүүлсэн:


https://gankhuyag.com/2025/06/21/парламентаар-тоглохуй


Товчоор өгүүлбэл монголын парламентын үр ашиг, үр нөлөө үлэмж муудсан.  Сүүлийн үеийн ЕС-ууд кабинетийн гишүүдээ өөрийн үзэмжээр биш, харин МАН доторхи болон жижиг намуудын төлөөллөөс бүрдүүлдэг болсон. Энэ нь нэг удаадаа “түр энхтайван”, “түр тэнцвэр”, “зөвшилцөл” тогтоож буй мэт харагдана. Гэвч үүний цаана нэн эгзэгтэй, маш том аюул байнга нуугдаж байдаг. ЗГ-ын кабинетийн гишүүд ЕС-ыг үл тоомсорлон ил далдуур дураараа дургих явдал газар авсан тохиолдолд ЕС болон кабинетийн гишүүд гэсэн хагарал, эсрэгцэл үүсдэг. Өөрөөр хэлбэл ЗГ нэгдмэл бодлогоор биш, харин “зөвшилцсөн тохиролцоо”-гоор ажилладаг. Кабинетийн гишүүдийн тодорхой хэсэг ЗГ-ийн бодлоготой зөрчилдсөн үйлдэл хийх, үгүй ядахдаа саармагжуулах өргөн боломж бий болдог. Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын нэр бүхий сайдууд дур мэдэн ЗГ-ын эсрэг гэх нь хаашаа юм, нэр хүндийг унагах үйлдэл хийсэн цөөнгүй тохиолдол гарсан. Хачирхалтай нь энэ тохиолдолд муу нэрийг нь ЕС хүлээж, дураараа дургисан сайд нар “нэр цэвэр” үлддэг.  

                    

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болмогцоо: “Авилгатай тэмцэнэ гэдэг бол журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг! Анд нөхдөө бодох уу? Улс орноо бодох уу? гэдэг салаа зам дээр ирээд байна.” (2021.07.18.) гэж мэдэгдэв. Энэ нь Л.Оюун-Эрдэнэ зоригтой тэмцэгч болоод ингээд хэлчихсэн юм биш, харин өндөр дээд тушаалд суугаад үүнээс өөр гарц байхгүйг мэдэрсэн хэрэг юм. Л.Оюун-Эрдэнэ стратегаа зөв харсан ч МАН-тай хийх тэмцлийг яаж хийх аргаа олсонгүй, дэндүү удаашруулав. Энэ нь түүний ялагдлын суурь нөхцөл болов. Ямар ч ЗГ, түүний дотор Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ыг огцруулж болно. Гэхдээ шалтгаан нь тов тодорхой байх ёстой. Эхлээд хүүхдийн тансаглал гэж шүүмжлэв, дараа нь АН-ыг ЗГ-аас хөөхийг шаардав. ХМХ-ээр Л.Оюун-Эрдэнэ ахтайгаа нийлж баахан мөнгө идсэн тухай шуугив. Идэж уусан албан ёсны ганц ч баримт гарсангүй. Ингээд л ЗГ огцров. Ийм тэнэг тулгалт хийх юм бол Монголд ямар ч ЗГ удаан тогтох үндэслэл байхгүй. Одоо бол МАН доторхи эрх мэдлийн төлөө өрсөлдөөн тэмцэл ил хэлбэрт орж, хатуу ширүүн, эвлэршгүй шинжтэй болов. МАН-д урд өмнө нь эрх мэдлийн төлөө далд тэмцэл болж л байсан. Харин энэ удаад МАН дотор үе хоорондын тэмцэл болж байгаагаараа онцлог юм.


Тодруулбал, нэг талаас өнөөгийн авилгад идэгдсэн хулгайч дээрэмчин төрийн системийг хадгалан үлдэхийг эрмэлзсэн хуучинсаг бүлэг, нөгөө талаас хуучин системийг эвдэж, арай шинийг хийх гэсэн залуусын бүлэг тэмцэлдэж эхлэв.


Г.Занданшатарын ЗГ бол дараагийн УИХ-ын сонгууль болтол “түр тэнцвэр” тогтоох ганцхан үүрэгтэй. Нэг их оцойж овоотол ажил хийж чадахгүй, гэхдээ гал алдахгүй торгоогоод байх боломжтой. Энэ тэмцэл өрсөлдөөн ил тод болж, хатуу ширүүн хэлбэрт орсныг Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөнө гэмэгц түүн рүү дайрч байгаагаар, мөн Н.Энхбаяр, Ц.Нямдорж мэтийн “музейн үзмэрүүд” гарч ирээд элдэв маягийн “энх тайван”, “шударга ёс” сурталчилж байгаагаас бэлхнээ харж болно. Хэрэв МАН ялалтын менежер, намын ажлын асар их туршлагатай болсон Д.Амарбаясгалангаар их оролдвол амиа хорлосонтой адил гэж би баталгаатай хэлж чадна. Товчоор хэлбэл МАН-ын хуучинсаг хүчин Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын залуустайгаа тэмцэлдэж байгааг эндээс хялбархан ажиглаж болно. Тэднийг нэг удаа зогсоож, аргацааж болох боловч яваандаа залуус ялах нь зүй тогтол юм.  Энэ тэмцэлд хэн ч ялсан гэсэн энэ өгүүлэлд дурдсан нам, төрийн суурь гажгийг засахгүйгээр амжилт олох ямар ч боломжгүй. “Хэнийг дарга болгохоос” эхлэвэл бүх юм урдын адил буруудна. Суурь гажгийг засаж баймаажин системийн шинэчлэл явагдана. Даанч суурь гажгийг засах талаар тун цөөн хүн ярьж байгаа нь харамсалтай.   


Гэвч энэ хооронд улс төр, нийгмийн нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөв. Үүнийг дараах байдлаар томъёолж болно:     


1.Антисистемийг анхлан бүрдүүлэгч гэмтнүүд ертөнцийн жамаар хөгширсөн.

2.Мөн тэд ард түмний өмнө нэр нүүрээ гутааж, нэр хүндээ бүрэн алдсан.

3.Улс төрийн залуу халаа хэрэгтэй болсон ч эртнээс бэлтгэсэн боловсон хүчний нөөц багатай.

4.Хулгай дээрмийн хуучин дүрмээр тоглох боломж шавхагдсан.

5.Ард түмний идэвхи сэргэж, хулгай дээрмийг эрс эсэргүүцэх болсон зэрэг болно.


Үүний дээрээс манай олон түмэн төр засгаас ихээхэн хүнийсэв. “Хүнийсэх” гэдэг нь шинжлэх ухааны ойлголт бөгөөд голдуу дургүйцэл, үзэн ядалттай хосолж байдаг, ер нь бол их тэсрэлтийн өмнөх тун аюултай төлөв байдал юм.   


Гол асуудал


Ингээд өнөөгийн улс төрийн суурь (фундамент) анализ хийж дуусав. Үүнээс цааш хэн МАН-ын дарга болох, хэн ЕС болох зэргийг хүссэн хүн дураараа “томилж” болно. Гагцхүү энэ дэвсгэр суурь анализийн гол гол дүгнэлтүүдээс хазайхгүй, мартахгүй байвал тун сайнсан… МУ-д маш олон хур асуудал хуримтлагдсан. Тэр болгоныг дурдаад ч барахгүй. Харин энэ олон асуудлуудаас гол, мөн чанарын болон агуулгын шинжтэй цөөн асуудал ялган авч болно.


Энэ нь миний бодлоор:


Нэг. Нам, төр доторхи үе солигдох үйл явц. Энэ нь улс төрийн суурь асуудал юм. Уг нь үе солигдох үйл явц хаана ч гэсэн байнга явж байдаг. Харин манайд болохоор зодоон нүдээнтэй, төр засгаа нураах хэмжээнд хүртлээ хурцаддаг. Одоо бол бүр ч ил тод болов. Залуустайгаа байлдана гэдэг бол дээд тэнэглэл юм. “Чөтгөрийн тойрогт” 20 гаруй жил боллоо, одоо түүнийг тасалж гарах цаг аль хэдийн болсон. 


Хоёр. Монголын байгалийн баялгийг шударгаар хуваарилах. Энэ нь эдийн засгийн суурь асуудал юм. Монголын баялгийг шударгаар хуваарилах асуудал эдийн засгийн суурь асуудал болно. Миний баттай итгэж байгаагаар манай стратегийн ордуудын 34%-ийг төрийн мэдэлд авах ёстой. Үүнийг зарим хүмүүс Ухаа худаг, Цагаансуварга мэтийн ордыг улсад шууд хурааж авахтай эндүүрдэг. Үгүй л дээ, хөрөнгө хураадаг үе өнгөрсөн. Зүгээр л 34%-ийг улсын мэдэлд аваад бусдыг нь үлдээх нь хамгийн зөв шийдэл гэж бодож байна.


Товчоор хэлбэл өнөөгийн улс төрийн тэмцэл өрсөлдөөн энэ хоёр асуудлыг тойрон явагдаж байна. Эдгээрийг шийдэх явцад улс төрийн шинэ бүлэглэлүүд аяндаа тодроод гараад ирэх нь гарцаагүй…




Судлаач Х.Д.Ганхуяг.


Эх сурвалж: https://gankhuyag.com/

Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад бүтээлүүдийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу