sonin.mn

Үндсэн хууль тогтоогчдын Холбооны төлөөлөл хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд АИХ-ын дарга, УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав, УИХ-ын дэд дарга асан Ж.Бямбадорж, УИХ-ын гишүүн асан Д.Цэвээнжав нар оролцов.


Энэ үеэр Ж.Гомбожав: "Төрийн ажил зогсоод нэлээн хэд хонож байх шиг байна. Ахмад хүний хувьд үүнд маш их санаа зовж байна. Хувь хүмүүсийн хооронд, намын дотор янз бүрийн зөрчил байж болно.



Гэхдээ төрийн ажил нэг минут ч зогсож болохгүй. Хэвийн явагдаж байх ёстой. Гэтэл зарим хүмүүсийн зөрчлийг ашиглаад төрийн ажлыг гацаах байдал ажиглагдаж байна. Энэ бол маш буруу.



Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга ярьж байна лээ. Намын УЗ хуралдах байх, би хуралд гэж шаардаад хэд хонож байна гэсэн. УИХ дахь аливаа намын бүлэг гэдэг бол УИХ-ын өөрийн бүтцийн байгууллага. Намын дэргэдэх байгууллага биш. УИХ-ын гишүүд гэдэг намын төлөөлөл биш, ард түмний төлөөлөл учраас тэр ажлаа саад тотгоргүй явуулж байх ёстой. Гэтэл ийм тайлбараар төрийн ажлыг гацааж байгаа нь харамсалтай.



Сүүлийн үед болж байгаа үйл явдал нь Д.Амарбаясгалан юм уу Г.Занданшатар гэдэг хүмүүсийн зөрчил биш, МАН-ын Бага хурлаас үүдсэн зөрчил гэж харж байна. Гуравхан сарын өмнө Ерөнхий сайдаа баталж байхдаа намын даргаар хэн болох вэ? гэдгийг бодоогүй шийдвэр гаргасан баймааргүй юм. Гэтэл өнөөдөр яагаад ийм асуудал үүсгэж, төрийн ажлыг гацааж эхэлсэн бэ гэдгийг хоёр хүний биш МАН-ын Бага хурлын гишүүдтэй холбоотой гэж ойлгож байгаа.



Өнөөдрийн УИХ улстөрийн таван намаас бүрдэж байна. Парламентыг төлөвшүүлэх асуудал дээр ихээхэн анхаарах ёстой. Аль нэг намын дарга нь УИХ-ын дарга байх нь зохимжтой биш. Дэлхийн жишиг ч тийм байдаг.



Ийм ч учраас УИХ-ын дарга өөрөө намын даргаас татгалздаг болох хэрэгтэй. " гэсэн бол Ж.Бямбадорж: "Миний мэдэх сүүлийн 35 жил ийм юм болж байгаагүй. Монголын төрд. Өөрөө хэлбэл ард түмний итгэл даасан тэр олонх өнөөдөр хоёр хуваагдчихаад энэ төрийн ажлыг гацааж байгаа нь хэрхэвч байж болзошгүй, тийм учраас үүн дээр анхаарах зайлшгүй шаардлагатай байна.



Яагаад гацаагаад байгаа юм бэ? Байнгын хорооны хурал дууслаа гээд алх цохих юм. Уг нь асуудлаа хэлэлцэж байж алх цохидог байсан биз дээ.



Засгийн Газар гэдэг чинь тоглоомын байгууллага бишээ. Засгийн Газар гэдэг чинь Монгол улсын бүх ажлыг эмхлэн хийж байгаа гүйцэтгэх байгууллага. Тийм учраас эрх барьж байгаа МАН-ыг удирдаж байгаа хүмүүс дор бүрнээ нэг юм бодооч ээ, асуудлаа нэг тийш нь болгож шийдээчээ.



Үндсэн хуульд яагаад сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болох тухай оруулж өгсөн юм бэ гэвэл энэ чинь дэлхийн жишиг шүү дээ.



Бид нар яагаад Ерөнхий сайдаа томилоод 3 сарын дараа солино гээд явж байгаа юм бэ. Хувийн амбиц, эрх мэдлийн шунал, дэг журамгүй байдал, ёс зүйгүй байдалд намын гишүүд, ард түмэн бухимдаж байна. МАН-ын жирийн гишүүд, ард иргэд та бүгдийг дэмжиж гаргасан шүү, сайндаа та нар УИХ-ын гишүүд болоогүй шүү.


Ард түмэн шаардаж чадна шүү, шаардахдаа худлаа өлсгөлөн жагсаал гэхгүй нэлээн өөр байдлаар хандах байх. Үүнийг төрд алба хашиж байсан хүний хувьд, хуульч хүний хувьд хэлмээр байна. Энэ бүхэн бол ард түмний эрх ашгийн асуудал болхоос хэдхэн хүний хувийн асуудал биш шүү гэж хэлмээр байна." гэсэн юм.



Н.Отгончимэг