sonin.mn

Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатар өнгөрсөн Мягмар гарагт ард түмэндээ хандан мэдэгдэл хийн, "Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа ард түмэндээ хандан мэдэгдэж байна. Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү эрч хүчтэй, эрс шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо" гэсэн билээ.


Маргааш нь Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг танилцуулахаар УИХ-д хүргүүлсэн юм.

Гэвч УИХ-ын УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж гэгч "Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл тогтоодог.


Тэр тусмаа тухайн долоо хоног бүр Байнгын хороо, Дэд хороо, Түр хороо, Хянан шалгах хороогоор ямар асуудал хэлэлцэхийг товлодог. Энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын тов гарчихсан " гэх мэтчилэн элдэв хууль бус тайлбар хийн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайдаар томилогдож буй Б.Энхбаярыг танилцуулах ажлыг саатуулж, өнөөдрийг хүрч байна.


Б.Баасандорж бол Д.Амарбаясгаланг ЗГХЭГ-ын дарга байхаас нь дагасан ойрынх нь хүн. Иймээс ч Б.Баасандоржийн ард Д.Амарбаясгалан байгаа нь хэнд ч илэрхий.


Хэрэв энэ байдал үргэлжилсээр байвал юу болох вэ?


Засгийн Газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Ерөнхий Сайдын танилцуулгыг УИХ хэлэлцэхгүй удаашруулах эс үйлдэхүй гаргавал Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн амин сүнс болсон Засгийн Газрын танхимаа бүрдүүлэх Ерөнхий Сайдын бүрэн эрхэд зүй бусаар халдсан, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн институт хоорондын хяналт тэнцлийг үгүйсгэсэн үйлдэл болно.

Уг асуудлыг УИХ хэлэлцэхгүй удааширсанаас үүсэх үр дагаар нь УИХ-ын үйл ажиллагаанд илүү сөргөөр нөлөөлөх бөгөөд УИХ-ын удирдлага Үндсэн хууль зөрчих эрсдэлийг бий болгохоор байгаа аж. Өөрөөр хэлбэл Д.Амарбаясгалан Б.Энхбаярын асуудлыг гацаасаар байвал Үндсэн хуулийн зөрчилд орж, өөрөө огцрох юм байна.



Б.Балтав