
Зам тээврийн осол нь дэлхийн хүн амын нас баралтын 8 дахь шалтгаан, 5-аас дээш насны хүүхдүүд ба залуучуудын нас баралтын гол шалтгаан болж байна гэж НҮБ-ын мэдээний цахим хуудсанд дурджээ. Ялангуяа бага ба дунд орлоготой орнуудад уг асуудал ноцтой хэмжээнд хүрсэн бөгөөд эдгээр улсад зам тээврийн ослоор амиа алдсан тохиолдлуудын 90 хувь нь ногдож байна.
Явган зорчигчид, дугуй ба мотоцикл унадаг иргэд, хүүхдүүдийн хувьд аюулгүй тээвэр, замын дэд бүтцийн хүртээмж муу байдаг учраас тэд олноороо амиа алдаж байна.
Дэлхий даяар жил бүр 1,2 сая хүн зам осолд өртөн амиа алдаж, 50 сая орчим хүн гэмтэж бэртэж байна. “Энэ бол зүгээр нэг статистик тоо биш ээ. Энэ нь хичээлдээ явж буй хүүхдүүд, ажилдаа явж буй эцэг эхчүүдийн амьдрал ганцхан агшинд сүйрч байгааг харуулж байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгдлээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ, хот төлөвлөлтийг сайжруулж, нийтийн тээврийн аюулгүй байдлыг хангахаас эхлээд хамгаалалтын малгай ба аюулгүй бүсийг заавал хэрэглэж, хурдыг хянаснаар олон мянган хүний амийг аврах боломжтой гэдгийг онцлон тэмдэглэв.
Иймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтуудыг НҮБ идэвхтэй дэмждэг бөгөөд одоогийн байдлаар 94 улс тус байгууллагаас тусламж аваад байна. Тухайлбал, тээврийн хэрэгслийн хурдыг хязгаарлах арга хэмжээ авснаар Бразилд нас баралт буурсан бол Руанда улсад хамгаалалтын малгай өмсөх тухай хууль гарснаар мотоциклчдын амь насыг хамгаалж байна. Мөн Лаост зөвшөөрөл олгох шинэ тогтолцоог нэвтрүүлснээр жолооч нарын аюулгүй байдлыг хангахад ахиц дэвшил гарлаа.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0