sonin.mn

Үндэсний их баяр наадам өндөрлөсний дараа хамгийн их хүлээлт үүсгэдэг зүйл нь допингийн шинжилгээний хариу болсон гэхэд нэг их хилсдэхгүй. Наадам дуусмагц бөхчүүдээс авсан сорьцыг гадаадын лабораторид хүргүүлж, хэдэн долоо хоногийн дараа ирэх хариуг олон нийт догдлон, бас болгоомжлон хүлээдэг болжээ.

Хариу гарах бүрд маргаан эхэлдэг. Хэнээс ямар бодис илэрсэн бэ, шинжилгээ үнэн зөв байсан уу, сорьц хадгалах журам алдагдсан уу, санаатай хэрэглэсэн үү, эмчилгээний зориулалттай эм байсан уу гээд асуулт ар араасаа хөвөрнө.


Зарим тохиолдолд улсын цол хураах, чимэг хүчингүй болгох, бай шагналын асуудал хүртэл яригдаж, наадмын баярын уур амьсгал хэдхэн хоногийн дотор талцал, үл итгэлцэл болж хувирдаг.


Өчигдөр Шадар сайд, Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын дарга Н.Номтойбаяр ирэх жилээс барууны итгэмжлэгдсэн лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжийг худалдан авч, бүх бөхөөс допингийн шинжилгээ авдаг болох талаар мэдээлэв. Үүнд 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буйгаа ч дуулгасан.Энэ мэдээг сонсоод нэг өөр асуулт өөрийн эрхгүй төрөв.


Монгол бөхөөс допингийн шинжилгээ авахаа бүр больчихвол яасан юм бэ?
Энэ бол допингийг сурталчилж байгаа санал биш. Харин Монгол бөхийн мөн чанар, түүнийг зохицуулж буй өнөөгийн бодлогыг дахин нэг эргэцүүлэн харахыг санал болгож буй асуулт юм.


Монгол бөх бол юуны түрүүнд үндэсний өв соёл, монголчуудын баяр наадмын салшгүй хэсэг. Мэдээж өрсөлдөөн бий, аварга тодордог, цол хүртдэг. Гэвч энэ нь олимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шиг олон улсын спортын тогтолцоонд багтдаг төрөл биш. Үндсэн мөн чанараараа энэ бол ард түмний баяр цэнгэлийн нэг хэсэг, үндэсний уламжлал юм.

Тэгвэл яагаад бид Монгол бөхийг зөвхөн олон улсын мэргэжлийн спортын шалгуураар хэмжих ёстой гэж?

Допингийн хяналтын өнөөгийн тогтолцоо шударга өрсөлдөөнийг хангах зорилготой. Гэвч бодит үр дүн нь ямар байна вэ?

Жил бүр ижил маргаан давтагддаг. Лабораторийн найдвартай байдал, шинжилгээний аргачлал, сорьцын хадгалалт, илэрсэн бодисын тайлбар гээд асуудал тасардаггүй. Түрүүлсэн бөхийн тухай бахархал удалгүй шинжилгээний хариуны тухай маргаанаар солигддог. Үндэсний баярын хамгийн сайхан мөчийг лабораторийн дүгнэлтээр хэмждэг болсон нь өөрөө хэвийн үзэгдэл мөн үү гэсэн асуулт гарч ирнэ.

Одоо энэ тогтолцоог улам өргөжүүлж, бүх бөхөөс шинжилгээ авах, дотооддоо өндөр өртөгтэй лабораторийн хүчин чадал бий болгох тухай ярьж байна. Мэдээж энэ нь илүү нарийн хяналт тогтоох зорилготой. Гэхдээ нөгөө талаас татвар төлөгчдийн хэдэн арван тэрбум төгрөгийг ийм зориулалтаар зарцуулах нь хамгийн зөв сонголт мөн эсэхийг ч хэлэлцэх ёстой.

Тэр хөрөнгөөр орон нутгийн дэвжээ, хүүхдийн спортын заал, үндэсний бөхийн сургалт, залуу бөхчүүдийн бэлтгэлийг дэмжих боломж бий. Аль нь үндэсний бөхийн ирээдүйд илүү өгөөжтэй вэ гэдэг бол бодлогын сонголтын асуудал.


Нөгөө талаар допинг хэрэглэх нь юуны өмнө тухайн хүний эрүүл мэндтэй холбоотой эрсдэл юм. Насанд хүрсэн хүн өөрийн эрүүл мэндийн талаар хариуцлагатай шийдвэр гаргах эрхтэй гэсэн зарчим нийгмийн олон салбарт үйлчилдэг. Хэрэв Монгол бөхийг үндэсний уламжлалт наадам гэж үзэж байгаа бол энэ асуудлыг өөр өнцгөөс авч үзэх боломж бий юу гэдэг асуултыг ч тавьж болно.


Мэдээж ийм байр суурийг эсэргүүцэх хангалттай үндэслэл бий. Допингийн хяналтыг бүрмөсөн зогсоовол шударга өрсөлдөөн алдагдах, залуу бөхчүүд илүү хүчтэй эм бэлдмэл хэрэглэх дарамтад орох, эрүүл мэндийн эрсдэл нэмэгдэх зэрэг болгоомжлол үндэслэлгүй биш. Тиймээс энэ санааг шууд хэрэгжүүлэх санал гэхээсээ илүү бодлогын өөр хувилбарын тухай хэлэлцүүлэг гэж ойлгох нь зөв.

Гэвч нэг үнэнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өнөөдрийн тогтолцоо ч төгс биш. Жил бүр ижил асуудал давтагдаж, наадам бүрийн дараа нийгэм талцаж, бөхчүүд эргэлзээний бай болдог хэвээр байна.

Тиймээс “допингийг хэрхэн илүү сайн илрүүлэх вэ” гэсэн асуултаас гадна “Монгол бөхийн мөн чанарт өнөөгийн энэ тогтолцоо үнэхээр нийцэж байна уу” гэсэн асуултыг ч нээлттэй хэлэлцэх цаг болсон мэт.


У.Анударь