“Айчи–Нагояа 2026” Азийн наадамд оролцох Монголын баг тамирчдад нэгдсэн хувцас хэрэглэл гардуулах ажиллагаа Олимпик хауст үргэлжилж байна. Өнөөдөр байт харваа, софт теннис, брейкинг, и-спорт, гольф, сагсан бөмбөгийн 5х5 болон 3х3 төрлийн баг тамирчдыг хүлээн авч, тэмцээн уралдаанд өмсөх 361 спортын нэгдсэн хувцас хэрэглэл болон санхүүгийн дэмжлэгийг гардууллаа. Арга хэмжээнд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар оролцож, тамирчид болон дасгалжуулагчдад амжилт хүсэв.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг хэлсэн үгэндээ: Азийн наадам нь тивийн хэмжээний хамгийн том спортын наадам болохыг онцолж, тамирчид бэлтгэл сургуулилалтынхаа үр дүнг бүрэн дайчлан, эх орныхоо нэрийг өндөрт өргөхийг хүслээ. Мөн багийн эв нэгдэл, спортын ёс зүй, хариуцлагыг эрхэмлэн өрсөлдөж, Монголын спортын амжилтын түүхийг үргэлжлүүлэхийг захив. Түүнчлэн МҮОХ-ны удирдлагууд тамирчдад хандан Азийн наадам бол зөвхөн спортын өрсөлдөөн төдийгүй улс орноо төлөөлөн оролцож буй нэр хүндтэй үүрэг гэдгийг онцолж, Монгол Улсын төрийн далбааг олонтаа мандуулж, ард түмнийхээ итгэлийг амжилтаар хариулахыг ерөөлөө. “Айчи–Нагояа 2026” Азийн наадамд Монголын баг тамирчид спортын 31 төрөлд өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд МҮОХ-ноос баг тамирчдыг тэмцээний өмнөх бэлтгэл, зохион байгуулалтын дэмжлэгээр ханган ажиллаж байна.
Лхагва - 08 сарын 26,
2026
Сэтгэгдэл0