sonin.mn

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц,боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Зам, тээврийн яамны Авто замын бодлого, зохицуулалтын газрын Зам засварын төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч Н.Сугаржавыг урьж ярилцлаа.


Санхүүжилт удаашрах нь замын компаниудын чадавхад шууд нөлөөлдөг


БЛИЦ:


Намсрайжав Сугаржав


Боловсрол


  • 1985-1993 онд Завхан аймгийн Түдэвтэй сумын 8 жилийн сургууль
  • 1993-1995 онд Орхон аймгийн 5 дугаар 10 жилийн сургууль
  • 1995-2000 онд Шинжлэх ухаан техниологийн сургуулийн Барилга инженерийн сургууль Авто замын барилгын инженер 
  • 2005-2008 онд Шинжлэх ухаан техниологийн сургуулийн Барилга инженерийн сургууль магистр 


Ажилласан байдал


  • 2001-2005 онд “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-д инженер
  • 2005-2009 онд "Авто замын хяналт судалгааны төв" ТӨҮГ-д бүс нутаг хариуцсан хяналтын инженер
  • 2009-2012 онд ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газарт Авто замын арчлалт, засвар хариуцсан мэргэжилтэн
  • 2012- оноос Зам, тээврийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газарт Авто замын арчлалт, засвар хариуцсан мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, шинжээч.


-Улсын чанартай авто замын сүлжээ нь зорчигч, ачаа тээвэр, экспорт, импорт, уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын тасралтгүй үйл ажиллагааг хангадаг стратегийн ач холбогдолтой дэд бүтэц.


Тиймээс авто замын арчлалт, засварын санхүүжилт хангалтгүй байх нь зөвхөн замын чанарт нөлөөлөх асуудал биш иргэдийн аюулгүй зорчих нөхцөл, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, эдийн засгийн эргэлт, онцгой болон эмнэлгийн тусламж үйлчилгээний шуурхай байдалд хүртэл шууд болон шууд бусаар нөлөөлөх эрсдэлтэй. Улсын чанартай авто замын арчлалт,засварын ажлыг хариуцан гүйцэтгэж буй “АЗЗА Нэгтгэл” ТӨХК-ийн хувьд техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах нь нэн шаардлагатай асуудал.


Гүйцэтгэсэн ажлын санхүүжилт хугацаандаа шийдвэрлэгдэхгүй байх, цалин хөлсний хэмжээ хангалтгүй, нийгмийн баталгаа сул зэрэг санхүүгийн хүндрэлээс шалтгаалан замын арчлалт, засварын ажилд тогтвор суурьшилтай ажиллах мэргэжлийн ажилтан, инженер техникийн ажилтныг хадгалж үлдэхэд хүндрэл үүсэж, хүний нөөцийн хомсдол бий болох эрсдэл нэмэгдэж байна.


Өөрөөр хэлбэл, санхүүжилт удаашрах нь зам хариуцагч байгууллагуудын санхүүгийн чадавхад шууд нөлөөлдөг. Ажилтнуудын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг үүсэх, бараа материал, сэлбэг хэрэгсэл нийлүүлэгч байгууллагуудын төлбөр тооцоо хойшлох, банк, санхүүгийн байгууллагаас зээл, эргэлтийн хөрөнгийн санхүүжилт авах боломж хумигдах зэрэг хүндрэл үүсэж байгаа талаар зам хариуцагч байгууллагуудаас гомдол, мэдээлэл байнга ирүүлдэг. Замын арчлалт, засварын хийж гүйцэтгэх шаардлагатай ажил, хэрэгжүүлэх арга хэмжээ хангалттай байгаа боловч санхүүгийн эх үүсвэр хүрэлцээгүйгээс шаардлагатай ажлыг бүрэн хэмжээнд, төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэх боломж хязгаарлагдмал байдаг. Энэ нь нэг талаас замын ашиглалтын бэлэн байдлыг хангахад, нөгөө талаас зам дээр өдөр, шөнөгүй ажиллаж байгаа замчин, инженер, техникийн ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, нийгмийн баталгаанд шууд нөлөөлдөг юм. Иймээс улсын чанартай авто замын арчлалт, урсгал болон ээлжит засварын ажлыг тогтвортой санхүүжүүлэх эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгалийн аюулт үзэгдлээс үүссэн гэнэтийн эвдрэл, саатлыг шуурхай арилгах санхүүгийн механизм бүрдүүлэх шаардлагатай байна.


Мөн зам хариуцагч байгууллагуудын санхүүгийн чадавхыг бэхжүүлж, мэргэжлийн хүний нөөцийг тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал юм. Учир нь авто замын арчлалт, засварын ажлыг зөвхөн техник, тоног төхөөрөмжөөр шийдэх боломжгүй.


Өдөр тутам замын бэлэн байдлыг хангаж, арчлалт, засварын ажлыг гүйцэтгэж, өвөл цас, мөс цэвэрлэн, зун үер усны эвдрэлийг шуурхай арилгаж, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байгаа мэргэшсэн замчид, инженер техникийн ажилтнуудын хөдөлмөрийн тогтвортой нөхцөл, нийгмийн баталгааг хангах нь авто замын ашиглалтын найдвартай байдлын үндсэн нөхцөл юм.


Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө авто замыг эрсдэлийг улам нэмэгдүүлж байна


-Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр богино хугацаанд их хэмжээний хур тунадас орох, аадар бороо, үерийн давтамж, эрчим эрс нэмэгдэж байна. Үүний улмаас авто замын хучилт, далан, хөвөө, шуудуу угаагдах, гүүр, ус зайлуулах хоолой эвдрэх, лаг, шавар, шороогоор бөглөрөх зэрэг эвдрэл, гэмтэл олноор үүсэж, авто замын ашиглалтын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл учруулсаар байгаа.


Энэ жилийн тухайд аадар бороо, үерийн улмаас улсын чанартай 15 чиглэлийн 17 байршилд эвдрэл, гэмтэл үүссэн ч одоогоор улсын чанартай замд хөдөлгөөн хэвийн хаагдсан чиглэл байхгүй. Тухайн үед зарим байршилд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс түр зохицуулалт хэрэгжүүлсэн.


Цаашид иргэд, жолооч нар орон нутагт зорчихдоо тухайн чиглэлийн авто замын нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан мэдээг заавал авч, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ болон хөдөлгөөний түр зохицуулалтыг чанд мөрдөх шаардлагатай. Үерийн ус, авто зам, гүүрийг даван урсаж байгаа үед тухайн хэсгээр хүч түрэн нэвтрэхгүй, аюулгүй нөхцөл бүрдэх хүртэл түр хүлээж, эрх бүхий байгууллагаас гаргасан хөдөлгөөний зохицуулалт, заавар, зөвлөмжийг мөрдөх нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах хамгийн чухал арга хэмжээ юм. Ер нь үерийн улмаас зам сэтэрсэн, далан угаагдсан, гүүр эвдэрсэн хэсгүүдэд гэмтлийг арилгах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр зам хариуцагч байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажилладаг. Эрсдэлтэй хэсгүүдэд анхааруулах тэмдэг, гэрэл ойлгогчтой зөөврийн конус, хамгаалалтын туузан хаалт байршуулан ажилладаг. Үүний зэрэгцээ үерт угаагдсан замын далан, хөвөө, ус зайлуулах байгууламжийг нөхөн сэргээх, цэвэрлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ ажлыг салбар яам болон "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-аас мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажилладаг.


Иргэд, жолооч нар гэнэтийн эрсдэлийг тооцож сурах хэрэгтэй


-Энэ онд улсын чанартай авто замын хэд хэдэн чиглэлд их засвар, шинэчлэл, ээлжит засварын ажлыг гүйцэтгэж байна. Ажлын явцад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор зарим хэсэгт хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлаж, түр замаар зорчих зохицуулалтыг хэрэгжүүлдэг. Замын хөдөлгөөнийг бүрэн хаахгүй байх зарчмыг баримталж, аль болох богино урттай хэсэгт түр зам гарган, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тасралтгүй үргэлжлүүлэх зохион байгуулалтыг хийж байна.


Тухайлбал, Улаанбаатар–Чойр чиглэлд хоёр хэсэгт нийт есөн км, Улаанбаатар–Мандалговь чиглэлд мөн хоёр хэсэгт нийт 10 км, Өндөрхаан–Чойбалсан чиглэлд нэг хэсэгт 27 км, Арвайхээр–Баянхонгор чиглэлд нэг хэсэгт 10 км, нийт зургаан хэсэгт 56 км авто замд засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа бөгөөд тээврийн хэрэгслийг түр замаар зорчуулж байна.


Зам засварын ажлыг хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд, батлагдсан технологийн дагуу шуурхай гүйцэтгэж байгаа бөгөөд ажил дуусмагц тухайн хэсгийн хөдөлгөөнийг нээх зарчмаар ажилладаг. Зам засварын ажлын хугацаанд үүсэх түр хүндрэл нь авто замын ашиглалтын чанар, хөдөлгөөний аюулгүй байдлыг урт хугацаанд сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт гэдгийг иргэд, жолооч нар ойлгож, хамтран ажилладагт талархдаг. Гэхдээ л иргэд, жолооч нар орон нутагт зорчихын өмнө тухайн чиглэлийн авто замын нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан мэдээ, эрх бүхий байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, мэдээллийг заавал авч хэвшихийг сануулж байна. Байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн үед цаг агаарын нөхцөл байдал богино хугацаанд огцом өөрчлөгдөх эрсдэлтэй байдаг.Мөн авто замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөж, тогтоосон хурдны хязгаарыг баримтлах, тээврийн хэрэгсэл хоорондын аюулгүйн зайг хангах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг урьдчилан шалгах шаардлагатай.


Ялангуяа хүчтэй борооны үеэр үзэгдэх орчин муудах, замын гадаргуу халтиргаа гулгаатай болох, ус зайлуулах байгууламжийн хүчин чадал хүрэлцэхгүйгээс ус зам дээгүүр даван урсах эрсдэлтэй байдаг.


Иймд үерийн ус авто зам, гүүрэн байгууламжийг даван урсаж байгаа үед тухайн хэсгээр хүч түрэн нэвтрэхийг оролдохгүй, аюулгүй нөхцөл бүрдэх хүртэл түр хүлээж, онцгой байдал, тээврийн цагдаа болон авто замын асуудал хариуцсан байгууллагаас гаргасан хөдөлгөөний зохицуулалт, шийдвэр, зөвлөмжийг чанд мөрдөх нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах хамгийн чухал арга хэмжээ юм. Түүнчлэн шөнийн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөлд, ялангуяа аадар бороо үргэлжлэн орж байгаа үед шаардлагагүй бол авто замаар зорчихоос аль болох зайлсхийх, зайлшгүй зорчих тохиолдолд анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ болон түр хөдөлгөөн зохицуулалтыг чанд мөрдөн, болгоомжтой зорчих зэргээр эрсдэлийг тооцож сэргийлэх арга хэмжээг заавал авч байх шаардлагатай


Энэ онд замын засварт 215 тэрбум төгрөг шаардлагатай байсан ч 56.7 тэрбум төгрөг баталсан нь хангалтгүй юм


-Улсын чанартай авто замын ашиглалтын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол, тасралтгүй гүйцэтгэх шаардлагатай байдаг. Зам, тээврийн яам нь Авто замын тухай хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд улсын чанартай 40 чиглэлийн 14.909.0 км авто замыг хариуцан, хөгжүүлж, арчлалт, засварын ажлыг зохион байгуулж, замын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилладаг. 2026 онд улсын чанартай авто замын арчлалт, урсгал засварын ажлыг шаардлагатай хэмжээнд гүйцэтгэхэд 215 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог батлагдсан норм, нормативт үндэслэн гаргаж, улсын төсөвт тусгуулахаар санал хүргүүлсэн. Гэвч улсын төсөвт шаардлагатай хөрөнгийн ердөө 26.3 хувь буюу 56.7 тэрбум төгрөг батлагдсан нь улсын чанартай авто замын ашиглалтын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангахад хүрэлцэхгүй юм.


Нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа нэг зүйл нь өмнөх оны санхүүжилтийн үлдэгдэлтэй холбоотой. 2025 онд улсын чанартай авто замын арчлалт, засварт 115.6 тэрбум төгрөг төсөвлөсөн боловч төсвийн тодотголоор 42.8 тэрбум төгрөгөөр бууруулсан.


Үүний улмаас 2025 онд гүйцэтгэсэн ажлын 9.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2026 оны төсвөөс санхүүжүүлэх шаардлага үүсэж, 2026 онд арчлалт, урсгал засварын ажилд бодитоор ашиглах эх үүсвэр 47.6 тэрбум төгрөг болж үлдсэн. Батлагдсан хөрөнгийн хүрээнд Зам, тээврийн сайдын тушаалаар улсын чанартай авто замын арчлалт, урсгал засварын төлөвлөгөөг баталж, төрийн өмчит “АЗЗА Нэгтгэл” ТӨХК-ийн 20 салбар, хувийн хэвшлийн есөн зам арчлалтын компанитай гэрээ байгуулан ажлыг зохион байгуулсан. Гэхдээ авто замын арчлалт, засварын санхүүжилтийн асуудал нь зөвхөн тухайн жилийн төлөвлөгөөт ажлаар хязгаарлагддаггүй. Өнгөрсөн өвөл цас их хэмжээгээр орж, улсын чанартай авто замын хөдөлгөөний хэвийн байдлыг хангах зорилгоор цас цэвэрлэх, халтиргаа гулгааг арилгах зэрэг нэмэлт ажлуудыг зам хариуцагч байгууллагууд шуурхай зохион байгуулсан.


Төлөвлөгөөнд тусгагдаагүй эдгээр гэнэтийн /онцгой/ ажлын хүрээнд 10.2 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн бөгөөд уг санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэхээр Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, холбогдох яамдаас санал авсан. Гэвч өнөөдрийн байдлаар хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэгдээгүй.


Мөн зуны улиралд дээр дурдсан үргэлжилсэн аадар бороо, үерийн улмаас улсын чанартай авто зам, замын байгууламжид шинээр эвдрэл, гэмтэл үүсэж байна. Бүртгэгдсэн эвдрэл, гэмтлийг бүрэн сэргээн засварлахад урьдчилсан тооцоогоор 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Зам хариуцагч байгууллагууд өөрсдийн нөөц боломжийг ашиглан эвдрэл, гэмтэл үүссэн хэсгүүдэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах анхааруулах тэмдэг, түр хамгаалалт байрлуулах, замын хөдөлгөөнийг зохицуулах зэрэг шуурхай арга хэмжээг авч ажилладаг ч дээ эдгээр нь түр арга хэмжээ учраас үерийн улмаас эвдэрсэн замын далан, хөвөө, ус зайлуулах байгууламж болон бусад хэсгийг бүрэн сэргээн засварлахад нэмэлт санхүүжилт, хугацаа зайлшгүй шаардлагатай байдаг. Хөрөнгийн эх үүсвэр шийдэгдсэн тохиолдолд зөвхөн үүссэн эвдрэл, гэмтлийг нөхөн сэргээхээс гадна цаашид үер, усны нөлөөллөөс үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор ус зайлуулах байгууламжийг цэвэрлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, замын далан, хөвөөг хүчитгэх, шаардлагатай хэсэгт хамгаалалтын болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатай.


Улсын хэмжээнд 85 км авто замд их засварын ажил үргэлжилж, үүнээс 58 км нь энэ онд ашиглалтад орох төлөвтэй


-Энэ онд улсын чанартай авто замын гурван чиглэлийн есөн хэсэгт нийт 85 км авто замын их засварын ажил хэрэгжиж байна. Тодруулбал, А0101 дугаартай Улаанбаатар–Чойр чиглэлийн авто замд таван хэсэгт нийт 30 км, А0201 дугаартай Улаанбаатар–Мандалговь чиглэлд 3 хэсэгт нийт 28 км, Өндөрхаан–Чойбалсан чиглэлийн авто замд нэг хэсэгт 27 км авто замын их засварын ажил тус тус хийгдэж байна. Харин улсын чанартай авто замын арчлалт, урсгал засварын ажлыг бүх аймагт зам хариуцагч компаниуд батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна. Эдгээр ажлын хүрээнд авто замын ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах үүднээс зорчих хэсгийн эвдрэл гэмтлийг тэргүүн ээлжид тухай бүр засварлах, замын хөвөө, шуудуу, тэмдэг, тэмдэглэгээ, ус зайлуулах байгууламжийн хэвийн ажиллагааг хангах зэрэг ажлуудыг батлагдсан хөрөнгийн хүрээнд гүйцэтгэдэг.


Өдөр тутмын арчлалт, засварын ажилд мэргэжлийн зөвлөгөө өгөх, хяналт тавих ажлыг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ хариуцан гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар арчлалт, урсгал засварын ажлын гүйцэтгэл 76.2 хувьтай хэрэгжиж байна.


Эдгээрээс энэ онд А0101 дугаартай Улаанбаатар–Чойр чиглэлийн авто замын таван хэсэгт нийт 30 км, А0201 дугаартай Улаанбаатар–Мандалговь чиглэлийн авто замын гурван хэсэгт нийт 28 км, нийт хоёр чиглэлийн найман хэсэгт 58 км авто замын их засварын ажил дуусаж, ашиглалтад орохоор төлөвлөгдөж байгаа. Зам засварын ажлын явц нь цаг агаарын нөхцөл, барилгын материалын нийлүүлэлт, тухайн замын хөдөлгөөний нөхцөл зэрэг хүчин зүйлээс тодорхой хэмжээгээр шалтгаалдаг. Гэсэн хэдий ч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, ажлыг батлагдсан төлөвлөгөө, технологийн шаардлагын дагуу аль болох богино хугацаанд шуурхай гүйцэтгэхийг эрмэлздэг.


Авто замын засварт тогтвортой санхүүжүүлэлтийг бүрдүүлэх нь чухал


-2026 онд олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрөөс Авто замын санд нийт 32 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Харин Засгийн газрын 2026 оны 273 дугаар тогтоол 2026 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр авто зам ашигласны төлбөрийн хэмжээ шинэчлэгдсэн. Шинэчлэгдсэн зохицуулалтын үр дүнд 2026 оны эцэс гэхэд Авто замын санд нэмэлтээр 20 орчим тэрбум төгрөг, 2027 онд нийт 90 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрөх урьдчилсан тооцоо гарсан.


Өмнө нь улсын чанартай авто замын арчлалт, урсгал засварын ажилд шаардлагатай санхүүжилтийн ердөө 15–20 хувийг авто зам ашигласны төлбөрөөс бүрдүүлдэг байсан бол төлбөрийн шинэчлэлийн үр дүнд энэ үзүүлэлтийг 35–40 хувьд хүргэх боломж бүрдэж байна. Энд нэг зүйлийг онцлон хэлэх нь зүйтэй.


Авто зам ашигласны төлбөр нь зөвхөн орлого төвлөрүүлэх биш, авто замын ашиглалт, арчлалт, засварын ажлыг санхүүжүүлэх эх үүсвэр юм. Орлого нэмэгдсэнээр улсын чанартай авто замын арчлалт, урсгал болон ээлжит засварын ажлыг шаардлагатай хэмжээнд, тогтмол санхүүжүүлэх боломж нэмэгдэнэ. Үүний үр дүнд авто замын эвдрэл, гэмтлийг бага хэмжээнд байх үед нь тухай бүр засварлах, замын ашиглалтын бэлэн байдлыг тогтвортой хангах, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, замын ашиглалтын хугацааг уртасгах нөхцөл бүрдэнэ. Авто замыг тогтмол арчилж, бага хэмжээний эвдрэлийг тухай бүр засварлах нь зам бүрэн эвдэрсний дараа их хэмжээний хөрөнгөөр сэргээн засварлахаас эдийн засгийн хувьд илүү үр ашигтай. Тиймээс авто зам ашигласны төлбөрийн орлогыг нэмэгдүүлж, тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх нь зөвхөн өнөөдрийн замын засварын асуудлыг шийдвэрлэхээс гадна авто замын ашиглалтын чанар, бэлэн байдлыг урт хугацаанд тогтвортой хангах чухал нөхцөл болно. Нөгөөтээгүүр, авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн талаарх мэдээлэл нээлттэй, ил тод байдаг.


Зам ашигласны төлбөрийн цахим системийг шинэчлэх, хөгжүүлэх ажлыг үе шаттай эхлүүлсэн


Иргэд, аж ахуйн нэгжүүд авто зам ашигласны төлбөртэй холбоотой мэдээллээ www.ezam.mn цахим системээр дамжуулан авах, төлбөрийн үлдэгдлээ шалгах, төлбөрөө цахимаар төлөх боломжтой. Үүний зэрэгцээ иргэдэд үйлчилгээг илүү хүртээмжтэй, ойлгомжтой болгох зорилгоор авто зам ашигласны төлбөрийн цахим системийг шинэчлэх, хөгжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.


Шинэчлэл бүрэн хэрэгжсэнээр иргэд зөвхөн төлбөр төлөхөөс гадна авто зам ашигласны төлбөрийн мэдээлэл, төлбөр авах цэгүүдийн үйл ажиллагаа болон бусад холбогдох мэдээллийг бодит цагийн (real-time) горимоор цахимаар харах, хянах боломжтой болно.


Түүнчлэн Авто замын сангийн орлого, зарцуулалтын мэдээллийн ил тод байдлыг улам сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Ингэснээр иргэд, олон нийт төлсөн авто зам ашигласны төлбөр нь улсын чанартай авто замын аль чиглэлийн арчлалт, урсгал болон ээлжит засварын ажилд хэрхэн зарцуулагдаж байгааг нээлттэй хянах боломжийг үе шаттайгаар бүрдүүлнэ. Энэ нь Авто замын сангийн үйл ажиллагааны ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдийн төлсөн төлбөр бодит үр дүнд хүрч байгааг харах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой.



Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин