Ирэх онд болох эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд болно гэж Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ хэвлэлийн алба мэдээллээ.
Мөн уг цэнгэлдэхэд ДАШТ-ий нээлтийн тоглолт болох юм. Ингэснээр “Маракана” нь эрэгтэйчүүдийн ба эмэгтэйчүүдийн ДАШТ-ий аль алиных нь финалын тоглолтуудыг хүлээн авсан гурав дахь цэнгэлдэх хүрээлэн болно.
Өмнө нь Шведийн “Росунда” /1958, 1995/, АНУ-ын “Роуз Боул” /1994, 1999/ цэнгэлдэх хүрээлэнгүүдэд ийм тоглолтууд болж байжээ. Нэг тоглолтыг үзэхээр хуран цугларсан хөгжөөн дэмжигчдийн тоогоор “Маракана” дээд амжилт тогтоосон билээ.
1950 онд болсон ДАШТ-ий финалыг 200 мянган хүн үзсэн бөгөөд Бразилын шигшээ баг Уругвайд 1:2 харьцаагаар хожигджээ. Мөн 2014 оны ДАШТ-ий финалын тоглолт энд болсон юм.
Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ 2027 оны 6 дугаар сарын 24-өөс 7 дугаар сарын 25-нд Бразилд болно. 32 баг оролцох тус тэмцээний тоглолтууд 8 хотод болно. Өмнөх ДАШТ-д Испанийн шигшээ баг түрүүлсэн билээ.
Б.Адъяахүү
Баасан - 08 сарын 21,
2026
Сэтгэгдэл0