G20 бүлгийн орнуудын Сангийн сайд нар, Төв банкны захирлуудын уулзалтыг сурвалжлах зөвшөөрлийг нэр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд, тухайлбал The New York Times, Wall Street Journal сонинууд болон Блүүмбэрг агентлагийн нэр бүхий сэтгүүлчдэд олгохгүй хэмээн АНУ-ын Сангийн яам шийдвэрлэжээ.
Тодруулбал, 2017 оноос хойш болсон Сангийн яамтай холбоотой арга хэмжээнүүдийг сурвалжилсаар ирсэн New York Times сонины тоймч Алан Раппепорт, Wall Street Journal сонины сэтгүүлч Мэтт Гроссман нарт сурвалжлах эрх олгохоос татгалзжээ.
Дээрх уулзалт АНУ-ын Хойд Каролина муж улсын Эшвилл хотод 8 дугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болох юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар, Сангийн яамны шийдвэр нь “тааламжгүй” сэтгүүлчдийг томоохон үйл явдлуудад оролцуулахыг хязгаарлах зорилготой Д.Трампын засаг захиргааны бодлогын нэг илрэл юм. Ийнхүү татгалзсан нь “хараат бус сэтгүүл зүйг сулруулах, олон нийтийн хяналтаас зайлсхийх оролдлого мөн” гэж ажиглагчид дүгнэжээ.
Сангийн яамны төлөөлөгчийн мэдээлснээр, G20-ийн дээд хэмжээний уулзалтыг дэлхийн 300 орчим хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид, тэдний дотор NPR радиостанц, Washington Post сонин, телевизийн Al Jazeera сувгийн сэтгүүлчид сурвалжлах ажээ.
Түүний хэлснээр, ийм өндөр түвшний уулзалтыг сурвалжлах эрх нь сэтгүүлзүйн мэргэжлийн стандартад нийцүүлэн "бодит мэдээллийг" түгээх үүрэг хариуцлагатай шууд холбоотой. Өмнө нь Д.Трамп The New York Times, Wall Street Journal сонинуудын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд Цагаан ордонд буцаж ирснийхээ дараа гадаадад нэвтрүүлгээ цацдаг Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг санхүүжүүлдэг USAGM буюу АНУ-ын Дэлхийн медиа агентлагийн төсвийг танах үүргийг өгч байв.
Б.Адъяахүү
Даваа - 08 сарын 31,
2026
Сэтгэгдэл1
Америк шоронгийн хоригдлуудыг дээрэлхэж бүх юмын дээрэмдэж булааж авдаг шоронгийн атамантай адил байна. Хэзээ нэгэн цагт атаман Америкт дээрэлхүүлж доромжлуулж байгаа латин америкчууд азиуд европчууд нэгдэж Америкийг зэрлэгээр хядах болно.