sonin.mn

Балбын Байгалийн гамшигтай тэмцэх газраас мэдээлснээр, тус улсад болсон гэнэтийн үер, хөрсний нуралтын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 903 болж нэмэгдсэн байна. Энэ тухай ВВС мэдээлснийг эш татан Kazinform дамжууллаа.


Мөн гамшгийн үеэр сураггүй алга болсон хүмүүсийн тоо 4200-гаас давжээ. Түүнчлэн Хятадын хилийн бүсэд 16 хүн амиа алдаж, 546 хүн сураггүй алга болсон байна.


Үер болсон газрын доод хэсэгт орших Балбын Читван районд эргийн дагуу цогцос нь олдсон боловч хэн болох нь танигдаагүй хүмүүсийг оршуулж эхэлжээ. Цогцоснуудаас ДНХ-ийн шинжилгээ авсан бөгөөд талийгаачдын төрөл садны хүмүүсийн мэдээлэлтэй харьцуулна.


Цогцоснуудын ихэнх нь муудсан тул хэнийх болохыг танихад маш хүндрэлтэй байгаа бөгөөд Балбын цагдаа нар оршуулга бүрийг баримтжуулж байна.


Сануулан дурдахад, энэ сарын 26-нд Балба-Хятадын хилийн бүсэд гэнэтийн үер буусны улмаас хөрсний нуралт болж, ус, мөс, шавар, чулууны урсгал суурин газруудыг дайрч, зам гүүр, дэд бүтцийн байгууламжууд эвдрэн сүйрчээ.  



Б.Адъяахүү