Нэрт теннисчин Винус Уильямс АНУ-ын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний зохион байгуулагчдаас тусгай урилга буюу wild card хүлээн авчээ. Тэрбээр ид тоглож байх үедээ дэлхийн чансааг тэргүүлж, Их дуулгын тэмцээний ганцаарчилсан төрөлд 7 удаа, хосын төрөлд 14 удаа түрүүлж байв.
Өдгөө 46 настай Уильямс дэлхийн чансааны 621 дүгээрт бичигдэж байна. Тэрбээр эмэгтэй теннисчдийн WTA холбооны ивээл дор болдог тэмцээнүүдэд 49 удаа түрүүлснээс Уимблдонд 5 удаа, US Open-д 2 удаа аваргалжээ.
Харин хосын төрөлд 22 удаа түрүүлсэн байна. Мөн 2000 оны Олимпын наадмын ганцаарчилсан төрөлд аваргалснаас гадна 2000, 2008, 2012 оны Олимпуудад хосын төрөлд түрүүлжээ. 90 сая ам.долларын шагналын сантай АНУ-ын аварга шалгаруулах Нээлттэй тэмцээн /US Open/ 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 13-нд явагдах бөгөөд энэ улиралд болох Их дуулгын хамгийн сүүлчийн буюу 4 дэх тэмцээн юм.
Б.Адъяахүү
Лхагва - 08 сарын 19,
2026
Сэтгэгдэл0