sonin.mn

Хар матери ба хар энерги, Нарны аймгийн гадна орших гаргуудыг судлах, Орчлон ертөнцийн хэмжээнд таталцлын хүчийг орчин үеийн онолоор хэрхэн зөв тайлбарлаж буйг шалган турших зорилгоор НАСА агентлаг Nancy Grace Roman гэдэг шинэ сансрын дуран авайг ням гарагт хөөргөлөө. Уг дуранг SpaceX компанийн Falcon Heavy пуужингаар Флорида дахь Кеннедигийн нэрэмжит Сансрын төвөөс тойрог замд гаргасан байна. Энэ хөөргөлтийг анх төлөвлөснөөс 9 сарын өмнө хийжээ.


Дуран авайг НАСА-гийн анхны тэргүүлэх одон оронч болох Нэнси Грейс Романы дурсгалыг хүндэтгэн нэрлэсэн байна. Телескопууд зохион бүтээхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн түүнийг “Хабблын ээж” гэж нэрлэдэг. 


Тойрог замд гарсныхаа дараа Nancy Grace Roman дуран авай Дэлхийгээс 1.5 сая км-ийн зайд орших Лагранж L2 цэгийг чиглэн нисэх бөгөөд тэнд сансрын “Жеймс Уэбб” дуран авай ажиллаж байгаа юм.


“Роман”-ы гол давуу тал бол огторгуй ертөнцийг илүү өргөн хүрээнд харах чадвар юм. Түүний толь нь “Хаббл”-ынхтай адил 2.4 м боловч харах өнцөг нь 100 дахин илүү тул сансар огторгуйн өргөн уудам орон зайг судалж, олон тэрбум галлактикийн талаарх өгөгдлүүдийг цуглуулах боломжтой. Ялангуяа “Роман”-ы тусламжтайгаар Орчлон ертөнцийн тэлэлттэй холбоотой нууцлаг үзэгдэл болох харанхуй энерги ба хар материйн мөн чанарыг илүү сайн судлахыг одон орончид эрмэлзэж байна.


Мөн Нарны аймгийн гадна орших олон мянган гаргийг нээн илрүүлнэ хэмээн найдаж байгаа юм. Түүнээс гадна, галактикуудын үүсэл хөгжлийг судалж, сансрын орон зай дахь таталцлын хүчийг орчин үеийн онолоор хэрхэн зөв тайлбарлаж буйг шалгана. “Роман” дуран авай 5 жилийн хугацаанд ажиллах бөгөөд “Хаббл”, “Жеймс Уэбб”-ий дараа орох томоохон ажиглалтын төхөөрөмж юм.



Б.Адъяахүү