sonin.mn


Улаанбаатарын Умард болон Өмнөд Солонгосын хооронд төвийг сахисан гүүр байх хүсэл нь идеализм ба прагматизмыг тэнцвэржүүлэх арга замыг олох ёстой.



Зүүн Умард Азийн нарийн төвөгтэй геополитикийн сүлжээнд Монгол Улс удаан хугацаанд “төвийг сахисан гүүр” гэсэн өөрийн онцлогоо хадгалан, “Гуравдагч хөрш”-ийн бодлогоороо Хятад, Оросын давхцсан хэт нөлөөний дунд бие даасан байдлаа бататгаж ирсэн.


1990-ээд онд Бээжин, Москвагийн улс төр, эдийн засгийн хамаарлыг бууруулах зорилгоор эхэлсэн энэ бодлого одоо үнэт зүйлд суурилсан дипломат байр суурь болон хувирч, Улаанбаатарт төвийг сахисан зуучлагчийн нэр хүндийг авчирчээ.


Гэсэн хэдий ч 2024-2025 оны хооронд тухайлбал, Монгол-Өмнөд Солонгосын хамтран бүтээсэн “Өмнөдийг зорих замд” кинонд илэрхийлэгдсэн зөөлөн хүчний идеалист үзэл суртал, Өмнөд Солонгосын Монгол дахь тагнуулын хэрэг дуулиан, Умард Солонгосын орчуулагчийн Улаанбаатарт дүрвэсэн, орогнол хүссэн явдал зэрэг цаг хугацааны хувьд зэрэгцсэн шахуу дипломат хямралууд нь энэхүү нарийн тэнцвэрийг алдагдуулав. Эдгээр үйл явдлууд нь Монгол Улсын төвийг сахих бодлогын гол зөрчилдөөнийг и болгосон. Хүмүүнлэгийн идеализмыг эдийн засгийн прагматизмтай хэрхэн уялдуулах, Сөүл болон Пёнъянтай хоёуланг нь тайвшруулж үндэснийхээ бие даасан тусгаар байдлыг хэрхэн хамгаалах вэ? 2025 онд Монгол-Өмнөд Солонгосын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож, Ковид-19 цар тахлын дараа 2024 онд Улаанбаатараас дипломатууд Пёнъянд очиж харилцааг дулааруулж шинэчилсний дараахан энэхүү хямрал нь Монгол Улсын дипломат төлөвшлийг тодорхойлох сорилт болж байна.


Зөөлөн хүч, нөлөөний хүсэл эрмэлзэл ба тусгаар тогтнол, халдашгүй байдалтай мөргөлдөв


2024 оны есдүгээр сард Улаанбаатарт, 2025 оны дөрөвдүгээр сард Сөүлд нээлтээ хийсэн “Өмнөдийг зорих замд” кино нь хоёр орны харилцааны ой санамж болон зөөлөн хүчийг бэхжүүлэх зорилготой байв. Өмнөд Солонгосын Ким Сангрэ, Монголын С.Баттулга нар хамтран найруулсан уг кино нь улс төрийн хэт томоохон үг хэллэг, үзэл бодлоос зайлсхийж, хүн төвтэй, иргэд хоорондын харилцаааны өгүүлэмжийг сонгосон.


Гол өгүүлэмж нь хил дамнан Умард Солонгосоос зугтаж буй эх, түүний хүүхэд, үүрэг хариуцлага ба өрөвдөх сэтгэлийн хооронд эргэлзсэн Монголын өмнөд бүсийн тал нутаг, говь хээрийн бүсийн хил орчмын иргэд, цэрэг харуулуудын амьдрал ахуй болон оршихуйн хүндрэлтэй тэмцэж буй Умард Солонгосын дүрвэгчдийн дүрийг тод томруун харуулсан.


Монголын нэрт жүжигчид болох С.Сарантуяа, Г.Эрхэмбаяр, О.Самданпүрэв, Б.Замилан нар болон Өмнөд Солонгосын одод Пак Кван-хён, О Су-жон, Чой Жун-ёнтай хамт тоглосон уг кино нь Монгол Улсыг "ёс суртахууны зуучлагч" хэмээн тодорхойлж, Сөүлийн Пёнъяны эсрэг хатуу байр суурийг үгүйсгэхийн зэрэгцээ Умард Солонгосын тусгаарлагдсан бодлогыг үл зөвшөөрсөн. Киноны нээлт 2025 оны Улаанбаатар, Сөүлийн хоёр талын дипломат ойг тохиолдуулан нарийн төлөвлөсөн байсан бөгөөд Солонгосын хойгийн яриа хэлэлцээний зуучлалд Монголын дуу хоолойг нэмэгдүүлэх, Өмнөд Солонгосын "Шинэ Умард Бодлого" г.м бодлогуудтай нийцүүлэн Монголыг Евразийн логистикийн чухал байршил, уул уурхай ашигт малтмалын нөөц төв болгох зорилготой. Монголын дотоодод энэ нь бүс нутгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулж буй жижиг улс гэсэн үндэсний бахархлыг төрүүлсэн. Олон улсад "Гуравдагч Хөршийн Бодлого"-ыг зөвхөн эдийн засгийн төрөлжилтийн стратеги гэдгээс хүмүүнлэгийн үнэт зүйлсэд суурилсан дипломат тогтолцоо болгон амжилттай шинээр тодорхойлсон юм. Энэхүү өгүүлэмж нь хүлээн зөвшөөрөгдсөн, учир нь Монгол Улс Хүйтэн дайнаас хойш Солонгосын хойгийн хоёр улстай урт хугацааны тогтвортой харилцааг хадгалсаар ирсэн цөөхөн орны нэг хэвээр байна. Гэвч энэ идеалист өгүүлэмж зураглал хэдхэн сарын дотор Өмнөд Солонгосын Улаанбаатар дахь тагнуулын хэрэг дуулианы улмаас нуран унав. 2024 оны сүүлээр Монголын тал Өмнөд Солонгосын Батлан Хамгаалах Тагнуулын Командын (KDIC) хоёр офицерыг (дэд хурандаа, хошууч) баривчилж, Монголын иргэдийг элсүүлэн Улаанбаатар дахь Умард Солонгосын Элчин Сайдын Яаманд нэвтрэхийг оролдож тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутгасан. Энэ үйлдэл нь 1961 оны Дипломат Харилцааны Венийн Конвенцийг зөрчиж, Монгол Улсын тусгаар тогтнолд шууд халдсан үйлдэл байв.


Улаанбаатар анхандаа "итгэлцлийг ноцтой зөрчсөн" хэмээн Сөүлийг хатуу буруушаасан боловч тухайн үеийн KDIC-ийн дарга Мун Сан-хо өөрийн биеэр Улаанбаатарт ирж уучлалт гуйсны дараа хэргийг дахин хянаж, офицеруудыг суллав.


Энэ буулт нь Монгол Улс Өмнөд Солонгосоос иргэд солилцоо болон эдийн засгийн гүнзгий хамааралтай байдлаас үүдэлтэй боловч дипломат давхар стандартай байгааг харуулсан. Учир нь Улаанбаатар (энэ үйлдэлтэйгээ) нэгэн зэрэг Пёнъянтай найрсаг харилцаагаа гүнзгийрүүлж, төвийг сахисан дүр төрхөө алдагдуулж байв. Илүү ноцтой нь, Өмнөд Солонгосын онцгой прокурор Чо Ын-сөгийн мөрдөн байцаалт Монгол дахь тагнуулын үйл ажиллагааг өмнөх ерөнхийлөгч Юн Сүк-ёлийн хоёр долоо хоногийн дараах цэргийн хууль онц байдлын тогтоолтой холбосон. Мөрдөн байцаалт KDIC-ийн үйлдэл нь Умард Солонгосын аюул заналхийлэл дээр аюулгүй байдлын хямралыг зохиомлоор бий болгох санаатай оролдлого байсан гэж дүгнэжээ. Юн иргэдийн эрх чөлөөг түдгэлзүүлж, парламентыг тараах авторитар засгийн эрх мэдлийг булаах шалтаг болсон байна. Өмнөх KDIC-ийн захирал Но Сан-вон (одоо урвасан хэргээр шүүгдэж буй)-ийн тэмдэглэл “Умард хязгаарын шугам (NLL) дагуу өдөөн хатгасан довтолгоо эхлүүлэх” төлөвлөгөөг нарийвчлан тодорхойлсон байна. Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний нэгдсэн штабын өмнөх үйл ажиллагааны дарга Ли Сын-хо өмнөх батлан хамгаалахын сайд дрон ашиглан Умард Солонгосын нутаг дэвсгэрт нэвтрэх тушаал өгснийг баталжээ. KDIC-ийн дотоод тэмдэглэлд мөн пропаганда эсвэл галын хэрэгслээр тоноглосон “хаягдсан бөмбөлөг”-ийг ашиглан Умард Солонгосын хариу үйлдлийг өдөөх тухай дурджээ. Монголын нутаг дэвсгэр мэдээгүйгээр Сөүлийн улс төрийн хуйвалдааны талбар болж, тус улсын бие даасан тусгаар байдал болон үнэ цэнэтэй төвийг сахисан байдлыг зөрчсөн байна.


Умардын дүрвэгчдийн хямрал


2025 оны наймдугаар сард Умард Солонгосын өндөр түвшний академик төлөөлөгчийн айлчлалын үеэр орчуулагч орогнол хүссэн нь Монголын дипломат байдлыг улам дордуулав. Нийгмийн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Тэ Хён-чол(Хоёр улсын парламент хоорондын найрамдлын бүлгийн дарга байсан, Улаанбаатарт хэд хэд зорчиж байсан) тэргүүтэй төлөөлөгчид нь долоон жилийн дараах Пёнъяны Монгол дахь анхны өндөр түвшний академик айлчлал байв. Тэд “Сөүл нэгдэлтийг орхисон” гэсэн үзлийг дэлгэрүүлэх үүрэгтэй байсан ч дагалдан явсан орчуулагч Улаанбаатар дахь Өмнөд Солонгосын элчин сайдын яаманд орогнол хүссэн нь эмх замбараагүй байдал үүсгэв. Японы Kyodo News-ийн анхлан мэдээлснээр, Пёнъян 1999 оноос хойш анх удаа элчин сайдаа эргүүлэн татаж, О Сын-хогийн найман жилийн элчин сайдын томилолт дуусгавар болсон. Энэхүү хариу арга хэмжээ нь 2024 онд Монгол-Умард Солонгосын харилцаа идэвхжиж байсантай зөрчилдөж байв. Тухайн жилд Монгол Улс Хятад, Оросоос гадна COVID-19 цар тахлын дараа Пёнъян дахь Элчин сайдын яамаа эргэн ажиллуулж ажилтнуудын тоогоо нэмэгдүүлсэн анхны улс болсон.


2024 оны 01-р сард Монгол Улсын Элчин Сайд Л.Эрдэнэдаваа итгэмжлэх жуух бичгээ Умард Солонгосын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Чой Рён-Хэд өргөн барьж, хоёр тал дипломат харилцаа тогтоосны 75 жил, Ким Ир Сений Монголд айлчилсны 35 жилийн ойг тэмдэглэсэн.


2024 оны гуравдугаар сард Умард Солонгосын гадаад хэргийн дэд сайд Пак Мён-хо Улаанбаатарт айлчилсан нь Ковид-19 цар тахлын дараах Пёнъяний анхны айлчлал байв (Улаанбаатар удаа дараа Умард Солонгосын эмэгтэй Гадаад Хэргийн Сайд Чой Сон Хи-г Монголд айлчлахыг урьсан боловч тэрээр Москва, Бээжин рүү илүүтэй айлчилсан). Эдгээр харилцан үйлчлэлүүд нь Монгол Улсын цар тахлын үеэр элчин сайдын яамаа нээлттэй байлгах шийдвэрийг Пёнъян хүлээн зөвшөөрч, мөн түүний Солонгосын хойгийн асуудлаархи төвийг сахисан байр сууринд итгэж буйг харуулав. 2025 оны 7-р сарын 31-нд Женев хотноо тухайн үеийн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан(Өмнө нь тэрээр МАН-ын нарийн бичгийн дарга байхдаа Умард Солонгосын хөдөлмөрийн намын урилгаар Пёнъян-д айлчилж байсан) БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Пак Ин Чөл нартай дахин албан ёсны уулзалт хийсэн.


Монголын тал хоёр орны ард түмний нийтлэг ашиг сонирхол, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг чухалчилж, хоёр орны гүн гүнзгий уламжлалт нөхөрлөлд тулгуурлан урт хугацааны найрсаг хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх амлалтаа онцолсон.


Умард Солонгосын тал хоёр талын харилцааны талаарх халуун дотно, найрсаг солилцоонд талархал илэрхийлж, хоёр орны тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааг ахиулахын тулд нягт хамтран ажиллахаа дахин нотолсон. Хоёр тал мөн парламентын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон. Дүрвэгсдийн энэхүү үйлдэл хоёр талын итгэлцлийг эвдэж, Пёнъян Монголыг “дүрвэгсдийн дамжин өнгөрөх төв” эсвэл “Өмнөд Солонгосын хуйвалдааны талбар” болгохгүй гэж анхааруулав. Хямралтай тулгарсан Монгол Улс тус дүрвэлтийг батлах ч үгүй, үгүйсгэх ч үгүй "стратегийн чимээгүй байдлыг" баримталсан. Олон улсын хэмжээнд "хоёр нүүр гаргасан" гэж буруутгагдаж байсан ч энэ сонголт жижиг улсын прагматик шийдэл байсан. Богино хугацааны ёс суртахууны үг хэллэгээс илүүтэй Пёнъянтай шууд сөргөлдөхөөс зайлсхийж, урт хугацааны бүс нутгийн тогтвортой байдлыг тэргүүнд тавьсан. Гэсэн хэдий ч чимээгүй байдлын үнэ цэнэ өндөр байсан. “Өмнөдийг зорих замд” киноны хүмүүнлэгийн идеализм өгүүлэмжтэй нь зөрчилдөж, төвийг сахисан зуучлагчийн нэр хүнд унав. Гол нь, Умард Солонгосын дүрвэгсдийн нууц дамжин өнгөрөх улс гэх Монголын удаан нуугдсан үүргийг геополитикийн анхаарлын төвд оруулав.


Монгол-Умард Солонгосын харилцаа эртнээс прагматизмаар чиглүүлэгдэж ирсэн. Хоёр улс 1948 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улс Пёнъяныг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн орнуудын нэг юм. 1990 онд Монгол Улс ардчилсан шилжилт хийсний дараа ч хоёр талын харилцаа үргэлжилсэн.


1999 онд Умард Солонгос “санхүүгийн хүндрэл”-ээр элчин сайдын яамаа хааж, Өмнөд Солонгостой ойртсонд (БНСУ-ын Ерөнхий­лөгчийн хувиар Ким Дэ-Жүн 1999 оны тавдугаар сард Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийсэн г.м) эсэргүүцэл илэрхийлэв. Улаанбаатар дараа нь харилцааг сэргээх санаачилга гаргаж, 2002 онд Умард Солонгосын Гадаад Хэргийн Сайд Пак Нам-суны айлчлалыг зохион байгуулж, талууд шинэ “Найрсаг Хамтын Ажиллагааны Гэрээ” байгуулж, 2004 онд Пёнъяны элчин сайдын яамыг дахин нээхэд тусалсан. Мөн 2004-2019 онуудад Улаанбаатар ихдээ 5000 хүртэлх тооны Умард Солонгосын ажилчдыг хүлээн авч, өлсгөлөнгийн үед хүнсний тусламж үзүүлж байсан. Энэхүү харьцангуй “нам гүм” харилцаа нь харилцааны чухал сувгуудыг хадгалж, Монгол Улсын сөргөлдөгч талуудыг зуучлах амбицын суурийг тавьсан. 2025 оны дүрвэгчийн хямрал нь хоёр талын олон арван жилийн турш хуримтлагдсан итгэлцлийг үгүй хийж, Монгол Улсын Умард Солонгосын талаарх бодлогыг идэвхгүй хямралын удирдлагад оруулсан.


Эдийн засгийн хамаарал: Өмнөд Солонгосын нөлөөний гинжин хэлхээ


Монгол Улсын 2024-2025 онд Өмнөд Солонгост хийсэн буултууд нь эдийн засгийн ноцтой эмзэг байдлаас үүдэлтэй. Худалдааны 80 гаруй хувь нь Хятад, Оросоос хэт хамааралтай тул эдийн засгийн амин судас нь тэдгээрийн эдийн засаг болон бодлогын өөрчлөлтөөс эмзэг байдаг. Гуравдагч хөршийн бодлого нь үндсэндээ энэ эрсдэлийг бууруулах “амьд үлдэх стратеги” юм. 2025 он гэхэд Өмнөд Солонгос энэ бодлогын гол тулгууруудын нэг болсон. Сөүлийн хагас дамжуулагч, цахилгаан тээврийн хэрэгслийн салбаруудын тэлэлт нь Монголын мөнгө, молибден, нүүрс, зэс, ховор шороо (чухал ашигт малтмал)-ийн эрэлтийг үүсгэж, өмнөх эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагаан дээр суурилсан гүн гүнзгий нөхөж чадах эдийн засгийн холбоог бий болгов.


2025 оны эдийн засгийн мэдээлэл нь энэ хараат байдлын зайлшгүй шаардлагыг онцолсон.


Хятадын эдийн засаг удааширсан үед Монголын Хятад руу хийх экспортын хэмжээ 2025 оны эхний гурван улиралд 9.4 хувиар буурч, нүүрсний орлого 41 хувиар огцом унасан. Өмнөд Солонгос үүссэн хоосон орон зайг нөхөх гэж оролдсон ч, бодит мэдээлэл нь Монголын хувьд таатай бус байгааг харуулж байна.


Өмнөд Солонгосын статистик мэдээгээр, 2025 оны эхний гурван улиралд хоёр талын худалдааны хэмжээ 550 сая гаруй ам.долларт хүрсэн. Нийт худалдааны хэмжээ хэдийгээр 19 хувиар өссөн ч, энэ өсөлт нь Өмнөд Солонгосоос Монгол руу хийх экспорт 21.2 хувиар өссөнөөс үүдэлтэй бөгөөд Өмнөд Солонгосын Монголоос авах импорт 16.3 хувиар буурсан. Сөүл 2025 оны арваннэгдүгээр сард хамтарсан хайгуул, ухаалаг уул уурхайг дэмжих зорилгоор "Монгол–Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв" байгуулахаар амласан. Үргэлжилж буй Эдийн Засгийн Түншлэлийн Хэлэлцээр (EPA)-ийн хэлэлцээр нь зөвхөн шууд эдийн засаг худалдааны харилцаа төдийгүй Монгол Улсын тогтвортой хөгжилд шаардлагатай чухал инноваци технологийг амлаж байна. Энэхүү эдийн засгийн таталцал нь Өмнөд Солонгосын дипломат нөлөөгөө бэхжүүлэх боломж болж аажмаар хувирсан. Эдгээр дипломат болон худалдаа, эдийн засгийн огтлолцлын дунд, парламентын өндөр түвшний дипломат ажиллагаа нь Монгол Улсын Солонгосын хойгийн хуваагдлыг даван туулах чухал хэрэгсэл болсон. 2025 оны дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын дотоод тавгүй байдалд (Ерөнхийлөгч асан Юн 2024 оны онцгой байдлын тушаалын улмаас огцруулах болсон, нөхөн сонгуулийн намуудын нэр дэвшигч тодорч байх үед) автаж эрх мэдлийн вакуум үүсч байсан ч, Үндэсний ассамблейн дарга У Вон-шиг гэнэт Монголд айлчилж, Монголыг “бүс нутгийн тогтвортой байдлын гол түнш” гэж тодорхойлсон. Худалдаа, эдийн засгийн дэмжлэгийг Улаанбаатар Солонгосын хойгийн асуудлаар Сөүлтэй байр сууриа нэгтгэхээс хамааруулсан quid pro quo-г байх ёстойг илэрхийлж байв.


Гурван сарын дараа 2025 оны долдугаар сарын 30-нд Женев хотноо тухайн үеийн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан(Өмнө нь тэрээр ЗГХЭГ-ын дарга байхдаа Монгол, Өмнөд Солонгосын засгийн газар хоорондын хуралдааны монголын талын дарга байсан) У Вон-шигтэй уулзаж, Өмнөд Солонгосыг “Гуравдагч хөрш”, хамтын ажиллагааны түнш, ардчилсан үнэт зүйлийн дэмжигч гэж онцлов.


Сонирхолтой нь, энэ уулзалт нь Амарбаясгалан Умард Солонгосын Пак Ин Чолтой уулзахаас ердөө нэг өдрийн өмнө болсон. Тэрээр Өмнөд Солонгосын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн Монголын 10 аймгийн төвлөрсөн дулааны станцын барилгын ажлын саад бэрхшээлийг шийдвэрлэх, шинэ гүйцэтгэгч сонгон шалгаруулахад анхаарах; харилцан иргэд солилцоог хөнгөвчлөх (Өмнөд Солонгосын иргэд Монгол руу түр хугацаанд визгүй зорчиж байгаа. Монгол Улсын иргэдийг Өмнөд Солонгос руу зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, Өмнөд Солонгосын хил дээр Монгол Улсын иргэдийг тодорхой шалтаг шалтгаангүй буцаах г.м асуудлыг шийдвэрлэх) гэсэн шаардлагуудыг тавив. У Вон-шиг тус 10 аймгийн төвлөрсөн дулааны станцын төслийг шуурхай сэргээж, урагшлуулахаа амласан бөгөөд Өмнөд Солонгос нь Монгол Улсын иргэдийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх, тухайлбал цахим виз нэвтрүүлэх, элчин сайдын яамны консулын ажилтнуудыг нэмэгдүүлэх, бүлэг жуулчдын визийн процедурыг хялбарчлах зэрэг арга хэмжээг судалж байгааг мэдэгдсэн. Мөн хоёр тал өмнөх албан ёсны айлчлалуудын сэдвүүдээр санал солилцож, хоёр орны хоорондын практик эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих талаар тохиролцоонд хүрсэн.


Зургаадугаар сарын сонгуулийн дараа шинэ Ерөнхийлөгч И Жэ Мён есдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй утсаар ярихдаа Солонгосын хойгийн асуудлаар Монгол Улсын дэмжлэгийн хариуд "EPA-ийн хэлэлцээрийг хурдасгах" болон "Монгол Улсын иргэдэд Өмнөд Солонгост визгүй зорчихийг дэмжих" (Улаанбаатарын гол шаардлагуудын нэг, учир нь ойролцоогоор 50,000 Монгол иргэн Өмнөд Солонгост ажиллаж, суралцдаг, тэдний тал нь зарим байдлаар бичиг баримтын зөрчилтэй) санал тавьсан.


Есдүгээр сарын сүүлээр, Өмнөд Солонгосын Ерөнхий Сайд Ким Мин Сог дараа нь чухал ашигт малтмал, газрын ховор элементийн хамтын ажиллагааг бүс нутгийн хурцадмал байдалтай холбон, Монгол Улсыг "бүс нутгийн тогтворгүй байдлыг шийдвэрлэх Сөүлийн хүчин чармайлтыг дэмжихийг" уриалсан. Монгол Улсын Шадар Сайд Н.Учрал чухал ашигт малтмалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ амласан боловч Солонгосын хойгийн асуудал дээр "төвийг сахих" талаар огт дурдаагүй нь эдийн засгийн хараат байдлын цаана буй дипломат буултууд байгааг харуулсан. Үндсэндээ Монгол нь Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн Намын 80 жилийн ой тохиож буй энэ үед уламжлалт харилцаа бүхий орнуудтай харилцаагаа Пёнъян хэвийн хадгалах, нэр хүндийн хэрэгцээ байгаа учраас харилцааг хэт их хүйтрүүлэхгүй, хүндрүүлэхгүйд гэж найдаж байсан. Тиймээс энэ буулт нь богино хугацааны эрсдлийн менежментийг хийж, Сөүлээс эдийн засгийн үр өгөөжийг авчирсан. Гэхдээ урт хугацаандаа иймэрхүү харилцаа нь ноцтой эрсдлүүдийг агуулж байна. Өмнөд Солонгосоос хэт их хараат, нөлөөнд байх нь Гуравдагч хөршийн бодлогыг олон талт байдлаас нэг улсаас хамаарах байдал руу шилжүүлж, эцсийн дүндээ Монгол Улсын дипломат бие даасан байдлыг алдагдуулж болзошгүй. Монголын энэ хямралаас гарах гол түлхүүр нь АНУ, Япон, Европын Холбоо зэрэг бусад “гуравдагч хөршүүд”-тэй хамтын ажиллагааг түргэсгэхэд оршино, эдийн засгийн прагматизм үнэхээр бие даасан байдлыг дэмжих ёстой бөгөөд Монголыг том гүрнүүдийн харьяа, хэт нөлөөнд автуулахгүй байхад чиглэгдэх ёстой.


Урагшлах зам: Зарчимд суурилсан прагматизмруу


Дотоод болон гадаад сорилтуудыг шийдвэрлэхийн тулд Монгол Улс стратегийн сэтгэлгээгээ яаралтай шинэчлэх шаардлагатай. Юуны түрүүнд яриа хэлэлцээний сулбагар, хүлээн зөвшөөрсөн, идэвхгүй буултаас зарчимд суурилсан прагматизм руу шилжиж, гадаад бодлогоо тусгаар тогтнол болон үндсэн үнэт зүйлс дээрээ тулгуурлан, уян хатан, тогтвортой тогтолцоог бий болгох шаардлагатай. Энэхүү өөрчлөлт нь Өмнөд болон Хойд Солонгостой харилцах харилцаанд зэрэг явагдах ёстой бөгөөд дотоодын институцийн чадавхийг бэхжүүлэх ёстой. Монгол Улс уул уурхайн нөөц баялагийн давуу талаа бодит дипломат нөлөө болгон хувиргах ёстой. EPA-ийн хэлэлцээрийн үеэр хоёр үл тохиролцох гол шаардлагыг тодорхой болгох хэрэгтэй. Нэгдүгээрт, Өмнөд Солонгос KDIC-ийн тагнуулын хэргээс үүдсэн итгэлцлийн алдагдлыг засаж, Монголын нутаг дэвсгэр дээрх бүх тагнуулын үйл ажиллагааг хориглосон заавал биелүүлэх гэрээнд гарын үсэг зурах; Хоёрдугаарт, НҮБ-ын Дүрвэгсдийн Асуудал Эрхэлсэн Дээд Комиссар (UNHCR) зэрэг олон улсын механизмаар дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэх талаар удирдан чиглүүлж, хүмүүнлэг ёс зүйн зарчмыг тусгаар тогтнолын аюулгүй байдалтай тэнцвэржүүлэх. Эдийн засгийн хувьд Монгол Улс "түүхий эд экспортлогч" гэсэн бага нэмүү өртөг шингэсэн загвараас давж, уран зэс болон газрын ховор элементийг боловсруулах, ухаалаг үйлдвэрлэлд нэмүү өртөг шингэсэн хамтын ажиллагааг дэмжиж, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Нэг зах зээл болон уул уурхайн экспортоос хараат байдлыг бууруулах нь Монгол Улсыг ашигт малтмалын нийлүүлэгчээс аж үйлдвэрийн түнш болгон өөрчилнө – Сөүлийн аж үйлдвэрлэлийн сүлжээний аюулгүй байдлын ашиг сонирхолтой нийцэж, Улаанбаатарт эдийн засгийн санаачилгыг олгоно. Мөн Пёнъянтай итгэлцлийг сэргээх нь хариу үйлдэл үзүүлэх дипломатаас идэвхтэй дипломат руу шилжихийг шаарддаг.


Нэгдүгээрт, Улаанбаатар далд сувгуудыг ашиглан орчуулагчийн дүрвэсэн орогнол хүссэн асуудлыг илэн далангүй шийдвэрлэж, "дотоод хэрэгт үл оролцох" зарчмыг дахин нотолж, Элчин сайд Л.Эрдэнэдаваа, О Сын-хо нарын 2024 оны "уламжлалт найрсаг хамтын ажиллагаа"-ны амлалтыг давтаж, Монгол Улс Умард Солонгостой сөргөлдөх “зэвсэг” болохгүй гэдгийг тодорхойлох ёстой.


Хоёрдугаарт, Мэдрэмтгий байдал харьцангуй бага нийгэм соёл, эдийн засгийн хамтын ажиллагааг (соёлын солилцоо, хүнс хөдөө аж ахуйн тусламж, нийгмийн эрүүл мэндийн хамтын ажиллагаа) дахин эхлүүлж, Солонгосын хойгийн маргаантай асуудлуудаас зайлсхийж, иргэд хоорондын харилцаагаар дамжуулан албан ёсны итгэлцлийг засах шаардлагатай.


Гуравдугаарт, Гадаад Хэргийн Яам, Тинк-Танк судалгааны хүрээлэнгүүдийн санал болгосон "Улаанбаатарын бүс нутгийн цөмийн зэвсэггүйжүүлэх ба эвлэрүүлэх форум"-ыг идэвхжүүлж, үүнийг маргаангүй техникийн яриа хэлцлийн талбар (жишээлбэл, Солонгосын дайнаар хагацсан иргэдийг уулзуулах г.м) болгон байршуулж, Солонгос хоорондын харилцааны сувгуудыг идэвхжүүлж, "гүүр"-ийн үнэ цэнийг сэргээх шаардлагатай. Үүний зэрэгцээ Монгол “Хойд Солонгост хориг арга хэмжээнд оролцохгүй” гэсэн сайн санааны үйлдлийг үргэлжлүүлэх боломжтой — энэ нь хоёр талын харилцааны гол холбоос юм.


Дүрвэгсдийн хямралын үндсэн шийдэл нь байгууллагын хариу арга хэмжээний механизм бий болгоход оршино. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар (UNHCR)-ын дэмжлэгтэйгээр бий болгох энэхүү хүрээ нь тодорхой орогнол хүсэх шалгуур, хатуу нууцлаг боловсруулах журам, гурав дахь орны дахин суурьшуулах сонголт зэрэг гурван гол элементээс бүрдэх ёстой. Ийм систем нь эмзэг бүлгүүдийн хүмүүнлэгийн эрхийг хамгаалахын зэрэгцээ хувь хүний тохиолдлуудыг дипломат хямрал болгон өсгөхөөс сэргийлж, “Өмнөдийг зорих замд” киноны “хүмүүнлэгийн зуучлагч” идеализт үзлийг хэрэгжихүйц бодлого болгон хувиргах болно. Мөн Монголыг “идэвхгүй хариу арга хэмжээний” мөчлөгөөс ангижруулна.


Дүгнэлт


Монгол Улсын хамгийн үнэ цэнэтэй стратегийн хөрөнгө бол түүний арвин ашигт малтмалын нөөц биш, харин бүс нутгийн бүх оролцогч талууд, ялангуяа Төв Ази эсвэл Солонгосын хойгийн талуудын хүлээн зөвшөөрсөн – эсвэл хүлцэн зөвшөөрсөн – итгэлцэл юм. Энэхүү итгэлцэл нь Сөүлийн эдийн засгийн таталцал болон Пёнъяны хүндэтгэлийн шаардлагыг тэнцвэржүүлж олон арван жилийн турш бий болсон бөгөөд газарзүйн эмзэг байдлыг дипломат уян хатан байдал болгон хувиргах ухааныг илэрхийлдэг.


Богино хугацааны эдийн засгийн үр өгөөж эсвэл Пёнъяныг түр зуур тайвшруулахын тулд энэ итгэлцлийг үрэн таран хийх нь Улаанбаатарын бүс нутгийн байр сууринд эргэлт буцалтгүй хохирол учруулна.


Олон зуун жилийн турш эмзэг байдлыг уян хатан байдал болгож хувиргасан үндэстний хувьд одоогийн хямрал бол сорилт бөгөөд өөрчлөлт хийх боломж юм. Монгол Улс зарчимд суурилсан прагматизмыг тууштай баримталж, Солонгос хоорондын өрсөлдөөний дунд нарийн тэнцвэрийг хадгалах ёстой – аль ч талын хэрэгсэл болохоос зайлсхийхийн зэрэгцээ хүмүүнлэг ба тусгаар тогтнолын нэр хүндийн үндсэн амлалтуудаа орхихгүй байх. Зөвхөн тэгэх үед л түүний "төвийг сахисан гүүр" хэмээх байр суурь нь бэхжиж, өөрийн тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалж, Зүүн Хойд Азийн тогтвортой байдалд өвөрмөц үнэ цэнийг оруулж, их гүрний өрсөлдөөний эрин үеийн дунд, жижиг улсын дипломат ажиллагааны загварыг тогтоож чадна.


Тус өгүүлэл The Diplomat сэтгүүлд 2025 оны арваннэгдүгээр сарын 04-нд "Mongolia’s Defector Dilemma: Navigating the Korea Divide" нэртэйгээр англи хэл дээр нийтлэгдсэн.



Судлаач Ч.Сумъяа