Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрбээр өчигдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн холбооноос Монголын аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдэд зориулан Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд зохион байгуулсан техникийн семинарыг нээж, үг хэллээ.
Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнууд нь манай улстай худалдаа, эдийн засаг, соёлын хувьд түүхэн хэлхээ холбоотой, стратегийн чухал түншүүд болохыг онцлон тэмдэглээд ЕАЭЗХ-ны гишүүн орнуудтай хийж буй гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа боломжит түвшинд хүрч чадаагүй байгааг УИХ-ын дарга нээлтийн үгэндээ дурдлаа. Иймээс бүс нутаг дахь эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бэхжүүлэх зорилгоор Худалдааны түр хэлэлцээрийг 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо байгуулж, өнгөрсөн оны 12 дугаар сарын 12-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон батлуулсныг тэмдэглэв. Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Монгол Улсаас Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэх тооцоололтой аж.
Тэрбээр хэлэлцээрийг бүрэн хэмжээнд хэрэгжүүлэхийн тулд дэлхийд ноолуур үйлдвэрлэлээр тэргүүлж буй Монгол Улсын хувьд Евразийн зах зээлд нэвтрэхэд тулгамдаж буй тарифын бус саад тотгорыг цаг алдалгүй бууруулах, шийдвэрлэх шаардлагатай байгааг хэлэв. Аж ахуйн нэгжүүдэд зориулсан энэхүү техникийн семинарын хүрээнд гарал үүслийн дүрэм, тарифын хөнгөлөлт, гааль, техникийн зохицуулалт, стандарт, баталгаажуулалт зэрэг худалдаанд шууд нөлөөлөх асуудлуудыг тодорхой, ойлгомжтой, ажил хэрэгчээр танилцуулснаар Монголын бизнес эрхлэгчдэд Евразийн зах зээлд нэвтрэх, экспортын боломжоо нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болно гэв. УИХ-ын дарга Н.Учрал үргэлжлүүлэн стандартчиллын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай тодорхой санаачилгуудаас дурдлаа.
Түүнчлэн энэхүү хэлэлцээр нь зөвхөн тарифын болон тарифын бус зохицуулалтаас гадна бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил гаалийн хүндрэлүүдийг бууруулах, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх ач холбогдолтойг онцолсон юм. Үр дүнд нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардал буурч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэхээс гадна иргэдэд хүрэх бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буурч, хүртээмж сайжирна гэдгийг тодотголоо.
Энэхүү хэлэлцүүлгийг Эдийн засгийн хөгжлийн яам, Евразийн эдийн засгийн холбоо, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулж, Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж оролцох ХХААХҮЯ, Гаалийн Ерөнхий газар, Стандарт хэмжилзүйн газар, Ургамал хамгааллын газар, Жижиг дунд үйлдвэрийн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв болон бизнесийн төлөөлөл оролцсон. Тухайлбал, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, арьс шир, барилгын материал, цемент, уул уурхай, шатахуун, худалдаа, чанарын стандарт, тээвэр ложистик, эмийн салбарын төлөөллүүд оролцож хэлэлцүүлгийн хүрээнд асуулт асууж, хариу авав.
Монгол Улс, ОХУ-ын итгэмжлэлийн байгууллагууд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
Хэлэлцүүлгийн үеэр хоёр улсын итгэмжлэлийн байгууллагууд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгууж, соёрхон баталгаажуулсан юм. Уг санамж бичигт Монгол Улсаас Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ, ОХУ-аас Холбооны итгэмжлэлийн газрын дарга Дмитрий Вольвач нар гарын үсэг зурцгаав.
Ингэснээр хоёр улсын худалдаанд учирч болох техникийн саад, тотгорыг багасгах бодитой шийдэл, томоохон алхам болсныг семинарт оролцож буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл онцолж байсан юм.
Өөрөөр хэлбэл экспортод гаргаж буй бүтээгдэхүүний итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрснөөр цаг хугацаа, эдийн засгийн асар их давуу талтайг хэлж байлаа. Итгэмжлэлээр дамжуулан дотоод, гадаад худалдаа, экспортын тодорхой асуудлыг зохицуулдаг олон улсын жишгээр талууд ийнхүү нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Тухайлбал, хамтарсан үнэлгээ зохион байгуулах, лаборатори, баталгаажуулалтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, стандартын зөрүүтэй байдлыг арилгах, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах зэрэг ажлууд багтжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Пүрэв - 03 сарын 05,
2026
Сэтгэгдэл12
Дэмий юманд орсон юм
цахилгаан станц хэрэгтэй
бензин шатахууны дерепатскийн сүлжээ хэрэгтэй
орсын цэвэх хүнсний дэлгүүрүүд хэрэгтэй
цэвэр хөвөн ноосон бөс бараа хэрэгтэй
цэвэр хөвөн ноосон бөс бараа хэрэгтэй
орчин үеийн техникийн үлгэр жишээ дунд сургууль хэрэгтэй
москвагийн захад монголчуудад байрлах газар хэрэгтэй байна
Өөрийн тусдаа эх оронтой Буриадыг Монгол төрийн өндөрлөгт гаргахаар ингэж байгаа юм.
100 % монголын ард түмний өмч үнэ цэнэтэй ашигт малтмалын ордуудын өгөөжийн 60-хан хувийг монголын 3,5 сая ядуу ард түмэн, 40 %-ийг Оджаргал, Нямтайшир, Цагаан мэтийн олигархиуд хармаандаа хийх юм уу. Энэ бол гай, гутамшиг. Занданшатар монголын 3,5 сая ядуу ард түмнээр доог тохуу хийж байна.
Учрал гэгч этгээд Монголд өдөр бүр Орос улсыг, Оросын ард түмнийг муулчихаад, барууныг магтчихаад, ямар нүүрээрээ Орост очиж орос хүмүүстэй уулздаг байна. Ёстой хоёр нүүртэй хон хэрээ гэдэг л ийм байдаг байх.
Яс үндсээрээ гайхуулдаг Буриадууд 3.5 сая хүнтэй Монголд 40 мянга байж яагаад заавал гадаад яам,тагнуул,урлаг соёлыг атгаад ханахгүй Төрийн гурван өндөрлөгт санаархцгаадаг юм? Хүрэлсүх хойд Оросын хөрш айл нутгийнх болхоороо Буриадуудад сайн байж болно.Гэхдээ хотоос баруун тийш нутагтай Монголчуудыг хуулийн сайд Дорнодын Энхбаяр шигээ ялгаварлаж үзэн ядах эрхгүй.