sonin.mn

Г.Занданшатар Ухаа худаг, Барууннаранг “М Си Эс”-ээс, Эрдэнэтийн үүсмэл ордыг Ц.Элбэгдорж, П.Цагаан нараас авчихлаа. Хувь, эзэмшлийнх нь 34-өөс доошгүйг төрд, өгөөжийнх нь 60 хувийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлнэ гэдэг дээр тэднийг толгой дохиулна гэдэг Засгийн газрын тэргүүний хувьд зангараг заасан хэрэг.


Улстөрчийн хувьд тэр манлайлал үзүүлдэг, яриа хэлэлцээний ширээний ард сууж чаддаг, хуулиа мэддэг, хэрэгжүүлдэг туршлага, цараагаа харууллаа. Хараад байхад Г.Занданшатар бас л үзээтэй юм аа. Тууштай юм, тулхтай ч юм.


Цэгцрэх хөдөлгөөн гэж ярьсаар байгаад цэгцэлж эхэллээ. Ухаа худагийг тойрсон зах замбараагүй талцал, хэрүүл, улстөржилтийг ингээд цэглэчихлээ. Хэл амтай “Ачит Ихт”-ээс үүсмэл ордынх нь өгөөжийн 60 хувийг ард түмэндээ аваад ирлээ. Толхилцох биш тохиролцох чухал байсныг энэ хэлцэл харууллаа.


Уул уурхайн ордуудын талаарх мань эрийн баримталдаг зарчмыг 20-иод жилийн өмнөхтэй нь тулгаад үзэх юм бол огт өөрчлөгдөөгүй юм байна. Ноён нуруу, чиг шугамаасаа хазайдаггүй энэ чанар чухал л даа.


Дараа дараагийн стратегийн ордуудын өгөөжийн 60 хувийг ард түмэндээ хүртээх хэлцэл үргэлжлэх юм байна. Өнөөдрийн жишгээр тохиролцоод явчихвал иргэдийн Хуримтлалын сангийн мөнгө нэмэгдэнэ гэсэн үг.