sonin.mn

1911 оны Богд хаант Монгол улсын газрын зургийг үзэхэд тэр үеийн Монгол улс 3.3 сая квадрат км газар нутагтай, Өвөр Монгол, Тувагийн газар нутаг монголын нутагт харьяалагддаг байсан нь харагддаг. Богд хаант Монгол улсын газрын зураг бүхэлдээ зүрх хэлбэртэй, дээшээ цүндийж харагддаг байсан бол одоо дээрээсээ өм өм авхуулсан сэмэрчихсэн сархинаг шиг харагддаг болжээ. Ийм болсон нь тувачуудын тарьсан балаг юм. Уг нь тува гэж байгаагүй, харин урианхайчууд гэж байсан юм.


Одоо тэд өөрсдийгөө нэг хэсэг тува гэж нэрлэж байсан бол одоо тыва гэдэг болжээ. Хичнээн ч удаа тэд монгол хэмээх нэрнээс зугатааж нэрээ өөрчилсөн ч тэд монгол туургатан хэвээр л байх болно. 


1911 оноос хойш Монголын Урианхайн газар нутгийг урвагч тува ноёд, улаантан тувачуудын балгаар хэд хэдэн удаа Орос улсад, дараа нь Зөвлөлт улсад тасдан өгсөн байдаг. Тувачууд өнгөрсөн зууны гучаад онд Монголоос дахин газар нутгийг нь таслан авсан, 1958 онд дахин Монгол улсын хойд газар нутгийг манай Тувагийн газар нутаг хэмээн таслан авсан байдаг юм. Тэд дандаа Зөвлөлт улсаар түрүй барьж монголын газар нутгийг зөвлөлтийн нутаг хэмээн гүтгэж зөвлөлтийн цэргээр айлгаж монголын хойд нутгийг булаан авсан байдаг юм. Тувачууд “Бид манж-монголын дарлал дор 200 жил дарлуулж зовсон” хэмээн худал улигладаг юм. Үнэн түүхийг өгүүлсү.  1207 онд Чингис хааны ахмад хөвгүүн Зүчи умард монголын нутаг болох Байгал нуураас Хөвсгөл нуур хүртэл, Сэлэнгэ мөрнөөс Алтай хүртэлхи газар нутгийг эзэлж ойн иргэд буюу урианхайчууд их хааны тугийн дор нэгдэв. Ойн иргэд гэдэг нь урианхайчууд юм. Харин ойн иргэдийн нэг хэсэг нь умар зүг улам хойшлон нүүж урианхай саха хэмээх ястанг үүсгэсэн нь одооны якут нутаг ажээ. Чингис хааны Их Монгол гүрний умарт нутгийн ард түмнийг түүхэнд урианхайн хязгаар хэмээн хорьдугаар зуун хүртэл нэрлэж байсан.


Тува бол Манж Чин улс болон Богд хаант Монгол улсын харьяанд байхдаа Урианхайн хязгаар гэдэг нэртэй байсан. Тэд анхандаа Ойрд монголчуудтай дотно харилцаатай байсан. Урианхайчууд 18-р зуунд анх оросуудтай харилцаж хил орчмын худалдаа хийж эхэлсэн юм.


Гэвч Манж Чин улс Оростой хийх худалдааг хориглосон юм. 1860 онд Орос улс Манж гүрэнтэй Бээжингийн гэрээ хийж оросын худалдаачид хойд болон баруун монголын нутаг, Урианхайн хязгаарт худалдаа хийх эрхтэй болжээ. Ингэж л анх оросууд Урианхайн хязгаарыг мэддэг болсон юм. Удалгүй орос худалдаачдыг дагаж оросын тариачид тариа тарих газар хайж Урианхайн хязгаарт ирж эхэлсэн юм. 1896 онд 169 оросын иргэнтэй анхны орос тосгон Туран байгуулагдав. 1908 он гэхэд Урианхайн хязгаарт оросын 200 гаруй тосгон гацаатай болчихжээ. Оросын иргэд тэр үед Урианхайн хязгаарт сайндаа ч ирээгүй юм л даа. Худалдаачид нь Урианхайн хязгаарын байгалийн баялаг алт, мөнгө, нүүрс хайж, тариачид нь тариа тарих газар хайж л ирсэн юм.


Урианхайд 1830 онд анхны алтны уурхай нээгдэж байсан бол 1896 он гэхэд 11 алтны уурхайд 500 хүн ажиллаж байлаа. 1904-1914 онд оросууд 25 тонн алт олборлож байжээ.


Ийнхүү Бээжингийн гэрээгээр оросын худалдаачид баруун Монгол болон Урианхайн хязгаарт татваргүй худалдаа хийх эрхтэй болсноор оросын худалдаачид урианхайн хязгаарт ирж оросын худалдаачид урианхайн ард иргэдийг  мөлждөг болсон юм. Тэр үеэс орос худалдаачдын араас Урианхайд ирсэн оросын тариачид ус, хөрс сайтай үржил шимтэй газар нутгийг урианхайчуудаас булаан авч тариа тарьж баян чинээлэг орос тариачид буй болж урианхайн хязгаарт 200 гаруй орос тосгон байгуулж нутгийн урианхайчуудын хувьд билчээр үржил шимт газар нутгаа оросуудад алдаж амьдрахад хүнд болж ирсэн юм. 1830-аад онд оросын алт хайгчид Урианхайн Сыстык Хэмд алт олж  монголын хууль цаазыг үл тоож нууцаар алт олборлож эхлэв. 1896 он гэхэд 11 алттай газар олж 11 алтны уурхай ажиллуулж, 500 гаруй ажилчин ажиллуулж их хэмжээний алт олборлож оросын цагаан хааны санг баяжуулж байв. 1881 онд гэхэд оросууд Урианхайд 9.5 сая алтан рублийн үнэтэй 446 пуд буюу 25 тонн алт олборлож байв.Оросын алт хайгчид улам их шуналтаж хууль бусаар алт олборлох ажиллагаагаа улам өргөжүүлж 1904-1914 онд алтны 29 уурхайнаас 1140 пуд алт олборлож байв. Урианхайн нутагт харийн олз хайгчид өчнөөн их алт олборлох тутам урианхайн ард түмэн төчнөөн ихээр ядуурч байв. Хорьдугаар зууны эхнээс эхлэн Оросын эзэнт гүрэн алтаар баян Урианхайн хязгаарыг эзлэн авах далд санаагаа хэрэгжүүлж  эхэлсэн юм. 1911 онд Хятадад Синьхайн хувьсгал өрнөж Манж Чин улс мөхсөн нь хаант Оросын эзлэн түрэмгийлэгчдэд өчүүхэн жижигхэн ч гэсэн үлэмж их баялагтай Урианхайн хязгаарыг Монголоос таслан авах таатай нөхцлийг бүрдүүлжээ.


Монголд Богд хаан тэргүүтэй монгол ноёдууд Манж Чин улсаас туурга тусгаарлаж Богд хаант Монгол улсыг 1911 оны 12-р сарын 29 -ны өдөр байгуулав. Чухам энэ үед монгол туургатан сэргэн мандаж нэгдсэн Их Монгол улс байгуулагдах таатай нөхцөл бүрдсэн юм.


Өвөр Монгол, Шинжааны монгол, Буриад монголчууд бүгд л энэ чухал үйл явдлыг баярлан угтаж Монгол улсдаа нэгдэн орохыг ард түмнээрээ хүсэн тэмүүлж байлаа. Харин Урианхайн хязгаарын ноёд бүгд нэгдэж Монгол улсаа дэмжихийн оронд тэд гурав хуваагдсан байлаа. Урианхай ноёдын нэг хэсэг нь Монгол улсынхаа бүрэлдэхүүнд орно хэмээн зөв ярьж байхад, нэг хэсэг нь бие даасан тусгаар улс болно хэмээн төөрөлдөж, нөгөө хэсэг нь Оросын эзэнт улсын бүрэлдэхүүнд орно хэмээн мунхаглаж байв. Тэр үед арван түм ч хүрэхгүй цөөхөн урианхайчууд өөр хоорондоо ингэж самуурч тэрсэлдэж байсныг бодоход урианхайчууд улс Монголоо гэсэн эх оронч үзлээ гээж, Бурханы сургаал, эзэн Богд Чингис хааны сургаалиа ор тас мартаж, харийн гүрнийг шүтэж эхэлсэн буруу номтон болж байжээ. 1912 оны 1 дүгээр сард Урианхайн хошуу ноён Буянбадрах, амбан ноён Гомбодорж, хамба лам Лувсанжамц нар нь “Урианхайн хязгаарыг Оросын эзэнт улсын бүрэлдэхүүнд оруулж өгөөч” гэсэн өргөх бичгийг Оросын цагаан хаанд өргөн барьж байжээ. Оросын хаан 1914 онд тэрхүү хүсэлтийг авч тэр даруй Урианхайн хязгаарыг Оросын Енисейн губерний харьяанд авч байжээ. Ингэж анх урианхайн ноёдын урвалт эхэлсэн юм. Тэр үед урианхайн ноёд, лам нарын олонхи нь Оросын нөлөөнд орох сонирхолгүй байсан. Тэд Монгол улстайгаа нэгдэх хүсэлтэй байсан нь мэдээж. Гэвч улс төрийн харалган бодлоготой цөөн хэдхэн урианхай ноёд Монголоос урваж байлаа. Уг нь 1913 онд Монголын Хатанбаатар Магсаржав жанжин Урианхайг Манжаас чөлөөлсөн юм шүү дээ. Гэвч тувачууд Хатанбаатар Магсаржаваас нүүр буруулжээ.


Оросын хаант засаг ч гэсэн тэр үед шинээр байгуулагдсан гоминданы Хятад улстай харилцаагаа муутгахыг хүсэхгүй байсан бөгөөд шууд л Урианхайн хязгаарыг Орос мэдэлдээ авлаа хэмээн ил тод хэлж хараахан зүрхлэхгүй байсан юм.


1915 оны Орос, Монгол, Хятадын “Хиагтын гэрээ”-ний 11 дүгээр зүйлд “Урианхайн хязгаар бол гадаад Монголын бүрэлдэхүүн юм” хэмээн тусгагдсан нь Монгол улсын хувьд чухал заалт байв. Гэвч удалгүй энэхүү гэрээг хаант Орос улс уландаа гишгэсэн юм. 1917 онд улаан хувьсгал Орос оронд ялж еврей коммунистуудын улаан хядлага Орос орон даяар өрнөж хэдэн сая гэм зэмгүй ард иргэд улаантнуудад алагдаж тэрхүү улаан хувьсгалын хор уршиг Урианхайн хязгаарт 1921 онд хүрч ирсэн юм. Оросын А.Кравченко, П.Щетинкины удирдсан улаан цэргүүд Урианхайн хязгаарт цөмрөн орж ирлээ. 1921 оны 8-р сарын 16- нд Тувагийн 9 хошууны хурал болж оросын улаантан большевикуудын нөлөөнд автсан тувачууд “Бүгд Найрамдах Тува Ард Улс” гэгчийг тунхаглан зарлажээ. Тувагийн Засгийн газрын анхны даргаар залуу хошуу ноён Монгуш Буянбадрах, Бага Хурлын тэргүүлэгчдийн даргаар Куулар Дондогийг томилжээ. Гэвч зөвлөлтийн коммунистууд Монгол улсыг шахаж дарамтанд оруулж “Монголчууд Тувагийн хэрэгт дахин оролцох хэрэггүй, Тува бол монголын хэсэг биш” гэсэн ам өчгийг нь монголын удирдагчдаас авч Туваг өөрийнхөө мэдэлд бүрэн авахаар болжээ. Туваг тэр үед дэлхийн хоёрхон улс хүлээн зөвшөөрсөн байдаг юм.


1924 онд энэ улсыг СССР хүлээн зөвшөөрөв. 1926 онд Туваг зөвлөлтийн коммунистуудын шахалт шаардлагаар БНМАУ хүлээн зөвшөөрчээ. Тувагийн нэрийг “Бүгд Найрамдах Тува Ард улс” нэртэй болгож нийслэлийн өмнөх “Хем Бельдир” нэрийг нь өөрчилж “Кызыл” буюу “Улаан” хэмээн шинээр нэрлэв.


1926 оны 8-р сарын 16-ны өдөр БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотод БНМАУ болон Тува ард улсын хооронд найрамдал, хамтын ажиллагааны хэлэлцээ гэгчийг байгуулжээ. Энэ хэлэлцээр дээр Тувагийн төлөөлөгчид Монголын Хөвсгөл нуур болон тэнд амьдардаг дархадын сумдыг “Манай Тувагийн газар нутаг. Бид энэ нутгийг авах ёстой” хэмээн шахалт үзүүлж байв. Монголын төлөөлөгчид арайхийж Хөвсгөл нуур, дархадын сумаа авч үлдэв. Монгол улсын төрийн зүтгэлтэн Ц.Дамбадаржаа, А.Амар, Ц.Жамсрано нар Туваг Монголоос салгаж авахыг огт зөвшөөрөхгүй, Урианхай бол Монгол улсын салшгүй газар нутаг хэмээж байв. Гэвч тэд эцсийн эцэст зөвлөлтийн шахалтаар Урианхайг зөвлөлтийн талд өгөхөөс өөр аргагүй болсон юм. Харин 1923 онд Куулар Дондог Тувагийн Бага Хурлын дарга болоод гурван жил ажиллах хугацаандаа “Тува улс Монгол улстай нэгдэх хэрэгтэй” хэмээн хэд хэдэн удаа мэдэгдэл хийж байжээ. 1925 онд К.Дондог “Тува бол Монголоос гаралтай ард түмэн, бид хүн ам цөөхөн, ядуу тул Монгол улстай нэгдэх нь чухал юм” хэмээн бичиж байв. Тувагийн Бага Хурлын дэд дарга С.Далхсүрэн мөн л яг ийм Туваг Монголд нэгтгэх үзэл бодолтой байлаа. К.Дондог 1925 онд Тувагийн Засгийн газрыг тэргүүлж Москвад айлчилж Зөвлөлт улс Тувагийн хооронд хэлэлцээр хийжээ.


Тэрхүү хэлэлцээрийн үед К.Дондог Москвад Алс Дорнодын Коминтерний хэлтэс дээр Туваг Монгол улсад нэгтгэх асуудлыг ярьтал Коминтерн эрс няцаасан ажээ. Удалгүй оросын большевикууд К.Дондогийг “Баруунтан, “Үндэстний үзэлтэн” хэмээн буруутгаж буудан хөнөөжээ.


К.Дондог өсвөр залуу насандаа Монголын Өргөө хотод Ганданд бурханы ном үзэж гэвш цолтой болжээ. Дараа нь тэр бээр Тувад буцан ирж Чадангийн хийдэд том цолтой лам байв. К.Дондог нь 1923 онд Тувагийн Бага хурлын дарга, 1925-1927 онуудад Тувагийн Ерөнхий сайдаар ажиллаж байжээ. К.Дондог бол Монголд элэгтэй, Туваг Монголд нэгтгэх үзэл санаатай Тувагийн томоохон сэхээтэн байв. 1929 онд Тувагийн ноён Монгуушын Буянбадрах оросын улаантнуудад баривчлагдаж “хувьсгалын эсэргүү” хэмээн зохиомол хэргээр шийтгүүлж 1932 онд буудан хөнөөгджээ.


Буудуулахын өмнө Буянбадрах ноён: “Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ “гэгчээр “Миний тэжээсэн нөхөд бар байжээ, миний сургасан нөхөд дайсан байжээ” хэмээн хэлсэн гэдэг. Буянбадрах нь Урианхайд адуучин ард Монгушийн гэрт төржээ. Түүнийг багад нь хошуу ноён Хайдав-Буурал ноён өргөж авчээ. Түүний багш нь эрдэмт монгол лам байв. Буянбадрах багаасаа боловсрол олж монгол,орос,манж хэлээр чөлөөтэй ярьдаг байжээ. Хайдав аав нь өөрийн цэргүүдийн хамт сибирийн орос казакуудын эсрэг газар нутгаа хамгаалан тэмцэж яваад оросуудад ялагдсан байна. Буянбадрах эцгээ нас барсны дараа 16 насандаа хошуу ноён болжээ. Гэвч тэрбээр хаант Оросын талыг баримталж, эцэс сүүлдээ газар нутгаа оросуудад алдаж, оросын коммунистуудад буудуулан хөнөөгджээ.


”Чөтгөртэй нөхцсөн хүн чөтгөрийн хорыг амсдаг”, ”Муутай нөхөрлөвөл могойн хорлол” гэдэг энэ буюу. Харин тувачууд зөвлөлт засгийн эсрэг 1924 онд эцсийн удаа нэгэн районд бослого гаргаад оросын улаантан большевикуудад хүйс тэмтрүүлж дахин нэг ч удаа бослого бүү хэл, дуу нь ч гарахаа больсон гэдэг.


1932 онд Тувагийн хүн ам 80 000 байв. Оросууд тэр үед Тувад 10 000 га газар эзэмшиж, уул уурхайн үйлдвэрүүдийг эзэмшиж байв. 1929-1930 онуудад Тувад зөвлөлтчлөх хатуу бодлого явагдаж Тувад байсан буддын 15 сүм хийд, 4000 лам хувраг, бөө нарыг бүгдийг нь баривчилж буудан хөнөөв. 1930-аад онуудад зөвлөлтийн коммунистууд, Коминтерний нөлөө Тувад улам хүчтэй болж И.Шагдаржав, С.Тока нарын тува коммунист залуусыг тувагийн коммунист намын байгууллагуудын удирдлаганд шургалуулан томилж анхны Ерөнхий сайд Буянбадрах болон түүний нөхдүүдийг “хувьсгалын эсэргүү, хар шар феодалууд” хэмээн зохиомол хэрэг тулгаж тувагийн удирдлагаас зайлуулж амь насыг нь хөнөөжээ. Монгол Тувагийн харилцаа хорьдугаар зууны хориод оны сүүлч, гучаад оны эхээр улам хурцдаж монголын газар нутгийг Тува тасдан авч зөвлөлтийн талд өгөх, өөрсдөө зөвлөлтийн бүрэлдэхүүнд орох асуудлыг дэвшүүлж байсан нь тэр үеийн монголын удирдагчдын дургүйцлийг хүргэж байв. Монгол Тувагийн хилийн асуудлыг шийднэ хэмээн зөвлөлтийн тал монголын газар нутгийг нь салгаж авах асуудлыг ярих болжээ. Тувачууд энэ бохир ажилдаа зөвлөлтийн коммунист удирдлагыг ашиглаж зөвлөлтийн удирдагчдаар дамжуулан монголын талд шахалт үзүүлж байв. Зөвлөлт Холбоот Улс Монголын Урианхайн газар нутгийг гурван удаа таслан авсан байдаг юм. Энэ талаар хэн ч судалж бичиж байсангүй, монголын төр ч олон нийтэд мэдээлж байсангүй.


Эхний удаа 1921 оны 8-р сард монголын Урианхайн хязгаарыг улаан Оросын цэрэг хяналтдаа авч монголын урианхайн газар нутгийг тасдан авсан байдаг.


Хоёр дах нь 1932 онд Тувагийн нутгийг буцаан өг хэмээн зөвлөлтийн тал монголын талд хатуу шаардлага тавьж монголын уугуул нутаг болох Танну Ола хэмээх нурууны өмнөх бүх нутгийг булаан авсан байдаг юм. Одоо энэ нутагт Тувагийн Мөнгөн Тайга район, Овюрийн район, Тэс Хэмийн район, Эрзиний хошуу оршиж байна. 1933 оны зун Увс аймгийн Цагаан нуурын дамжлага баазын цаана оршдог Тэмээн чулуу, Орос даваа, Жаргалант, Бор хаг, Дөрвөд даваа зэрэг монголын уугуул нутагт зусаж байсан монгол айлуудыг гэнэт улаан орос цэргүүд дайран ирж айлуудын гэрийн бүслүүрийг нь хутгаар огтолж монгол малчдад буу тулгаж хүчээр хөөж уугуул нутаг орны нь улаан оросууд булаан авчээ. 


Гурав дах түрэмгийлэл бол тувачууд Монгол дахь Зөвлөлт улсын элчин сайд В.Молотовоор дамжуулан 1958 онд онд “Тувагийн үлдсэн нутгийг өг” хэмээн монголын талд хууль бус шаардлага тавьж монголын хойд нутгаас 2560 хав дөр км нутаг булаан авсан явдал юм. Зөвлөлтийн Монгол дахь элчин сайд В.Молотов монголын Увс аймгийн хойд нутгийг зөвлөлтийн талд өг хэмээн удаа дараа шаардахад тэр үеийн БНМАУ-ын Гадаад явдлын сайд Аварзэд эрс эсэргүүцэж “Монголын унаган газар нутгийг хэн нэгэн зөвлөлтийн албан тушаалтан шаардахад өгдөггүй юм. Үүнийг БНМАУ-ын төрийн байгууллага шийддэг юм” гэж байв. Гадаад явдлын сайд С.Аварзэд “СССР-т монголын 2560 хавтгай дөрвөлжин км газар нутгаа өгөхгүй” хэмээн бүтэн таван сарын турш  Молотовтой халз үзэлцэж түүний балмад ажиллагааг эсэргүүцэж байлаа. “Зөвлөлт улс Монголын хойд нутгийн хэсгийг авах гэж байгаа нь эзэрхэг түрэмгий хаант Орос улсын замаар замнаж буй хэрэг" хэмээн Аварзэд В.Молотовт сануулан хэлж байжээ. Тэр хэлэлцээр дээр Аварзэд сайд Увс аймгаас нутгийн хоёр малчин хүнийг авчирч зөвлөлтийн авах гэж байгаа газар бол Монголын унаган нутаг гэдгийг хичнээн ч удаа нотолж яриад ч зөвлөлтийн тал огт хүлээж авахгүй байлаа. В.Молотов Москва руу Аварзэдийг матаж ЗХУ-ын Коммунист Намын дарга Хрущеваас монголын МАХН-д цахилгаан утас ирүүлжээ. Монголын удирдагч Ю.Цэдэнбал зөвлөлтөөс цахилгаан утас авсны дараа нутгаа хамгаалсан Аварзэдийг “Зөвлөлт нөхдийн эсрэг ажиллаа явуулсан” хэмээн буруутгаж бүх албан тушаалаас нь халж алс холын аймагт хөдөө нутагт цөлжээ.


Монгол зөвлөлтийн хилийн хэлэлцээрийг үргэлжлүүлэн хийх Монголын төлөөлөгчдийн тэргүүнээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, зөвлөлтийнхөнд "өөрийн хүн" хэмээн тоогддог Л.Цэндийг томилж, зөвлөлтийн талаас монголын талд шаардсан бүх газар нутгийг өгөхөөр болжээ.


Ийнхүү “БНМАУ-ЗСБНХУ-ын хооронд хил тогтоох хэлэлцээрээр хоёр тал 1958 оны гуравдугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурж монголын унаган нутгаас 2560 хавтгай дөрвөлжин км нутгийг Зөвлөлт улс тасдан авчээ. Дэлхийн хоёрдугаар дайн эхэлж 1944 оны 8-р сарын 17-ны өдөр Тувагийн Улсын Бага хурлын шийдвэрээр Тува улсыг Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд оруулж өгнө үү гэсэн шийдвэр гаргав. 1944 оны Тувагийн Бага Хурлын энэхүү шийдвэрийг Зөвлөлт Холбоот Улс хүлээн авч Туваг ЗХУ-ын РСФСР-ийн бүрэлдэхүүнд автономит мужийн зэрэглэлтэйгээр оруулахаар шийдвэрлэжээ. Ийнхүү Зөвлөлтийнхөн монголын Урианхай буюу Туваг 300 мянган хүн ам, 200 мянган квадрат км газар нутагтай нь 1944 онд булаан авлаа. Ингэж хойд монголын 200 мянга гаруй квадрат км хэмжээтэй, байгалийн үлэмж их баялагтай, ой мод, рашаан устай үзэсгэлэнт унаган монгол нутаг орон маань харийн нутагт алдагдсан түүхтэй. Монголын Урианхайн хязгаар бол алт, өнгөт металл, нүүрсээр баялаг газар байв. Туваг зөвлөлтийн бүрэлдэхүүнд оруулах ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцсон хүн бол тувагийн коммунист намын удирдагч Салчак Тока байсан бөгөөд түүнийг энэхүү “гавьяа”-ны төлөө Зөвлөлт Холбоот Улс Лениний одонгоор 7 удаа шагнаж Социалист Хөдөлмөрийн баатар цол олгожээ.


Хаант Оросын үед оросын колонистуудын зарц байсан Салчак гэгч улаан хувьсгалч коммунист болж Туваг зөвлөлтийн бүрэлдэхүүнд оруулж монголын газар нутгийг Зөвлөлтөд таслан өгчээ.


Салчак Москвад КУТВ төгсөж ирээд 1938 онд 9 тува ноёныг буудан хөнөөж, нийт 1286 тува хүнийг “Японы тагнуул”, “Цагаантан Колчакд тусалсан” хэмээн гүтгэж буудан хөнөөжээ. Салчакийн аллага ийнхүү 1938 оноос эхэлж 1950 он дуустал үргэлжилжээ. Салчак Тока гэгч хэн бэ? Тока нь 1901 онд Тувагийн “Сарыг Сек Каа” тосгоны “Мэргэн” хэмээх газарт төржээ. 1910-1921 онуудад хаант Оросын колонист оросын зарц туслахаар ажиллаж байв. 1921 онд оросын улаан цэрэг Тувад орж ирэхэд тэдэнд идэвхтэй дэмжлэг үзүүлж байсан, 1924-1925 онуудад оросын улаан армид алба хааж байсан, 1925-1929 онуудад Москвад Дорно дахины хөдөлмөрчдийн Коммунист Их Сургуулийг / КУТВ / төгссөн, 1929 онд Коминтерний даалгавраар тувагийн 16 төрийн зүтгэлтнүүдийг “хувьсгалын эсэргүү, хар шар феодалын төлөөлөгч” хэмээн тувагийн төрийн удирдлагаас зайлуулж буудан хөнөөжээ. Салчак Тока бол эх орондоо улаан хядлагыг зохион байгуулсан НКВД-ийн тагнуул, улаан хядлагыг гардан зохион байгуулагч улаан коммунист хүн юм. Тока “Миний мөрөөдөл бол Туваг Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд оруулах явдал” хэмээн үздэг байжээ. Тока бол Монголыг үзэн яддаг зөвлөлтийн улаантан коммунист байв.


Тувачууд “Зөвлөлт Холбоот улсын бүрэлдэхүүнд орсон нь хамгийн зөв алхам, хамгийн мэргэн шийдвэр, зөвлөлтийн гэр бүлд орсон нь тувагийн гэрэлт ирээдүй болсон үйл явдал”, “Тувачууд бид бичиг үсэггүй харанхуй бүдүүлэг байсан, шашны мунхруулганд олон зуун жил болсон, тувачууд бид манж, монголын дарлалд олон зуун жил зовсон, бүдүүлэг хоцрогдсон орон байсан.


Одоо бид бичиг үсэгтэй болж, эрх чөлөөт аз жаргалтай орон болсон” хэмээн ярьдаг байлаа. Харин 1992 онд Зөвлөлт улс задарсны дараа тувачуудын үндэстний ухамсар сэргэж эхлэв. Буруу замаар будаа тээснээ ч мэдэв. 1992 онд Тувагийн ардын фронт байгуулагдаж тус байгууллага “Туваг 1944 онд Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд оруулсан нь хууль бус” гэдгийг хүлээн зөвшөөрөхийг иргэддээ уриалж байв. 1993 онд “Хостуг Тыва–Чөлөөт Тува” байгууллагын хөрсөн дээр Тусгаар Тувагийн Ардын нам байгуулагдав. Энэ шинэ нам 1993 онд Тува улсын Үндсэн хуулинд “Тува улс нь Оросын Холбооны улсаас гарах эрхтэй” гэсэн заалтыг оруулж батлуулж чадсан нь сайшаалтай явдал байлаа. Гэвч Оросын Холбооны улс 1999 оноос эхлэн ганц хүний дарангуйлалд орсон тул эдүгээ Тувад Оросын Холбооны улсаас гарах тухай ганхийж дуугарах ганц ч хүнгүй болсон ажээ. Монголчууд хэзээ ч Туваг дарлаж байгаагүй. Урианхай бол монголын салшгүй хязгаар нутаг, урианхайууд бол монгол туургатан байсан. Харин тувачууд Монгол улсын нөмөр нөөлгөнд адуу малаа өсгөөд авралт Бурханаа шүтээд амар амгалан, аз жаргалтай амьдарч байсан юм. Эдүгээ урианхайчууд /тува / монгол, манж бичиг үсэгтэй, бурхны шашинтай, дорны соёлт монгол туургатан байсан гэдгээ мартжээ. Тувачуудын хамгийн хорлонтой үйлдэл бол манай туурга тусгаар Монгол улсын үлэмж их газар нутгийг манай Тувагийн нутаг хэмээн зөвлөлтийн цэргээр айлган сүрдүүлж булаан авсан явдал юм.


Эдүгээ Тувагийн хүн амын 45.0 хувь нь ядуурч төв азийн хамгийн ядуу бүс нутгийн нэг болжээ. Одоо болтол нийслэл Кызыл нь төмөр замтай холбогдоогүй, аж үйлдвэр, дэд бүтэц хөгжөөгүй, бөглүү нутаг хэвээр байна. 


Тувад ажилгүйдэл 22.0 хувьд хүрчээ. “Курагино-Кызыл”-ийн чиглэлд тавих 412 км төмөр зам одоо болтол баригдаагүй аж. Тува алт мөнгө, өнгөт металл, төмрийн хүдрийн баялагтай. Нүүрсний нөөц нь 14.2 тэрбум тонн. Нүүрсээ яаж олборлож ашиглах, яаж төмөр замаар зөөх асуудал одоо болтол шийдэгдээгүй. Тувагийн эдийн засаг хөгжсөнгүй, архидалт, ажилгүйдэл, ядуурал хэвээрээ байна. Тувагийн газар нутаг одоо 168 мянган квадрат км, хүн ам нь 313 000 байгаагийн 16.0 хувь нь оросууд ажээ. Тувачууд Эзэн Богд Чингисийн монгол туургатан байсныг, Чингисийн өрлөг жанжин Сүвээдэй баатрын удам байсныг, Богд хаант Монгол улсын харьяат байсныг, нутгийг нь Урианхай гэдэг байсныг, Бурханы шашинт азийн соёлт Монгол улсын гэр бүлд байсныгаа санадаг ч болоосой. Хорин нэгдүгээр зуун гарчихаад байхад хамгийн их хоцрогдсон оросын алслагдсан ядуу бөглүү бүс нутаг болсныгоо тэд ухаараасай. Хайран эх орон. Хайран монгол туургатан.

                       

 Доржийн СҮХБААТАР       2026.01.24

Ашигласан ном зүй:


  1. Д.Сүхбаатар  “Дагаар орсон монголчууд” ном, 1999 он Улаанбаатар хот
  2. Д.Сүхбаатар “Алтан ураг” ном,  2020 он  Улаанбаатар хот
  3. Д.Сүхбаатар “ Алдагдсан монгол туургатан”, 2020 он
  4. Монгуш М, “ Один народ три судьбы”, 2010, Кызыл
  5. Сердобов А, “ История формирования тувинсккой наций”, 1971, Кызыл
  6. “История Тувы”, 2007, Новосибирск, Наука