АН-ын Улс төрийн зөвлөлөөс дотоод сонгууль зохион байгуулах журмыг шинэчлэн баталжээ. Үүнийг дагуу АН гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлж, гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд дотоод сонгуулиа зохион байгуулах, дөрөвдүгээр сарын 7, 8-нд Их хурлаа товлон хуралдуулж, намын удирдлагаа батламжлахаар төлөвлөсөн байна. АН-ын Улс төрийн зөвлөлөөс баталсан дотоод журмын онцлох заалтуудыг хүргэе.
- Намын дотоод сонгуульд “нэр дэвшигч” нь сахилгын шийтгэлгүй байхаас гадна Үндсэн дүрэмд заасан дараах нөхцөлийг хангасан байна.
- Намын Их хурлын төлөөлөгч, нийслэлийн анхан шатны байгууллагын дарга, тэргүүлэгч гишүүний сонгуульд нэр дэвшигчийн хувьд тухайн сум, тосгон, баг, хорооны намын гишүүн байна.
- Сум, тосгоны намын хорооны гишүүний сонгуульд нэр дэвшигчийн хувьд тухайн аймаг, дүүргийн харьяалалтай гишүүн байх ба зөвхөн нэг сум, тосгоны намын хорооны гишүүнд нэр дэвшинэ. Мөн тус аймгийн нутаг дэвсгэрт ажил эрхэлдэг гишүүн нь намын хорооны гишүүнээр ажиллах хүсэлтэй бол зохих баримт нотолгоог гарган нэр дэвшиж болно.
- Аймаг, дүүргийн намын хорооны гишүүний сонгуульд нэр дэвшигчийн хувьд харьяалал харгалзахгүй ч зөвхөн нэг намын дунд шатны байгууллагын гишүүнд нэр дэвшинэ.
- Нийслэлийн намын хорооны гишүүний сонгуульд нэр дэвшигчийн хувьд нийслэлд харьяалалтай байх бөгөөд аль ч дүүргээс нэр дэвшиж болно.
- Аймаг, дүүрэг, сум, тосгоны намын хорооны тэргүүлэгч гишүүний сонгуульд нэр дэвшигч нь тухайн намын хорооныхоо гишүүн байна.
НАМЫН ДОТООД СОНГУУЛИЙН ИРЦ, ГИШҮҮНИЙ САНАЛАА ГАРГАХ ХЭЛБЭР, АРГАЧЛАЛ
- Намын “гишүүнчлэл, удирдлагын цахим бүртгэлд” бүртгүүлэн, гишүүний татвараа тогтоосон хугацаанд төлж, гишүүний үнэмлэх буюу “Ардчиллын гэрэгэ” авснаар намын саналын эрхтэй гишүүнээр албан ёсоор тооцогдоно.
- Намын байгууллагыг зохион байгуулж байгаа анхдугаар хуралдааныг хамгийн ахмад настай (уг гишүүн өөрөө татгалзвал дараагийн ахмад настай) гишүүн даргалан удирдаж, хуралдааны дарга, удирдлага сонгогдмогц эрхээ шилжүүлнэ. Хуралдааны дарга удирдлага нь хуралдааны тооллого, редакцын хэсэг, хэлэлцэх асуудлыг батлуулна.
- Намын Үндсэн дүрэмд өөрөөр заагаагүй бол тухайн шатны намын хуралд саналын эрхтэй нийт гишүүдийн ердийн олонх оролцсоноор ирц хүчин төгөлдөр болно.
- Намын хурлын хуралдааны ирц нь хуралдаан дуустал хадгалагдана.
- Багийн бүх гишүүдийн хурлын хувьд ирц хүрээгүйн улмаас хурлаа дахин зарлан хуралдуулж болох бөгөөд хурлын ирцийн хувь нь нийт гишүүдийн дөчин (40) хувь ба түүнээс дээш байна.
- Дахин зарласан намын үүрийн бүх гишүүдийн хурлын ирцийг бүрдүүлэх ажлыг тухайн болон дээд шатны намын байгууллагын удирдлага, тэргүүлэгчид хариуцна.
- Намын цахим бүртгэл (шилжилт хөдөлгөөн хамаарна)-д бүртгүүлсэн гишүүн зөвхөн харьяалагдах шатны намын байгууллагын хэмжээнд явагдах сонгуульд өөрийгөө гэрчлэх иргэний үнэмлэх болон “Ардчиллын гэрэгэ”-тэйгээр оролцоно.
- Намын хуралдаанаар “зохион байгуулалтын асуудал”-аас бусад аливаа асуудлыг ил санал хураалт явуулж шийдвэрлэнэ.
- Хууль, Үндсэн дүрэмд өөрөөр заагаагүй бол зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэхдээ илт ойлгомжтой эсхүл өрсөлдөгчгүй тохиолдолд хуралд оролцсон гишүүдийн олонх зөвшөөрснөөр ил санал хураалт явуулж болно.
- Санал хураалтыг илээр явуулах бол “дэмжинэ” гэсэн томьёоллоор гишүүн нэг бүрийг гар өргүүлэн тоолох бөгөөд хуралд ирсэн гишүүдийн олонхын санал аваагүй бол уг асуудлыг дэмжээгүйд тооцно.
- Намын дотоод сонгуулийн нууц санал хураалт нь саналын хуудас дээрх “дэмжинэ”, “дэмжихгүй” гэсэн томьёоллын аль нэгийн өмнөх эсхүл өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугуйг будаж, тэмдэглэх аргачлалаар явагдана.
- Журамд өөрөөр заагаагүй бол саналын хуудас дээр хурлын тооллогын хэсгийн дарга гарын үсэг зуран, тухайн намын байгууллагын тэмдгийг дарж албажуулна.
- Намын их хурал, ҮБХ зэрэг олон төлөөлөлтэй хурлуудад цахим технологи ашиглан санал хураалт явуулж болно.
- Цахим санал хураалтад QR код ашиглаж болно.
- Гишүүн нь цахим төхөөрөмж дээрх “дэмжинэ”, “дэмжихгүй” гэсэн санал гаргах томьёоллын аль нэгний өмнөх эсхүл өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугуйг товшин тэмдэглэх аргачлалаар саналаа гаргана.
- Дотоод сонгуулийн дүн намын Үндсэн дүрэм, журамд зааснаар нийт гишүүдийн болон сонгуульд оролцсон гишүүдийн ердийн олонхын, энэ журамд өөрөөр заагаагүй бол хамгийн олон саналаар гарна.
- Сонгуулийн дүнгийн хувь хүрээгүй тохиолдолд хамгийн олон санал авсан (хоёр болон түүнээс дээш) нэр дэвшигчдийг саналын хуудаст бичин, дахин санал хурааж шийдвэрлэнэ.
- Нэр дэвшигч сонгогдоогүй тохиолдолд сонгуульт гишүүний татварын баталгааг нь буцаан олгоно.
- Сонгуулийн санал хураалтын үеэр сурталчилгаа явуулахыг хориглоно гэжээ.
Т.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мягмар - 02 сарын 10,
2026
Сэтгэгдэл0