sonin.mn

Британы Эзэнт гүрэн хамгийн том газар нутаг колоничилсон гэдэг. Их Монголын эзэнт гүрнээс ч том нутагтай байсан гэдэг ч манайхан “Монголчууд эх газрын өндөр соёлтой ижил тэнцүү ард түмнүүдтэй тулалдаж ялсан бол Британичууд сул, хоцрогдсон ард түмнийг технологийн давуугаар ялсан” гэх дуртай. “Британий сунгасан гар Монголд хүрээгүй” ч гэж ярьдаг. Гэвч харин энэ бахархал маань сүүлийн үед балран арилаад “XXI зууны Монгол бол Британий колоничилсон хоцрогдсон ард түмнүүдийн нэг болжээ” гэгдэхдээ тулаад байна.


Шившиг бус уу?


Дэлхийн колонийн систем XX зууны дунд үеэс эрчимтэй задарч эхэлсэн ба үүнтэй зэрэгцэн “шинэ колоничлол” эхэлсэн. Шинэ колончлол бол улс нь тусгаар боловч баялгаа алддаг систем, эдийн засгийн мөлжлөг гэсэн үг л дээ! Монгол бол хоёр хөрш нь л дайрчихгүй бол гуравдагч түрэмгийлэгч гарлаа гэхэд хоёр хүчирхэг хөршийг давж байж бидэнтэй нанчилдах учиртай хамгийн сайн хамгаалагдсан улс! Гэвч... Шинэ колоничлолд географи хамаагүй, харин геополитик чухал нөлөөтэй. Хаа байсан Их Британы компани Монгол улсын баялгийг тоноод, дээрээс нь өдөр бүр 13 тэрбум төгрөгийн өр төлүүлж байгаа нь шинэ колонийн орон болсныг илтгэнэ. Колони байгаагаа мэдэх нь колоничлолоос чөлөөлөгдөх анхны алхам! “Оюу Толгой” бол говьд байгалийн онцгой дархан бүсэд орших, дэлхий даяар шуугиан тарьсан зэс-алтны орд юм. Цэвэр тунгалаг, нам гүм тал хээр, давсархаг газруудынх нь дор тэрбум, тэрбум долларын баялаг нуугдаж байдаг.


“Оюу толгой” зэсийн нөөцөөрөө дэлхийд 4-т, алтны нөөцөөрөө 6-д ордог. Өмнийн говийн байгаль орчин зэс, алт, нүүрс мөн “Orano” компанийн уран олборлолтын улмаас асар ихээр эвдэрч сүйдсэн. 


Ийм асар их нөөцтэй ордоос Монгол улс жилд яг хэдий хэмжээний орлого олж байна вэ? гэдэг асуулт зүй ёсоор урган гарч байна. “Рио Тинто”-гоос авч буй “албан ёсны” татварууд дэлхийн хэмжээний нөөцөд нийцэж байна уу, эсвэл зүгээр л монголчуудын амыг хааж, дуугүй байлгахын тулд өгч буй өчүүхэн шавхруу төдий зүйл үү? Одоо бид энэхүү ээдрээтэй байдлыг задлан шинжилж, орд газарт бодит үндэсний хяналтыг сэргээхэд юу шаардлагатай вэ? “Рио Тинтод” өгч буй хууль бус өрийг тэглэж, улсын төсөвт орох ёстой орлогоо шударгаар авч, түүнийг нийгмийн төсөл, иргэдийн амьжиргаанд чиглүүлэх гарцыг хайх цаг болжээ. Бид нэг зүйлийг тодорхой ойлгох ёстой: Эрх баригчид 2009–2010 онд “Rio Tinto”-той луйврын шинжтэй гэрээ байгуулснаар Монгол Улсаасаа нэгэнт урвасан.


Ийм алдааг дахин давтаж болохгүй, бас засах хэрэгтэй. Манай зарим улстөрч бид ийм гэрэ байгуулах туршлагагүйгээс алдсан гэж амиа хоохойлж байна, гэвч өмнө нь “Бороогийн алтны орд”-ыг ашиглахдаа авилгад идэгдсэн улстөрчдийн балгаар 43 тонн алтаа алдаад тэр үеийн ханшаар 2,8 тэрбум төгрөгийн төлбөрийг “Бороо гоулд”-д төлөх өртэй үлдсэн түүх бий!


1996 онд нэрт геологич Д.Гарамжав 1980-аад оны Зөвлөлтийн геологичдын боловсруулсан геологийн мэдээлэлд тулгуурлан Оюу Толгойн бүс нутагт хайгуул хийх хэрэгтэй гэж шаардаж байв. Учир нь 1990 онд зөвлөлтийн геологич Дьяков “Эрдэнэт”-ийн “Erdenet Magma”-ийн мэргэжилтнүүдтэй хамтран уг ордыг нээсэн байсан юм. Өөрөөр хэлбэл “Оюу Толгой”-г анх нээгчид нь австраличууд ч биш, канадчууд ч биш - монгол, зөвлөлтийн мэргэжилтнүүд байсан юм! Энэ бол маш чухал баримт. Учир нь Монголчууд өөрсдөө нээсэн ордоо ашиглахын тулд австрали, канад, англичуудад 66 хувиа найр тавин өгч, үлдсэн 34 хувиа эзэмшихийн төлөө төлбөр төлөх ёсгүй гэсэн үг. Хуулиар ордын улс нээсэн бол 51 хувийг үнэгүй эзэмших эрхтэй. Гэвч энэ бүхнийг тоцолгүй 2009 онд “Rio Tinto”-той луйврын шинжтэй гэрээ байгуулж эх орноо зарсан. Уут уут мөнгөөр улсаа худалдсан ноёд! Өнөөдөр “Оюу Толгой” ордоос бидэнд юу үлдэв? Еврази төдийгүй дэлхийн хамгийн томд тооцогдох газрын доорх усны ай савыг ч Рио Тинтод найр тавьсан. Өнөөдөр Оюу Толгойн ордоос бидэнд юу үлдэв? Еврази төдийгүй дэлхийн хамгийн томд тооцогдох гүний усны сав газрын бохирдол уу? Говийн дор тэнгис буй гэж 1980-аад бичиж байсан. Харин тэр усыг “Рио Тинто” сохор зоосны ч үнэгүй ашиглаж байна. Байгаль орчны яам гэрээнд гарын үсэг зурсан шалтгаан нь үүнд байсан. Ус бол мөн л хайгуулаар олдог, бүр тусдаа ашигт малтмал шүү дээ! Гэтэл зүгээр л өгчихсэн. 


Эдгээр гүний ус хэдэн зуун километр урсан, Монголын хойд хэсэг, Улаанбаатар хот, улмаар Сэлэнгийн сав газар руу хүрч, цаашлаад Сэлэнгэ мөрөн болон түүний ай савыг хордуулж, ах дүү буриадуудын маань үнэт эрдэнэ Байгаль нуурыг бохирдуулж байна.


Хаягдлын сангаас үүдэлтэй хүнд металлын (зэс, хар тугалга, хүнцэл) бохирдол буцаах аргагүй гэдгийг яаж ч гэж тайлбарласан өөрчилж чадахгүй. Газрын доорх усны түвшин 30 метрээр доошилжээ. Олон зуун жилийн турш хүн, мал ундаалж ирсэн Ундай гол бүрэн ширгэж, ор мөргүй алга болсон. 120 булаг шанд хатсан байна. Ирээдүйд бидэнд ямар нутаг үлдэх нь вэ? Байгаль орчныг нөхөн сэргэх зардлыг хэн төлөх вэ? “34 хувийг эзэмшиж байсан” гээд бид хохироод үлдэх үү? Хачирхалтай нь, газар нутгаа тэдэнд өгснийхөө дараа бид өөрсдөө тэдэнд албан ёсоор өртэй болсон байна. Зарим нь хэлэх л байх.


“За яах вэ, ус бохирдсон ч нүүрээ угааж болно, ус шүүгч авчихгүй юу. Харин Ханбогдод англи-австрали-канадчууд сургууль барьж өгсөн шүү дээ!” гэх байх. Тэр сургуульд хүүхдүүдэд солонгын өнгөт далбаа бариулаад “хүйсийн цөөнхөд-тэвчээртэй хандахыг” зааж байгаа... 


Харин усны асуудалд эргэж орвол, нарийвчилсан изотопын судалгаа хийвэл говийн усны судал Улаанбаатарт хүрч буй маркерууд илэрнэ. Гэхдээ ийм судалгааг нууцалсан ч юм биш, зүгээр л огт хийдэггүй. Энэ бол зөвхөн усны хор хөнөөлийн тухай. Амьтдад учирч буй хохирлыг бид тооцоод ч дуусахгүй. Байгаль бохирдсоноос бус, харин өөрөө уурхайн үйл ажиллагааны явцад гарсан осол, аваараас болж хэчнээн хүн амь насаа алдсаныг асуух нь ч маш аюултай сэдэв. Энэ нь зөвшөөрөл олгож, ослыг нуун дарагдуулж ирсэн улс төрчдөд ч хамаатай. Өмнө нь Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг болон гэрээ байгуулахад оролцсон бусад өндөр албан тушаалтнууд саатуулагдаж байсан. Тэднийг гадны корпорацийн эрх ашгийг үндэсний ашиг сонирхлоос дээгүүр тавьсан гэж буруутгасан. Харин дараагийнх нь хэн байх нь одоо нэг их чухал биш, учир нь тэднийг хорилоо бодит байдалд юу ч өөрчлөгдөөгүй. Ордоос орлого алга, харин өр л өсөж байна. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний дагуу “Rio Tinto” өөрөө ордыг ашигласныхаа төлөө Монгол Улсыг өөртөө өртэй болгосон юм.


Манай нийт гадаад өр: 40.4 тэрбум ам.доллар, үүнээс ганцхан “Rio Tinto”-д төлөх өр 16.3 тэрбум ам.доллар буюу нийт өрийн 40 орчим хувь. Монголын хүн ам 3.5 сая, нэг хүнд ноогдох өр 4,800 ам.доллар. Монгол хүүхэд төрөхдөө л 4800 ам.долларын өр авч төрж байна шүү дээ! Уг нь Оюутолгойгоос дивидент авах ёстой! Үүн дээр хүү тасралтгүй нэмэгдэж байна! 2025 онд бид өдөр бүр 10 орчим тэрбум төгрөгийн хүү төлж байсан бол энэ онд 13 тэрбум төгрөг болж өснө. 


Хөрөнгө оруулалтын гэрээгээр бол орд дээр ямар нэг ажил хийх бүрд Монгол Улс “Rio Tinto”-гоос “зээл авдаг” мэтээр бичигддэг. Үнэндээ монголчууд ямар ч мөнгө авдаггүй, тэд зүгээр л өөрсдөө “Та нар бидэнд ийм өртэй” гэж дансанд бичдэг.


“Rio Tinto”-г татвар нуусан байж болзошгүй гэж сэжиглэдэг. Олон тайланд дурдсанаар хөрөнгө оруулагч Нидерланд, Люксембургт бүртгэлтэй охин компаниудын сүлжээгээр дамжуулан төслөө удирддаг бөгөөд энэ нь давхар татварын гэрээг ашиглах боломж олгодог. Одоо манай улстай давхар татвараас чөлөөлөх гэрээ байгуулсан улсын жагсаалтыг хараарай! Нидерланд дотор нь бий! Уурхайн санхүүжилт ч “булингартай”, шууд хөрөнгө оруулалтаас гадна “Оюу Толгой” ХХК-ийн толгой компаниудаас өндөр хүүтэй асар их зээл авдаг. 2021 онд асар их хүчин чармайлт гаргаж байж өрийн өчүүхэн хэсгийг “тэглүүлсэн” ч, ордын төслийн өртгийг өсгөж, улмаар Монголын өрийг улам нэмсэн. Лондоны арбитрын шүүхийн “дээвэр” дор тоглосон луйварчны тоглоом ийм л байна. 


Одоо парламент, Засгийн газар юу хийж байна вэ? Уурхайг шууд улсын мэдэлд авч, “Rio Tinto”-г явуулахын оронд Лондонд шүүхдэж, жилийн 9.5%-ийн хүүг ядаж 6.5% болгохыг гуйж сууна. Үнэндээ манай бүх намын улс төрчид үе дамжин олон жилийн турш “Rio Tinto”-той хамтран ажилласан нь нууц биш. 


Энэ хооронд, 2025 оны арванхоёрдугаар сард хөнгөн цагааны аварга “РУСАЛ” компани “Rio Tinto”-г Калининградын шүүхэд өгчээ. “Rio Tinto” мөнгө төлөх нөхцөл байдал үүсчээ. Энэ үйл явдал Монгол Улсад барууны эдийн засгийн рекетчдээс мултрах онцгой боломж юм биш биз? Учир нь “РУСАЛ”-ын нэхэмжлэлийг хариуцагчдын дунд “Оюу Толгойн” 66%-ийг эзэмшдэг “Oyu Tolgoi Netherlands B.V.”, “THR Oyu Tolgoi Ltd.” багтжээ. Орос, Монгол хоёрын хооронд эрх зүйн туслалцааны гэрээ үйлчилдэг тул Оросын шүүхийн шийдвэрийг Монголд хүлээн зөвшөөрөх боломжтой. Ингээд үзвэл яасан юм? Хэрэв тэгвэл бид “ноён (34%), хамтай (РУСАЛ)” болно. Тамгаа (66%) аль эрт Рио Тинтод алдчихсан улс!


“РУСАЛ” дахь эх сурвалжуудын мэдээлснээр, тэд уурхайг Монголын Засгийн газрын бүрэн хяналтад шилжүүлж, улмаар өөрсдийн эзэмшлийг төрд өгөх сонирхолтой байж магадгүй байна. “РУСАЛ” бол хөнгөн цагааны компани, тэдэнд энэ бизнес нь л сонирхолтой бөгөөд хэрэв энэ чиглэлийн боломж олговол хариуд нь “Рио Тинто”-гоос авсан хувьцаагаа Монголын ЗГ-т шилжүүлэхээс татгалзахгүй ажээ. 2-р сарын 1-нээс Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Мөнхсүхийг томилсон. Монгол хүн гүцэтгэх захирал болсонд бид баярлаж болох ч, бодит байдал өөрчлөгдөх нь юу л бол... С.Мөнхсүхийн томилгоо жирийн монголчуудад таалагдах гэсэн “сурталчилгааны” заль мэх л дээ! Саяхан сонсгол болж өнгөрлөө. Сонсголын үр дүнд ЗГ-т өгсөн чиглэлүүд сүрхий үр дүн авчрах нь юу л бол. 

Бид дор хаяж дараахь тодорхой шаардлагуудыг “Rio Tinto”-д тавих ёстой. 


1. Зээлийн хүүг 9–12%-аас 3–4% болгох 

2. 2010 оноос хойшхи бүх хүүг дахин тооцож, 2–3 тэрбум ам.долларын илүү төлөлтийг буцаах 

3. Төслийн хуримтлагдсан бүх ногдол ашгийг яаралтай олгох (дор хаяж 1.5 тэрбум ам.доллар) 

4. Монголын эзэмшлийг 51%-д хүргэх 

5. Бүх зардалд манай улс бие даасан аудит хийх 

6. Зэс хайлуулах үйлдвэр барих. Түүхий хүдэр зөөх биш, боловсруулах ёстой.

7. Дулааны цахилгаан станц барих. Таван толгойн нүүрсний орд Оюу толгойд ойрхон, бид коксжих нүүрсээ зөөгөөд эрчим хүчний нүүрсээ шороо болгон хаяж байгаа, дээр нь өмнөд бүс Хятадаас эрчим хүч импортлож байна. Оюу толгойн зардалд ч импортын эрчим хүчний төлбөр орж буй. 


Ингэж байж бид Оюу толгойн ордоос ашгаа хүртэх боломжтой. 2022 онд Киргизстан Кумторын алтны ордоо үндэсний болгож, Канадын “Centerra Gold”-ыг явуулсан. Үр дүнд нь тус улс 2 тэрбум ам.долларын ашиг олдог болсон гэж тус улсын Ерөнхийлөгч манай Ерөнхийлөгчид бахархан ярьсан байсан. Өмнө нь хэдхэн саяыг татвар нэрээр авдаг байсан ба улстөрийн орчин нь “Сентера”-гийн нөлөөнд байсан юм. Канадын луйварчид юу ч хийж чадаагүй. Яг үүнтэй адил “Rio Tinto” болон түүний “Turquoise Hill” гэдэг хиймэл зууч Монголын ард түмэнд шударга үнэ төлөх ёстой!

Хэрэв үгүй бол Британийн шинэ колоничлогчдод “баяртай” гэж хэлж болно шүү дээ! 


А.Сайнтөр