Улаанбаатар /МОНЦАМЭ/. Киргизийн нийслэл Бишкек хотод өчигдөр /12.20/ чөлөөт бөхийн Poddubny Wrestling League (PWL-3) мэргэжлийн лигийн тэмцээн World Series системээр дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдааны журмаар явагдлаа.
Монголын шигшээ багаас ДАШТ-ий хос медальт, гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Төмөр-Очирын Тулга нар гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын удирдлага дор оролцлоо.
Тэд энэ жил мэргэжлийн лиг, олимпын чансааны тэмцээний 65 кг-д Т.Тулга ОХУ-ын аварга, шинэ од Ибрагим Ибрагимовыг 2:1-ээр давсан байна. Харин 120 кг-д гавьяат тамирчин М.Лхагвагэрэл Ираны дэлхийн аварга, олимпын хүрэл медальт А.Заред 4:10-аар ялагджээ.
Эрэгтэй, чөлөөт бөх
-57 кг Заур Угуев (ОХУ, олимпын аварга, дэлхийн хошой аварга) - Гуломжон Абдуллаев (Узбекистан, Олимпын наадмын оролцогч) 3:2
-61 кг Реза Атри (Иран, ДАШТ-ий медальт, Азийн аварга) - Арсен Арутюнян (Армен, Европын хошой аварга, U-23 дэлхийн аварга) 0:6
-65 кг Т.Тулга (Монгол, ДАШТ-ий медальт, U-23 Азийн аварга) - Ибрагим Ибрагимов (ОХУ, ОХУ-ын аварга, PWL-2 аварга) 2:1
-70 кг Евгений Жербаев (ОХУ, ДАШТ-ий медальт) - Ильяс Бекбулатов (Узбекистан, Европ, Азийн аварга) 2:4
-74 кг Йонес Эмами (Иран, ДАШТ-ий медальт, Азийн аварга) - Заурбек Сидаков (ОХУ, олимпын аварга, дэлхийн хошой аварга, PWL хошой аварга) 4:6
-86 кг Артур Найфонов (ОХУ, Олимпын медальт, ДАШТ-ий медальт, Европын 3 удаагийн аварга, PWL хошой аварга) - Азамат Даулетбеков (Казахстан, Азийн аварга) 3:1
-92 кг Даурен Куруглиев (ОХУ, Европын аварга, PWL-2 аварга, Европын наадмын аварга) - Эрхан Яйлачи (Турк, Европын U-23 аварга, U-23 ДАШТ-ий шагналт) 3:0
-97 кг Моджтаба Голейдж (Иран, ДАШТ-ий медальт, Азийн аварга) - Сергей Козырев (ОХУ, PWL-2 аварга) 3:4
-125 кг М.Лхагвагэрэл (Монгол, ДАШТ-ий медальт, PWL медальт) - Амир Заре (Иран, Олимпын медальт, дэлхийн аварга) 4:10
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0