
Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн захирал, Анагаах ухааны доктор, дэд хурандаа Т.ӨЛЗИЙСАЙХАН-ыг дугаарын зочин хоймортоо урьж ярилцлаа.
Сар шинэдээ сайхан шинэлэв үү, та?
-Өргөн дэлгэр сайхан шинэлэлээ. Ер нь манайх гэдэг айл сар шинийн баярт ихээхэн ач холбогдол өгч, өргөн хүрээг хамарч тэмдэглэдэг уламжлалтай. Аав, ээж маань хотод байдаг тул сар шинийн баяраар ах дүү, төрөл төрөгсдөөс эхлээд хөл тасрахгүй. Ялангуяа цагаан сар монголчууд бидний хувьд хамгийн чухал баяр гэж ойлгодог. Энэ их завгүй нийгэмд өтгөс буурал, ураг удам, хамаатан садантайгаа тухтай нэг уулзаж, ах дүүсийнхээ гэрээр зочлоод гарах боломж бүрддэг сайхан ёс шүү дээ.
Ажил, алба нь тавлаг байна уу, сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцвал...
-Энэ жил манай Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн 30 жилийн ой тохиож байна. Тус төвийг Батлан хамгаалахын болон Эрүүл мэндийн сайдын 1995 оны хамтарсан тушаалаар анхлан үүсгэн байгуулсан түүхтэй. Үндэсний хэмжээнд эм, химийн цочмог хордлогын эмнэлгийн тусламжийг үзүүлэх, эмнэл зүйн хордлого судлалын чиглэлээр мэргэжил арга зүйгээр хангах, дээрээс нь улсын хэмжээнд эмнэл зүйн хордлого судлалын эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх үүргийг манай төв хүлээдэг. Төвийнхөө тэгш ойн жилийг угтаад багагүй ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна.
Чухам ямар онцлог ажлуудыг төлөвлөсөн бэ?
-Эмнэл зүйн хордлого судлалаар мэргэшсэн эмч нар улсын хэмжээнд 20 гаруйхан байдаг. Энэ нь 2018 оноос эхэлж л уг мэргэжлийн эмч нарыг дотооддоо бэлтгэсэнтэй холбоотой. Өмнө нь зөвхөн ЗХУ-д бэлтгэгдсэн цөөхөн хэдэн эмчтэй байсан. Тиймээс эхний ээлжинд бид аймаг бүрд, түүнээс гадна 200 ортой эмнэлэг болгонд хордлого судлаач нэг эмч бэлтгэх зорилт тавин ажиллаж байна.
Мөн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн эмнэл зүйн хордлогын яаралтай тусламжийн эмч нарт эм, химийн бодисын цочмог хордлогын сургалтыг энэ оны 4 дүгээр сард явуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч нарт зориулан орон нутагт нь очиж дээрх сургалтыг зохион байгуулна.
Манай төвийн гол эмчилгээний нэг нь цус цэвэршүүлэх буюу эфферент эмчилгээ. Энэ эмчилгээний төрлийг олшруулах, өргөжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Мөн угаарын хийн цочмог хордлогын оношилгоо, эмчилгээний зааврыг шинэчлэн боловсруулж, батлуулах ажил хүлээгдэж буй. Улмаар батлуулсан заавраа цахим аппликэйшн болгох, ОУ-ын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, телемедициныг ашиглан зайн оношилгоо, зөвлөгөө өгөх, сургалтыг зохион байгуулах зэрэг дэвшилтэт технологийг нэвтрүүлэх алхмыг хийх болно.
Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв үүсэн байгуулагдсаны тэгш ойн жил тохиож буй энэ цаг мөчид тус төвийн даргаар ажиллаж байгаа нь хариуцлагыг дагуулж буй хувь тохиол ч болов уу. Ер нь та тус төвтэй хэрхэн холбогдов?
-Би АШУИС-ийг дотрын эмч мэргэжлээр дүүргэсэн. Цэргийн төв эмнэлгийн Дотрын II тасагт 2011 оноос эхлэн ажилласнаар хос тангарагтан эмч болох замнал минь эхэлсэн. Улмаар мэдлэг боловсролоо дээшлүүлэн элэгний чиглэлээр анагаах ухааны докторын зэргийг 2016 онд хамгаалсан. Ингээд тухайн үеийн удирдлагуудын шийдвэрээр Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн захирлаар 2017 онд томилогдож өдгөөг хүртэл ажиллаж байна. Үүнийг би хувь тохиол гэхээс илүү цэргийн хүний хувьд удирдлагаас өгсөн тушаал шийдвэрийг итгэл алдалгүй даах ёстой гэх зарчмыг эрхэмлэсэн.
Тэгвэл та тус төвийн даргаар найм дахь жилдээ ажиллаж байгаа юм байна шүү дээ. Хамт олныхоо талаар юу хэлэх вэ? Ер нь хордлогын төвийнхний онцлогийн тухайд тодруулаач?
-Хордлогын эмч, сувилагч нар өндөр ур чадвар, сэтгэл зүйн бэлтгэлээс гадна олон талын мэдлэгтэй байх шаардлагатай. Учир нь эм, химийн хордлогын үед өвчтөний олон эрхтэн систем гэмтдэг. Жишээлбэл, хүчил шүлтийн түлэгдлийн үед өвчтөний дотор, арьс салст, мэдрэхүйн эрхтнүүд гэмтдэг бол хорт хийн хордлогуудын үед мэдрэл, сэтгэцийн асуудлууд гардаг. Тиймээс хордлогын төвийн эмч, сувилагч нар аливаа нөхцөл байдалд цаг алдалгүй, түргэн шуурхай ажиллах зайлшгүй шаардлага үүсдэг. Сая хэлсэнчлэн мэдлэгтэй, хоорондоо мэдээллээ солилцдог, харилцан уялдаатайгаар хамтран ажиллаж байж, өвчтөнийг хүнд, хурц үеэс гэтэлгэж чадна.
Дээрээс нь манай төвийн хамт олон үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг учраас Монгол орны хаанаас ч хордлогод орсон хүн утсаар зөвлөгөө авдаг. Тиймээс жилийн 365 хоног, өдрийн 24 цаг утсаа нээлттэй байлгах ёстой. Тэр үүргээ ч манай төвийнхөн маш сайн ухамсарласан байдаг.
ДЭМБ-аас 2023 онд гаргасан “Хордлогын төвийн бүтэц, зохион байгуулалт”-ын удирдамжид Хордлогын төв нь эмнэлгийн тусламжийг үзүүлэх болон тандалт судалгааны тасаг, хордлогын лаборатори, сургалт, судалгааны албатай байна гэж заасан. Тиймээс Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн үйл ажиллагааг өргөжүүлэн Хордлого судлалын үндэсний төв болгох зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн. Үүнийг манай салбарын удирдлагууд дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
Та ер нь аль нутгийн хүн бэ? Бага байхдаа ямар мэргэжилтэй хүн болохыг мөрөөддөг байв?
-Манай аав, ээж хоёулаа Завхан аймгийн Сонгино сумын уугуул. Аав маань Хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засгийн ангийг төгсөөд Завхан аймгийн Ургамал суманд Нэгдлийн даргаар томилогдон ажиллаж байсан тэр үед би төрсөн. Би эцэг, эхээсээ дөрвүүлээ.
Бидний мэргэжил сонголтыг аав, ээж хоёр сонирхол, зан байдалд маань тохируулж, ямар мэргэжил зохих вэ гэдгийг чиглүүлж өгсөн гэж хэлж болно.
Ижий аав маань хоёулаа нягтлан бодогч мэргэжилтэй. Том ах маань математик, физикт сонирхолтой, эвдэрсэн зүйлийг байнга засаж, эвлүүлдэг байсан болохоор нь ч тэр үү инженерийн талын мэргэжлийг их зөвлөдөг байсан, дараа нь ч тэр мэргэжлээ өөрөө сонгосон. Эгч маань мөн л тоонд сонирхолтой, бас их аядуу, зөөлөн зан чанартай учраас математикийн багшийн мэргэжлийг сонгож өгсөн. Харин намайг эмч мэргэжилтэй болбол илүү тохирно гэдэг байв. Учир нь зан байдлын хувьд тууштай, аливаад няцаж ухраад байдаггүй гэж намайг дүгнэсэн шиг байгаа юм. Тиймээс би багаасаа л эмч байх сэтгэлзүйгээ бэлдсэн юм болов уу гэж боддог. Харин дүүд маань өөрсдийнхөө буюу эдийн засагч, нягтлан бодогчийн мэргэжлийг эзэмшүүлсэн.
Хожим бодоход аав, ээжийн тань зөвлөж, чиглүүлсэн мэргэжил та дөрөвт хэр оносон гэж боддог вэ?
-Хүний эцэг, эх хүүхдүүдээ хэнээс ч илүү мэддэг гэдэг маргашгүй үнэн. Өөрөөсөө олж хараагүй зүйлээ эцэг, эхээсээ сонсох үе бишгүй тохиолддог. Эргээд харахад бид дөрвийн мэргэжил бидэнд яг таг тохирсон шиг санагддаг. Ер нь хүүхдүүд, ялангуяа мэргэжил сонгох, амьдралынхаа чухал шийдвэрийг гаргах үедээ аав, ээжийнхээ, ахмад настнуудынхаа үгийг маш сайн сонсох хэрэгтэй. Тэд чинь өөрсдийнхөө амьдралын туршлагаас үндэслээд л зааж, зөвлөж байгаа шүү дээ.
Одоо ч би чухал асуудал гарах болгондоо, ямар нэгэн сонголт хийх болохоороо аав, ээжээсээ зөвлөгөө сонсдог. Тийм ч учраас өөрийнхөө алдаа, дутагдлыг арай эрт ухаарч явдаг болов уу гэж ойлгодог юм.
Харин би мэргэжлийнхээ хувьд үнэхээр зөв сонголт хийснээ цаг үргэлж л мэдэрдэг. Өвчин туссан хүнийг оношлоод, эмчлээд, амь насыг нь аврахад эргээд тэр хүнээс талархлын үг сонсох нь эмч хүний хамгийн дээд жаргал байдаг. Эсрэгээрээ бэрхшээлтэй, шантрахаар зүйл ч олон гардаг. Би хоёр хүүгээ мэргэжил сонгох үед аав, ээжийнхээ зарчмаар зөвлөмж, зөвлөгөө өгнө гэж бодож явдаг. Ялангуяа миний бага хүүгээс эмч болох зан чанар илүүтэй харагддаг талтай. Түүнийг нь ч би хэлдэг.
Эмч мэргэжлийн онцлогийг юу гэж хардаг вэ?
-Эмч мэргэжил дотроо их олон төрөлд хуваагддаг. Анагаах ухааны их сургуульд сурч байхдаа дотрын чиглэлээр мэргэших нь надад тохирох юм байна гэж бодсон. Хожим Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд томилогдоход надаас илүү их хурд шаардаж эхэлсэн. Тэгэхээр тухайн нөхцөл байдалдаа орж ажиллана гэдэг чухал. Мэдээж эмч хүн сэтгэлтэй, хүний төлөө байж чаддаг, нягт, няхуур байх зэрэг олон чухал чанарыг шаарддаг. Үүнээс гадна тухайн эмчийн гэр бүлийн байдал маш чухал. Ажлын цаг дуусахтай зэрэгцээд хүнд өвчтөн ороод ирэхэд маргааш болъё гээд хойшлуулах, эсвэл би өөр ажилтай гээд орхиод явах ямар ч эрх байхгүй шүү дээ. Харин ар гэр нь тэр болгонд нь ойлгодог, дэмждэг байх хэрэгтэй. Эмч хүн хэдий чинээ тайван байна, төдий чинээ зөв шийдвэр гаргадаг.
Мэргэжил бүхэн сайхан гэдэг үг бий. Эмчийн мэргэжлийг сонгосноос хойш хамгийн их баярласан тохиолдлоо дурсвал...
-Би бүр анхнаасаа АШУИС-д элсэн суралцахыг маш ихээр хүсэж, зорьж байсан. Улмаар Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч тэнцээд сургуульдаа элсэж байв. Мэдээж ирээдүйн мэргэжлийн минь хамгийн анхны шат, эхлэл болсон тэр үе надад маш сайхан дурсамж болон үлдсэн. Харин эмчийн гараагаа би Баянзүрх дүүргийн эмнэлгээс эхэлсэн. Тэр үед ямар ч дадлага, туршлагагүй тул хүндрэлтэй зүйл их байсан.
Өвчтөнүүдээ эмчлээд гаргасны ард хэлдэг “Баярлалаа” гэдэг үг надад маш том урам өгдөг байв.
Жижүүртэй байх үед биеийн байдал нь хүнд, ухаангүй өвчтөнүүд ч ирэх тохиолдол гарна. Хүндрэлтэй зүйл гарвал ахмад эмч нараасаа утсаар зөвлөгөө авна, зарим тохиолдолд дуудан ирүүлнэ. Тэр мундаг эмч нараараа маш их бахархаж баярлахын сацуу би эмч болж чадах юм байна, би өөрөө ахмад эмч болохоороо залуу үедээ тусалж, ажлыг нь дэмжих ёстой юм байна гэсэн хариуцлагыг давхар ухамсарладаг юм билээ. Харин маш хүнд өвчтөнөө аварч чадалгүй хорвоог орхихыг нь харах тохиолдол цөөнгүй байсан. Тэр болгонд өвчтөний ар гэрийнхнээс дутахааргүй сэтгэл маш ихээр хямардаг. Тийм үед эмч хүн сэтгэл зүйгээ маш сайн удирддаг байх нь чухал.
Тэгвэл та Монгол Улсын батлан хамгаалах салбар, Цэргийн төв эмнэлэгтэй хэрхэн холбогдох болов?
-Ер нь залуу эмч нарын хүсэл зорилго бол эхлээд өрхийн эмчээс ажлын гараагаа эхэлсэн бол дараагаар дүүргийн эмнэлэгт, сүүлд нь төрөлжсөн нарийн мэргэжлийн III шатны эмнэлэгт орж ажиллах байдаг.
Би Баянзүрх дүүргийн эмнэлэгт дотрын эмчээр ажиллаад, хоол боловсруулах замын эмгэгийн эмчээр мэргэшин, 2009 онд анагаах ухааны магистрын зэрэг хамгаалсныхаа дараа III шатны эмнэлэгт орж ажиллах хүсэл, мөрөөдөлтэй болсон.
Тэр үед Баянзүрх дүүргийн автобусны буудлаас эмнэлэг рүүгээ явах замд Цэргийн төв эмнэлэгт ажиллаж байгаа нэг ангийнхан болоод үеийн эмч нартайгаа их таардаг, тэд нараараа бахархдаг байсан. Улмаар 2011 онд тус эмнэлэгт ажилд орох өргөдлөө бичиж өгчхөөд байж байтал гурван сарын дараа тус эмнэлгийн хүний нөөцөөс утасдаад Дотрын тасагт хоол боловсруулах эрхтэн судлалын эмчийн нэг орон тоо гарсан талаар хэлсэн. Тэгж л би энэ эмнэлгийн алтан босгыг алхсан түүхтэй.
Ажилд ороод удаагүй буюу хоёрхон сарын дараа офицерын дамжаанд суралцан төгсөж олон эмч, сувилагчтай хамт цэргийн тангараг өргөж байлаа. Ёстой л хувь тохиол нь тэгж таарсан хэрэг.
Бид офицерын сургалтаа дүүргээд цэргийн тангараг өргөөд зогсож байхдаа өмнө нь эмчийн тангараг өргөсөн үеэ эргэж нэг бодож байв, нээрээ л би хос тангарагтан болж байгаа юм байна даа гэж. Тэгэхээр надад илүү их хариуцлага ногдож байгааг ойлгосон. Тэр болгон хүнд хос тангараг өргөх боломж олдохгүй шүү дээ. Намайг энэ эмнэлэгт ажилд орох үед дотрын зөвлөх эмч, дэд хурандаа Д.Доржханд гэж туршлагатай эмч ажилладаг байлаа. Тэр хүнтэй богинохон ч гэсэн хамтдаа ажиллах завшаан тохиосонд би баярлаж явдаг юм. Зөвлөгөө авдаг, хүндэлж явдаг, яг л энэ эмч шиг байх юм сан гэж үлгэрлэдэг хүмүүсийн маань нэг л дээ.
Түрүүнд та цухасхан дурдаад өнгөрлөө. Хос тангараг өргөсөн цэргийн эмч хүн ямар байх ёстой юм бол оо?
-Тангараг гэдэг маш том хариуцлага байдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл бүр хос тангараг өргөвөл тэр хариуцлага төдий чинээ нэмэгдэж байгаа гэсэн үг. Нөгөө талаасаа энэ бол том бахархал юм.
Сайхан хариулт байна, баярлалаа. ЦТЭ-т эрдмийн зэрэгтэй эмч, сувилагч нар хэр олон байдаг вэ?
-Намайг 2016 онд докторын зэргээ хамгаалахад доктор эмч нар маань бүгд тэтгэвэртээ гарчихсан байсан. Магадгүй цэргийн эмч нар залуугаараа чөлөөндөө гардаг учраас эрдмийн зэргээ хамгаалж амждаггүй байх. Тэр үеэс хойш манай удирдлагууд эмч нараа эрдэмжүүлэх ажлыг үе шаттайгаар хийх ёстой юм байна гэдэг дүгнэлтэд хүрч байв. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл бид гурван ч доктортой боллоо. Нэгнийх нь эрдмийн ажлыг би өөрөө удирдаж, хамгаалуулсандаа баяртай байдаг. “Ковид-19” цар тахлаас хойш цөөнгүй магистр төрсөн, докторантууд ч олширсоор байна.
Та ажил хийх урам зоригоо хаанаас авдаг вэ?
-Манай эмнэлгийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд бие биеэ хүндэлж байгаа нь, ёс зүйг эрхэмлэдэг нь бусад эмнэлгийг бодоход илүү гэж боддог. Тиймээс энэ сайхан хамт олноосоо үргэлж л урам зориг авч ажлаа хийх дуртай. Мөн тэр өвчтөн тэгж эдгэсэн, тэр хагалгаа тэгж амжилттай сайхан болсон гэх ололт амжилтын тухай мэдээллүүд хамгийн том хөшүүрэг болдог. Тэдгээр ололт амжилтаа дараа нь бөөндөө дүгнээд, цаашид хэрхэн ажиллахад илүү зохимжтой байх талаар гарц шийдлүүдийг яриад эхлэх нь бас л хамгийн том мотивац болдог талтай. Ер нь энэ эмнэлэгт ажлын цаг их хурдан өнгөрдөг.
Зорьсон, төлөвлөсөн ажлуудаа хийж гүйцэтгээд түүнээсээ урам авч ажиллах сайхан. Сайхан хамт олноос уйдна гэж хэзээ ч байхгүй шүү дээ. Харин ч ажил дээрээ улам ихийг хийгээд л баймаар сэдэл төрдөг дөө.
Би нэг зарчмыг өөрөөсөө болон бусдаас шаарддаг. Тэр нь ердөө л үнэн байх. Болж бүтэж, эсвэл болохгүй, бүтэлгүйтээд байгаа зүйлсээ бид хоорондоо илэн далангүй ярилцдаг, сонсдог байх ёстой. Ажлын цагаа үр бүтээмжтэй өнгөрөөгөөд, гаргасан ололт, амжилтаа өөр хоорондоо хуваалцдаг байгаасай гэж хүсдэг. Тийм ч учраас би хүмүүсээ сонсож, ярилцахыг илүү хичээдэг. Эмч нарын нэг чухал үүрэг бол залуу үеэ бэлдэх байдаг.
Баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсье.
Ахлах дэслэгч Т.ИДЭР
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл1
tangarag bol chal gudlaa hog bolsoniig tor alban haagch darga huchniihen haruulaal ba. emch bol shal oor ymaaa