sonin.mn

ТЕХРАН, 2025 оны гуравдугаар сарын 24 /Reuters/. Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөрийн асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санал болгосны дагуу яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсний сацуу хэд хэдэн болзол тавьсан байна.


Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи мэдэгдэхдээ, АНУ-ын Засгийн газар манай улсын эсрэг авсан хориг арга хэмжээгээ сулруулахаас нааш хэлэлцээ хийх боломжгүй гэж онцлон дурджээ. Вашингтон зарим бодлогоо өөрчлөх ёстой гэж тэрбээр нэмж хэлээд, дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй байна. 


Хэлэлцээ хийхийг санал болгосон захидлыг Д.Трамп гуравдугаар сарын эхээр Ираны дээд удирдагч аятолла Али Хаменейд илгээсний зэрэгцээ "нэг бол тохиролцоонд хүрнэ, эсвэл асуудлыг цэргийн аргаар шийднэ" гэж сүрдүүлж байв. 


Америкийн удирдагч нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсноосоо хойш Ираны эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээг шинээр авч, дарамт шахалтаа нэмэгдүүлсэн юм.


Али Хаменеи хэлэлцээг үргэлжлүүлэх Д.Трампын саналын талаар гуравдугаар сарын 8-ны өдөр мэдэгдэл хийжээ. Тэрбээр хэлэхдээ "асуудлын гол нь цөмийн хөтөлбөрт байгаа юм биш. Тэд Ираны батлан хамгаалахын хөтөлбөр, пуужингийн хөтөлбөр, манай олон улсын харилцааг "бусниулахыг" санаархаж байна" гэсэн байна. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг