
“Монгол Улсынхаа хангай говь, халхын уудам нутагт хаана ч амьдарч чадна, тэгээд л би эх орондоо хайртай байдаг юм”... Дорнод Монголын тал нутгаар хөндлөн зорчиж явахдаа домогт Хэрлэнгийн хөдөө аралд танилцсан урсгал харцтай, ухаалаг яриатай эгэлхэн бүсгүйн итгэл төгс өгүүлсэн дээрх ганц өгүүлбэр сэтгэл хөглөж, бодолд хургасаар өнөөг хүрлээ.
Аавын амин эрдэнэ, ээжийн эрх охин, хожуу мэндэлсэн ганц дүүгийнхээ хайрын булаг, “нууцын авдар” залуухан бүсгүй төрсөн гэрээсээ жигүүр дэлгэн нисэхдээ алсхан явж амьдрал үзэхийг хүсэв, амжилт ялалт, алдаа онооны дэнсэнд өөрийгөө сорихыг зорив.
Хархан багаасаа жагсаалын чимэг мөрдэст бүсгүй болохыг хүсэж тэмүүлсэн Амардэлгэрийн Сэндэрмаа мөрөөдлийнхөө үзүүрээс атгаж, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийг Төрийн удирдлага мэргэжлээр төгсөөд, үргэлжлүүлэн Соёл хүмүүжлийн офицерын мэргэшүүлэх сургалтад хамрагдаад анхны томилолтоо гардсан нь домогт Морьт дивизион буюу Зэвсэгт хүчний 232 дугаар анги, хамт олон байж, ажил амьдралын гараагаа ийнхүү эхэлжээ. Нийслэлд төрж өссөн хотын унаган хүүхэд гэлээ ч зуны амралтаараа өвөө, эмээгийндээ хөдөө очиж хэд хонохдоо морь унаж, хонь малаа эргүүлдэг байсан нь хожмоо ингэж хэрэг болно гэж хэрхэн таамаглах. Тэгээд ч элчил үгүй ээрэм талд салхи татуулан давхихдаа хийморь сэргэж, өөрийн эрхгүй хараа алсарч, цээж тэнийдэг морин заяанд хайртайг ч хэлэх үү...
Томилолтоо өвөрлөөд анх хөдөө ажиллахаар ирэхэд бүхий л зүйл сонин содон санагдсан нь мэдээж. Удалгүй дасаж, өдөр өдрөөр хөдөөгийн амьдралд суралцсаар л явна. Заримдаа ч “Хөдөө ажиллаж байна гэхээсээ илүү малтай айлд амьдраад байгаа юм шиг санагддаг” гэж инээмсэглэн өгүүлэх.
Анги, хамт олныхоо соёл хүмүүжлийн үүрэгт ажил, цэргийн сургалт бэлтгэлийн зэрэгцээ төрийн торгон сүргийг адгуулан маллагч Зэвсэгт хүчний ангийн онцлогоос хамаарсан өвс тэжээл бэлтгэх, сүү цагаан идээ боловсруулах, малын гэдэс цувдай арилгах зэрэг уламжлалт мал ахуйтай холбоотой ажлуудыг гаргууд хийдэг болсноо бардамхан өгүүлэх нь шинэ үеийнхний төлөөлөл болохынх нь хувьд бахархмаар санагдлаа.
Дэвшин хөгжиж, дэлхийн энтэй оюун зэрэгцэн алхах ч дээлтэй Монголын язгуур тавилан гэгч хэчнээн аугаа болохыг шинэ нэгэн үеэрээ нотолж яваа залуус маань шүү дээ. “Өнөөдрийн хичээл зүтгэл маргаашийн ялалт” гэсэн зарчим бол түүний амьдралдаа баримталдаг мөрдлөг юм. Охиныхоо хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл, бодлын үзүүр, сэтгэлийн хязгаарыг анирдаж, аливаа бүхнийх нь ард асаалттай танк шиг байж чаддаг аав ээжээрээ тэр бахархдаг. Тэднийх нь маш их хөдөлмөрч, эхэлсэн үйлээ заавал дуусгадаг тууштай зан чанар нь түүнд өвлөгдсөнд тэр талархдаг.
Албандаа мордоход нь аавынх нь аминчлан захисан “Цэргийн байгууллагад ажиллах нь эмэгтэй хүнээс хэтийдсэн их тэсвэр тэвчээр, хатуужил шаардах байх шүү. Хүний газар нэрээ хичээгээрэй, миний охин чадна аа” гэсэн үг яг л хэрэгтэй цаг мөчид ой тойнд нь бууж, ядрахад нь сэргээж, шантрахад нь ташуурдаж, урам зоригийг нь бадрааж өгдөг.
Тэгмэгц “Болно, болгоно” гээд л хэлэх дуртай үгээ өөртөө хэлээд инээмсэглээд босно. Ангиас нь хуваарилсан албан тушаалын байрны нэг өрөөндөө тэр шөнийн бор хоногтоо л очно. Түүнд одоохондоо сурах зүйл их бий, цаг хугацаатай өрсөн хийж амжуулах, санаж сэтгэх ч олон ажил бий. Хугацаат цэргийн албанд татагдан ирсэн байлдагчид түүнтэй нэг үеийнхэн, зарим нь ч бүр ах байх. Гэхдээ тэднийг хүлээж авсан Зэвсэгт хүчний ангийн бие бүрэлдэхүүнийхээ нэгэн адил тэрбээр ээж аавын танхил хөвгүүдийг эх орны эрэлхэг нэгэн дайчин болгож төлөвшүүлэхийн төлөө хичээл зүтгэл, чин сэтгэлээ дэвсэн ажиллана. Цэргийн хүний ёсоор цэгц журмын шаардлага тавин харилцах нэгэн үе байхад цээжинд хургасан бодлыг нь уудалж, ундраад ирсэн нулимсыг нь арчиж өгөх торгон мөч ч тохионо.
Авхаалж самбааг нь өдөөж, уралдаан тэмцээнээр өрсөлдүүлж, авьяасын ундарга, элдэвтэй нэгнийг илрүүлээд эрдэнэс олсон лугаа баярлана. Үе тэнгийн залуустай үг хэлээ ололцох амархан ч үнэхээр аргагүйдсэн үедээ дарга шиг албадаж, аав шиг аашилж, ээж шиг аргадах нь ч бий.
Хүн хүний сэтгэлийн түлхүүр түмэн янз. Гагцхүү эр цэрэг-эх орон гэдэг ганцхан цоожинд зангидаж чадаж гэмээ нь түүний эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн албаных нь онцлог, амин чанар оршино. Тэр сурагч байхын урлаг, спортод дуртай нэлээд хөдөлгөөнтэй, аливаад идэвхтэй охин байжээ. Чөлөөт цагаараа зураг зурах дуртай байж. Харин одоо ховорхон олдох зав чөлөөгөөрөө хөгжим сонсож, дасгал хийхийг эрхэмлэх болсноо анзаарчээ. Харин хариуцсан ажил, эрхэлсэн алба нь түүнд өдөр бүрий шинэ содон үйл явдал бэлэглэх нь сорил хэдий ч сонирхолтой байдаг гэнэ. Өмнө хэзээ ч оролдож үзээгүй гир буюу туухай өргөлтийн бэлтгэл хийж, тэмцээнд орсон, мөн Зэвсэгт хүчний гардан тулааны аварга шалгаруулах тэмцээнд ангиа төлөөлөн оролцсон тухайгаа сонирхуулан ярьж суусан бүсгүй маань “Дарга дуудаж байна” гэж хэл ирсний дагуу “За, одоохон” гээд хувцсаа засан гарч одсоноос хойш багагүй хугацаа өнгөрөхөөр нь тэсэлгүй ангийн штаб зүглэн алхаж байтал нийтлэлийн баатар бүсгүй маань жагсаалын талбайд олс таталтын багт орчихсон хүч үзэж зогсох нь тэр.
Олс таталтын техник, зогсолт, хүчээ хуваарилах, нэгэн баг болоход амьсгал хүртэл чухал үүрэгтэй зэргээр дасгалжуулагчийнхаа зааж зааварласнаар хэсэг бэлтгэл хийсний дараа түүнтэй уулзвал “Маргааш аймгийн спортын наадамд оролцохоор болчихлоо” гээд өнөөх л даруухан инээмсэглэлээрээ залуу насаа чимж зогсох нь үзэсгэлэнтэй. Түүний хувьд өнөөх л өдөр тутмын сонирхолтой сорилынх нь нэг бололтой.
Эзэн Чингисийн гэрэлт хөшөө сүндэрлэж, алтан ургийн их хаадын авшиг түүх сонордуулах төдийгүй Монголын анхны нийслэл их Аураг хотын балгас аугаа замналыг өгүүлэн оршиж, энэ л нутагт бүтээгдэн залагдсан Бүх цэргийн хар сүлд өнө мөнхөд ивээж байдаг талаар сонирхуулан хуучлах энэ бүсгүй ийм домог түүхт сайхан нутгаас ажил амьдралын гараагаа эхэлж байгаадаа сүслэн бэлгэшээж байгаа нь андашгүй байлаа. Морьтон дайчдын дундах монголжин бүсгүйн хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл талын салхи шигээ, давиран давхих аргамаг хүлэг шигээ эрх чөлөөтэй нь сайхаан...
Д.ГҮНЖИЛМАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл4
Мундаг юмаа,,,эх орны,,,,аав ээжийн,,,,бахархал,,, аргагүй л мөндөө,,,генералийн мөрдэс зүүгээрэй,,,,,дүү минь ээ,,,,
муухай царайтай
Сайхан л охин бндаг. Чи өөрөө нэг матар байгаадаа.
Ямар гоё юм бэ, залуу насны жавхаатай, үзэсгэлэнт охин минь хүссэндээ хүрээрэй.