sonin.mn

УИХ-ын хаврын чуулган саяхан нээлтээ хийсэн билээ.Нээлтийн дараа УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан УИХ-ын танхимын үүдэнд нэгэн мэдэгдлийг хийв.  


Тэрбээр энэ үеэрээ: “М-Си-Эс” групп бол Монголын хамгийн том мафи. Энэ компанийн эсрэг хангалттай нотлох баримтууд байгаа. Хяналтын сонсгол явуулах хүсэлтэй байна” гэсэн нэгэн сонин зүйлийг хэлсэн юм.


УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн хувьд гэвэл энэ хүн өмнө нь төрийн албан тушаал огт хашиж байгаагүй бараг азаар гэх үү УИХ-ын гишүүний суудалд суусан нэгэн. 


Түүний тухайд хэвлэлээр янз бүрийн зүйл бичигддэг бөгөөд түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн гэх яриа байдаг. Ямартай ч Л.Мөнхбаясгалангийн хувьд өмнө нь хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсныг Монголын ард түмэн сайн мэднэ. Тэгвэл энэ хүн хэний захиалгаар “М-Си-Эс” групп руу дайрах болов гэдэг нь сонирхол татаж байна. “М-Си-Эс” группийн тухайд гэвэл энэ компани Монгол Улсын хөгжил дэвшилд ямар бодитой хөрөнгө оруулалт хийсэн, дэлхийн брэндүүдийг Монголд хэрхэн бий болгосон гэдгийг Монголын ард түмэн андашгүй сайн мэднэ. Гэтэл Монгол Улсын жирийн иргэдийн өдөр тумын хэрэглээ болсон дэлхийн брендүүдийг Монголд нутагшуулсан “М-Си-Эс” групп руу бараг азаар шахуу УИХ-ын гишүүн болсон ямар ч боловсоролгүй шахуу этгээд дайрч давшлаад эхэлллээ. 


Уг нь УИХ-д хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд тухайн орон нутгийнхаа хөгжил дэвшилд санаа зовж суух ёстой. Гэтэл тэгсэнгүй өөрт хамааралгүй шал өөр юм руу үсчиж Монгол Улсын бүтээн байгуулалтад маш их хувь нэмэр оруулж буй үндэсний томоохон компани руу дайрч давшлаад эхэлсэн нь гайхал төрүүлж байна. 


“М-Си-Эс” группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалын тухайд гэвэл тэрбээр хэлэх үгтэй хийсэн ажилтай хүн. Анх тэрбээр бизнесийн шинэ санаа, шийдэл бүхий гурван найзынхаа хамт 1993 онд Урт цагааны умгар өрөөнд ганц ширээ сандалтайгаар компаниа байгуулж байсан. Түүнээс хойш түүний удирдсан компани бизнесээ өргөжүүлж өдгөө “М-Си-Эс” групп гэгдэх нэгэн томоохон айлыг бий болгосон. Өдгөө тус групп 7000 орчим ажилтантай, Монгол улсын томоохон компаниудын нэг.Дэлхийн улс орнууд үндэсний томоохон компаниудаа аль болох бодлогоор дэмжиж, улс орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулдаг жишиг байдаг. Тэгээд тэдгээр компаниуд нь аажмаар томорч олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрч эцэст нь улс орон нь тэдгээр компаниудынхаа үр нөлөөгөөр хөгждөг гэдгийг хүн бүхэн мэднэ. Япон гэхэд л анх үндэсний компаниудаа хөгжүүлж, дэлхийд цойлж гарч ирсэн байдаг. Тэдгээр нь өнөөдөр улс орныхоо нүүр царай, хөгжлийн гол зангилаа болж дэлхийд тэргүүлж байна. Тэр үүднээсээ Монгол улсын нүүр царай болж, улс орны хөгжил дэвшилд хувь нэмэр болж буй үндэсний томоохон компаниуд болон бизнес эрхлэгчид рүүгээ дайрч болохгүй. 


Ж.Оджаргалын удирддаг “М-Си-Эс” группийн хийсэн бүтээсэн зүйлийг тоочвол зөндөө зүйл бий. Тус компани өнөөдөр дэлхийд алдартай “Coca Cola”, “Tiger”-ийг Монголд үйлдвэрлэж, алдарт “Шангрила”-г Улаанбаатарт сүндэрлүүлж, олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарчээ. 


Тус компанийн байгуулсан “Орчлон сургууль” өдгөө дэлхийн стандарттай бараг л адилхан ажилладаг. Мөн тэдний үүсгэн байгуулсан Монголын хамгийн олон хэрэглэгчтэй “Юнител” компани нь орон даяар үүрэн холбооны тоон технологийг хөгжүүлж, Монголд анх удаа интернэт, суурин утас телевизийн үйлчилгээг нэгтгэсэн гурвалсан үйлчилгээг оруулж ирсэн. Мэдээж үндэсний ийм том компанийг бий болгоно гэдэг амаргүй ажил. Дэлхий дээр юм хийж бүтээдэг хүн, хийж бүтээдэггүй хүн гэж хоёр янзын хүн байдаг. 


Тэгвэл “М-Си-Эс” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалын хувьд юм хийж бүтээдэг хүний тоонд зүй ёсоор орно. Харин юм хийдэггүй, үргэлж бусдын хийсэн бүтээсэн юмыг үгүйсгэж харлуулж суудаг хүмүүс өнөөдөр Монголд хангалттай олон байна. Тиймээс ч хийж бүтээдэг ийм хүмүүсээ Монголын төрөөс маш сайн дэмжиж, урамшуулах хэрэгтэй байна. Түүнээс биш үндэсний томоохон компаниуд руугаа дайрч давшилж, тэднийг мафи гэж нэрлэх нь үнэхээр зохисгүй юм. 


Нөгөөтэйгүүр Монголд ямар Ерөнхий Сайд хэрэгтэй вэ? гэдэг нэг асуулт бий. Манай улсад тулгамдаж буй хамгийн том асуудал бол эдийн засгаа хөгжүүлж, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлж, олдог орлогоо л нэмэгдүүлэх явдал.


Өөрөөр хэлбэл маш сайн эдийн засагч, санхүү, бизнесийн стратегич Ерөнхий Сайд л Монголд хэрэгтэй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэхэд л амьдралынхаа дийлэнхи хугацааг бизнесийн салбарт зориулсан нэгэн шүү дээ. Яг түүн шиг л маш сайн бизнесмэн нэгнийг яагаад Ерөнхий Сайд болгож болохгүй гэж? Бүр шуудхан хэлэхэд өнөөдөр Монголд Ж.Оджаргал шиг л Ерөнхий сайд хэрэгтэй байна! Тэгж байж Монгол Улсын ирээдүйн хөгжил дэвшил баталгаатай болж, эдийн засаг тэлэх болов уу?


С.Сарнай