sonin.mn
Ардчилсан Намын ээлжит бус Их хурал 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 14:00 цагт болно. Тус хуралд оролцох төлөөлөгчдийг  АН-ын Үндсэн дүрэм, холбогдох журмын дагуу сонгох аж. Тодруулбал Нийслэлийн 9 дүүргийн 204 үүрээс тус бүр 1 төлөөлөгч, 330 сум бүрээс 1, 10000-аас дээш хүн амтай сумын багуудаас 1 төлөөлөгч сонгон оролцуулахаар болсон ба уг их хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг 2023 оны Нэгдүгээр сарын 13-ний өдөр болсон Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаас гаргасан билээ.
 
Одоогийн байдлаар АН-ын даргад УИХ-ын гишүүн асан, Сангийн Сайд, ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн асан, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд асан Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн асан, Санхүүгийн Зохицуулах Хорооны Дарга асан З.Нарантуяа, УИХ-ын гишүүн асан, Эрүүл Мэндийн Сайд асан, Ард Түмний Намын дарга асан, Ард түмнээ хайрлая Намын дарга асан Л.Гүндалай, АН-ын гишүүн, эдийн засагч М.Чимэддорж нар өрсөлдөхөөр болоод буй.
 
Эдгээр нэр дэвшигчдийн хэнийг нь дэмжих вэ? гэдэг асуулт АН-ын гишүүдийн дунд хэдийн яригдаж эхэлжээ.
З.Нарантуяагийн хувьд боловсрол өндөртэй, бичгийн чадвар сайтай боловч менежментийн ур чадвар тааруу, харизм муутай тул тохирохгүй гэж дүгнэж буй аж.
Хамгийн гол нь З.Нарантуяа бол З.Энхболдын хөтөлж, улс төрд оруулсан хүн гэдэгт АН-ын гишүүд таагүй хандаж байгаа гэнэ.
Л.Гүндалайгийн хувьд ойлгомжтой. АН-ын дарга болж чадахгүй гэдгээ тэрээр өөрөө ч сайн мэдэж байгаа. Гагцхүү намын даргын төлөөх өрсөлдөөнд орох замаар хэд хэдэн жижиг нам байгуулж явсан замналаа дарж, АН дахь нөлөөгөө тэлэх л зорилготой.
 
АН-ын гишүүн, эдийн засагч М.Чимэддоржийн хувьд 1980-аад оны залуу. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэтэй нэг үе. Л.Оюун-Эрдэнэтэй адилхан дотоодод бакалавр хамгаалж, улмаар Оксфордын Их Сургуульд мастер хамгаалсан шинэ үеийн төлөөлөл АН-ын дарга болж болох мэт боловч АН бол МАН биш. Нөгөөтэйгүүр улс төрийн амьдралын гүнд оролцон, ядаж УИХ-д сонгогдож байсан хүн л энэ хүнд үед Ардчилсан Намыг удирдахаас өөр аргагүй гэдэгт АН-ын гишүүдийн дийлэнхи нь санал нэгдэж буй ажээ.
 
Ингээд С.Баярцогт, Л.Гантөмөр хоёр өрсөлдөөнд тунаж үлдэж байна. Хашиж байсан албан тушаал, нас, улс төрийн туршлага ойролцоо.
 
С.Баярцогт АН-ын дарга болох гэж байна гэх яриа өнгөрсөн зунаас эхлэн хэвлэл мэдээлэл, улс төрийн орчинд яригдсан. Уг мэдээллийн реакцийг харахад л С.Баярцогтын нэр хүнд нийгэмд нэгэнт унасан нь харагдаж байлаа. МАНАН бүлэглэлийн гол зохицуулагч, гол төлөөлөгч, албан баримтаа хайнга бөглөж
( өөрийнх нь хэлснээр шүү)  Хятадын Монгол гэж бөглөсөн этгээд, Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан гол албан тушаалтан, АНУ-руу зугтсан Ч.Сайханбилэгийн хамгийн сайн найз гээд л... "Сайн нэрийг хүсэвч үл олдоно, муу нэрийг хусавч үл арилна" гэх ардын үгийг АН-ын боловсрол мэдлэг тааруу ямар ч гишүүн мэднэ. Энэ хусавч үл арилах муу нэртэй хүнийг намынхаа дарга болгочихвол УИХ-ын 2024 оны сонгуульд амжилт үзүүлж чадахгүй. Туранхай, боловсрол сайтай, жаахан царайлагдуу л болохоос С.Баярцогт үнэндээ С.Эрдэнэ номер хоёр л болно.
Иймээс түүнийг дэмжих магадлал АН-ын гишүүд дунд тун бага байгаа нь тодорхой болжээ.
 
Иймээс ч С.Баярцогт биш Л.Гантөмөр АН-ын даргаар сонгогдох магадлал өндөр болсныг эх сурвалжууд өгүүлж байна.
 
Лувсаннямын Гантөмөрийн хувьд Японд боловсрол эзэмшсэн, УИХ-д 3 удаа сонгогдсон, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан. Мөн АН-ын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбоог удирдаж байсан туршлагатай. "Ард түмний мөнгийг хэмнэе"-гээс эхлээд түүний санаачилж байсан хөтөлбөр, төслүүд шинэлэг байж чаддаг, менежмент сайтай. Хамгийн гол нь 2004 оноос хойш улс төрд явахдаа элдэв авилга, хээл хахуулийн шинжтэй асуудалд холбогдож яваагүй, харьцангуй нэр цэвэр гэдэг нь түүнийг АН-ын даргад дэмжих гол хүчин зүйл болж байгаа бололтой.
Өөрөөр хэлбэл АН-ын даргын сонгууль фракциудад хайрцаглагдахгүй, шударга л болж чадвал Л.Гантөмөр ялах нь тодорхой болжээ. Гэвч энэ бол эцсийн ялалт биш, С.Эрдэнэ, Х.Баттулга нарын талтай учраа олж, Улсын Дээд Шүүхэд албан ёсоор бүртгүүлэх том даваа түүний өмнө бий.
 
М.Гал