sonin.mn
Миний өмнө “Хурандаа генерал Жамсрангийн Ёндон” хэмээх ном дэлгээстэй байна. Түүний журамт цэргүүд болон үр хүүхдүүд нь хамтран бүтээсэн энэхүү сайхан авшиг ерөөлтэй номын хуудас бүрээс өнөөдрийн Зэвсэгт хүчний хөгжил, шинэчлэлийн төлөө залуу, халуун насаа зориулсан замнал түүх нь тэр чигтээ уншигдаж байна. 1965-1989 оны Монголын Ардын армийн өөрчлөлт шинэчлэл бүхэн эрхэм генералын зүтгэл, сэтгэлтэй хамтдаа байж, мөрдэстэй бүхний талархлыг хүлээсэн цэргийн жанжин байсан нь олон хүний дурсамж яриагаар бичигдэж. Энэ цаг үед “Ж.Ёндон генерал шигээ дайчин генерал болно” гэх хэнээ офицер болгоны тархинд суучихсан байсан нь ч тодорч харагдаж байх юм.
Манай цэргийнхний дурсамж яриагаар Ж.Ёндон генерал рапорт командыг сүрлэг өгдгөөрөө эхлээд алдаршсан. Их гоё ёсолдог гэж шагшигдаж, ёслохыг нь харах гэж хуйлардаг шахуу байж. Бас эрхэм генералын дайчин давшингуй, сүрлэг хийморлогийг ч ам булаалдан ярьсан нь номын хуудаснаа хөрвөж байна. 
 
 
 
Хамгийн гол нь түүний Монгол Улсын аюулгүй байдал, батлан хамгаалалтыг бэхжүүлэх, морьт цэргээс мото механикжуулсан цэрэг улмаар мотобуудлагын цэрэг болон хөгжих их үйлсийн манлайд нь явж, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, Ардын армийн байлдааны бэлэн байдлын тогтолцоог бүрдүүлэх, Монгол орны нөхцөл байдалд зохицсон цэргийн урлаг, стратеги, тактикийг хөгжүүлэхэд нь оруулсан гавьяа, зүтгэл, туршлага, сургамж, хэрэгжүүлсэн арга хэмжээ их санж.
 
 
 
Өнгөрсөн сарын 14-ний “Ерөнхий цэргийн мэргэжлийн өдөр”-өөр “Ерөнхий цэрэг ассоциаци” ТББ-аас санаачлан төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Ёндонгийн алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд дурсгалын хөшөө цогцолборынх нь шав тавих ёслол болсон. Монголын Ардын армийг  орчин үеийн Мотобуудлагын арми болгон өөрчлөн шинэчлэх ажлыг хэсэг нөхдийн хамт нуруун дээрээ үүрч, өнөөгийн өнгө төрхтэй Зэвсэгт хүчний хөгжлийн эхлэлийг тавьсан цэргийн жанжны хувьд энэ өдөр түүний үлдээсэн үйл хэрэг, алдар гавьяаг хүндэтгэн дурсах нь зон олон, мөрдэс зүүсэн хүн бүрийн үүрэг гэлтэй. БНМАУ-ын Батлан хамгаалахын сайд, БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд бөгөөд Монголын Ардын армийн Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын орлогч сайд, Цэргийн ерөнхий дээд сургуулийн захирлын албыг 1960-1990 онд хашихдаа үлдээсэн намтар, түүх нь өнөөгийн Зэвсэгт хүчний хөгжил дэвшлийн тодорхой нэг түүхэн үе байсан юм.
 
 “Хурандаа генерал Жамсрангийн Ёндон” хэмээх бүтээлд түүний байлдааны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд анхаарал их тавьдаг. Цэргийн биеийн тамирын спортод чухал ач холбогдол өгдөг байсан талаар хэдэнтээ дурсжээ. Байлдааны бэлэн байдалд хамгийн чухал зүйл нь алба хаагч бүрийн бэлтгэл гэдгийг олж харсан нь өдгөө ч чухал хэвээрээ байна. Түүнчлэн “Рапорт Ёндон” хэмээн алдаршсаны учрыг энэ бүтээлд дурдсан байна. 1950-1955 онд Төрийн хүндэт харуулын үүргийг Офицерын сургуулийн улс төрийн сумангийн сурагчид болон жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит ЦЕС-ийн сонсогч нар үүрэг гүйцэтгэж байгаад 1955 онд Хүндэт харуулын тусгай рот байгуулагдаж, анхны даргаар нь ахмад Ж.Ёндон томилогдсон юм. 1951 онд болсон Ардын хувьсгалын 30 жилийн ойн арга хэмжээгээр хүрэлцэн ирсэн Ази, Европын 10 гаруй зочин төлөөлөгчдийг угтах, үдэх ажиллагаанд Хүндэт харуулын даргын үүргийг нэр төртэй гүйцэтгэсэн хэмээн “Алтан гадас” одонгоор анх шагнаж байсныг мөн дурджээ. Чөлөөнд байгаа хошууч генерал С.Санжмятав “Тэр их өндөр гуалиг биетэй, тэгш цэмцгэр, цэрэгжлийн алхаа гишгээтэй. Хажуугаар нь зөрсөн хүн бүр эргэж хараад “Жагсаалч Ёндон явж байна” хэмээн дуу алддаг байсан. Тэр тийм л эмх цэгцтэй, цог жавхаатай байсан” гэж онцолсон байв. Ийм л замнал түүх арвинтай, бүтээж байгуулсан гавьяатай, өнөөдрийн Зэвсэгт хүчний хөгжил, шинэчлэлд өөрийн нэр алдартай хурандаа генералын талаар түүний журамт цэргүүд ийн өгүүлэв.
 
Чөлөөнд байгаа хошууч генерал Л.Моломжамц:  Үеийн үед дурсагдах гавьяатай хүн
 
-Хурандаа генерал Ж.Ёндон цэргийн хэргийн болон цэргийн урлагийн боловсрол мэдлэг, уран сэтгэлгээ сайтай, цэргийн сургалт бэлтгэл явуулахдаа ёстой гаргуун нэгэн байсан. Цэргийн жанжин хүн ямар байхыг өөрөөрөө үлгэрлэж үлдээсэн хүн шүү дээ. Нинжин сэтгэл, бусдын төлөөх сайхан сэтгэлээрээ нөхдөө манлайлж байсан жанжин, миний дарга. “Цэргээ”, “Цэргийн нөхрөө” гээд л сайхан харьцаатай, жинхэнэ монгол эр хүн, жинхэнэ цэргийн дарга хүн байсныг нь дурсан санахад сайхан байна. Намайг “Дүү хүү” л гэнэ. Би ч цэргийн жанжнаасаа илүүтэй аав шигээ хүндэтгэж явсан үнэнч цэрэг нь байсан. Өнөөдөр манай Зэвсэгт хүчнийхэн мань мэтийн хэдэн өвгөн генералууд, цэргийн дарга нарыг “Алтан үе” гэж дуудах нь бий л дээ. Гэхдээ яг үнэндээ Ж.Ёндон генерал шиг ийм мундаг жанжны урдуур орж,  өөрийгөө алтан үе гэж дуудуулахад ичмээр. Монголын ардын цэргийг Монгол Улсын өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчин болгон шинэчлэхэд түүний оруулсан гавьяа, зүтгэл, хөдөлмөр зүтгэл их, үеийн үед дуурсагдах гавьяатай хүн. Түүний үлдээсэн энэ үйл хэргийн мөрөөр өнөөдрийн Зэвсэгт хүчин өргөжин жавхаажиж, цэрэг дайчид нь даян дэлхийд энхтайвныг сахиулсан дэлхийн цэрэг болсон нь үнэн билээ. 
 
Монгол Улс, ЗХУ-ын баатар, Монгол Улсын сансрын анхны нисэгч, чөлөөнд байгаа хошууч генерал Ж.Гүррагчаа:  Цэргийн жинхэнэ дарга гэж түүнийг л хэлнэ
 
-Ж.Ёндон генерал жагсаалын цэргээс Батлан хамгаалахын сайд хүртэл 40 орчим жил Монголын Ардын армид алба хаахдаа унаж босож, шийтгүүлж, сайшаагдаж, дайнд оролцож, дарийн утаа үнэрлэж, энх цагт цэрэг армиа өргөтгөн зохион байгуулахад хүч, хөдөлмөр, оюун ухаан, мэдлэг чадвараа дайчлан зүтгэсэн, хүүхэд залуусын бахархан дуурайх цэргийн жанжин байсан юм. Эрхэм генералын талаарх нэг дурсамж санаанаас гардаггүй юм. Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллах шаардлага гарлаа. Очлоо. Ж.Ёндон генерал ч орон нутагт байгаа цэргийн аж ахуйгаа эргээд явж байхтай нь таарав. Тэгсэн генерал надад хэлж байна. “Миний төрсөн ах Лувсандоржийн бие чилээрхүү байна. Чи гэрээр нь ороод гарвал сэтгэл нь их баясах байх” гээд намайг дагуулан очсон. Тэр хөгшин ч үнэхээр их баярлаж, сэтгэл санаа нь сэргэж байсан нь тодхон санагдаж байна. Тэгж л би цэргийн жинхэнэ дарга, эрхэм жудагтай тэр сайхан хүнтэй анх танилцсан юм даг.
 
Түүнээс гадна доктор, профессор, чөлөөнд байгаа хошууч генерал Б.Шагдар “Ж.Ёндон генерал бол ХХ зууны сүүлийн хагасын Монголын цуутай их гарын дарга нарын нэг юм. Их гарын даргыг хэмжих хэмжүүрийн нэг нь түүний цэргийн урлагийн онол, практикийг эзэмшсэн түвшин, түүнийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр байдаг. Түүний гүйцэтгэсэн хөдөлмөр үүнийг гэрчилнэ” хэмээн дурссан юм.
 
Ийм л алдар суу, замнал түүхтэй хурандаа генерал Ж.Ёндоны үйл хэргийг мөнхжүүлэх зорилгоор  “Ерөнхий цэрэг ассоциаци” ТББ-ынхан үр хүүхдүүдтэй нь хамтран түүний төрсөн нутаг Сүхбаатар аймгийн төвд дурсгалын хөшөө, цогцолбор сүндэрлүүлэн босгохоор санаачилга гарган ажиллаж байгаа ажээ. Энэ цогцолборыг байгуулснаар Монгол Улсын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Ёндон агсныг мөнхжүүлэх, Баруун-Урт хотод байрлан өөрийн үндсэн үүрэг, үйл ажиллагаагаа явуулж байгаа Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудаас болон орон нутгийн засаг захиргаа болон бусад байгууллагаас эх оронч үзлийг төлөвшүүлэх, ахмад үеэрээ бахархах үзлээр хүүхэд, залуучуудыг хүмүүжүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулахад ашигладаг зориулалтын талбай, цогцолбор бий болгох хэрэгтэй байна. Үүнд шаардагдах хөрөнгийг хандив, тусламжаар босгох бөгөөд энэ ажилд өөрийн хувь нэмрээ оруулахыг Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмадууд, өдгөө ажиллаж байгаа цэргийн алба хаагч, ажилтан албан хаагчид, үе үеийн Хүндэт харуулын ротын дайчид, эрхэм генералыг таньж мэддэг, хамтран ажиллаж байсан ахмадууд, тэдний үр хүүхдүүдэд Та бүхэндээ уриалж байна. Өнөөдрийн өнгө жавхаатай Зэвсэгт хүчний эхлэлийг тавигчдын нэг эрхэм генералын замнал түүхийг монголчууд хэзээ ч мартах учиргүй билээ.
 
Н.Даян
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин