sonin.mn

ЛИМА, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /BBC/. Мөнгө угаасан хэрэгт гэм буруутайг нь тогтоосноор Перу улсын Ерөнхийлөгч асан Олланта Хумалад 15 жилийн хорих ял оноожээ. Нийслэл Лима хотын шүүхээс мэдэгдсэнээр, О.Хумала 2006, 2011 оны сонгуулийн кампанит ажилдаа зориулж Бразилын “Odebrecht” барилгын компаниас хууль бусаар мөнгө авсан байна.


Мөн О.Хумалатай хамтран Үндэсний намыг үүсгэн байгуулсан түүний эхнэр Надин Хередиаг мөнгө угаасан хэрэгт буруутган 15 жилийн хорих ялаар шийтгэжээ. Прокурорууд О.Хумалад 20 жил, Н.Хередиад 26 жил хагасын хорих ял оноохыг шаардсан байна.


Гурван жил гаруйн турш үргэлжилсэн шүүх хурлын эцсийн шийдвэр мягмар гарагт гарчээ. О.Хумала шүүх хуралд биечлэн оролцсон бол эхнэр нь дүрс бичлэгээр оролцсон байна. Өдгөө 62 настай ерөнхийлөгч асан болон түүний эхнэр өөрсдийгөө гэм буруугүй гэж мэдэгдсээр иржээ. Армийн офицер асан О.Хумала анх 2000 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Альберто Фүжиморигийн эсрэг зэвсэгт бослогыг удирдсанаар үндэсний хэмжээнд нэр хүндтэй болж, улмаар 2006 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшжээ. Тэрбээр тухайн үеийн Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавестай ойрын холбоотой байсан бөгөөд сонгуулийн сурталчилгаагаа санхүүжүүлэхийн тулд У.Чавесаас хууль бусаар мөнгө авсан гэж прокурорууд буруутгаж байв.


Ерөнхийлөгчийн сонгуульд түүнтэй өрсөлдсөн Алан Гарсиагийн хувьд, О.Хумала, У.Чавес нар ойр дотно харилцаатай байсныг түүн рүү дайрах шалтаг болгон ашиглаж, сонгогчдод хандан “Перу улс Венесуэл болж хувирахыг бүү зөвшөөр” хэмээн уриалж байжээ.


2011 онд О.Хумала дахин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ төвийг сахисан аядуу бодлогоо сурталчлан өрсөлдсөн байна. Ингэхдээ У.Чавесын социалист хувьсгалыг дуурайхаас илүүтэй тухайн үеийн Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силвагаас үлгэр жишээ авах болно гэж мэдэгдэж байв. Түүний энэ тактик амжилттай болсноор өрсөлдөгч Кейко Фүжимориг ялсан байна.


Гэвч түүнийг ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа дэгдсэн нийгмийн зөрчил нэр хүндийг нь маш хурдан унагажээ. Мөн Конгрессын олон гишүүний дэмжлэгийг алдаж, байр суурь нь улам суларсан байна.


О.Хумалад холбогдох хууль эрх зүйн асуудал 2016 онд бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараахан эхэлжээ. Тухайн үед Бразилын барилгын томоохон компани болох “Odebrecht” бизнесийн захиалга авахын тулд Латин Америкийн орнуудын төрийн албан хаагчид болон улс төрийн намуудад олон зуун сая долларын авлига өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорууд О.Хумала болон түүний эхнэрийг “Odebrecht”-ээс олон сая доллар авсан гэж буруутгажээ. Жилийн дараа тэднийг урьдчилан хорихоор шийдвэрлэсэн бөгөөд нэг жилийн дараа сулласан боловч “Odebrecht”-тэй холбоотой хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж, мягмар гарагт шүүх дээрх шийдвэрийг гаргажээ.

 



 Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг