sonin.mn

ПАРИС, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /TASS/. Францын эрх баригчид Алжирт суугаа Элчин сайд Стефан Роматег зөвлөлдөхөөр эргүүлэн татаж, мөн Парис дахь Алжирын Элчин сайдын яамны /ЭСЯ/ 12 ажилтныг нутаг буцаахаар шийдвэрлэжээ. Алжирын эрх баригчид Францын 12 дипломат ажилтныг нутаг буцаасны хариуд ийм шийдвэр гаргасан байна. 


“Алжирын тал Францын Элчин сайдын яамны 12 ажилтныг нутаг буцаах шийдвэр гаргасанд гүнээ харамсаж байна. Ерөнхийлөгч Эммануэл Макрон Алжирт суугаа Францын Элчин сайд ноён Стефан Роматег зөвлөлдөхөөр эргүүлэн татах шийдвэр гаргасан” гэж Францын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ. 


Тус яам "хоёр талын харилцаа эрс муудсанд Алжирын эрх баригчид хариуцлага хүлээх ёстой" гэдгийг цохон тэмдэглэжээ. “Иймээс Франц улс хариу арга хэмжээ авч, Алжирын дипломат болон консулын албаны 12 ажилтныг нутагт нь буцаана” гэж мэдэгдэлд дурдсан байна. Франц улс өөрийн ашиг сонирхлыг хамгаалж, "хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхийг, ялангуяа үндэсний аюулгүй байдал, цагаачлалын асуудлуудаар хүлээсэн үүргээ биелүүлэхийг Алжираас шаардсаар байх болно" гэж онцолжээ.


"Яриа хэлэлцээг сэргээх нь Франц, Алжирын аль алиных нь ашиг сонирхолд нийцэх бөгөөд Ерөнхийлөгч Эммануэл Макрон Алжирын төрийн тэргүүн Абдельмажид Теббунтэй гуравдугаар сарын 31-нд эхлүүлсэн яриа хэлэлцээний хүрээнд хариуцлагатай байхыг Алжирын эрх баригчдад уриалж байна" гэж мэдэгдэлд дурдсан байна. 


Өмнө нь Алжирын Гадаад хэргийн яам Францын ЭСЯ-ны 12 ажилтныг нутаг буцаах шийдвэр гаргаснаа мэдэгдэж, дипломат ажилтнуудад хандан 48 цагийн дотор тус улсаас гарч явахыг хүсжээ. Алжирын Гадаад хэргийн яам хоёр орны харилцаа муудсаны хариуцлагыг Францын Дотоод хэргийн яам хүлээх ёстой гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 11-нд Алжирын гурван иргэнийг Францын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн хэмээн саатуулжээ. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг