sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /Bloomberg/. Хятадын эрх баригчид АНУ-тай хийж буй худалдааны дайны хүрээнд “Boeing” компаниас нисэх онгоц, эд анги, тоног төхөөрөмж худалдан авахаа зогсоохыг агаарын тээврийн компаниудаасаа шаардсан тухай “Bloomberg” мягмар гарагт эх сурвалжийг эш татан мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт Хятадын тал Америкийн бараанд 125 хувийн татвар ногдуулсны дараа компаниудад ийм заавар өгчээ.


Энэхүү тариф нь АНУ-д үйлдвэрлэсэн нисэх онгоц болон эд ангиудын өртгийг хоёр дахин нэмэгдүүлж байгаа учир Хятадын агаарын тээврийн компаниудын хувьд “Boeing”-оос худалдан авалт хийх нь ашиггүй болж байгааг “Bloomberg” онцолсон байна. 


Хятадын эрх баригчид мөн “Boeing”-ын нисэх онгоцуудыг түрээсэлдэг компаниудад дэмжлэг үзүүлэх боломжийг судалж байна. “Aviation Flights Group”-ийн мэдээлснээр, Хятадын агаарын тээврийн компаниуд “Boeing 737 Max” загварын 10 орчим онгоцыг хүлээн авахад бэлэн байгаа аж. Зарим онгоцыг Хятадын тээвэрлэгчид хүлээн авч магадгүй бөгөөд учир нь тэдгээрийн бичиг баримтуудыг Хятадын тал шинэ татвар ногдуулахаас өмнө бүрдүүлсэн гэж “Bloomberg” -ийн эх сурвалж ярьжээ. “Boeing” компанийн хувьд АНУ-ын Ерөнхийдөгч Дональд Трампын эхлүүлсэн худалдааны дайн хүчтэй цохилт болсон гэж “Bloomberg” дүгнэсэн байна. Ирэх 20 жилийн хугацаанд Хятад улс дэлхийн агаарын хөлгийн зах зээл дэх эрэлтийн 20 хувийг эзлэх төлөвтэй байгаа бол 2018 онд “Boeing” компанийн бүтээгдэхүүний бараг дөрөвний нэгийг Хятадын зах зээлд нийлүүлсэн байна. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд тус компани худалдааны хурцадмал байдал, дотоодын асуудлын улмаас Хятадаас томоохон захиалга аваагүй байна.


Худалдааны дайн хурцадах нь цар тахлын дараа дөнгөж сэргэж эхэлж байгаа нийлүүлэлтийн сүлжээнд сөргөөр нөлөөлж болзошгүйг “Boeing” анхааруулжээ. 


Ерөнхийлөгч Жо Байден, Дональд Трамп нарын засаг захиргааны үед үүссэн худалдааны маргаан нь Хятадын агаарын тээврийн компаниуд Европын үйлдвэрлэгч “Airbus SE” компанитай хамтран ажиллахад нөлөөлсөн гэж “Bloomberg” бичжээ. “Airbus” нь гол нийлүүлэгч хэвээр байгаа боловч Хятадын агаарын тээвэрлэгчид дотоодод үйлдвэрлэсэн “Comac C919” онгоцыг ашиглахаар тооцоолж байна. Түүнчлэн Хятадын агаарын тээврийн компаниудад засвар үйлчилгээ хийх, солих шаардлагатай хэдэн зуун “Boeing” онгоц байгаа ажээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг