
ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /Telegraph/. Лондоны Хатан хааны коллежийн эрдэмтэд хүний шүдийг анх удаа лабораторийн нөхцөлд ургуулжээ. Өвчтөнүүдийн унасан шүднүүдийг дахин ургуулснаар ломбо, шүдний имплантыг орлох боломжтой гэж судлаачид үзэж байна.
Судлаачид шүд бүрэлдэх үйл явцад шаардлагатай орчныг дуурайлгасан тусгай материалыг гарган авчээ. Уг материалын ачаар эсүүд хоорондоо дохио солилцсоноор шүдний эдүүд үүсэх үйл явц эхэлдэг байна.
Хатан хааны коллежийн шүдний нөхөн сэргээх эмчилгээний албаны захирал, доктор Ана Ангелова Волпони хэлэхдээ, энэхүү судалгаа нь "шүдний эмчилгээний салбарт хувьсгал хийж чадна" гэлээ. Махчин загас, заан зэрэг зарим амьтанд шинээр шүд ургадаг бол хүнд тийм онцлог байдаггүй.
Арав гаруй жил үргэлжилсэн судалгааг Лондоны Эзэн хааны коллежийн эрдэмтэдтэй хамтран явуулжээ. Үүний зэрэгцээ ломбо нь шүд нөхөн сэргээх эмчилгээний хамгийн сайн шийдэл биш гэдгийг эрдэмтэд хэлж байна. Цаг хугацаа өнгөрөх тусам ломбо нь шүдний бүтцийг өөрчилдгөөс гадна, нэмж цоорох эсвэл мэдрэмтгий байдлыг нэмэгдүүлдэг. Шүдний суулгац мөн адил төгс шийдэл биш гэдгийг онцолжээ. Имплантыг мэс заслын аргаар суулгах шаардлагатай бөгөөд ясны эдтэй сайн нийцэх ёстой. Ломбо болон имплант аль аль нь хиймэл шийдэл бөгөөд хүний шүдний өөрийнх нь үйл ажиллагааг бүрэн сэргээж чаддаггүй тул хүндрэл үүсгэх эрсдэлтэй.
Харин лабораторийн нөхцөлд ургуулсан шүд нь жинхэнэ шүд шиг эрүүний ястай байгалийн жамаар нийлж, нөхөн сэргэх гэнэ. Ийм шүд илүү бат бөх байхаас гадна бие махбод хүлээж авахгүй байх эрсдэлийг үүсгэхгүй ажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Насанд хүрсэн хүмүүсийн шүдийг дахин ургуулдаг эмчилгээ бий болчихвол сайхан.
Яг энэ чиглэлд судалгаа шинжилгээ туршилтууд хийгдэж байгаа,харамсалтай нь одоохондоо амжилт муутай….