
ТОКИО, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /Kyodo/. АНУ-тай татварын хэлэлцээ хийх асуудлыг хариуцсан Японы сайд Риосэй Аказава хоёр улсын сайд нарын хэлэлцээнд оролцохоор АНУ-д гурван өдрийн айлчлал хийнэ гэж Японы Засгийн газар мягмар гарагт мэдэгджээ.
Ерөнхий сайд Шигэрү Ишибагийн ойрын туслах, Эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Р.Аказава Вашингтон хотноо АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир нартай уулзах ажээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшимаса Хаяши хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, бид аль болох ойрын хугацаанд үр дүнд хүрэхийн тулд тарифын арга хэмжээгээ эргэн харахыг АНУ-ын талд уриалах болно гээд, энэ удаагийн уулзалт нь сайд нарын хооронд “итгэлцлийг бий болгох” зорилготой гэж нэмж хэлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тэнцвэргүй худалдаа хийгдэж буйг засаж залруулахын тулд худалдааны түншүүддээ татвар ногдуулахаар шийдвэрлэсэн юм.
АНУ-ын ойрын холбоотон Япон ч мөн адил үүний гадна үлдээгүй бөгөөд авто машин, ган, хөнгөн цагааны татвар нэмэгдэх нь экспортод тулгуурласан тус улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна.
Өнгөрсөн долоо хоногт Ш.Ишиба, Д.Трамп нар утсаар ярих үеэрээ хоёр талын хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон юм. Ш.Ишибагийн хувьд, Вашингтонтой тохиролцоонд хүрэхийн тулд буулт хийхээс татгалзсан боловч АНУ-д хариу татвар ногдуулахгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0