
Испанийн аварга шалгаруулах тэмцээний 31 дүгээр тойргийн тоглолтын үеэр бүдүүлэг алдаа гаргаж, талбайгаас хөөгдсөн “Реал Мадрид”-ын довтлогч К.Мбаппед нэг тоглолт өнжих шийтгэл ногдуулсан тухай спортын Marca сонинд бичжээ.
Өнгөрсөн ням гарагт реалчууд “Алавес” багийг талбайд нь 1:0 харьцаагаар хожсон юм. Тоглолтын үеэр Мбаппе өрсөлдөгчийнхөө шилбэ рүү өшиглөсөн тул 38 дахь минутанд талбайгаас хөөгдсөн байна. Энэ нь “Реал”-д ирснээсээ хойш түүний авсан анхны улаан хуудас юм.
Тоглолтын дараа Мбаппе талбайн эзэн багийнхны хувцас солих өрөөнд орж ирээд тус багийн тоглогч Бланкогоос уучлал хүссэн байна. Энэ алдааных нь төлөө Испанийн Эзэн хааны хөлбөмбөгийн холбооны Сахилга батын хорооны гишүүд Мбаппег гурван тоглолтод оролцуулахгүй хэмээн хэлэлцэж байсан боловч өчигдөр нэг тоглолтод оролцох эрхийг нь хасжээ. Ингэснээр тэрбээр Ла Лигагийн 32 дугаар тойрогт Билбаогийн “Атлетико” багтай 20-ны өдөр хийх тоглолтод оролцохгүй, харин 26-нд Испанийн цомын финалд “Барселона”-тай хийх тоглолтод оролцох ажээ. Мбаппе энэ улиралд 48 тоглолтод оролцохдоо 32 гоол оруулаад байна.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0