sonin.mn

Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа 3.2 жилдээ үргэлжилж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины dialog.ua/war/ сайт, НАТО-гийн цэргийн  ерөнхий командлагч Кристофер Каволи, Оросын талаар Трамп түүхэн алдаа гаргах гэж байгааг сэрэмжлүүлсэн европын улс төрчдийн ганц нэг мэдэгдэл, Орос орон цаашдаа хямрал задралтай залгах тухай Z-эх орончийн ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.




НАТО-гийн Европ дахь нэгдсэн зэвсэгт хүчний ерөнхий командлагч генерал Кристофер Каволи АНУ-ын Сенатын зэвсэгт хүчний хорооны хуралдаанд “Украин дахь дайны үр дүн ба цаашдын төлөв” сэдвээр байцаагдаж байгаа бичлэг сайтуудад түгжээ. Трампын амарчлан боддогоос шал ондоо асуулт хариулт өрнөжээ. Сенатч Рожер Викер, Сенатын зэвсэгт хүчний хорооны дэд дарга Жек Рид нарын асуултад хариулсан хэсгээс:


- Дайны урьдчилсан үр дүнгийн тухайд, “Орос танкийн ийм их хохирол амсана гэж 2022 оны хоёрдугаар сард бид төсөөлж, мөрөөдөж ч чадахгүй байлаа. Тийм үү?” гэсэн асуултад: Тийм, бид тэгж мөрөөдөхийн аргагүй байсан. Дайн ийм удаан сунжирна гэж ч би бодож байсангүй. Бас Оросын цэргийн хүч чадлыг Украин ингээд эвдчих юм чинээ санасангүй гэв.

- Дайны цаашдын төлөвийн тухайд, фронтын байдлыг шинжвээс украинчууд хүндрэл бэрхшээл амсаж байгаа ч тогтоосоор, тэссээр, харин ч бүр инновац ашиглах чадвартайгаа харуулж байна.

- Украины армид асуудал бий, гэвч нутаг дэвсгэрийнхээ үлэмж хэсгийг тогтоон барьсаар, оросуудад хариу цохилт няцаалт өгсөөр, тулалдааны талбарт инновацыг идэвхтэй нэвтрүүлсээр байна.


- Орос нь 2024 оны 9 дүгээр сард л украинчуудыг Курск мужаасаа цохиж хөөж гаргана гээд үзсэн. Гэтэл Украин нь одоо хүртэл тэнд өөрийн түшиц газраа барьсаар, харин ч бүр Белгород муж руу нь явж ороод байна.


- Часов Яр ба Торецкийн төлөө 8 сарын турш тулалдаан өрнөж байна. Сүүлийн саруудад оросын довтолгоон эзлэн авсан нутаг дэвсгэр дээрээ амсхийх шиг боллоо. Оросууд Покровск руу дөхсөн боловч тэндээ гацаж зогссон байдалтай байна.

- ОХУ нь цэргийн мэргэжил, байлдааны техникийн хувьд хөгжингүй гэх боловч зөвхөн тодорхой төрлийн анги, нэгтгэлүүдэд л хамаатай, бүх зэвсэгт хүчний чиг хандлага нь биш байна.

- Оросын хувьд хуягт техник, амьд хүчний дутагдалд орсон. Украин нь батлан хамгаалалтын маш сайн байршлаа эзэлсэн, дайчилгаа явуулбал асуудлаа шийдчих магадлалтай.

- Ерөнхийдөө дайны туршид Оросын цэргийн чадавхи, ялангуяа хуурай замын хүчнийх нь чанар илүү муудсан. Украины хувьд бид эсрэгээр нь харж байна. 

- Украинчууд дайчилгаагаар цэргийн тоогоо өргөжүүлсэн, сайн дураараа байдах иргэд ч нэмэгдэж байна. Фронтод ар талаас нэмэлт хүч татах ажлаа сайн гүйцэтгэж байна.

- Украин нь ойрын үед томхон давшилт хийх эсэх дээр хэлэх зүйл алга. Би одоо энд суучихаад Украин томхон давшилт хийх болно хэмээн урьдчилан тааж чадахгүй.

- Европын орнууд нутаг дэвсгэртээ холын тусгалтай дуунаас хурдан зэвсэг байрлуулах хүсэлт тавьсан.

- Ийм нэгэн систем Европ байрлуулах талаар би хаалттай хуралдаанд ярих болно.

- АНУ нь дунд ба ойрын зайн тусгалтай пуужин устгах гэрээнээс 2019 онд гарсан байгаа.

- “Хэрэв бид, эсвэл манай НАТО-гийн холбоотнууд Оростой мөргөлдвөл Украины эсрэг явуулж буй дайнаасаа оросуудын авсан сургамжаас бид толгой илүү туршлагатай болсон гэж ойлговол болох уу?” гэсэн асуултад: Тиймээ, тэгэлгүй яахав. Оросын эдийн засаг ямар байна, хар л даа. Оросын Засгийн газар батлан хамгаалах салбараа турбо горимд оруулсан. Энэ нь эдийн засаг, ялангуяа иргэний салбарт инфляцын дарамт бий болгоно. Тэд инфляцыг зээлийн хүүгээр дарж, иргэний эдийн засгийн системүүдээ боймилж байна. Батлан хамгаалах салбарт Орос өсөлттэй байгаа ч иргэний салбар нь унаж байна. Тэнцвэргүй ийм байдлыг арилгахад тэдэнд маш хэцүү байх болно–америк генерал ярьжээ.


Америкийн генералын ярьснаар Оросын арми Украинд ноён нуруугаа авахуулчихсан, харин тэгж чадна, Украинд тийм эр зориг, хүч чадал байна гэдэгт барууныхан итгээгүй болж таарлаа. Оросын армийн байлдааны ажиллагааг маш нарийвчлан судалдаг юм байна. Үнэхээр асар их хохирол амсан зууралдан байлдаж байгаа ба Орост танкийн цэрэг хамгийн их хохирол амссан юм байна. Орос нь ийм удаан үргэлжлэх дайнд бэлэн бус байсан нь харагдаж байна. Америк генералын ярьснаас тийм дүгнэлт хийж болох юм.




Украин дахь дайныг зогсоолгож чадна гэсэн Трампын үзэл санаа хэд хэдэн шалтгаантай хэмээн барууны голдуу шинжээчид үздэг. “Politico” сонинд ч тэр тухай цухас дурджээ. Энэ нь юуны өмнө Трампын өөрийнх нь аугаа ихийн дэмийрэлтэй холбоотой, өөрийгөө даян дэлхийн дарга гээд бодчихсон, Путин, Зеленский хоёрыг нэгэн зэрэг захирч, дуулгавартай байлгаж чадна гэсэн аугаа ихийн дэмийрлийн тэнэглэл нь АНУ-ын Засаг захиргааг хөлдөө чирж байгаа хэрэг аж. Нэр хүнд олж, Нобелийн энх тайвны шагналын тухай мөрөөдөлдөө хүрнэ гэсэн Трампын бодол явуургүй болжээ. Трамп Орост саймшран, Украин дахь эзлэн түрэмгийллийг нь хүлээн зөвшөөрч, тэгснээрээ Путиныг өөгшүүлэх нь “ТҮҮХЭН АЛДАА” болж хувирахыг Европ дахь холбоотнууд нь байнга анхааруулах боллоо. Оростой саймшраад тэгснээрээ Хятадыг буланд шахаж чадна гэсэн Трампын гэнэн итгэл горьдлогоос цаашгүй хэмээн оросын политолог Кирилл Рогов анхааруулж байна.  


Украины дайныг бизнесийн алтан боломж хэмээн харсан Трампын төсөөлөл тун алдаатай бөгөөд АНУ-ыг өөрийг нь алж дуусна хэмээн NBN телевизийн сайтад бичжээ. Трамп ашигт малтмал, газрын ховор металлын гэрээг Киевт туйлын таагүй нөхцлөөр тулгах гэж оролдож байгаа ба тэр ч нь өөрт нь, АНУ-д эрсдэлтэй. Тийм хэлэлцээр байгууллаа гэхэд хамгийн сүүлийн хувилбараар бол АНУ Украины байгалийн хий, газрын тос, нүүрсний устөрөгч, түүнчлэн бараг бүх ховор, ховор биш металл, чухал ашигт малтмалын борлуулалтаас олсон орлогын тэн хагасыг АНУ авч, бүр ашигт малтмалтай холбоотой аливаа дэд бүтцээс ашиг хүртэх тухай Трамп мөрөөдөж сууна. Тэгснээрээ Украинаас Вашингтонд тавьсан цэргийн тусламжийн өр гэж дор хаяж 100 тэрбум ам.доллар төлүүлэх аж. Тэгсэн мөртлөө ОХУ-аас Украинд учруулсан асар их хохирлыг барагдуулахыг шаардахгүй, тэгснээрээ энэ дайныг “ДАЙНЫ ДАМЫН НАЙМАА” болгож, Украины эгзэгтэй, хүнд, гарцаагүй нөхцөл байдлыг өөрийн бизнесийн ашиг сонирхлын үүднээс ёс суртахуунгүй ашиглаж байгааг энд тэндгүй анхааруулж шүүмжилж байна. 



Германы шинэ канцлер Мерц Трамптай уулзахдаа “Европ Америкийн зэвсгийг дахин худалдан авахгүй, ялангуяа Трамп шиг тогтворгүй, урвагч, Европт дайсагнасан бодлоготой хүний үед бол хэзээ ч үгүй” хэмээн зоригтой сануулсан ба Герман өөрөө цөмийн статустай улс болно, Орос тэдний эсрэг ямар ч санкц тавьж чадахгүй гэжээ. 


Европын дурын орон зэвсэглэж байдаг, зэвсэгт хүчнээ шинэчилж, өргөжүүлж байдаг, харин ГЕРМАН тэгнэ гэвэл бүгд айж ундууцаж эсэргүүцлээ илэрхийлдэг. Энэ цаг үед Орос Германы милитаризмаас хамгийн ихээр түгшин байна.


Варшаваас Гадаад хэргийн сайд Сикорскийн хатуу сануулга цууриатжээ. Европын хувьд гол аюул занал хэн бэ гэдэгт “Орос!” хэмээн шууд нэр заажээ. Путин засгийн эрхийг гартаа барьж байгаа цагт энэ аюул хэзээ ч арилахгүй. Өнөөгийн Орос гэдэг бол цуст дарангуйлал, Кремлийн үзэл суртал. Өөр юу ч биш. Ердөө л эзэнт гүрнээ эргэж сэргээх гэсэн тэчьядал, өөр юу биш гэжээ.


Оросын суртал нэвтрүүлэгч Z-патриот Максим Калашников маш ноцтой сануулга оросууддаа өгч байна. Цэргийн тусгай ажиллагаа (СВО) дууслаа ч гэсэн амар тайван амьдрал хэзээ ч эргэж ирэхгүй. Хэрэв СВО баларвал Орост тайван амьдрал дуусна. Цаашаа гинжин урвалаар улс төийн асар том трансформац явагдана. Өмнөх чиг шугам, бодлого юунд ч хүргэхгүй, яг 1985 он шиг. Энэ дайны дараа Оросыг өөдрөг прогноз хүлээж байгаа юм биш. Улс төрийн асар том трансформац явагдахлаар Путины дэглэм л унах биз дээ гэжээ. 


                            Англи, opoc хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь