sonin.mn

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2025.04.15) хуралдаан 14 цаг 44 минутад гишүүдийн 59.1 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэв. 

Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх Боловсролын сайдын болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийг энэ өдрийн хуралдааны төгсгөлд сонсов.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: “Facebook гэж хүүхдийн ч биш Монголын асуудал болчихоод байна. Өнөөдөр facebook дээр хэн дуртай нь лайв хийдэг, юм зардаг, хүн доромжилдог том хэрэгсэл болсон. 


Тэгээд цахим орчинд гэмт хэргээс хүүхдийг хамгаалахад facebook-ийн хувьд хэцүү байгаа. 
Тийм учраас facebook-ийг Монголд гурван сар хааж үзье гэсэн санал байна. Тэгээд үүний нөлөөллийг нь харвал яасан юм бэ. 


Гэмт хэрэг ямар платформ руу шилжих нь үү. Facebook-гүй амьдарч болно шүү дээ. Өмнө нь амьдарч болж байсан. Тийм санаачлага гаргаж болохгүй юу.  

Ерөөсөө бүхий л муу муухай зүйл facebook дээр явж байна. Facebook-ийг гурав юмуу нэг сар хаахад олон асуудал цэгцрэнэ. 

Цахим гэмт хэрэг facebook-тэй холбоотой юмуу үгүй юу гэдэг нь тодорхой болно. 

Одоо гадаа гарч тоглодог хүүхэд байхгүй болсон. Бүгдээрээ мэдэж байгаа. Ipad юмуу гар утастай гэртээ байгаа. 

Хүүхдийг яаж гадаа гаргаж, нийгэмтэй харилцдаг болгох вэ? Энэ талаар Боловсролын яам, Засгийн газар юу бодож байна вэ” гэв. 


С.Сарнай