sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /DW/. АНУ-ын Төрийн департамент гадаадын төслүүдэд олгох нийт 214 сая ам.долларын 139 буцалтгүй санхүүжилтийг цуцалсан тухай “The Washington Free Beacon” сонинд мягмар гарагт бичжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ийм шийдвэр гаргасныг баталсан бөгөөд уг шийдвэр өчигдрөөс хэрэгжиж эхэлжээ. 


Тухайлбал, Узбекистанд хэрэгжүүлж буй "иргэний оролцоо", Молдова дахь "мэдээний редакцуудын тогтвортой байдал", Беларусь дахь "худал мэдээлэлтэй тэмцэх", Армени дахь "байгаль орчны тогтвортой байдал" зэрэг төслүүдийг санхүүжүүлэхээ зогсоожээ.


Түүнчлэн Их Британид хэрэгжүүлж буй "хэвлэл мэдээллийн байгууллагуудын олон талт байдал" төсөлд олгох грант буюу буцалтгүй санхүүжилтийг цуцалсан байна. Гадаадын хөтөлбөрүүдэд олгож буй зээл тусламжид Төрийн департамент хоёрдугаар сарын сүүлчээр шалгалт хийсэн бол Илон Маскийн тэргүүлж буй засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагаас (DOGE) нэмэлт шалгалт явуулжээ. Уг шалгалтын дүнгээр цуцлагдах ёстой буцалтгүй санхүүжилтийн тоог нэмэгдүүлжээ.


Хэвлэлд дурдсанаар, ихэнх хөтөлбөрүүдийг АНУ-ын Төрийн департаментын харьяа Ардчилал, хүний эрх, хөдөлмөрийн асуудал хариуцсан товчооны (DRL) шийдвэрээр санхүүжүүлж байжээ.


“Эдгээр хөтөлбөр нь DEI буюу олон янз байдал, тэгш байдал, оролцоог нэмэгдүүлэх гэх нэрийн дор хэрэгжиж буй үр ашиггүй санаачилгууд ба засгийн газрын тэргүүлэх чиглэлд багтдаггүй төрийн бус байгууллагуудыг санхүүжүүлж, татвар төлөгчдийн мөнгийг оновчгүй байдлаар зарцуулж байна” гэж Төрийн департаментын мэдэгдэлд дурдсан байна.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг